Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01095

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 959 дүгээр магадлалтай,

Б.Мийн нэхэмжлэлтэй,

Ц.М, Д.Г нарт холбогдох,                                   

 13.225.500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

  Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын  илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

    Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, 104 дүгээр байр, 12, 13 тоотод байрлах, 000234165 тоот гэрчилгээтэй, 172.07 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зоогийн газрын зориулалтаар 2013-12-04 -ний өдрөөс 2019-12-04 -ний өдөр хүртэл 6 жилийн хугацаагаар түрээсэлсэн. 2013-06-02 -ны өдөр барьцааны 2 сая төгрөгийг иргэн Д.Гэд бэлнээр өгч, түлхүүрийг нь авч уг байрыг 11 226 000 төгрөг гаргаж 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудад засвар хийж тохижуулан зоогийн газрын зориулалттай болгон 2016-10-17-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ц.Маас байрны түлхүүр авах үед уг байр нь дутуу баригдсан байсан бөгөөд миний зүгээс байранд засвар хийж тохижуулсан хугацааг түрээсийн хоногт оруулан тооцоогүй болно. Би уг байрны түрээсийн төлбөрт 2014 онд 41 600 000 төгрөг, 2015 онд 23 600 000 төгрөг, 2016 оны эхний 3 сард 4 532 000 төгрөг тус тус цаг тухайд нь өгч байсан болно. Гэтэл Д.Г 2016-03-20-ны өдөр байраа цаашид түрээслүүлэхгүй, сурталчилгаанд ашиглана, гэрээгээ цуцаллаа, яаралтай гар гэх мэтээр хөөж, манай эд хөрөнгийг байхгүй хойгуур 2016-03-20 -ны өдрийн шөнө гадаа гаргаж хурааж орхисон байсан. Аргагүй эрхэнд би түрээсийн гэрээгээ цуцлахаар болж нүүсэн. Ийнхүү түрээсийн гэрээ хууль бус ажиллагаанаас болж гэнэт цуцлагдсанаас миний бизнесийн төлөвлөгөөнд асар их хохирол учирсан. Би 6 жил түрээслэх хугацаандаа банкнаас зээл авч байранд зохих ёсны хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гэрээ гэнэт цуцлагдсанаас болж зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Иймд гэрээ гэнэт цуцалсантай холбогдуулж Ц.М, Д.Г нараас 2013 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудад тус байранд засвар хийсэн зардал болох 5 747 500 төгрөг, 380 квт-ын цахилгааны шит тавиулсны зардал 1 985 000 төгрөг, бохирын сантехникийн засвар хийсэн зардал 693 000 төгрөг, шинээр зоогийн газрын зааланд тек хийж тохижуулахад гарсан зардал 2 800 000 төгрөг, түрээсийн барьцаанд төлсөн 2 000 000 төгрөг, нийт 13.225.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ц.М, Д.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Б.М нь манай 172.07м2 үл хөдлөх эд хөрөнгийг 6 жилийн хугацаатай түрээслэхээр 2013-06-02 -ны өдөр барьцаа 2 сая  төгрөгийг Д.Г миний Хаан банкны  дансанд шилжүүлэн эхнэр Ц.М болон надаас тус үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг авч 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудад засвар хийж тохижуулсан гэдэг нь дараах баримтуудаар болон цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгын 2013-06-02 -ны өдрийн орлого, зарлагын мэдээллээр Б.М 2 сая төгрөгийг шилжүүлээгүй нь нотлогдоно. Мөн 2013 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Б.Мтэй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ болон барьцааны ямар нэгэн төлбөр аваагүй, эрх, үүрэг хүлээгээгүй байсан тул түүнд түлхүүр өгөх ямар ч үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлдээ манай үл хөдлөх эд хөрөнгийг дутуу баригдсаныг гүйцээн 2013 оны  6-10-р  саруудад засвар үйлчилгээ хийж эхэлсэн мэтээр дурьдсан. Ц.М нь "Жоннотан" ХХК-тай 2012-10-24 -ний өдөр оффис үйлчилгээний заал захиалгаар барих бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээний ерөнхий нөхцөлд “гүйцэтгэгч нь ... бүхий үйлчилгээний заалыг энэ гэрээнд заасны дагуу өөрийн хөрөнгөөр барьж дуусган захиалагч талд хүлээлгэн өгнө", "Захиалагч нь 2 давхрын цутгалт, шилэн хаалт паркетан шалны үнэ 33 сая төгрөг буюу 23.656 ам.долларыг нийт төлбөр дээр нэмж гүйцэтгэгчид төлнө" зэрэг заалтууд тусгасан байгаа нь дутуу барилга манайх аваагүй гэдгийг нотолж байгаа.  Түрээсийн байрыг анх захиалгаар бариулаад ашиглалтад оруулсан цагаас эхлэн 2016-10-21 -ний өдрийг хүртэл 220 квт буюу өрхийн энгийн хэрэглээг ашигладаг байсан. Б.М нь өөрийн зардлаар 380 квт-ын цахилгаан, щит тавьж татуулсан эсэх асуудал түрээслүүлэгч талд хамаарахгүй. 380 квт-ын цахилгаан, щитийг тавиулахдаа бидэнтэй огт холбогдоогүй, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл гэрээг байгуулаагүй байдаг. Харин Б.М түрээслэж байх хугацаандаа ашиглаж байгаад байрыг суллах үедээ үлдээсэн цахилгааны щит болон утас зэрэг хадгалагдаж байгаа бөгөөд биет байдлаар нь буцаан өгөх боломжтой тул Б.М нь дээрх эд зүйлээ буцаан авахад бидний зүгээс татгалзах зүйлгүй. Бохирын сантехникийн засвар хийхэд 693 000 төгрөг нэхэмжилсэн. Мөн бохир сантехникийн засварыг хийх тухайгаа түрээслүүлэгч бидэнд мэдэгдэж зөвшөөрөл авч байгаагүй. Б.М нь тек хийж тохижуулсан зардалд 2 800 000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ текийг тоосгоор өрж шавардаад плитагаар өнгөлөн шууд салгах боломжгүйгээр хийсэн байсан. Түрээслэгч тал нүүж явахдаа салгаад авч болох бүхий л эд зүйлээ авсан бөгөөд салгах боломжгүй, салгаснаар өмнөх байдлаа алдах, эвдэрч гэмтэх текийг орхиж явсан. Миний зүгээс энэхүү текийг яаралтай аваарай гэж удаа дараа хэлсэн боловч ирж аваагүй юм. Иймд түрээслэгч нь түрээсэлж буй байрандаа зохих хэмжээний засан сайжруулах зүйл хийсэн боловч салгаж болох бүхий л эд зүйлээ авч явсан. Салгаж болохгүй эд зүйл буюу тек буулгаж аваагүй тул бид өөрсдийн зардлаар буулгаж хогийг нь зөөж хаясан юм. 2015 оны 12 cap, 2016 оны 1, 2, 3 дугаар саруудын ашиглалтын зардал төлөөгүй. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Ц.М нь гэрээ цуцалснаас гарсан хохирлыг Б.Мээс нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлүүлсэн байдаг. Иймд Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Маас 4 382 400 төгрөг гаргуулан Б.Мт олгож, нэхэмжлэлээс 8 843 100 төгрөгийн  болон Д.Гэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Ц.Маас 85.068 төгрөг гаргуулан Б.Мт олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 26 077 50 төгрөгийг Б.Мээс гаргуулан улсын орлогод оруулж, урьдчилан төлсөн 198 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 959 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “…318 дугаар зүйлийн 318.4…” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.  

         Хариуцагчийн өмгөөлөгч  хяналтын гомдолдоо: Гэрээ  үл хөдлөх эд  хөрөнгийн газар бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 318.3-н шаардлагыг хангаагүй ч  Ц.М, Б.М нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгжиж, тэдний хооронд түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилж байсан. Мөн энэхүү түрээсийн гэрээ буюу нотлох баримтыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх түрээсийн гэрээг түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчилхээр байна гэж үнэлсэн байтал анхан шатны шүүх үүнийг дахин нотолсон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд  Б.Мийн хэрэглэж байсан  эд хөрөнгүүдийг буцаан өгөх боломжтой. Үүнийг шүүхийн үзлэг болон фото зураг байдлаар бүрэн бүтэн, биет байдлаараа байгааг нотолсоор байтал шүүх анх худалдан авч байсан үнээр нь хариуцагчаас гаргуулж байгаа нь ИХШХШТХуулийн  56.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь тус хуулийн заалтанд талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлүүлэхээр зохицуулсан байдаг. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                     

ХЯНАВАЛ:

       Б.М нь Ц.М, Д.Г нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “...хариуцагч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан...” гэсэн үндэслэлээр 2013 оны 6-10-р сард засвар хийсэн зардал 5.474.500 төгрөг /хх13/, 380 кВа-н тог щит тавиулсан зардал 1.985.000 төгрөг /хх12/, бохирын сантехникийн засвар 693.000 төгрөг /хх 11/, зоогийн газрын заалны тек хийхэд гарсан зардал 2.800.000 төгрөг, түрээсийн барьцааны мөнгө 2 сая төгрөг нийт 11.226.900 төгрөг шаардсан бөгөөд /хх 1/ шүүх хуралдаан дээр үнийн дүнг 13.225.500 төгрөг гэж залруулсан байв. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 27-30/ байна.

       Анхан шатны шүүх /хх 2-ын 265/ Ц.Маас барилгын материал эд зүйлийн үнэ 4.382.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдээх хэсгийг  Д.Гэд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгожээ. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “... Б.М, Ц.М нар  түрээсийн гэрээг бичгээр байгуулсан... ч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байна... талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...тул  суултуур, шаазан тосгуур, төмөр тосгуур, хатаагч, пускатель, тоолуур, жижиг пускатель, щит хайрцаг, розетка, унтраалга, 11 таазны гэрэл, тоосго,  цемент,  14 обой,цавуу, ханын плита, цавуу зэргийн үнийг хариуцагчаас гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ.  

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт  баримталсан хуулийн зарим зүйл заалтыг хасаж, бусдыг нь хэвээр үлдээхдээ “... талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь зөв байна... нэхэмжлэгч түрээсийн байранд хийсэн засварынхаа үнийг буцаан шаардах эрхтэй... харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг баримталсан нь оновчтой биш болсон...” гэж үзсэн байна. 

       Шийдвэр болон магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Ц.М нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19-р хорооны, Цайз /13291/, Да хүрээ гудамж 104 дүгээр байр, 12,13 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, өөрийн /хх1-ийн 5/ өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгөө Б.Мт түрээслүүлэхээр  2013-12-03-ны өдөр 4097 дугаартай гэрээ  байгуулж /хх 6/, 2013-12-04-ний өдрөөс 2019-12-01-ний өдөр хүртэл 6 жилийн хугацаатай сарын 3,5 сая төгрөгийн төлбөртэй, төлбөрийг сар бүрийн 01-ийн өдөр төлөхөөр тохиролцсон, 2015-01-15-ны өдрийн 142 дугаар  гэрээгээр  хугацаагаа 2019-12-04-ний өдөр хүртэл сунгасан  /хх 1-ийн 8/ нь болох нь тогтоогджээ.

          Гэрээ байгуулснаас хойш маргаан үүсэж, Ц.М нь Б.Мт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөр 7.3 сая төгрөг, алданги 1.620.000 төгрөг, засварын зардал 5.464.889 төгрөг, ус дулаан цахилгаан 3.081.111 төгрөг, нийт 17.466.000 төгрөг шаардсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд түрээсийн гэрээний болон эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна...” гэж үзэж, 2016-10-05-ны өдөр  102/ШШ2016/05290 дугаар шийдвэр /хх 1-ийн 31-34/ гаргасан, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

       Талуудын хооронд байгуулагдсан, 2013-12-03-ны болон 2015-01-15-ны өдрийн  гэрээг   түрээсийн гэрээ гэж үзсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  2016 оны 102/ШШ2016/05290 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байхад шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн  40.4-г зөрчжээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр Ц.М нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19-р хорооны, Цайз /13291/, Да хүрээ гудамж 104 дүгээр байр, 12,13 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх, Б.М түрээслэн авах талаар тохиролцон 2013-12-03-ны өдөр болон 2015-01-15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. 

        Ц.М, Б.М нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүрэг биелүүлэхийг талуудын хэн аль шаардах эрхтэй .

   Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.  Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

  Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй тул шүүх хариуцагч Ц.Маас 4.382.400 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

   Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гомдлыг хангахгүй орхив.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

   1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 959 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 318 дугаар зүйлийн 318.4...” гэснийг “...289 дүгээр зүйлийн 289.2.5...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гомдлыг хангахгүй орхисугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүнээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 85.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ