Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 170

 

О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн, А.Хандам, Д.Очирсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямсүрэн,

ялтан Б.Энхболд,

ялтан О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

ялтан А.Хандамын өмгөөлөгч Б.Дашдорж,

ялтан Д.Очирсүрэн, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Энхболд, ялтан А.Хандам, түүний өмгөөлөгч өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн, А.Хандам, Д.Очирсүрэн нарт холбогдох 201625030297 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Адуучин овгийн Оюунтөрийн Оюунбат, 1987 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг, 50-80 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЖН87091979/,

-Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 140 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 191а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-ял эдэлж байхдаа Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 92 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Алаг адуу овгийн Батсүхийн Энхболд, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1-1978 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УК90033093/,

3. Бумбат хайрхан овгийн Хөхөөгийн Эрдэнэбүрэн, 1994 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23-15 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: УП94052778/,

- 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

4. Ашбагад овгийн Адъяагийн Хандам, 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖВ94061701/,

5. Боржигон овгийн Доржпүрэвийн Очирсүрэн, 1995 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнүүн-Огоо” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 76-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УП95100634/,

О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн халивыг зэвсгийн чанартай хэрэглэн 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна иргэн Д.Энхбаяр, А.Жаргалсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож бэлэн 47.000 төгрөг, “Нокиа” загварын гар утсыг дээрэмдэх үйлдлийг гардан гүйцэтгэсэн,

А.Хандам нь О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн халивыг зэвсгийн чанартай хэрэглэн 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна иргэн Д.Энхбаяр, А.Жаргалсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож бэлэн 47.000 төгрөг, “Нокиа” загварын гар утсыг дээрэмдэх үйлдэлд хамжигчаар оролцсон,

О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нар нь 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө А.Хандамыг биеэ үнэлэхэд нь зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан,

Д.Очирсүрэн нь 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө А.Хандамыг биеэ үнэлэхэд нь 72-41 УНД улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Д.Очирсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар, А.Хандамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Адуучин овогт Оюунтөрийн Оюунбат, Алаг адуу овогт Батсүхийн Энхболд, Бумбат хайрхан овогт Хөхөөгийн Эрдэнэбүрэн нарыг бүлэглэн, халивыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг гардан үйлдсэн, мөн бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, зохион байгуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ашбагад овогт Адъяагийн Хандамыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, халивыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Доржпүрэвийн Очирсүрэнг бусдыг биеэ үнэлэхэд тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбатыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарыг тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хандамыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбатад оногдуулсан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүлийн 124.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарт энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хандамд оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Д.Очирсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбатад оногдуулсан 5 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарт тус бүрт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Оюунбатын цагдан хоригдсон 360 хоног, шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 360 хоног, шүүгдэгч Х.Эрдэнэбүрэнгийн цагдан хоригдсон 360 хоног, шүүгдэгч А.Хандамын цагдан хоригдсон 111 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Очирсүрэн цагдан хоригдоогүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 900005406 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр шүүгдэгч А.Хандамын ар гэрээс байршуулсан 50.000 төгрөгийг хохирогч Д.Энхбаярт олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж,

шүүгдэгч О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Очирсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Хандамд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Энхболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болдог орой би А.Хандамын биеийг үнэлүүлэхгүй гэж араас нь очсон бөгөөд хохирогч нартай үл ойлголцон маргалдаж зодоон болоход би автомашин дотор сууж байсан. Намайг автомашинд байсан талаар Х.Эрдэнэбүрэн мэдүүлсэн байдаг. Х.Эрдэнэбүрэн бид хоёрт ямар ч дээрэм, зодоон хийх санаа зорилго байгаагүй гэдгийг харгалзан үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Хандам бид хоёр дотно харилцаатай байсан бөгөөд урьд нь нэг удаа А.Хандам хүнээс мөнгө аваад зугтаж байсан. Миний бие энэ хэрэгт холбогдоод их зүйл ойлгож байна. Энэ болсон хэрэгт өөрийгөө үнэн зөвөөр ойлгуулж чадсангүй. Үнэн сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Хойшид миний ирээдүйг шийдвэрлэх асуудал учраас нухацтай хандаж өгнө үү. Хохирогч нар гомдол саналгүй гэсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Ялтан А.Хандам гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие энэхүү хэргийг санаатайгаар үйлдээгүй бөгөөд сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх насандаа ийм хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ харамсаж, залуу насандаа хар толбо үлдээж буйдаа маш ихээр гэмшиж байна. Миний бие 2015 онд барилгын засал чимэглэл, засварын ажил хийж байгаад гурван давхараас унаж биедээ хүнд гэмтэл авсан. Нурууны үеүүдэд суулт өгч, аарцаг цуурч, толгой тархины хэсэгт хүчтэй доргилт өгч байснаас болж одоо ажил хийх үед өвчин сэдэрч байнгын хүчтэй өвчин намдаагч эм хэрэглэдэг. Одоогоор хөдөлмөрийн чадвараа алдсанаас групэд байдаг. Хохирогч Д.Энхбаярт хохирол төлбөр болох 50.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, холбогдсон гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Ялтан А.Хандамын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болоогүй, хэргийн бодит нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж доорхи гомдлыг гаргаж байна. Уг хэргийн улсын яллагч миний үйлчлүүлэгч А.Хандамыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Уг хэрэг 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадаа болсон бөгөөд ялтан нар хохирогч Д.Энхбаяр, А.Жаргалсайхан нарыг дээрэмдэх үед А.Хандам нь байгаагүй ямар нэгэн байдлаар дээрмийн гэмт хэрэг гарч байгааг тухайн үед мэдээгүй байдаг. Ялтан А.Хандам нь биеэ үнэлдэг байсан бөгөөд тухайн 2 хохирогч нарт биеэ үнэлэх зорилготой явсан бөгөөд ямар нэгэн байдлаас араас нь ялтан нар ирж дээрэм хийх талаар үгсэн тохиролцсон эсэх талаар нотлож чадаагүй бөгөөд хэт таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Ялтан А.Хандам нь хохирогч нараас 50.000 төгрөг авсан байдаг бөгөөд уг дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө хохирогч нар биеэ үнэлэх төлбөр гэж сайн дураараа шилжүүлэн өгсөн нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл биш юм. Анхан шатны шүүхээс А.Хандам нь О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нартай үгсэн мөнгө олох зорилгоор тэдгээрийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх гэж байгааг урьдаас мэдсэн атлаа... гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдсэн ялтан нарын мэдүүлгээр эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар хоорондоо үгссэн талаарх нотлох баримт байхгүй. Энэ талаар тодруулсан мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй байдаг. Ялтан А.Хандам нь гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй, харин өөрийгөө биеэ үнэлж байна гэж ойлгож явсан бөгөөд гэмт хэрэг хэн үйлдсэн, яг юу болсон талаар тухайн үед харж үзээгүй талаар удаа дараа мэдүүлсэн. Ялтан А.Хандамын үйлдэлд уг гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн зааж зөвлөсөн үйлдэл байхгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялтан А.Хандамд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн анхны сэдэлт санаа зорилго нь А.Хандамын биеийг нь үнэлүүлж муриж мөнгө олох зорилготой байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хохирогч Д.Энхбаяр мэдүүлэхдээ “...47.000 төгрөг, “Нокиа” загварын гар утсыг халаасыг ухсаар байгаад булааж авсан” гэж мэдүүлдэг. Хөдөөнөөс ирсэн найз хохирогч А.Жаргалсайхан эхлээд Д.Энхбаярт 60.000 төгрөг өгсөн. Дараа нь дахиж халаасаа ухаж байгаад 60.000 төгрөг өгсөн гэж ярьдаг боловч хохирогч А.Жаргалсайханы мэдүүлгээр 2 удаа мөнгө өгсөн асуудал тогтоогдоггүй. Хэрэв шүүх 47.000 төгрөг байсан гэж хохирогчийн мэдүүлгийг үндэслэвэл  Д.Энхбаяраас гар утас болон бэлэн мөнгийг яаж авсан бэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Хохирогч өөрөө “миний гарт атгаатай байсан 47.000 төгрөгийг булааж авсан” гэж мэдүүлдэг. Дээрмийн гэмт хэрэг нь довтолгоо эхэлсэн үеэс үүсдэг ч гэсэн энэ 3 холбогдогчийг шууд 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэжигтэн, яллагдагчаар хорьсон. Хохирогч нартай өмгөөлөгчийн зүгээс биечлэн уулзая гэдэг боловч “хөдөө явсан” гэж хэлээд уулздаггүй. Хохирогч А.Жаргалсайхан бие эрүүл мэндийн байдлаас болж нас барсан нь шүүгдэгч нарын үйлдэл холбогдолтой огт хамааралгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Хэргийн бодит байдлыг дүгнэж үзэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан.” гэв.

Ялтан Д.Очирсүрэнгийн өмгөөлөгч Э.Уянгасайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэргийн 21 дүгээр талд 72-41 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг У.Наранбат гэх хүн эзэмшдэг гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ байдаг. Мөн автомашин худалдах, худалдан авах гэрээнд Д.Очирсүрэнд У.Наранбатаас шилжсэн гэрээ байгаа. Хавтаст хэргийн 227 дугаар талд Д.Очирсүрэнгийн 72-41 УНД улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоол, хавтаст хэргийн 238 дугаар талд У.Наранбатыг гэрчээр байцаасан тэмдэглэлд 420.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Очирсүрэнгийн эзэмшилд энэхүү автомашиныг шилжүүлсэн гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг Д.Очирсүрэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй байх үед нь мэдүүлсэн мэдүүлгээр нь 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед хууль зүйн туслалцаа аваагүй байсан учраас мэдүүлгийнхээ үр дагаварыг ойлгохгүй 1.000.000 төгрөгөөр үнэлснээр автомашины үнэлгээг тогтоосон. Зах зээлийн бодит үнэ ханш бол 420.000 төгрөг нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шийтгэх тогтоолд автомашины үнэ болох 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй муутай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэвч шүүгдэгчийн гэм буруугийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасан Биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан гэдгээс хойших буюу тээврийн хэрэгсэл, орон байр бусад зүйлээр үйлчилсэн гэдэг үйлдлүүд нь хэрхэн давтагдах шинжийг тодорхойлон хуульчилсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Д.Очирсүрэн нэг удаа тээврийн хэрэгслээр явсан байдал нь нотлогддог. Иймд Д.Очирсүрэнг биеэ үнэлэхэд байнга тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэх хуулийн заалтад хамаарахгүй учраас түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэв.

Ялтан Д.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Хандам “дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэж байсныг мэдээгүй, автомашинд хамт сууж байсан хүмүүс хохирогч нарын эд зүйлийг авсан байна лээ” гэсэн мэдүүлгийг өгдөг. Хэдийгээр тэгж мэдүүлдэг боловч “О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нар “А.Хандамтай ярьж байгаад биеэ үнэлнэ, очсоныхоо дараа мурина гэж явсан боловч ийм зүйл болчлоо” гэж мэдүүлдэг. Хэрвээ мурих байдалтай байсан юм бол ямар учраас араас нь дагаж яваад хохирогч нарын хоолой амыг нь таглаж, боож цохиж зодох болсон бэ гэх үйлдлүүд нь өмнө ярьж байсан мурих гэж үйлдлээс өөр байна. Тийм учраас дээрх хүмүүс мурих гэж явсан биш, тодорхой хэмжээгээр бусдын эд зүйлийг цохиж зодон дээрэмдэж авах байсан санаа зорилго нь гүйцэлдсэн байна гэсэн байдал нь өөрсдийнх нь гаргасан үйлдлээс харагдаж байгаа учраас А.Хандамыг тухайн хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн. Б.Энхболд давж заалдах гомдолдоо энэ гэмт хэргийг үйлдээгүй, автомашинд сууж байсан гэж дурдсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцохдоо өгсөн тайлбартаа ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг өгсөн учраас өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Д.Очирсүрэнгийн хэлсэн үнэлгээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар ойлгохдоо диспозиц нь тээврийн хэрэгслээр 1 удаа үйлчилсэн ч энэ зүйл ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Автомашиныг үнэлгээний комисс 1.000.000 төгрөгөөр үнэлсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ мөн хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нар нь бүлэглэн халивыг зэвсгийн чанартай хэрэглэн 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна иргэн Д.Энхбаяр, А.Жаргалсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож бэлэн 47.000 төгрөг, “Нокиа” загварын гар утсыг дээрэмдэх үйлдлийг гардан гүйцэтгэсэн,

А.Хандам нь О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн халивыг зэвсгийн чанартай хэрэглэн 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна иргэн Д.Энхбаяр, А.Жаргалсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож бэлэн 47.000 төгрөг, “Нокиа” загварын гар утсыг дээрэмдэх үйлдэлд хамжигчаар оролцсон,

О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нар нь 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө А.Хандамыг биеэ үнэлэхэд нь зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан,

Д.Очирсүрэн нь 2016 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө А.Хандамыг биеэ үнэлэхэд нь 72-41 УНД улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан Х.Эрдэнэбүрэнгийн /Ч.Батсуурь/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хөдөө аж ахуйн буудал дээр зогсдог биеэ үнэлэгчдэд хүн олж өгөөд 5.000-10.000 төгрөг авдаг юм. Өчигдөр 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр биеэ үнэлдэг Хандаа, надтай адил хүн олж өгч мөнгө авдаг О.Оюунбат, Б.Энхболд нартай хамт байж байтал О.Оюунбат 2 залуутай уулзаж ирээд “Хандаа хүн байна, гялс яв” гэж хэлээд О.Оюунбат, А.Хандам хоёр ирж уулсан 2 залуугийн хамт таксинд суугаад явсан. Б.Энхболд бид хоёр араас нь таксинд суугаад А.Хандамыг зугтаалгахаар дагасан. Дагаад явж байтал 50 дугаар сургуулийн ард 5 давхар байрны гадна зогссон. Б.Энхболд түрүүлж бууж очоод “наадах чинь миний эхнэр, та нар юу юм, хэн юм” гэж орилоод барьцалдаад авсан. Тэр үед А.Хандам яваад бид хоёрын сууж ирсэн таксинд суусан. Би О.Оюунбатыг “бөөн юм болоод байна” гэж хэлээд дуудтал гарч ирээд нөгөө хоёр залуу руу “чи одоо яагаад байгаа юм” гээд жинсэн куртиктэй цэнхэр малгайтай туранхай залууг нь бариад авсан. Тэр залуу “би чамд мөнгийг нь өгсөн биз дээ” гэж хэлж байсан. Тэгтэл “тэр ямар хамаатай юм” гэж хэлээд хавирч унагаагаад гарт байсан мөнгийг нь авсан. Би халааснаас нь гар утсыг нь авсан. Б.Энхболд тэр үед автомашинаас авсан халивыг гаргаж айлгаад нөгөө залууг нь цаашаа явуулаад автомашинд буцаад суусан байсан” гэх мэдүүлэг /хх1, х73/,

ялтан О.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал буюу Бөхийн өргөөний замын хойд талд байрлах автобусны буудал дээр биеэ үнэлэгчдэд үйлчлүүлэгч олж өгөөд 5.000-10.000 төгрөг авдаг юм. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хөдөө аж ахуйн автобусны буудал буюу биеэ үнэлэгчдийн зогсдог газар надтай адилхан биеэ үнэлэгчдэд үйлчлүүлэгч олж өгөөд мөнгө авдаг Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ болон биеэ үнэлэгч А.Хандам нартай уулзаад хамт байж байхад үл таних хоёр залуу “хөгшөөн хүүхэн байна уу” гэж асуусан бөгөөд би тэр хоёр залууд хандаж “энэ хавиар байгаа” гэж хэлээд автобусны буудал дээр байсан таксинуудад сууж байсан биеэ үнэлэгч нараас “хоёр залуу дундаа нэг хүүхэн авна гэж байна, та нар явах юм уу” гэж асуухад явах хүн байгаагүй. Тэр үед А.Хандам таксинд сууж байгаад “намайг дуудаад би явчихъя” гэж хэлсэн. Тэгээд би А.Хандам болон биеэ үнэлэгч авч байгаа хоёр залуутай хамт цагаан өнгийн таксинд суугаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 давхар байрны гадаа зогссон бөгөөд А.Хандам тэр залуутай хамт таксинаас буухад тэр хоёр залуу А.Хандамд биеэ үнэлэгч авсаны хөлс болох 50.000 төгрөг өгч надад таксины мөнгө өгөөрэй гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би таксины жолоочид 3.000 төгрөг өгчихөөд хариулт болох 7.000 төгрөгийг тэр хоёр залууд өгөөд А.Хандамаас зуучлалын хөлс болох 5.000 төгрөгийг нэхэхэд “би хоёр хүний хооронд 50.000 төгрөгөөр явж байгаа болохоор зуучлалын мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ирсэн таксиндаа суугаад буцаад хөдөө аж ахуйн автобусны буудал руу явах гэж байхад Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ хоёр А.Хандам болон үл таних хоёр залуу гүйж очсон бөгөөд Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ нар тэр хоёр залуутай барьцалдаад авсан. Тэгээд би Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ дээр очоод “боль, явъя” гэж хэлэхэд Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ тэр залуугийн хөлийг нь дэгээдээд унагаасан бөгөөд тэр залуу гараа атгасан байсан болохоор гарыг нь тэнийлгэж үзэхэд мөнгө байхаар нь аваад таксиндаа суугаад хөдөө аж ахуйн автобусны зүг явсан бөгөөд тэр залуу нь “миний гар утсыг өгөөч” гэж орилж байсан. Тэгээд хөдөө аж ахуйн буудал дээр байж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх1, х87-88/,

ялтан Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...“...Би Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал буюу Бөхийн өргөөний замын хойд талд байрлах автобусны буудал дээр биеэ үнэлэгчдэд үйлчлүүлэгч олж өгөөд 5.000-10.000 төгрөг авдаг юм. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчим хөдөө аж ахуйн автобусны буудал буюу биеэ үнэлэгчдийн зогсдог газар надтай адилхан биеэ үнэлэгчдэд үйлчлүүлэгч олж өгөөд мөнгө авдаг О.Оюунбат, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ болон биеэ үнэлэгч А.Хандам нартай уулзаад хамж байж байхад О.Оюунбат хоёр залуутай уулзаж байгаад ирсэнээ “Хандаа хүн байна, гялс яваарай” гэж хэлээд О.Оюунбат, А.Хандам хоёр үл таних хоёр залуугийн хамт цагаан өнгийн таксинд суугаад явсан ба Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ бид хоёр араас нь мөн саарал өнгийн такси бариад А.Хандамыг зугтаалгах зорилгоор араас нь дагасан. Тэгээд А.Хандам, О.Оюунбат болон үл таних хоёр залуу нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 50 дугаар сургуулийн хойд талд байрлах 5 давхар байрны гадаа зогссон бөгөөд Энхболд бид хоёр 3-4 метрийн зайнаас хараад зогсож байтал О.Оюунбат цагаан өнгийн таксинд суусан бөгөөд энэ үед би таксинаас буугаад А.Хандамтай хамт зогсож байгаа үл таних хоёр залуу дээр очоод “наад эмэгтэй чинь манай найз охин, та нар юун хүн бэ” гэж хэлээд А.Хандамыг аваад явах гэхэд намайг нэг залуу нь миний мөрнөөс татахаар нь би тэр залуутай барьцалдаад авахад А.Хандам миний сууж ирсэн таксинд суусан бөгөөд энэ үед Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ хүрч ирээд нэг залууг нь салгасан. Тэгээд би гарын хуруунууд нь байхгүй нэг залуутай нь маргалдаад байж байхад Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/, О.Оюунбат хоёр нэг залуутай 21 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд барьцалдаад зодолдож байх шиг байсан. Надтай маргалдаж байсан залууг би куртикны халаасанд байсан халиваар далайж айлгахад тэр залуу надаас холдсон. Тэгээд би өөрийн сууж ирсэн таксиндаа суухад А.Хандам “тэр хоёр залуугаас 50.000 төгрөг авсан” гэж хэлсэн бөгөөд би Батсуурийг “явъя” гэж хэлэхэд Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ гүйж ирээд таксинд суулгасан. О.Оюунбат мөр өөрийн ирсэн цагаан өнгийн таксинд суугаад явсан. Тэр үед Батсуурийг ирэхэд куртикных нь халааснаас ямар нэг зүйл унах гэж байсан болохоор нь халаасанд нь юу байгаа талаар асуухад бахь байгаа гээд улаан өнгийн иштэй бахь гаргаж ирсэн. Тэгээд хөдөө аж ахуйн автобусны буудал руу явж байхад Баянбүрдийн тойрог орчим Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ халааснаас хар өнгийн гар утас гаргаж ирээд түрүүний хоёр залуугийн нэгнийх нь халааснаас авсан гэсэн. Тэгээд хөдөө аж ахуй дээр байж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх1, х95-96/,

ялтан А.Хандамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хөдөө аж ахуйн автобусны буудал буюу биеэ үнэлэгч нарын зогсдог газар Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ нарын хамт зогсож байхад О.Оюунбат хүрч ирээд “хоёр хүн цагаар, 50.000 төгрөгөөр нэг хүүхэн авъя гэж байна, чи явах юм уу” гэж надаас асуусан. Тэгээд би “явна” гэж хэлэхэд О.Оюунбат намайг “Хьюндай Аксент” загварын автомашинд суучих” гэсэн бөгөөд О.Оюунбатын хэлсэн автомашинд суухад таксины жолоочоос гадна хоёр залуу байсан. Тэр үед О.Оюунбат цаашаа явж Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/, Б.Энхболд хоёр дээр очоод “араас нь дагаад яваарай” гэж хэлчихээд буцаж ирж миний суусан таксины урд талын суудалд суугаад арын суудалд надтай хамт сууж байсан хоёр залуугаас “зочид буудалд орох юм уу, өөр газар очих юм уу” гэж асуухад нэг залуу нь “Тэнгис” кино театрын хойд талд манай гэр байдаг, гэртээ очно” гэж хэлсэн. Тэгээд шууд “Тэнгис” кино театрын хойд талд байрлах 5 давхар орон сууцны гадаа ирэхэд би таксинаас түрүүлж буугаад, миний араас нөгөө хоёр залуу буусан. Тэр үед О.Оюунбат тэр хоёр залуугаас таксины мөнгөө гэж хэлэхэд тэр хоёр залуу О.Оюунбатад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр хоёр залууд “биеэ үнэлэх гэж байгаа тооцоогоо” гэж хэлэхэд тэр хоёр залуу надад 50.000 төгрөг өгсөн. Энэ үед Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/, Б.Энхболд хоёр гүйж ирээд Б.Энхболд намайг таксинд суу гэж хэлээд миний гараас барьсан байсан залуугийн гар руу нь цохиж тавиулахад би Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ нарын сууж ирсэн таксинд суусан бөгөөд Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ хоёрыг гүйж ирэхэд О.Оюунбат мөн таксинаасаа бууж ирсэн. Тэгээд О.Оюунбат, Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ гурав тэр хоёр залуутай маргалдаад үлдсэн бөгөөд намайг таксинд сууж байхад удалгүй Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/, Б.Энхболд хоёр сандарсан байдалтай гүйж ирээд “таксинд суугаад хурдан яваарай” гэсэн ба О.Оюунбат мөн өөрийн ирсэн цагаан өнгийн “Хьюндай Аксент” загварын автомашинд суугаад явсан. Тэгээд такситай Баянбүрдийн тойрог чиглээд явж байхад Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ нэг залуугийнх нь гар утсыг нь авчихсан гээд хар өнгийн гар утас гаргаж ирээд сим картыг нь авч хаясан. Тэгээд Баянбүрдийн тойрог орчим О.Оюунбат, Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ бид дөрөв уулзаад ярилцахад тэр хоёр залуугийн гар утсыг нь Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ аваад, харин О.Оюунбат гарнаас нь мөнгийг нь авсан гэж байсан бөгөөд хэдэн төгрөг авсан гэдгээ хэлээгүй. Тэгээд Баянбүрдийн тойргоос Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ бид гурав Дэнжийн мянгад байрлах миний амьдардаг нийтийн байранд очиж би хувцасаа сольж, түүний дараагаар Б.Энхболд, Батсуурь /Х.Эрдэнэбүрэн/ бид гурав буцаж хөдөө аж ахуйн автобусны буудал руу очсон. Хувцасаа сольсон шалтгаан нь буцаж хөдөө аж ахуй дээр очиход нөгөө хоёр залуу ирээд таньж магадгүй гэсэн учраас хувцасаа сольсон.” гэх мэдүүлэг /хх1, х98-100/,

ялтан Д.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...үл таних нэг залуу ирээд гар утас худалдаж авах уу гэж “Самсунг Ноте 2” загварын гар утас гаргаж ирээд санал тавьсан, тэгэхээр нь надад тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учраас тэр хүнтэй хамт ажлыг нь хөөцөлдөж халтууранд явахаар болсон юм. Тэгээд тэр залуу миний автомашин дотор суугаад бид хоёр хүн ирэхийг нилээн хүлээсэн юм. Тэгтэл үл таних хоёр залуу ирээд миний автомашинд сууж байсан залуутай автомашинаас буугаад уулзаж байгаад тэр залуу автомашинд буцаж орж ирж суусан бөгөөд тэр гурван залуу дээр нэмэгдэж нэг эмэгтэй хүн орж ирж суусан юм. Тэгээд тэд нар “Тэнгис” кино театр орно гэж хэлсэн бөгөөд миний автомашинд суусан байхдаа сүүлд суусан хоёр залуугийн гэрт нь очих тухай зүйл яриад байсан. Тэгээд сүүлд суусан хоёр залуу “бид нар дуусчихаад залгах уу, чи энэ эмэгтэйгээ ирээд авчих уу” гэж хэлсэн. Тэгтэл надтай эхлээд уулзсан залуу нь зөвшөөрөөд тэгнэ гэж хэлсэн. Тэгээд тэд нар намайг “Тэнгис” кино театраас хойшоогоо байрлах таван давхар цагаан байрны урд ирээд “эргээд зогсчих” гэж хэлсэн бөгөөд тэд нар миний автомашинаас буухаасаа өмнө “төлбөрөө яаж хийх юм бэ” гэсэн зүйл яриад байсан. Тэгсэнээ автомашинаас буугаад эхлээд надад гар утас зарах гэж байсан залуу нь “урагшаа очоод зогсож бай” гэж хэлээд өөрсдөө тухайн байрны орцны үүдэнд буусан. Тэгтэл удалгүй нэг суудлын саарал өнгийн автомашин ирсэн бөгөөд тэр автомашинаас хоёр залуу бууж ирээд надад утас авах талаар санал тавьсан залуутай юм ярьж байгаад намайг “урагшаа уулзвар дээр очоод зогсож бай” гэж хэлсэн. Тэгээд би уулзвар дээр очоод зогсож байтал надад гар утас авах санал тавьсан залуу миний автомашинд суугаад “хурдан яваарай” гэж сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд Баянбүрдийн тойрог орчим миний автомашинд суусан залуу, нөгөө хоёр залуу болон биеэ үнэлэгч эмэгтэйтэйгээ уулзаад мөнгөний талаар маргалдаж байгаад салсан бөгөөд надад гар утас санал болгосон залуу миний автомашинд суугаад 100-н айлын шатахуун түгээх газарт очиж 10.000 төгрөгөнд шатахуун хийж өгөөд буцаад Хөдөө аж ахуйн автобусны буудал руу явсан. Тэгтэл тэр залуу халааснаасаа миний автомашинд байсан улаан өнгийн иштэй халивыг гаргаж ирээд үзэж байгаад эргээдэх гэж хэлээд замын эсрэг талын автомашины зогсоол дээр зогсож байтал цагдаа нар ирээд бид хоёрыг барьж авсан.” гэх мэдүүлэг /хх1, х14-16/,

“...2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр намайг 21 цаг өнгөрч байхад Хөдөө аж ахуйн автобуусны буудал дээр зогсож байхад 3 дугаарт байгаа залуу “Самсунг Ноте” загварын гар утас 50.000 төгрөгөөр зарна гэж байсан. Надад “20.000 төгрөг л байна” гэж хэлэхэд “тэгвэл чи үлдсэн 30.000 төгрөгөнд нь 2-3 удаа зочид буудал руу хүн хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд хөдөө аж ахуйн автобусны буудал дээр 1 цаг орчим зогсож байхад 3 дугаарт байгаа залуу янхан авах гэж байгаа бололтой үл таних хоёр залуу болон 4 дугаарт байгаа эмэгтэйн хамт миний автомашинд суугаад “Тэнгис” кино театрын хойд талд байрлах 21 дүгээр байрны гадаа ирсэн юм. 21 пүгээр байрны гадаа ирэх үед саарал өнгийн автомашинаас 1, 2 дугаарт байгаа залуучууд бууж ирж байсан ба би тухайн үед 21 дүгээр байрны зүүн талын туслах замын уулзвар хэсэгт зогсож байсан болохоор ямар үйл явдал болсон талаар хараагүй.” гэх мэдүүлэг /хх1, х17-18/,

хохирогч Д.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид хоёр такси бариад бөхийн өргөөний төв хаалган дээр очиход 72-41 УНД гэсэн улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинаас Ганаа гэх залуу гарч ирээд “Мишээл гэдэг охиныг нэг цаг нь 50.000 төгрөгөөр аваад явж болно” гэсэн. Тэгэхдээ өөрөө манай гэрт дагаж мөнгийг нь авна гээд Жаргал, Ганаа гэх залуу, Мишээл гэх эмэгтэй, автомашины жолооч бид тав 72-41 УНД гэсэн улсын дугаартай автомашинд суугаад манай гэрийн гадаа очсон. Гэрийн гадаа очиход бүгд автомашинаас буугаад Ганаа гэх залуу нь “тооцоогоо хийчих” гэхэд нь Жаргал дотуур өмднийхөө халааснаас 60.000 төгрөг гаргаж ирээд Ганаа гэх залууд өгсөн. Жаргал надад дахиад 60.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс нь би таксины тооцоо хийнэ гээд 20.000 төгрөгийг таксины жолооч залууд өгөөд хариулт 17.000 төгрөг авсан. Тэр үед Ганаа гэх залуу Жаргалд 10.000 төгрөг хариулж өгөх ёстой болсон чинь бид нарын ирсэн автомашины араас дагаж ирсэн саарал өнгийн жижиг суудлын автомашинаас 3 залуу бууж ирээд бор шаргал өнгийн аляска куртиктэй залуу нь өөрийгөө “Мишээлийн нөхөр, Мишээлийг авч явна” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл мөнгөө буцааж авъя” гэхэд миний араас нэг хүн хоолойгоор тэврээд авсан чинь “Мишээлийн нөхөр” гэж өөрийгөө танилцуулсан залуу ирээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад тонгойгоод суусан чинь миний гурван талаас өшиглөөд байсан. Тэгэж байхад араас дагаж ирсэн автомашинаас бууж ирсэн хар куртиктэй малгайгүй залуу миний халаасыг ухсаар байгаад миний куртикны зүүн талын халаасанд байсан Нокиа загварын гар утсыг аваад миний гарт атгаатай байсан 47.000 төгрөгийг булааж авсан. Тэгээд тэд нар хоёр автомашиндаа суугаад зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг /хх1, х6-7/,

хохирогч А.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын орчим биеэ үнэлэгч байдаг гэж сонсож байсан болохоор Д.Энхбаяр бид хоёр Хөдөө аж ахуйн яамны замын хойд талын автобусны буудал дээр очиход 25-28 орчим насны хар хөх өнгийн куртиктэй үл таних залуу хүрч ирээд “яриа байна уу, хүүхэн авах уу, хоногоор уу, цагаар уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “цагаар болон хоногоор авахад ямар үнэтэй юм бэ” гэж асуухад “нэг хүн 1 цаг нь 50.000 төгрөг, харин хоног нь 120.000 төгрөг” гэж хэлсэн. Би хариуд нь “тийм үнэтэй юм бол больё” гэж хэлээд Д.Энхбаяр бид хоёр явах гээд такси барих гэж байхад нөгөө үл таних залуу 72-41  УНД улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашины урд талын зорчигчийн суудал дээр суучихсан хажууд ирж зогсоод “за за та хоёр 50.000 төгрөгөөр дундаа авчих, тооцоогоо очоод өгчихөөрэй, цагийн дараа хүүхнээ ирж авахдаа мөнгөө авъя” гэж хэлэхээр нь Д.Энхбаяр бид хоёр зөвшөөрч тухайн таксинд нь сууж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны гадаа ирсэн. Тэгээд Д.Энхбаярын гэрийн гадаа ирээд би биеэ үнэлэгч болох 25 орчим насны хүүхэнд 50.000 төгрөг өгчихөөд Д.Энхбаярын орцны үүдэнд зогсож байхад 23-25 орчим насны хар хөх өнгийн богино куртиктэй залуу хүрч ирээд “энэ хүүхнээс юм асууя” гэж хэлээд таксинд суулгах гээд байсан. Тэгэхээр нь би “тэгвэл би мөнгөө авъя” гэж тэр хүүхэнд хэлэхэд “юун мөнгө, чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн ба хамт явж байгаа залуу нь намайг гараараа зүүн чихний орчим 2-3 удаа цохисон. Тэр үед 21 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд манай найз Д.Энхбаярыг 2-3 залуу унагаагаад зодож байсан ба би салгах гээд очтол 23-25 орчим насны хар хөх өнгийн богино куртиктэй залуу гартаа халив барьчихсан “ойртвол ална шүү, хутга шаалгах гээд байгаа юм уу” гээд над руу дайраад заналхийлээд байсан. Тэгээд Д.Энхбаярыг зодож байсан үл таних залуу болон гартаа халив барьсан залуучууд 72-41 УНД улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын автомашинд суугаад зугтсан. Д.Энхбаярыг зодож байсан 2 залуу Д.Энхбаярыг зодож байхдаа өмдний халаасанд байсан “Нокиа” загварын гар утас болон гартаа атгасан байсан 47.000 төгрөгийг аваад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх1, х10-13/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн, А.Хандам, Д.Очирсүрэн нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбатад оногдуулсан хүнд ял дээр хөнгөн ялын заримыг нэмж нэгтгэн, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарт оногдуулсан хүнд ялд хөнгөн ялыг багтааж шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь,

72-41 УНД улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын тээврийн хэрэгсэл нь иргэн У.Наранбатын эзэмшилд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан лавлагаагаар нотлогдож байх ба уг тээврийн хэрэгслийг үнэлүүлсэн үнэлгээний дагуу 1.000.000 төгрөгийг ялтан Д.Очирсүрэнгээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлтэй болжээ.

 

Ялтан А.Хандамын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь А.Хандам нь өөрийн гэм бурууг ухамсарлаж, хохирогч Д.Энхбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, холбогдсон гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин ялтан Б.Энхболдын гаргасан “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэх, ялтан А.Хандамын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “ялтан А.Хандамд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Б.Энхболд нь бусадтай бүлэглэн, халивыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг гардан үйлдсэн, мөн бүлэглэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон ба ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин А.Хандам нь хохирогч нараас тооцооны мөнгийг авсаны дараа муриж зугтаахаар О.Оюунбат, Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нартай тохиролцсон, шүүгдэгч нар хохирогч нарыг дээрэмдэж байх үед хүлээж байсан, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа өөрийн амьдардаг дотуур байранд Б.Энхболд, Х.Эрдэнэбүрэн нарыг дагуулан очиж гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан хувцасаа сольж, гэмт хэрэг үйлдэж эхэлсэн газраа эргэн очсон зэргээс үзэхэд ялтан А.Хандамд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ялтан Б.Энхболд, ялтан А.Хандамын өмгөөлөгч өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, ялтан А.Хандамын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хандамыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар…” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Адъяагийн Хандамыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар…” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ