Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 283

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Аз Өсөх Билэг” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 1 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, Боржигон овогт Намсрайн Алтангадаст холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.252.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Өсөхбаяр, хариуцагч Н.Алтангадас, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, нарийн бичгийн дарга  Д.Оргил  нар оролцов.

        

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК-ийн захирал Э,Өсөхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Н.Алтангадас нь 83-59 БРА дугаартай kia sorento маркийн машиныг барьцаалан 6.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлсэн. Уг зээлийг авах үед Алтангадас нь 25 дугаар байрны “Кидс” дэлгүүрийг ажиллуулж байсан. Одоо зээлээ төлж чадахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс үндсэн зээл болох 6.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх буюу 4 сарын хүүгийн төлбөрт 1.820.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар  сарын 04-ны өдрийг хүртэл 94 хоногийн алданги 3.910.400 төгрөг нийт 12.252.500 төгрөгийг хариуцагч Алтангадасаас гаргуулж өгнө үү. Өмнө нь шүүхэд алдангиа буруу тооцож гаргасан байсан. Нэг өдрийн алданги 41.600 төгрөг болж байгаа. 94 хоног гээд бодоход хориод мянган төгрөгийн зөрүү гарч байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр 12.252.500 төгрөгийг нэхэмжилж байгаа юм   гэв.

Хариуцагч Н.Алтангадас шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний хувьд Аз Өсөх Билэг ХХК-иас  2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээлийг авсан юм. Тэгээд хүүг нь төлж чадахгүй хугацаа алдсаны улмаас хүүгийн төлбөрт 500.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг үндсэн зээл болох 5.000.000 төгрөг дээр нэмж 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.500.000 төгрөгийн гэрээг дахин хийсэн юм. Уг зээлийг авах үед эдийн засгийн боломж бололцоо гайгүй байсан ч өнгөрсөн оноос эхлээд дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрсэн юм. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд маргах зүйл байхгүй. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 1820.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин  алданги төлөхийг зөвшөөрөхгүй байгаа учраас алдангийг хасаад гарсан төлбөрийг  2 жилийн дотор төлөх саналтай байна. Зээлээ барьцаанд тавьсан машинаараа төлөх хүсэлтэй байна  гэв.                                                             

                                                                     ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК нь хариуцагч  Н.Алтангадасаас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.252.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл, хүү нийт 8.320.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, алданги  төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийг төлбөрийг барьцаанд тавьсан машинаар төлнө гэж,   нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангуулахгүй гэж   тус тус маргаж  байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

Зохигчид нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай БРА 83-59 улсын дугаартай kia sorento маркийн автомашин барьцаалан зээлийн гэрээ хийжээ.

Хариуцагч нь 2014.9.1-ний өдөр 6 сарын хугацаатай  7 хувийн хүүтэй 5 сая төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны  4 дүгээр  сараас хүүгээ төлж чадахаа болиод дахин тохиролцож 2015.6.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хэдий ч 2014.9.1-ний өдрийн гэрээг нотлох баримтаар аль ч тал шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Хариуцагч  2015.06.30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон 2015 оны 9, 10, 11, 12 сарын хүү төлөөгүй талаар маргаагүй.

 

Зохигчид харилцан тохиролцож 2014.9.1-ний өдрийн гэрээний үүргийг дуусгавар болгож Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд 2015.6.30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авчээ. 

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр,  зохигчдын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нийцсэн байна гэж дүгнэв. 

Зээлийн гэрээний 1-р зүйлийн 1.5 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тусгажээ.

Зээлийн гэрээ 2015.12.30-ны өдөр дуусгавар болж 2015.12.31-ний өдрөөс хариуцагч Н.Алтангадас нь   үндсэн зээл 6.500.000 төгрөг, 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сарын хүү 1.820.000 төгрөг нийт 8.320.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8.320.000  төгрөгийн 0,5 хувь буюу  нэг өдрийн 41.600 төгрөгийн алданги  төлөх үүрэг хариуцагчид үүсчээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 8.320.000  төгрөгийн 50 хувиас  /4160.000 төгрөг/ хэтрээгүй байна.

Иймд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний 2.2.2-т заасны дагуу үндсэн зээл 6.500.000 төгрөг, зээлийн хүү 1.820.000 төгрөг, 2015.12.31-ний өдрөөс 2016.4.2-ны өдөр хүртэл 94 хоногийн алданги   3.910.400 төгрөг   нийт  12.230.400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 12.252.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн  бөгөөд зээлийн үүрэг 8.320.000 төгрөгийг хасаад  үлдэх 3.932.500 төгрөг нь алданги юмаа,  гэж тайлбарлаж байна.

Иймд тооцож үзэхэд нэг өдрийн алдангид хүрэхгүй 22.100 төгрөгийг зөрүү гарч байгаа хэдий ч алдангийн 50 хувиас хэтрээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилснээр 12.252.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт “барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухайгаа барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэнээр барьцааны эрх дуусгавар болно” гэж заажээ.

       Нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, барьцааны зүйлээс татгалзсан тухайгаа хариуцагч Н.Алтангадаст мэдэгдсэн тул барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж барьцаанд тавьсан БРА 83-59 улсын дугаартай kia sorento маркийн машины гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

        1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,  281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Намсрайн Алтангадасаас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.252.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  210.990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.

        3.  Барьцаанд тавьсан  БРА 83-59 улсын дугаартай kia sorento маркийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ТУЯА