Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 93

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Батбаяр,

улсын яллагч Ш.Хосбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /№ 0-075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Дамбийнямын Амарсанаад холбогдох 201625030916 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хадам эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалант 5 гудамж 8 тоот хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-96 тоотод оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, гавъяа шагналгүй, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 360 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Дамбийнямын Амарсанаа /РД- ХГ76120713/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Н.Амарсанаа нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 13 дугаар гудамжны 0419 тоот хохирогч Д.Энхжаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж алтан ээмэг бөгж, монетон гинж, компьютерын дэлгэц, зурагт, пүүз, халуун сав, жин, хувцас зэрэг эд зүйлс хулгайлж, 2.756.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амарсанаа мэдүүлэхдээ: Би хулгай хийсэн нь үнэн. Өөр ярих зүйлгүй гэв.

            Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө би гэрээсээ 9 цагийн үед охинтойгоо хамт гараад 21 дүгээр хороололд байх охиныхоо дэлгүүр рүү явсан юм. Уг нь манай хашаанд манай бэр Нарантуяа охинтойгоо амьдардаг юм. Тэднийх 14 цагийн үед гэрээсээ гарсан гэж байсан. Тэр үед хулгай ороогүй байсан гэсэн. 16 цагийн үед манай төрсөн дүү Насанжаргал ирээд манай жорлонд бие засаад гараад явсан гэсэн. Тэр үед манайх бас зүгээр байсан гэсэн. Тэгээд орой би 18 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд манайд хулгай орсон байна гэж хэлсэн. Манай байшингийн урд 2 цонх, баруун талын цонх, хойд талын цонх хайрцагтай чигээр нь хулгайч аваад

гутлын тавиур дээр байсан хар уутанд хийсэн байсан Гранит-2 гэдэг пүүз, түрийтэй эмэгтэй хүний саарал өнгийн хавар намрын 50.000 төгрөгөөр худалдан авч байсан гутал зэргийг авсан байсан. Мөн урд талын жижиг өрөөний түмбочикны хажууд байсан Dell маркийн компьютерын 14 инчийн дэлгэц, гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан хар хөх өнгийн төмөр гадаргуутай халуун сав, шилэн тавцантай жин хэмжигч, 1 орчим хастай хүүхэд өмсөх шинэ ноосон палаж, эрэгтэй хүний ногоон өнгийн футболк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөн том өрөөний хойморт байсан 42 инчийн Sony маркийн зурагтыг хулгайлж аваад манай урд талын жижиг өрөөний цонхоор гаргаад дэлгэцийг нь хагалаад орхисон байсан. Одоо тэр зурагт нь ашиглагдахгүй байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 21х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн М/183 дугаартай шинжээчийн дүгнэлт

"1. 2016.04.30 ЧД-н 10 дугаар хороо Чингэлтэйн 13-419 тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас шинжээч а/д Б.Энхбилэгийн ирүүлсэн №2,3,5,7,8,9 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2.  Шинжилгээнд тэнцэх №3 дугаартай мөр нь хохирогч Б.Болормаагийн зүүн
гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Харин №7,8 дугаартай гарын мөрүүд
А.Дамбийнямын зүүн гарын долоовор болон чигчий хурууны хээтэй тохирч байна.

3.  А.Дамбийням өмнө нь папилон санд 8 удаа бүртгэлтэй байна" /хх-ийн 27-28х/

 

            Яллагдагч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр Хүчит шонхор захын тэнд байж байгаад тэнд явж байсан Батка, Зоргио гэдэг хоёр нөхөртэй нийлээд халаасанд байсан 3000 төгрөгөө өгөөд тэр хоёр мөнгө нийлүүлээд 0.75 л хэмжээтэй Хараа архи нэгийг дэлгүүрээс авсан. Тэр архийг шонхор захын эсрэг талын автобусны буудлын хажуугийн гудамжинд сууж байгаад 3-уулаа хувааж уугаад би салаад явсан. Тэгээд би дээшээ гэр рүүгээ алхаж явж байгаад 419 тоотыг хараад хулгай хиймээр санагдаад хулгай хийсэн. Надад мөнгөний хэрэг байсан. Тэгээд хулгай хийх санаа төрсөн. Өмнө нь ажил хийж байсан компани мөнгөө өгөхгүй байсан. Мөн хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн анги засварын мөнгө нэхэгдээд мөнгө хэрэгтэй байсан. Тэр айлын вакум цонх онгорхой байсан. Тэгээд би цонхоор ороод компьютерын дэлгэц, алтан бөгж, пүүз зэргийг авсан. Тэгээд тэднийхээс гараад явсан чинь дэлгүүрийн үүдэнд 3-4 хүн архи уугаад сууж байсан. Тэгээд нөгөөдүүлтэй архи уусан. Тэгтэл нэг мэдэхэд тасраад унасан байсан. Тэгээд сэргээд харахад хулгайлж авсан юмнууд алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/

Түүний дахин өгсөн: "... 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хүчит шонхор захын урд талд байх айл руу согтуу байхдаа орж хулгай хийсэн нь үнэн. Тэр айлаас зурагт, алтан бөгж, монетон гинж, пүүз, компютерын дэлгэц зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. Зурагтыг нь авч гарах гэж байгаад согтуудаа унагаад эвдсэн. Тэгээд орхиод байсан. Бусдыг нь авч явж байгаад гудамжны хүмүүстэй архи ууж байгаад алдчихсан. Би хулгайн хэрэгтэй гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулна" гэх мэдүүлэг /хх-ийн 48х/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24-25х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Амарсанаа нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 13 дугаар гудамжны 0419 тоот хохирогч Д.Энхжаргалын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, алтан ээмэг бөгж, монетон гинж, компьютерийн дэлгэц, зурагт, пүүз, халуун сав, жин, хувцас зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 2.756.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 47-48х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 21х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн М/183 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24-25х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Д.Амарсанааг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Д.Амарсанаа нь хулгайн гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад учруулсан гэм хорын хохирол болох эд зүйлийн үнэлгээ нь  нийт 2.756.000 төгрөг хэдий ч үүнээс хулгайлан авч гарах гэж байгаад, үлдээгээд орихсон  42 инчийн “Сони” зурагтын үнэ болох нийт 360.000 төгрөгийг хасч, түүнээс нийт 2.396.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Энхжаргалд олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Д.Амарсанаа нь урьд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 360 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Д.Амарсанаад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн бадал зэргийг нь харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржгон овогт Дамбийнямын Амарсанааг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амарсанаад эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Амарсанаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Амарсанаагийн цагдан хоригдсон нийт 97 /ерэн долоо/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

5.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амарсанаагаас 2.396.000 /хоёр сая гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхжаргал /РД:НХ65081002/-т олгосугай.

 

7. Д.Амарсанаагийн эдлэх ялын хугацааг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Амарсанаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ