Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1456

 

 

“Аз өсөх билэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Аз өсөх билэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Алтангадаст холбогдох,  

 

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 12 252 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Н.Алтангадасын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Өсөхбаяр,

Хариуцагч Н.Алтангадас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Алтангадас нь 83-59 БРА дугаартай Киа соренто маркийн автомашиныг барьцаалан 6 500 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлсэн. Уг зээлийг авах үед Н.Алтангадас нь 25 дугаар байрны “Кидс” дэлгүүрийг ажиллуулж байсан. Одоо зээлээ төлж чадахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл болох 6 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх буюу 4 сарын хүүгийн төлбөрт 1 820 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 94 хоногийн алданги 3 910 400 төгрөг нийт 12 252 500 төгрөгийг хариуцагч Н.Алтангадасаас гаргуулж өгнө үү. Өмнө нь шүүхэд алдангиа буруу тооцож гаргасан байсан. Нэг өдрийн алданги 41 600 төгрөг, 94 хоногоор бодоход хориод мянган төгрөгийн зөрүү гарч байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр 12 252 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд “Аз өсөх билэг” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг авсан боловч хүүг нь төлж чадахгүй хугацаа алдсаны улмаас хүүгийн төлбөрт 500 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөг дээр нэмж 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6 500 000 төгрөгийн гэрээг дахин хийсэн. Уг зээлийг авах үед эдийн засгийн боломж бололцоо гайгүй байсан ч өнгөрсөн оноос эхлээд дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрсэн. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд маргах зүйл байхгүй. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 1 820 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй байгаа учраас алдангийг хасаад гарсан төлбөрийг 2 жилийн дотор төлөх саналтай байна. Зээлээ барьцаанд тавьсан машинаараа төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Алтангадасаас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 12 252 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Аз өсөх билэг” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Аз өсөх билэг” ХХК-д олгож,

Барьцаанд тавьсан БРА 83-59 улсын дугаартай Киа соренто маркийн автомашины гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Алтангадас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Намайг зээл авах үед тус барьцаалан зээлдэх газрын гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргасан. Э.Өсөхбаярын эхнэр Б.Уранбилэгтэй зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээний 1.6, 2.1.5, 3.5.2-т заасан заалтуудыг нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс болж тухайн үед 12 000 000 төгрөгөөр үнэлэгдэх барьцааны автомашины үнэ ханшийг одоогийн зах зээлийн үнэд хүргэж намайг хохироосон. Үүнийг яагаад зөрчсөн талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс асуухад би энэ хүнтэй гэрээ хийгээгүй, манай эхнэр гэрээ хийсэн гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Өндөр хүүтэй \сарын 7 хувийн\ зээл авсан бөгөөд хоногийн 0,5 хувиар алданги тооцсон нь дээрх зээлийг төлж чадахгүй байдал хүргэж байна. Группээс өөр орлогогүй надад миний орлогын эх үүсвэрээс илт давсан байдлыг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.6 дахь заалтуудыг “Аз өсөх билэг” ХХК автомашины барьцаалан зээлдэх газар ноцтой зөрчсөн нь намайг хохирооход хүргэсэн зэрэг байдлыг харгалзан үзэж, дээрх компианид төлөх өрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

                                                        

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Аз өсөх билэг” ХХК нь хариуцагч Н.Алтангадаст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 252 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээл, зээлийн хүү 8 320 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Аз өсөх билэг” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Н.Алтангадаст 6 500 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлдэгч Н.Алтангадас нь 83-59 БРА улсын дугаартай, Киа соренто маркийн автомашиныг барьцаалсан талаарх бичгийн баримт хэрэгт авагджээ.                               /хх-3 дугаар тал/

 

            Хариуцагч Н.Алтангадас нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан ба уг зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгээгүй зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр талууд зээлийн гэрээг дахин байгуулж, зээлийн үнийн дүнг 6 500 000 төгрөгөөр тодорхойлсон талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг 2015 онд дуусгавар болгож өөр үүргээр буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээр сольсон байна.

 

            Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Иймд хариуцагч нь үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүү 1 820 000 төгрөг нийт 8 320 000 төгрөг төлөх үүрэгтэй ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8 320 000 төгрөгөөс алдангийг 94 хоногоор тооцож 3 910 400 төгрөг, нийт 12 230 400 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

            Нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан зээлийн хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

             Талууд зээлийн гэрээний 1.5-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон тул алдангийг зөвшөөрөхгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч алданги багасгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаагүй, алдангийн хэмжээ хэт их гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч нь барьцаа хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад барьцаанд бариулсан 83-59 БРА улсын дугаартай, Киа соренто маркийн автомашины гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэх байдлаар анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шийдвэрлэснийг буруу гэж үзэж уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газраас барьцаа хөрөнгөтэй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхийг зохицуулсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэхдээ баримталсныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “286 дугаар зүйлийн 286.1” гэснийг хасч, “281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэж нэмж,

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “3”, 5 дахь заалтыг “4”, 6 дахь заалтыг “5” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Н.Алтангадасаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ