Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 441/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,  

-улсын яллагчаар А.Азжаргал,

-шүүгдэгчийн өмгөөлөгч  Ш.Амарбаяр,

-шинжээч Э.Эрхэмбаяр

-гэрч Н.Баттулга

-шүүгдэгч Ө.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Чнд холбогдох эрүүгийн 2034003790525 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ө.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх азар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийгээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэл хангалгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Б.Үүрийнцолмонг мөргөж Б.Үүрийнцолмонгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.Ч мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр талийгаачийн нөхөр намайг гуйсан юм. Нөхөр нь талийгаач уул даваад явчихлаа очоод аваад ирье гэхээр нь араас нь явсан. Миний очсон газар уруу газар байсан. Тоормос ажиллахгүй байсан болохоор түлхүүрээ хариулаад хажуу тийшээ мушгитал би зөрчихлөө гэж бодсон. Тэгээд буугаад хартал дайрчихсан байсан... Би найзындаа очиж ямаа самнаад тусалъя гэж бодоод очсон байсан. Тэр өдөр 2 шил архи уусан байсан. Машин өмнө нь 7, 8 хоногийн өмнө тоормосны шингэн дуусаад гэрэл нь ассан байсан. Би амь хохирогчоос зөрүүлээд зогсох гэтэл чадаагүй. Би тойрох хугацаа байсан уг нь жолоогоо дараад амжаагүй юм. Амь хохирогчийг яаж таньдаг вэ гэхээр Б.Сарнайцэцэг гээд миний хамтран амьдрагчтай танилууд байсан болохоор танилцаж байсан. Бид нар ууж байхдаа амь хохирогч бид 2 маргалдаагүй. Хэдэн өдрийн өмнө тоормос ажиллахгүй байсан тэрнээс хойш ажиллахаа больсон. Би машинаа араатай нь унтраагаад зогсоочихдог юм. Тэр өдөр уг нь тэгж зогсоох гээд ноцолдож байсан. Би тэр өдөр 0.75 лит, 0.5 литрийн архинуудыг уусан байсан. Би тэр өдөр уг нь архи уухгүй байя гэсэн боловч ямаа самнасан айлын гадаа амь хохирогч болон гэрч Баттулга хоёр машины ачаан дээр байхдаа архи уусан байсан. Тэр хоёр хэрэлдээд байсан. Би уг нь хохирол төлөх гээд ажил хийх гэсэн боловч байнга дуудагдаад байсан болохоор хийх боломж олдоогүй” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуян мэдүүлэхдээ: “надад мэдэх зүйл байхгүй” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайхан мэдүүлэхдээ: “Би тэр үед хөдөө байсан. Бага дүү нь над руу утсаар яриад эгчийн бие муу байна гэнээ та хүрээд ир гээд ирээд авсан. Хаана байгаа юм болдоо яасан юм бэ гэтэл мэдэхгүй байна гэсэн. Дараачийн дүү нь ах руугаа ярьсан юм байна лээ. Тэгээд ирэхэд өнгөрчихсөн байсан. Төв аймгийн эмнэлгийн ноорогт байгаа гэж хэлсэн, би өөр юм мэдэхгүй” гэв.

Шинжээч Э.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: “С6 дугаар нугалам гэдэг нь хүний бие 7 нугалам байдаг тэрний 6 дахь нь гэсэн үг. Энэ нугалмын хугарал мултрал нь газар дээрээ нас барах шалтгаан болно. Хагалгаа хийсэн ч нэмэргүй. Хэсэг хугацаанд юм ярих боломжтой. Амь хохирогчид үүсэж байгаа гэмтэл нь баруун талаас нь мөргөсөн байсан. Нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн гэмтэл гэдэг нь зулгаралт ар нуруу нь тос болсон зэргээс олон удаагийн үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Амь хохирогч эхлээд мөргүүлээд шидэгдсэн, дараа нь дээгүүр нь гарсан. Баруун талаас нь босоо байрлалтай байхад нь мөргөснөөс үүссэн гэмтэл гэж үзэж байгаа... Хөнгөн зэргийн согтолттой хүн орон зайн баримжаа алдагдах боломжтой хүн хүнд харилцан адилгүй байдаг. Тухайн цаг үед нар жаргасан согтолттой зэрэг нь тухайн орчныг харах боломжтой гэж үзэж байна. Хэргийн газар алсуур налуу байсан. Хөнгөн зэргийн согтолттой хүн тухайн орчныг хараад орон зайн баримжаатай байх боломжтой. Амь хохирогчийн авсан нугас тасралт бол газар дээрээ амь насаа алдах боломжтой... Тухайн үед нөхрөөс нь асуухад  угаасаа үсгүй байсан гэж хэлж байсан. Тухайн үсгүй хэсгийн үед цус хуралт байсан. Энэ хуйхны гэмтэл зөөлөн эдийн няцрал байгаа учраас ослоос өмнө авсан гэмтэл байх боломжтой... Талийгаачийн үс халцарсан байсан нь хаван хавдартай байсан учраас шинэ гэмтэл гэж үзнэ” гэв.

Гэрч Н.Баттулга мэдүүлэхдээ: “Амь хохирогч сүүлийн айлын ямаа самнахад Сарнайцэцэгтэй жоохон муудалцаад байсан. Тэр үед айлын эзэн Чагдарсүрэн бид нар усанд яваад ирэхэд маргалдаад байж байсан. Бензин тосны мөнгөгүй гээд талийгаачийн ээмгийг тавиад явж байсан. Тэгтэл Б.Сарнайцэцэг бид нар өгөхгүй биш өгнө шүүдээ дараагийн хоёр айлын ямааг самначхаад өгнө гэж байсан. Бид нар сумын төв рүү Чагдарсүрэнгийн эгчийнд очиж хоночхоод өглөө нь гараад сумын төв ороод архи ууж идэх юм аваад гарцгаасан. Амь хохирогч сүүлд тэр айлд эм ямаатай гээд очиж самнаад хононо гэж байсан. Тэгээд очиж самнах гээд очсон, байж байгаад маргааш нь самнахаар болчхоод архи уугаад байж байтал. Сарнайцэцэг амь хохирогчтой муудалцаад машин дээр чин гарна гарахгүй гээд муудалцаж байгаад Сарнайцэцэг талийгаачийг үсдээд маргалдаж байсан. Тэгээд бууж ирээд намайг өмөөрсөнгүй гээд над руу уурлаад би явлаа гээд яваад өгсөн. Араас нь Ө.Ч, Б.Сарнайцэцэгийн охин Тогосоо бид 3 хамт явсан. Бид нар талийгаачийг явснаас цаг гарангын дараа араас нь явсан. Явахаасаа өмнө Чагдарсүрэн бид 2 архи уусан юм. Тэгтэл Сарнайцэцэг ирээд яахаараа ууж иддэг юм гээд уурласан. Тэгэхээр нь араас нь алхах гэж байгаад болиод буцаж ирээд Чагдарсүрэн Сарнайцэцэг хоёртой хамт явсан. Би замдаа буугаад очоод хоёулаа больцгооё маргааш сумын төв оръё гээд аргадтал уурлаад яваад өгсөн. Би тэнд хэсэг ууж байгаад алга болохоор нь араас нь Ө.Чтэй хамт араас нь явсан. Тэгээд хараад замаас гараад 100 метр орчим яваад харагдсан. Тэгтэл Ө.Ч шууд очоод дайрчихсан... Чагдарсүрэн машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Дайрахдаа яг машинаа голлуулаад мөргөсөн. Талийгаач сууж байгаад яг босох гэж байтал дайрсан. Тэр дайрсан газар жоохон уруу газар байсан. Саад асга жалга байгаагүй. Уг нь тойроод зогсох байх гэж бодсон. Би хүүе гээд хэлтэл нүд ирмэхийн зуур очоод мөргөчихсөн. Амгаланбаатар гэдэг хүүхдийг харсан машины замаас ойрхон зогсож байсан. Чагдарсүрэн бид 2 хажууханд нь архи ууж байгаад хөдөлсөн. Сарнайцэцэг эхлээд машинд хамт явж байсан. Мөргөснөөс хойш эмнэлэг ороход цаг гаран болсон байсан. Яг осол болоход нар арай жаргаагүй байсан, гэрэлтэй байсан. Би талийгаачийг хараад тэнд байна гээд хэлэхэд Ө.Ч их л хурдан яваад очсон. Би тэр машиныг тоормосгүй гэдгийг мэдээгүй. Өмнө нь тоормослоод зүгээр л зогсож байсан. Эмнэлгийн гадаа очиход машин нь зүгээр л зогсож байсан... Чагдарсүрэн дайрсныхаа дараа яанаа би хүн дайрчихлаа, хүн алчихлаа гээд бие нь чичрээд байсан. Ө.Ч түргэн дуудъя гэж байсан. Талийгаачийг хараад Ө.Ч чигээрээ яваад л байсан. Тулж очоод зогсох юм байх гэж бодсон. Бид хоёр нийлээд 3, 4 шил архи уусан байх. Ямаа самнана гэсэн айлын хүмүүстэй нийлээд 3-4 үүлээ байсан. Амь хохирогч дайруулсны дараа ус ууя л гэж байсан. Хэр удаан амьд байсныг мэдэхгүй” гэв.

 

Эрүүгийн 2034003790525 дугаартай хэргээс:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайханы мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуянгийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Сарнайцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 40 тал/, гэрч Ш.Амгаланбаатарын мэдүүлэг /хх-ийн 42-43, 188-189 тал/, шүүгдэгч Ө.Чгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 185-186 тал/, гэрч Н.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 51-52, 182-183 тал/, гэрч Э.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/, гэрч А.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/, гэрч А.Сарнайцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2741 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-65 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №62 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-80 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 107 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх азар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийгээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3. Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэл хангалгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Б.Үүрийнцолмонг мөргөж Б.Үүрийнцолмонгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 тал/,
  • Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 тал/,

-Яаралтай тусламжийн хуудас \хх-ийн 26-27 тал\

  • Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-80 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 112 тал\
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохирлын баримтууд \хх-ийн 143-149, 160-165 тал\
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №2741 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн "Өлзийбат Чагдарсүрэн" гэсэн хаягтай цуснаас 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, /хх-ийн 63-65 тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №62 дугаартай "...Талийгаач Б.Үүрийнцолмонгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний С6-р нугаламын хугарал, мултрал, нугас тасрал, баруун дунд чөмөгний хугарал, аарцаг ясны хугарал, өвчүү ясны хугарал, зүүн 1,2,3-р хавирганы хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, бөөрний өөхөн давхаргад цус хуралт.баруун тавхайн мултрал, хуйханд цус хуралт, хүзүү, баруун мөр, баруун зүүн тохой, цээж, хэвлий, баруун, зүүн ташаа, нуруу, баруун өгзөгт олон тооны зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь авто осол хавсарсан гэмтэл хүзүүний 6-р нугаламын хугарал, мултрал нугас тасрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.6 промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 69-70 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №3562 дугаартай "...шинжилгээнд ирүүлсэн Пронтер маркийн 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношлогоонд хамрагдсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаархгүй тул хариулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн тоормосны механизмын ажиллагаа хэвийн бус, тоормосны шингэн байхгүй, зүүн урд талын тоормосны шингэн дамжуулах гуурсны битүүмж алдагдсан, баруун хойд талын тоормосны эд анги байхгүй, зүүн хойд талын тоормосны эд анги тос мэт зүйлээр бохирлогдсон, тоормосны шингэн дамжуулах гуурс шингэн дамжих боломжгүй болсон байна. Зүүн талын тоормосны шингэн дамжуулах гуурст гарсан гэмтэл нь иртэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн гэмтэл байна. Тоормосны шингэн байхгүй болох үед хянах самбар дээр анхааруулах гэрэл асах, тоормосны битүүмж алдадсанаар тоормосны дөрөөнд сул явалт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 89-105 тал/
  • 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "...Бонго маркийн 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. Бонго маркийн 94-26 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоолох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлд хангалгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Уг магадлагааг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр үндэслэн гаргав" гэх магадлагаа, /хх-ийн 107 тал/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Талийгаач нь миний "өрсөн ганц охин байгаа юм...Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би Хэнтий аймагт байдаг болохоор шүүх, прокурорын дуудсан цагт байнга ирээд байж чадахгүй учир талийгаачийн төрсөн хүү Батбуянг эролцуулах хүсэлтэй байна... Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал нийт 5.000.000 төгрөг болсон байгаа" гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 тал/
  • Хохирогч Ү.Батбуянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйлийг тодорхой хэлж мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Сарнайцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Уг тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2017 онд 2.500.000 төгрөгөөр хүнээс худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгсэл 2019 онд оношилгоонд орсон ба ажиллагаа хэвийн байсан. Тоормос ажиллагаагүй болж байсан удаа байхгүй. Тухайн үед талийгаачийн нөхөр Баттулга манай эхнэрийг очоод аваад ирье гэж гуйгаад Чагдарсүрэн, Баттулга нар унаад явсан юм. Юу болсон талаар би мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Би тээврийн хэрэгслийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/
  • Гэрч Гэрч Ш.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...би хониндоо явж байхад мотоцикль эвдрээд зам дээр зогсож байхад орой 17 цагийн орчим байсан байх шар куртик өмчихсн хар куртик уячихсан 1 эмэгтэй гартаа устай сав барьчихсан ганцаараа явж байсан. Надтай уулзаад худаг асуусан. Мөн айл асууж байсан. Тэгээд энд сум явдаг зам мөн үү гэж асуугаад явсан юм. Тэгээд дараа нь баруун хамар дээгүүр цэнхэр өнгийн Портер машинтай 3 хүн араас нь очсон. Тэгээд 2-3 удаа нөгөө эмэгтэйг тойрсон. Би гэрт ирээд байж байхад манайд ирээд би хүн алчихлаа ш дээ гэж хэлээд уйлаад байсан. Тэр үед машиных нь тэвшнээс үхээгүй ээ үхээгүй гээд эмэгтэй хүн хэлээд байсан. Би сум яв гэж хэлээд явуулсан. Нөгөө эмэгтэйг араас нь яваад нэг удаа урдуур нь орж зогсоогоод дахиад цаашаа явахаар нь дахин урдаар нь орж зогсоосон. Тухайн эмэгтэйд гэмтэл шарх байгаагүй...Эхлээд шар куртиктай эгчтэй би таарсан ба надаас худаг асуугаад сум явах зам асууж байсан. Тэр үед миний мотоцикль эвдэрчихсэн байсан. Тэгээд тэр эгчийг явсаны дараа араас нь цэнхэр өнгийн портертой тэвштэй машин ирсэн...Урд талын суудал дээр 3 хүн суусан байсан ба нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүн байсан...Хохирогч гартаа нэг усны сав брьчихсан хар өнгийн куртик мөн барьчихсан байсан, хөнжил гуда гэх зүйл бариагүй байсан. Урдуур нь орж хоргоогоод байсан. Тэгээд цаашаа уул даваад явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй...Тухайн газар манай гэрийн ойролцоогоор 500 гаран метр зайтай байгаа байх гэж бодож байна. Нар яг л жаргаад тэнгэрийн хаяа улаасан байсан. Хэдэн цаг болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Анх тэр эгчтэй таарахад ил харагдах бэртэл гэмтэл бол байгаагүй. Тухайн хүмүүс машинтайгаа хоргоох үед орилох хашгирах чимээ гараагүй. Харин уул даваад явсаны дараа хашгирах чимээ тухайн газраас сонсогдоогүй. Би машины тэвш рүү харж чадаагүй. Анх амь хохирогч эмэгтэйтэй таарахад хөнжил гудас авч яваагүй. Өмнө машин барьж байсан жолооч ах манай гэрийн ойролцоо ирээд би хүн алчихлаа утсаар яриулчих гээд хэлэхээр нь би та тэгвэл сум яваач ээ гээд хэлсэн. Тэр үед машины тэвшнээс нь нэг эмэгтэй хүн үхээгүй байна үхээгүй байна гэж орилоод байсан. Би тухайн үед дүүтэйгээ л байсан. Би машинаар дайрахыг нь хараагүй. Амь хохирогч надтай таарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооч мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан согтолттой байсан...Тухайн үед хүмүүс зодолдож ноцолдсон зүйл байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 188-189 тал/
  • Шүүгдэгч Ө.Чгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...хараа нэртэй 0,75 граммын 2 шил архи уугаад дуусгасан бөгөөд талийгаач Үүрийнцолмон Баттулга хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд эхэлсэн бөгөөд Үүрийнцолмон явлаа гээд гараад гүйчихсэн юм. Тэгээд Баттулга бид 2 талийгаачийн араас машинтай яваад очиход Баттулга тэр байна тэр хэвтэж байна гэж хэлсэн...Эхлээд талийгаачийг Баттулга Үүрийнцолмон энэ байна гээд гараараа заасан тэгэхэд нь би харсан юм Үүрийнцолмон нилээн зайтай байсан. Нар дөнгөж шингээд л жаргаж байсан. Би тээврийн хэрэгслийн гэрлийг асаагаагүй явж байсан. Үүрийнцолмон нөхөртэйгөө муудалцаад түрүүлээд гараад явсан ба араас нь Баттулга бид хоёр машинаа унаад явсан тэр үед Алтантогос машиныхаа хойно тэвшин дээр унтаад явж байсан. Баттулга буугаад Үүрийнцолмонтой үлдсэн би түргэн дуудах гээд утас байхгүй болохоор айл руу явсан. Тэгээд тэр айлд очиход нэг банди гарч ирээд аав ээж байхгүй утас байхгүй байна гэхээр нь Сарнайцэцэгийг зүүн хойд хонхороос очиж аваад Баттулга, Үүрийнцолмон 2 дээр очсон юм. Тэгээд машиныхаа тэвшин дээр ачаад сумын төв рүү явсан...Би тухайн тээврийн хэрэгслийг хоёр жил гаран унаж байна...тоормосны шингэн дундарчихсан байсан ба хаагуураа гоожоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд сумын төвөөс тоормосны шингэн нэмж хийгээд 7-8 хоног явсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 185-186 тал/
  • Гэрч Н.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...би тэр байна гээд заасан чинь Чагдарсүрэн давхиж очоод дээгүүр нь гарчихсан. Тэгээд дугуйрч тойрч ирээд машинаа зогсоосон. Би очиход "ус ууя" гэхээр нь ус өгөөд байж байтал Чагдарсүрэн "би яах вэ" гээд сандраад "түргэн дуудна" гээд яваад өгсөн. Тэгээд нилээн удаж байгаад буцаж ирээд машин дээрээ тавиад сумын эмнэлэгт авч ирэхэд өнгөрчихсөн байна гэж байсан. Миний хувьд машины кабинд байсан ба тулаал зогсох байх гэж бодож байсан юм...талийгаач урт түрийтэй хар гуталтай, улаан цэнхэр өнгийн өмдтэй, шөр өнгийн өвлийн зузаан куртиктэй явсан. Харин гартаа хар өнгийн куртик усны сав барьж явсан санагдаж байна. Ойролцоогоор 30-40 минутын дараа Чагдарсүрэн бид хоёр портер машинтай явсан. Хөнжил пүүгээгээ авч яваагүй...Талийгаач Үүрийнцолмонг анх харахад хээр газар сууж байсан. Ямар нэгэн хөнжил гудас байгаагүй. Тэгээд Үүрийнцолмон босох гээд 4 хөллөөд байж байсан чинь Чагдарсүрэн шууд л голлоод очоод дайрчихсан. Дайрсаныхаа дараа шарваад зогссон. Тэгээд бид хоёр машинаас буугаад би талийгаачийг өвөр дээрээ аваад ус уулгасан ба тэр хооронд Чагдарсүрэн машинаа унаж яваад ойролцоогоор 20-30 минут болоод эхнэр Сарнайцэцэг, Тогосоо хоёртой ирсэн. Тэгээд Чагдарсүрэн хүн дайрчихлаа ш дээ гэж хэлэхэд Тогосоо худлаа баашилж байна гэж хэлж байсан. Тэгээд бид дөвөр сумын эмнэлэг рүү аваад явсан. Би машинаа яаж зогсоосон талаар мэдэхгүй байна. Тойрч ирээд л машин нь зогссон. Хажууд нь машинтайгаа тойрч хоргоосон үлйдэл бол гаргаагүй. Тоормосны систем нь зүгээр л байх шиг байсан ба сумын эмнэлэг хүртэл зүгээр явсан. Талийгаачийг машин дээр ачаад тэгээд явсан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Замаас гараад нилээн л хурдтай шууд л чигээрээ очоод дайрсан. Уг үйлдэл нүд ирмэхийн зуургүй болж өнгөрсөн. Чагдарсүрэн талийгаачтай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би эхлээд Чагдарсүрэнд Үүрийнцолмон тэнд байна гэж хэлэхэд тийм байна гээд замаасаа гараад явсан тухайн газар жоохон уруу газар байсан. Чагдарсүрэн Үүрийнцолмонг байгаа гэдгийг харсан. Тэгээд яг чиглэж очоод дайрчихсан" гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 182-183 тал/
  • Гэрч Э.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 05 дугаар сарын 03-ны 20 цаг 30 минутанд Баасанжаргал сувилагч над руу залгаад эмнэлэг дээр ухаангүй өвчтөн ирлээ маш яаралтай ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би ирээд 20 цаг 39 минутанд үзлэг хийхэд 42 настай эмэгтэй нас барсан байдалтай байсан. Намайг үзэх үед Тунгалаг эмч үзээд үйлчилгээгээ үзүүлсэн байсан. Тунгалаг эмч яаралтай тусламжийг үзүүлсэн боловч нас барсан байдалтай байсан гэдгийг надад хэлсэн. Тухайн үед тэр хүний овог нэр регистерийн дугаарийг хэлэх хүн байгаагүй, гаднаас нэг эрэгтэй согтуугаар энэ хүн машинд мөргүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд бас энэ хүнийг Үүрийнцолмон гэдэг гэж байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн байгаа. Намайг очиход 3 хүн байсан бөгөөд надад хэлэхдээ машины толинд мөргүүлсэн гэж хэлж байсан. Бүгд согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан. Миний хувьд эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй тухайн хүн нас барсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/
  • Гэрч А.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 05 дугаар сарын 03-ны 20 цаг 30 минутанд сувилагч Баасанжаргал яаралтай хүн ирсэн талаар утсаар мэдэгдсэн. Тэгээд би эрүүл мэндийн төв дээр ирэхэд машинд мөргүүлсэн гэсэн оноштой хүн байсан бөгөөд анхны үзлэг хийхэд нас барсан байсан. Тэгээд би сорви гэмтэл үзэхэд илээр баруун мөр дээрээ зулгарсан гэмтэлтэй байсан. Тэнд ирсэн хүмүүс бүгд согтуу байсан. Миний хувьд эмчилгээ үзүүлээгүй тухайн хүн нас барсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/
  • Гэрч Б.Сарнайцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...талийгаач явлаа гээд яваад өгсөн. Тэгээд байж байгаад Баттулга манай нөхөр Чагдарсүрэнг машинтай нь аваад явсан. Тэгээд байж байгаад буцаж ирээд Чагдарсүрэн яанаа хань хүн дайрчихлаа ханийнхаа үгэнд ордог байж гэхээр нь би одоо шууд эмнэлэг аваад яв гэж хэлээд эмнэлэг дээр ирсэн чиь нас барсан байсан. Би ослын үеэр хамт байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/
  • Шүүгдэгч Ө.Чгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна, би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, нэмж ярих зүйл алга, гэм буруугаа ойлгож байгаа...хохирлыг нөхөн төлөөгүй, буяны ажилд 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг \хх-ийн 117, 184-185 тал\ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

               

            Шүүгдэгч Ө.Чгийн согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

            Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсаныг ойлгоно.

            Иймд энэ хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Ө.Чгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцов.  

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь “...тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэлтэй үйлдэгдсэн боловч амь хохирогчийг харсаар байж шууд чигээрээ очиж дайрсан нь шууд санаатайгаар хүний амь нас хохироосон гэж үзэх үндэслэл байгаа...Сарнайцэцэг үснээс нь зулгаагаад муудалцсан нь шууд хувийн санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой...үсний хуйх зулгаралт зэрэг нь тусдаа бие даасан гэмт хэрэг...”  гэх агуулага бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

            Учир нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, шүүгдэгч Ө.Чгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй.

            “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

            “Хүнийг алах”, “ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “ гэмт хэргийн хооронд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу сэдэлт санаа зорилго  байхыг шаардана.

            Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Ө.Ч нь эхнэр Сарнайцэцэг, найз Баттулга, Баттулгын эхнэр амь хохирогч Б.Үүрийнцолмон нарын хамт Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн нутагт байрлах Бат-Очирын ямаа самнахаар ирсэн бөгөөд маргааш өглөө нь Хараа нэртэй 0,75 граммын 2 шил архи авч хөдөө Хар толгой гэх газар хамт ууцгааж, амь хохирогч Б.Үүрийнцолмон Баттулга хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Б.Үүрийнцолмон явлаа гараад гүйсэн, араас нь Ө.Ч, Баттулга хоёр нь 94-26 БРА дугаарын автомашинаар буюу механизмын ажиллагаа хэвийн бус, тоормосны шингэн байхгүй, зүүн урд талын тоормосны шингэн дамжуулах гуурсны битүүмж алдагдсан, баруун хойд талын тоормосны эд анги байхгүй, зүүн хойд талын тоормосны эд анги тос мэт зүйлээр бохирлогдсон, тоормосны шингэн дамжуулах гуурс шингэн дамжих боломжгүй болсон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоолох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.Жолоочийн үүрэг: жолооч дараах үүрэг хүлээнэ: тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлд хангалгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож  Б.Үүрийнцолмонгийн амь насыг хохироосон үйлдэл нь хүнийг санаатай алсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

           

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардал болон бусад зардалд 7.767.000 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт тэжээгчээ алдсаны тэтгэмж 26.880.000 төгрөгийн нийт 34.647.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх 7.767.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 26.880.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэлээ.

             

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг: “Гомдолтой байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн. Осол 5 сард болсноос хойш хохирол төлбөр төлөөгүй, ямар нэг арга хэмжээ аваагүй, гэм буруугаа ухаарч байгаа талаар байдал харагдахгүй байгаа тул 8 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр: “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, мөн гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн 4 жилийн хорих ял оногдуулах саналын хамгийн багаар 2 жил оногдуулж өгнө үү“ гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ө.Чгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Ө.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ө.Чд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

             Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Чгийн №1113754 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө.Чнг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ө.Чнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 7 \долоо\ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чнд оногдуулсан 7 \долоо\ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Чгийн жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Чгийн №1113754 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.  

 

  1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.Чгээс 7.767.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуянд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Батбуян нь 26.880.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ю.ЭНХМАА