Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00867

 

 

 

 

 

2024 04 26 210/МА2024/000867

 

 

хххх, хххх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00902 дугаар шийдвэртэй,

 

хххх, хххх нарын нэхэмжлэлтэй,

хххход холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчХХХ, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ххххад зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642332796875, ххххх дугаар бүхий, тус бүр 700 м.кв хэмжээтэй эзэмших эрхтэй 2 газрыг хххх эзэмшиж байсан.

Нэхэмжлэгч хххх, хххх нар нь иргэн ххххаас дээр дурдсан газар эзэмших эрхүүдийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0254, 0255 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн авч эзэмшиж байгаа.

Маргаан бүхий 2 газрын өмнөх эзэмшигч хххх 2017 онд өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барихаар очиход уг газарт хоёр чингэлэг байрлуулсан байсан учраас маргаан үүсч газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүй байдаг.

Улмаар 2017 онд Нийслэлийн газрын албанаас энэ талаар тодруулахад энэ газрыг бусдад шилжүүлээгүй гэсэн.

Энэ хугацаанд газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиж асуухад мэдээллийн санд таны газар ямар нэгэн давхцалгүй бүртгэгдсэн гэсэн хариу амаар өгсөн бөгөөд эзэмшил газар дээрээ очиход уг газрыг дамнуулан хувийн сууцны зориулалттай байшин барьсан байсан.

Улмаар хххх нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монголын тэшүүрийн холбоог хариуцагчаар татаж, газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын тэшүүрийн холбооноос ямар нэгэн хөрөнгө гаргаж байшин барилга бариагүй, уг байшин нь ххххынх гэдгийг тодорхойлж, тус газар дээрх хоёр чингэлгийг чөлөөлж, өөр газар байрлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00064 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тус хоёр газрыг дамнуулан барьсан байшин Монголын тэшүүрийн холбоонд хамааралгүй, хариуцагч ххххын эзэмшлийн байшин тул түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би энэ байшинг барьсан. Нэхэмжлэгч хххх надтай ирж уулзаад танайх байшин барьсан байна. Хоёулаа хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гэтэл гэнэт байшинг тойруулаад хашаа барьсан. хххх манай барьсан байшинг хямд үнээр авах зорилгоор манай хүргэнтэй 2-3 удаа уулзсан байдаг. Би байшингаа буулгаж, газрыг нь чөлөөлж өгье.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хххх хаягт байрлах, нэхэмжлэгч ххххийн эзэмшлийн, нэгж талбарын ххххх дугаартай, 700 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, хххх хаягт байрлах, нэхэмжлэгч ххххийн эзэмшлийн, нэгж талбарын ххххх дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ххххын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо ххххад зуслангийн зориулалттай нэгж талбарын хххх, ххххх дугаар бүхий тус тус 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон талбай нь Монголын тэшүүрийн холбооны нийтийн эзэмшлийн газар бөгөөд уг газар дээр Тэшүүрийн холбооны объект болох байр байж байгаад 2000 онд шатсан, суурь нь байгаа. Объект нь шатсанаас хойш бид зун өвөлдөө гэр барьж тамирчдаа байрлуулж, тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд тамирчдынхаа ая тухыг хангах зорилгоор 2021 онд 81,8 м.кв байшинг зах зээлийн үнэлгээгээр 120,000,000 төгрөгөөр барьсан.

Байшин барьж үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч нар нь гарч ирээгүй бөгөөд одоо объект барьсны дараа гарч ирээд газраа албадан чөлөөлүүлэх гээд байгаа шалтгаант холбоог нь ойлгохгүй, мөн газрын алба ч гэсэн энэ газарт 2016 онд газрыг эзэмшүүлсэн талаараа бидэнд мэдээлээгүй.

Дээрх байдлыг тодруулахгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан байгаад гомдолтой байна.

4.2. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, өмгөөлөгчөөр дамжуулан өөрийн санаагаа тайлбарлах хүсэлтэй байгаагаа анхан шатны шүүхэд илэрхийлж, хүсэлт гаргасан боловч өмгөөлүүлэх эрхийг маань зөрчиж хүсэлтийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэргийн үйл баримт тодорхой тогтоогдсон. Хариуцагч талыг өмгөөлөгч авах эрхээр удаа дараа хангасан. Хариуцагч шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчтэйгөө хамт сууж байгаад, шүүх хурал болоход өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд ороод, өмгөөлөгчөөсөө татгалзсан. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тул хариуцагчид шийтгэвэр ногдуулсан. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар шийтгэвэр ногдуулах талаар санал хүсэлт гаргаагүй. Шийтгэвэр ногдуулсан нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна гэж үзвэл шийтгэвэрт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хариуцагч талыг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаанд талуудаас ирцтэй холбоотой санал хүсэлт байна уу гэж асуухад өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ дэмжээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар гаргасан. Газрын гэрчилгээг egazar.gov.mn-ээс шалгах боломжтой. Хэргийн 85, 89 дүгээр талд авагдсан газрын гэрчилгээ эх хувь гэрчилгээ. Хуучин шиг үнэт цаасан дээр гарын үсэг зурахаа больчихсон, QR кодтой тул хэн ч шалгах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч хххх, хххх нар нь хариуцагч хххход холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч ххххолд холбогдох нэхэмжлэгч хххх, хххх нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 181/ШШ2024/00902 дугаар шийдвэрийг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасан байх шаардлагад нийцээгүй, шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүрэн тусгагдаагүй, хариуцагчийн тайлбар, татгалзлыг бичилгүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь 1-5 гэж дугаарлагдснаас 2 дахь тал нь орхигджээ.

 

4. Иймд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА