Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 263

 

                                    Ө.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар магадлалтай, Ө.Ч-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ө-н Ч-.

Ө.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийгээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэл хангалгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Б.Ү-г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ч-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ө.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан гомдолдоо “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Ө.Ч-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэлийн тэмдэглэл, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн зүйлчлэл баримтуудаас тогтоогддог.

Хавтас хэргийн 42-43 талд Гэрч Ш.А-н “Өмнө нь машин барьж явсан жолооч ах манай гэрийн ойролцоо ирээд би хүн алчихлаа утсаар яриулчих гээд хэлэхээр нь би та тэгвэл шууд сум явж хэлсэн”, Ө.Ч-гийн гэрчээр өгсөн “машины тэвшин дээр суулгаад сумын эмнэлэг очсон”, хавтаст хэргийн 53-54 дүгээр талд гэрч Э.Баянмөнхийн “2020 оны 05 дугаар сарын 03-ны 20 цаг 30 минутад Баасанжаргал сувилагч над руу залгаад эмнэлэг дээр ухаангүй өвчтөн ирлээ маш яаралтай ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би ирээд 20 цаг 39 минутад үзлэг хийхэд 42 настай эмэгтэй нас барсан байдалтай байсан” гэх мэдүүлгүүдээр Ө.Ч- нь хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь нотлогдож байна.

Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Ч- нь зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, уг үйлдэлдээ харамсаж байгаа ойлгож гэмшсэн.

Хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа давж заалдах гомдолтой хамт хохиролд 3,300,000 төгрөгийг төлсөн баримт, мөн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн 3,500,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхэд өгсөн.

Давж заалдах шатны шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хохирол төлбөргүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар хохирогч талын зүгээс гаргасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг харахгүйгээр хохирол төлсөн баримтыг үндэслэлгүйгээр дээрх нотлох баримтууд нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгож Ө.Ч-д оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Ө.Ч-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасах заалтад хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ө.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ** БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж, иргэн Б.Ү-г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Ч-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Ч-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байна.

Харин үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүнчлэн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Ч-д оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим гэмт хэрэг, хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хасах зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломж бий болсон байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ялаас 2 жилийг хасаж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээрх ял хөнгөрүүлсэн, ялаас өршөөн хассан өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар магадлалд “Шүүгдэгч Ө.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч-д оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ч-гийн өмгөөлөгч Ш.Амарбаярын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                  ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                       Б.БАТЦЭРЭН

                       Б.ЦОГТ

                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН