Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00967

 

 

 

 

 

2024 05 06 210/МА2024/000967

 

 

ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэртэй,

 

ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

ХХХХд холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

ХХХХХ нь ХХХХийн ХХХ тоот дансанд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ХХХХ нь одоог хүртэл дээрх мөнгөө буцааж ХХХХ-д төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчаас 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Учир нь:

1.2. ХХХХ болон ХХХХ нар нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г байгуулж тус гэрээгээр ХХХХ ХХХХ-иас мод боловсруулах үйлдвэрийг 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Мөн хариуцагч тус мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар 150,000,000 төгрөгийн нэмэлт мөнгөн хөрөнгийг банкнаас авч банкнаас тус мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн байдаг.

Ийнхүү ХХХХ нь мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулан банкинд буцаан тоног төхөөрөмж худалдан авсан үнэд 300,000,000 төгрөг болон мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулсан 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан.

1.3. Гэтэл ХХХХд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш 2 жилийн дараа буюу 2014 онд тухайн мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаагүйн улмаас талууд дээрх 2 хэлцлээс татгалзан өгсөн авсан зүйлсээ буцааж эхэлсэн байдаг. Энэхүү татгалзаж байгаа үйл явдал нь 300,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах, 150,000,000 төгрөгийн нэмэлт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хэлцлүүдээс аль алинаас татгалзсан явдал юм.

1.4.Талууд гэрээнээс татгалзсаны дараа ХХХХ нь мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ХХХХ-д буцаан өгсөн боловч мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар авсан 150,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрээд байгаа болно. Хариуцагч гаргасан тайлбараараа 150,000,000 төгрөгийг ХХХХ-аас авснаа хүлээн зөвшөөрдөг, тус мөнгийг эргүүлэн төлөөгүйгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ХХХХ-ийн ХХХ тоот дансанд шилжин орж ирсэн 150,000,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж зарцуулсан.

1.5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу хариуцагч ХХХХөөс 150,000,000 төгрөгийг гаргуулж ХХХХХ-д олгуулж өгнө үү.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Нэхэмжлэгч нь барьцаанд авсан байсан ХХХХ боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжийг угсраад ажиллуул гэсэн санал тавьсныг нь хүлээн авч, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Уг тоног төхөөрөмжийг худалдан авах, ажиллуулахад зориулж 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 150,000,000 төгрөгийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг нь барьцаанд авсан байдаг.

2.2. Уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хотод авчирч угсарч, ажиллуулахад бэлдэж байтал ХХХХХ нь өөр хүнд үнэтэй худалдахаар болчихлоо гээд бүх зүйлийг буцаан авсан байдаг. Тэгээд бүх зүйл дууссан гээд харилцаагүй болсон гэдэг. Энэ хугацаанд ХХХХ нь тархины хорт хавдартай болсон, эмчилгээ хийлгэж байсан учраас Голомт банк найдваргүй зээлдэгч гэж үзсэн юм шиг байгаа юм.

2.3. Гэтэл хариуцагч нь өөрөө эмчилгээнд явахаар зээл авах гэтэл төлөгдөөгүй зээл гэж гарч ирээд энэ талаараа 2020 онд ХХХХХ-д өөрөө очиж уулзахад 150,000,000 төгрөгийн асуудал байна гэж мэдсэн байдаг. Өмнө нь энэ талаар шаардаж, нэхэмжилж байгаагүй. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 36 гэсэн байдаг 2015 оны 09 сарын 13-нд шаардах эрх үүссэн. 2012 оны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс 2013 онд татгалзаад эд зүйлээ буцаан авсан, 2022 онд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

2.4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 150,000,000 төгрөгийг шаардаад байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу уг 150,000,000 төгрөг шилжсэн, мөн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан байхад үүрэг үүсээгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Уг 150,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн аваад үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Дарханаас авчрах зардалд зарцуулсан гэдэг, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах байсан юм бол эрх бүхий хуулийн этгээд байж зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг шилжүүлж өгчихөөд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гээд байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХХ-ийн хариуцагч ХХХХд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуулын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж, тээвэрлэлт, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учраас хуульд заасны дагуу хүү, алданги шаардаагүй.

Хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан тайлбараас үзвэл тухайн мөнгөн хөрөнгийг тэрээр мөн адил зээл бус, ажил гүйцэтгэх гэрээний хөлс байсан гэж тайлбарладаг. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлсэн байх ёстой. Талуудын аль аль нь зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар нэгэн зүйл илэрхийлсэн зүйл байхгүй. Тийм учраас зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна.

4.2. Хариуцагч ХХХХ нь ХХХХХ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан. Үйлдвэрийг ажиллуулахад нэмэлт мөнгө шаардлагатай гээд ХХХХХ-аас нэмж 150,000,000 төгрөг авсан. Талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мод боловсруулах үйлдвэрийг ХХХХХ-д буцааж өгсөн боловч нэмэлт мөнгөн хөрөнгө болох 150,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 болон 43 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулах талаар аль аль тал нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хэлцлийн гол нөхцөл, агуулгын талаар харилцан тохиролцсон зүйл байгаагүй.

Хэрэглэгчид мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай учраас 150,000,000 төгрөг өгсөн. Хариуцагчийн зүгээс 150,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс байсан гэж тайлбарлаж байгаа. ХХХХХ-аас хариуцагч нь 150,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, мөн буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

2012 оны 09 дүгээр сарын 13-17-ны өдрийн дотор хариуцагч нь 150,000,000 төгрөгийг бэлэн гүйлгээгээр авч зарцуулсан байдаг. Зарцуулалттай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нь үндэслэлгүйгээр 150,000,000 төгрөг олж авсан, ийм хэмжээгээр нэхэмжлэгч ХХХХХ-д хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс үүнд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбарыг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

5.1. Ажил гүйцэтгэх гэрээ байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдэг агуулга ярьж байна. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар таардаг, гэхдээ ажил гүйцэтгэх гэрээн дээр таардаггүй. Мод боловсруулах үйлдвэрийг 300,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. Үүний дараа 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний барьцаанд тухайн мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан.

Дарханаас уг тоног төхөөрөмжийг задлаад ачаад ХХХХХ-ийн Амгалан дахь барьцаанд хураагдсан байсан сэндвичэн объектод суурилуулаад ажиллахад бэлэн болсон байхад ХХХХ өөрөө очоод бүх зүйлээ аваад хаалгыг цоожлоод лацадсан. Ямар учиртай вэ гээд тодруулахад та эндээс яв, бид юмнуудаа авч байна гэдэг зүйл ярьсан. Больж байгаа нөхцөлд ХХХХ-ийн зүгээс ямар нэгэн хэлцэл хийгээгүй. 150,000,000 төгрөгийг зөөж авчирсан, тохируулсан, угсарсан ажилд шингээж байгаа юм байна, ингээд болчихлоо гээд 2012 онд дууссан.

5.2. 2021 онд банкнаас зээл авах гэхэд найдваргүй зээлдэгч гэсэн байсан. Нэхэмжлэгч 2021 онд шүүхэд хандсан байсан. Энэ асуудлыг цэгцлэхгүй юм уу, банкнаас зээл авахгүй бол өвчтэй, зовлонтой, хэцүү байна гэдэг асуудал ярьсан. Зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэвэл мөн адилхан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Банк бол эрх зүйн бүрэн чадамжтай, эрх бүхий этгээд, хуулийн алба, хэлтэстэй, асуудлын араас явдаг байгууллага бөгөөд ямар ч гэрээгүйгээр эсхүл гэрээгээр халхавчилсан байдлаар өөр зорилгоор мөнгө өгчихөөд ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь Банкны тухай хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх манайхаас 150,000,000 төгрөгөөр нэхэж байгаа бол өөрсдийнх нь алдаа. Тухайн үед хэрэгт авагдсан үйл баримт болсон. Эрх бүхий этгээдүүд нь шийдвэрүүдээ гаргасан. Бидэнд гэрээ, хэлцлийг дуусгавар болгосон, өөрчилсөн тухай эрх зүйн баримт бичиг өгөөгүй учраас дууссан гэж ойлгосон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Дараахь үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ХХХХХ болон ХХХХ нар 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч ХХХХХ нь ХХХ, ХХХ ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 300,000,000 төгрөгөөр худалдан авагч ХХХХийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь түүнийг хүлээн авах, гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 150,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

3.2. Дээрх гэрээний хавсралт 1-д заасан эд хөрөнгө хүлээлцсэн актаар тоног төхөөрөмжийг хүлээлцсэн.

3.3. Талууд гэрээнээс татгалзаж, худалдан авагч ХХХХ нь тоног төхөөрөмжийг худалдагч ХХХХХ-д буцаан өгсөн.

4. ХХХХХ болон ХХХХ нар 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч ХХХХ нь 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр, мөн өдөр барьцааны гэрээг байгуулж, мод боловсруулах үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг барьцаалсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.1. ХХХХХ нь 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөгийг ХХХХийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч ХХХХ нь 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр 4 удаа нийт 140,000,000 төгрөгийн зарлага гаргаж мөнгөн хөрөнгийг зарцуулсан талаар анхан шатны шүүх дүгнэхдээ банкны дансны хуулга гэх баримтад тулгуурласан, зөв болжээ.

4.2. Хариуцагч энэ мөнгөн хөрөнгийг дээр дурдсан мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Дархан хотоос Улаанбаатар хотын ХХХХХ-ийн Амгалан дахь объектод суурилуулахад зарцуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдэгч зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаагүйгээс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүргийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон талаарх шүүхийн дүгнэлт зөв.

5.1. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө бусдын буюу ХХХХийн эзэмшилд байгаа нь үүргийн харилцаанд суурилагдаагүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр анх шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг шаарджээ.

Зээлийн гэрээний эдийн засгийн агуулга нь өөрийн өмчлөлийн зүйлийг илүү орлого олох зорилгоор байршуулах явдал юм. Зээлийн гэрээний дагуу байршуулсан өмчлөлийн зүйлийг буцаан шаардах эрхэд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. Зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь зээлийн төлбөр буюу хүү шаардахад хамаарна.

5.2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болох 150,000,000 төгрөг хариуцагч ХХХХийн эзэмшилд бодитойгоор байна. Ингэснээр ХХХХ бусдын 150,000,000 төгрөгийг авснаар түүний өмч энэ хэмжээгээр нэмэгдсэн гэж дүгнэгдэнэ. Ийнхүү нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор тэдгээрийн хооронд уг мөнгөн хөрөнгө нь хариуцагч талд байх эрх зүйн үндэслэл үгүй болсон байна. Дээрх бүх шинж байдлаас дүгнэвэл ХХХХийн хөрөнгө нь бусдын буюу нэхэмжлэгчийн хөрөнгийн хэмжээгээр нэмэгдсэн, нэхэмжлэгчийн хөрөнгийн хэмжээ энэ хэмжээгээр буурсан, хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн үндэслэл үгүйсгэгдэж байгаагаар тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжээ.

6. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн өмч болох 150,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй тул хариуцагч ХХХХөөс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХ-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХХХХөөс 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХ-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч ХХХХөөс 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХ-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА