Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч П.Д, Л.О, тэдгээрийн өмгөөлөгч Р.Чинбаа ҮД:10-28,

шүүгдэгч Ж.З, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг ҮД:11-18,

гэрч Б.Бат-Орших нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.З нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809 0133 01170 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, П.Д

2. Монгол улсын иргэн,  Л.О

3. Монгол улсын иргэн, Ж.З

Холбогдсон хэргийн талаар:

1.П.Днь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “ БММЗ” чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа найз Л.Огээс иргэн Б.Батболдын халааснаас хулгайлсан Самсунг Эс-6 Эдж маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дамжуулан авч улмаар Ж.Зд дамжуулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

- 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” паб руу үйлчлүүлэхээр орж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Юу Гёны халааснаас “Самсунг- Галакси Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт,

2.Л.Онь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн их сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа иргэн Б.Батболдын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж “маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, П.Дд дамжуулан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ уг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

3. Ж.З нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн их сургуулийн автобусны буудлаас БММЗ чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа Л.Огийн иргэн Б.Батболдын халааснаас авсан” Самсунг Эс-6 Эдж” маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг П.Д дамжуулан авч нуун бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Дмэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Отэй уулзсан. Хоол идье гэж дуудсан. З надаас 20.000 төгрөг өгчих гэж гуйсан. Хүүхэд сүүгүй болчихсон гэж ярьсан. Би ирээд авчих, Багшийн дээд дээр байна гэж хэлсэн. З ирсэн. Бид хэд номын сан руу явсан. Автобусанд суугаад тэр үед О утас авчих шиг болсон. Тэрийгээ аваад бусдад дамжуулсан гэж байхгүй. Эзэн нь мэдчихээд өөрийг нь бариад авсан. О утсаа шалан дээр унагаачихсан. Тэр хүмүүстэйгээ маргалдаад автобуснаас буусан. Удалгүй хоёр цагдаа ирээд бид хэдийг авсан утсаа гаргаж өг гэж хэлсэн. Цагдаа тэр залууг утас руугаа залгаад үз гэж хэлэхэд З авчихсан байсан. Шалан дээр унагаасан байсан утсыг З авчихсан байсан. Цааш нь сайн мэдэхгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би гэр рүүгээ харьж яваад, Солонгос иргэний утсыг авсан. Тухайн үед хүүхдийн бие өвдсөн байсан тул өөрийн эрхгүй авсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Омэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үйлдэл дээр Бат-Орших номын сангийн буудал дээр дайралдсан гэдэг нь худлаа, Багшийн дээдийн буудал дээр дайралдаад, Д, Зыг дуудчихсан бид дөрөв KFC оръё гэж ярилцаад Багшийн дээдийн автобусны буудал дээрээс суусан. Тэгэхэд бид нарын урдуур нэг залуу орж ирээд, халаас руу нь харахад залуугийн утас нь унах гээд байж байсан. Би утсыг нь авах гэж байхад, тэр залуу хөөе утас аваад ир гээд заамдаад авсан. Автобусны хаалга онгойлгож намайг чирээд буусан. Тэр үедээ автобусны хажуу талын хаалга руу шидчихсэн. Тэгээд бид хэдийг нэгжсэн. Тэр залуу утас руугаа өөрөө залгаж үзсэн. ТҮЦ-нд байна гэнэ ээ гэж хэлээд явсан. З тэр хүний утсыг нь аваад явчихсан ба бид хэдийг баригдаад явчихаар нь тэр хүнд нь буцааж өгөх гээд ТҮЦ-нд өгчихсөн байсан. Энэ хоёр ямар нэг холбоо байхгүй. Би өөрөө өрөөсөн бөөртэй, аав зүрхний шигдээстэй босч чаддаггүй хэвтрийн хүн байдаг. Тэр үед аавын эмчилгээний мөнгө нэхэгдээд байсан. Мөнгөний хэрэг болоод анх удаа хулгай хийж үзэж байгаа минь тэр гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.З мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Д ах руу залгаад 20.000 төгрөг байна уу гэхэд Багшийн дээдийн буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход номын сан оръё гээд БМЗ-д суугаад буухын алдад нэг залуу утас гэж хэлж байсан. Хаалга нь онгойход тэр залуу О ахыг барьж авсан. Би цаашаа “Скайтель “төв рүү алхаж байхад хойноос Бат-Орших ах ирээд “ Samsung- S7” маркийн утсыг гаргаж ирээд энэ утас руу хүн залгаад байна гэж хэлсэн. Би юу ч бодоогүй аваад энэ ямар учиртай утас вэ гэж асуухад сая автобусны шалан дээр байсан гэж хэлсэн. Би буцаагаад хүнд нь өгөөч гэж хэлээд буцааж өгөх зорилготой утсыг нь авч яриад 120 мянгатын ТҮЦ-нд үлдээчихье гээд явсан. Тэр үед өөрөө аваачиж өгөх гэхээр би хулгайн хэрэгт хамсаатан болчих байх гэж бодоод 120 мянгатын ТҮЦ-нд үлдээсэн. Надад хулгайн хэрэг үйлдэх бодол байгаагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батболдын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим хичээлээ тараад Багшийн дээдийн автобусны буудлаас “БММЗ-Улаанхуаран” чиглэлийн автобусанд суугаад явж байтал өмдний халаасанд байсан утас алга болчихсон. Тэгэхээр нь хажууд шахаад байсан 2 залууг дагуулаад номын сангийн автобусны буудал дээр буугаад ТҮЦ рүү дагуулж орон утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь гаднаа энгийн хувцастай хоёр цагдаа ороод ирсэн. Тэгэхээр нь болсон асуудлаа хэлсэн чинь нэг цагдаа нь миний дугаарыг асуугаад залгасан. Тэгтэл миний утсыг нэг эмэгтэй аваад автобуснаас олсон, 19 дүгээр хороололд байдаг 10 дугаар байранд ирээд ав гэсэн. Тэгэхээр нь очоод залгасан чинь утсаа авахгүй байж байснаа 5-10 минутын дараа аваад 19 дүгээр байрны ТҮЦ-нд утсыг чинь үлдээчихье гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь бид нар уг ТҮЦ-нд очсон чинь худалдагч нь гэх эмэгтэй нэг залуу хүн ирж авна гээд үлдээгээд явсан гэсэн. Тэгээд би гар утсаа аваад гэртээ харьсан...

...Би анх өгсөн мэдүүлэгт уг О, Д гэх хоёр хүний нэрийг нь андуурч хэлсэн байна. Анх утас аваад баригдаад цагдаа дээр ирсэн байхад О гэгч нь надад хандаж эр хүмүүс байж ойлгоод намайг аваагүй гээд хэлчих, чи утсаа буцаагаад авчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхэд О нь харааны шилтэй байж байсан. Харин таньж олуулах ажиллагаа явуулахад зайлшгүй ирсэн байсан гэсэн ч би таньж байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-21 дүгээр тал/,

-  Хохирогч Б.Батболдын алдагдсан “Самсунг Эс-6 Эдж “маркийн  гар утсыг 324.000 төгрөгийн үнэтэй болохыг үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний үнэлгээний тайлан  /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ким Юу Гёны өгсөн: ...Би өнөөдөр Солонгос улсаас хамт аялах гэж ирсэн хүмүүсийн хамт хоолонд орох гэж Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” паб руу орсон. Би урд нь явж байгаад пабын хаалга онгойлгоод хүмүүсээ оруулж байхад миний хажууд хар хувцастай эрэгтэй хүн зогсож байсан. Би хүмүүсээ оруулж дуусгаад өөрөө пабад ороод хаалга хаасан. Би орж суугаад хоолоо захиалчихаад гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Миний гар утас ” Самсунг -Галакси Эс-7” маркийн гар утас. Би гар утсаа хамгийн сүүлд уг пабын хаалга онгойлгож байхдаа барьж байсан. Тэр хүн миний халааснаас хулгайлж байгаа бичлэг байгаа...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр тал/,

- Хохирогч Ким Юу Гёны алдагдсан гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн   “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан  /1 дүгээр хх-ийн 214-215 дугаар тал/

- Мөрдөгчийн илтгэх хуудас, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 10, 11-15 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 201 дүгээр тал/,

- Хохирогч Б. Батболдын   алдагдсан гар утсыг хүлээлгэн  өгсөн  тэмдэглэл, /хх-н 9-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  Б. Бат-Оршихын:  2018 оны  03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим найз Отэй утсаар ярьж байгаад  багшийн дээдийн автобусны буудал дээр уулзсан... автобусны буудал дээр ирсэн чинь  нэг хүүхэд гар утас алга болчихлоо, та сая аваад энэд өгчихлөө гээд  яриад байсан болохоор нь  би шууд автобусны буудлаас Баянгол буудлын чигтэй алхаж байтал араас нэг хүүхэн дуудаад хүлээж бай гэсэн. Тэгэхээр нь би зогсоод яасан бэ гэсэн чинь намайг дуудсан хүүхэн алхаж ирээд Оргил барагдчихлаа, чи утсыг нь өгчих гэсэн, тэгэхээр нь үгүй гэж хэлсэн...тэр эмэгтэй надад утсыг өгөөд ээж олсон юм гэж хэлээд үлдээчих гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 42-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Эрдэнэбатын: ... 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цагийг сайн санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш 15 цагийн орчим 120 мянгатын автобусны буудлын баруун талд байрлах 19 дүгээр байрны буланд өөрийн Түцэн дотроо сууж байтал гаднаас 40 орчим насны дунд зэргийн махлагдуу залуу Түцэн дээрээ үлдээлээ гэж ярьчихсан орж ирээд танд энэ утсыг  үлдээчтхье одоо хүн ирж авна гэж хэлэн ярьж орж ирсэн утсаа үлдээчихээд гараад явсан тэгж байж байтал 10 гаран  минутын  дараа  цагдаа орж ирээд  бичиг баримтаа  үзүүлэн уг утсыг хулгайн утас гэж хэлээд хураагаад аваад явсан...Бат-оршихыг танихгүй, өмнө нь ч харж байгаагүй, ямар нэгэн холбоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Камерийн бичлэгийн 39 дэх секунданд хамгийн ард үйлчилгээний төв рүү алхан орж байсан задгай тавьсан богино долгионтой үстэй, ягаан өнгийн малгайтай куртик өмссөн эмэгтэйн хойноос бараан өнгийн царайтай, 170 см орчим өндөртэй, малгайтай богино куртик, жинсэн өмд өмссөн эрэгтэй хүн /Камерийн бичлэгт таньсан, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгч Пүрэв овогтой Д/ дагаж алхах ба 40 дэх секундаас уг эрэгтэй хүн зүүн гараа өргөн урд явсан эмэгтэйн баруун халаасанд гараа хийж “Аризона” үйлчилгээний төв рүү даган 44 дэх секунданд даган орлоо. Ингээд 51 дэх секунданд Хар бараан өнгийн малгайтай куртик өмссөн, жинсэн өмдтэй эрэгтэй хүн үйлчилгээний төвийн хаалгаар гарч ирэх ба гарч ирэхдээ хар өнгийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг барьсан гарч ирэх ба уг гар утсыг чихэндээ наан 53 дахь секунданд цааш зугтаан гүйж байгаа нь бичигдсэн байв” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 203 дугаар тал/,

- Шүүгдэгч П.Д, Л.О, Ж.З нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 62, 63, 77, 84, 96, 103, 120-134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

П.Днь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа найз Л.Огээс иргэн Б.Батболдын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж“маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг Л. О авсныг   дамжуулан авч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь ,

- 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” паб руу үйлчлүүлэхээр орж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Юу Гёны халааснаас Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэргийг,

Л.Онь бусадтай бүлэглэн  2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа иргэн Б.Батболдын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж”  маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, П.Дд дамжуулан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Батболд, Ким Юу Гён нарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн Л.О, П.Днарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Д, Л.О нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ж.Зын хувьд П.Д, Л.О нарын  хулгайлсан гар утсыг өөрт ашиглалгүйгээр ТҮЦ-нд орхиж, хохирогчийг хохиролгүй болгож буй үйлдлийг хулгайн гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч П.Дгийн хувьд 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх   гэнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгч П.Д, Л.О нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа иргэн Б.Батболдын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж”  маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бүлэглэн гүйцэтгэж хулгайлсан байна.

Хохирогч Б.Батболд, Ким Юу Гён нарт учирсан хохирол бүрэн төлөгдсөн буюу хохирогч нар гар утсаа биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.Д, Л.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч П.Днь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2018 оны 03 дугаар сарын 11-ний хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийн цагдан хорих тухай шүүгчийн захирамж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоодож байна. /2-р хх-ийн 3-4, 32-33, 56 дугаар тал/

Шүүгдэгч Л.Онь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон байна. /2-р хх-ийн 71-72 дугаар тал/

Шүүгдэгч П.Д, Л.О нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч П.Д, Л.О нар Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр шийтгэгдсэн боловч засрал хүмүүжил олоогүй дахин гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэж шүүгдэгч нарт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П. Дгийн үйлдлийг  бүлэглэж буюу үргэлжилсэн үйлдлээр, хамжигчаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л. Огийн гэм буруугийн үйлдлийг бүлэглэж буюу гүйцэтгэгчээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. П. Дг бүлэглэж буюу үргэлжилсэн  үйлдлээр  бусдын хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн  3 дахь  хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Л. Ог бүлэглэж бусдын хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигин овогт Ж.Зын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            4. П. Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

            - Л. Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Л.Од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар П.Дгийн цагдан хоригдсон 93 хоногийг, Л.Огийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Д, Л.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ж.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ