Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 169

 

Д.Жамуухад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чимгээ,

ялтан Д.Жамуух, түүний өмгөөлөгч Ж.Батхүү,

хохирогч Л.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Адалбек,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Жамуухын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Жамуухад холбогдох 201625013529 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харагчин овгийн Дэмбэрэлийн Жамуух /Дэмбэрэлийн Төмөрсүх гэж нэртэй байсныг Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар захирамжаар нэр өөрчилсөн/, 1961 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамжны 6-б байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НЮ61013115/,

 

Д.Жамуух нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.Адъяахүү “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг түлхэн унагаж, иргэн С.Уянга, Л.Сарантуяа нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сарантуяагийн нүүр рүү нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Ц.Адъяахүүгийн баруун нүд рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Жамуухад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Харагчин овогт Дэмбэрэлийн Жамуухыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Жамуухыг 270 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч С.Уянга, хохирогч Ц.Адъяахүү нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, Д.Жамуух нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Жамуухаас 7.046.050 төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овогт Лхагваагийн Сарантуяад олгож,

Д.Жамуухад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Жамуухын өмгөөлөгч Ж.Батхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтны өмгөөлөгч болон ялтан Д.Жамуух нарын зүгээс шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь хохирогч Л.Сарантуяа нь 3 ширхэг шүдний үнэ 6.900.000 төгрөг болох тухай бичгийг “Энх смайл” шүдний эмнэлгээс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралд авч ирсэнийг, шүүх гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Л.Сарантуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Д.Жамуухын “шүд хийлгэж өгье, эмнэлгээр хамт явья” гэх шаардлагыг огт биелүүлээгүй бөгөөд шинжилгээг хамт өгөөгүй, өнөөдрийг хүртэл шүдээ хийлгээгүй байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж байгаа шүдний эмнэлгүүдэд үнэ төлбөргүй шүд хийдэг эмнэлэг байгаа бөгөөд үнийн хувьд харилцан адилгүй байгаа. Гэтэл шүүхээс 1 шүдийг 2.300.000 төгрөгөөр хийлгэнэ гэснийг хийлгэсэн мэтээр хохиролд тооцсонд гомдолтой. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, хохирол төлбөр нэхэмжлэх заалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Жамуух тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед би бусдыг гэмтээсэн нь үнэн. Хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Л.Сарантуяагийн өмгөөлөгч Б.Адалбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Д.Жамуух хохирогчийг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. “Би зүгээр зогсож байхад ирж гар мөргөсөн” гэж ярьдаг. Хохирогч нарын мэдүүлгээр “Д.Жамуух тайчих үзүүлбэр үзүүлээд би бүжиглэмээр байна гэж хэлдэг” гэж мэдүүлдэг. Үндэслэл бүхий хохирлын баримт гаргасан гэж үзэж байна. Хохирогч бэхэлгээтэй шүдтэй болмоор байна гэсэн. Шүд хийлгэх гэсэн боловч мөнгө байхгүй байна. “Ямар эмнэлэг бэхэлгээтэй шүд хийдэг вэ” гэж асуухаар Д.Жамуух нэг эмнэлгийн талаар хэлж өгсөн. Дараа нь Л.Сарантуяа тухайн эмнэлэг дээр очоод үнийн саналыг нь авахад “1 шүдийг 2.300.000 төгрөгөөр хийдэг юм байна. 3 шүд нь 6.900.000 төгрөгийн үнэтэй болно. Та энэ мөнгийг өгчихвөл 3 шүдээ хийлгээд шүдтэй болмоор байна” гэсэн. Д.Жамуух хохирогчийг “чи охинтойгоо хоёулаа амьдардаг шүү. Янз бүрийн байдлаар “нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй гэсэн зүйл бичиж өг” гэж дарамт учруулсан байдаг.” гэв.

 

Хохирогч Л.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон явдалд харамсаж байна. Д.Жамуух 21 цаг 20 минутад надад “Манай ангийнхан цугларсан байна. Чи хүрээд ир” гэж хэлсэн. Би тухайн үед охиноороо хүргүүлж очсон. 1 удаа л ангийн дарга Нэргүйтэй хамт ирсэн. Би санал Д.Жамуухын санал болгосон эмнэлэгт нь очоод үнийн саналыг нь авсан. Би “Хатагтай” эмнэлэгт шүд хийлгэе гэж хэлэхэд “үнэтэй байна” гэж хэлсэн. Д.Жамуух “би чамд ганц ч төгрөг өгөхгүй. Яагаад гэвэл би 3 сарын ялыг эдлээд гараад ирнэ” гэж хэлсэн. Д.Жамуух эрүүлжлэх байрнаас гарсан өдрөөсөө эхлэж дарамталсан.” гэв.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 110 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээ, түүнийг арилгах нөхцөлийг тогтоосон журмыг хэрэглэхдээ Иргэний хуулиар тодорхойлно гэсэн. Иргэний хуулийн дагуу бусдад учирсан гэм хорыг арилгах шаардлага эрүүгийн хэрэгт давхар шийдвэрлэгдэж байгаа учраас үүнийг шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирлыг арилгах арга гэдэгт эрх зөрчигдсөн байгааг уг эрхийг өмнөх байдалд нь сэргээхийг ойлгоно гэсэн. Энэ бол зөвхөн эд хөрөнгийн асуудал биш, эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа нөхцөлд хохирлыг арилгаж байгаа нь тухайн зүйлийг өмнөх байдалд нь оруулсан хэлбэрээр ойлгоно гэж заасан. Эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулна. Хохирогчийн шүд хугарч гэмтсэн тохиолдолд хямд үнэтэй, эхүл хохирогчийн санаанд хүрэхгүй байдлаар хохирлыг арилгах боломжгүй. Тийм учраас шүдний эмнэлгээс авсан баримтыг үндэслээд хохирогчийн гаргасан баримтыг шүүх дүгнэж үзээд энэ талаар дүгнэлт хийгээд 6.900.000 төгрөгийн үнэлгээ, худалдаж авсан эм, тарианы үнэ, эмнэлэгт үзүүлсэн 47.000 төгрөг, нийт 7.046.050 төгрөгийг Д.Жамуухаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Д.Жамуух нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн эмэгтэй Ц.Адъяахүү “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг түлхэн унагаж, иргэн С.Уянга, Л.Сарантуяа нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сарантуяагийн нүүр рүү нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Ц.Адъяахүүгийн баруун нүд рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Л.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд “...би унтлагын өрөө рүү орсон чинь Д.Төмөрсүх /Д.Жамуух/ нь Адъяахүүгийн хоолойг нь зүүн гараараа боогоод хэвтүүлчихсэн, баруун гартаа өмдний тэлээ далайчихсан байсан. ... мөн миний шилэн хүзүүний дээрээс бариад хана руу түлхсэн. ...Төмөрсүх /Д.Жамуух/ гүйж ирээд манай охин С.Уянгыг өшиглөж унагаахаар нь Адъяахүү “боль” гэж хэлээд салгасан. ...Орцны үүдэнд Төмөрсүх /Д.Жамуух/ миний араас гүйж ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохиход нь би газар хажуугаараа унасан. Тэгээд босох үед миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа, уруул руу гараараа хоёр удаа цохисон. ...Адъяахүү бид хоёрыг салгах гэж байгаад бас нүд рүүгээ цохиулсан.” /х17-18/,

хохирогч Ц.Адъяахүү мөрдөн байцаалтын шатанд “...намайг ор руу түлхсэн, Л.Сарантуяагийн охин Д.Жамуухад хандаж “та өөрөө хувцасаа тайлах гэж байсан шүү дээ” гэсэн чинь Д.Жамуух түлхээд хана мөргүүлсэн, ...би гэрээс гарсан чинь Л.Сарантуяагийн охин газар уначихсан байсан, Д.Жамуух араас гүйж ирээд Л.Сарантуяагийн нүүр рүү нь гараараа 2 юм уу 1 удаа цохисон бөгөөд Л.Сарантуяа газар унасан. ...намайг бас миний баруун талын нүдний доод шанаа яс руу гараараа нэг удаа цохисон. ...Л.Сарантуяаг харсан чинь амнаас нь цус гарчихсан, 2 шүд нь хөдөлчихсөн байсан.” /х21-22/,

иргэний нэхэмжлэгч С.Уянга мөрдөн байцаалтын шатанд “...Төмөрсүх /Д.Жамуух/ ах эргэж хараад намайг түлхээд “чам шиг п...-д хамаа байхгүй” гэж хэлээд миний өгзөг рүү өшиглөсөн. ...Төмөрсүх ах хойноос гүйж ирээд миний өгзөг рүү өшиглөөд намайг унагаасан. Хэсэг хугацааны дараа Ц.Адъяахүү эгчийн баруун нүд нь улайчихсан, ээжийн урд талын 2 шүд нь доошоогоо санжигначихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн.” /х23-24/ гэж тус тус мэдүүлсэн бөгөөд Д.Жамуух нь бусдын орон байранд болон гадаа гудамж талбайд согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр олон эмэгтэйчүүдийг зодож, хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулж дошгин авирлаж танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад дээрх үйлдлийг “давтан үйлдлээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зөрчлийг зөвтгүүлэхээр  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Д.Жамуухын өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлын хэмжээг багасгах” тухай давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Жамуухад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Д.Жамуухад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХТУУЛ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ