Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн ҮД:23-20,

хохирогч Ө.Мөнх-Өлзий, түүний өмгөөлөгч Г.Минжмаа ҮД:24-97 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.О холбогдох эрүүгийн 1803 00512 0298 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.О

Холбогдсон хэргийн талаар:

Ө.О нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота Премио” маркийн 67-70 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ө.Мөнх-Өлзийгийн жолоодон явсан “Kayo-T2” маркийн 37-45 дугаартай мотоциклыг мөргөснөөс Ө.Мөнх-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 45 минутад цаг агаар тогтуун, үзэгдэх, харагдах орчин сайн байсан. 2 дугаар эгнээний машин надад зам тавьж өгөхөд би эргэсэн. Эргэж орохдоо 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл байна уу харахад юу ч байгаагүй. Юу ч байгаагүй тул хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 90 хувь  нь орчихсон байхад нэг юм тас гээд явсан. Тэгээд би буугаад харсан чинь мотоциклтой хүн байсан. Би Алтантогос гээд эгчтэйгээ хамт явж байсан. Сандраад толгойг нь барьж өгөөд, хөлөн дээр нь унасан байсан мотоциклийг нь аваад, түргэн тусламж, цагдаа дуудсан. 1 дүгээр эгнээнд очиж мөргөлдсөн гэдэг худлаа. Мөнх-Өлзийгийн мэдүүлснээр 1 дүгээр эгнээгээр чигээрээ явж байсан гэж хэлсэн байсан. Тэгэхэд 2 дугаар эгнээнээс надад зам тавьж өгсөн машины ард мотоциклтой хүн явж байгаад, урд машин нь зогсоход ард нь байсан мотоцикл урагшаа сүлжиж явж байгаад намайг анзааралгүй далийж очоод мөргөсөнийг харсан гэрч байгаа. Одоохондоо тэр гэрч хөдөө байгаа гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Мөнх-Өлзий мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18 цагт би Цайз-16-аас төв рүү чиглэлтэй ээжийнхээсээ гараад явж байсан. Тухайн үед 35 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би мотоциклтой явахдаа бүх зам, хаанаас юу ирж байна гээд бүгдийг харж явдаг. Би 6-7 жил мотоцикл унаж байна. 1 дүгээр эгнээнд явж байтал 2 дугаар эгнээнд урд талд Старикс гэдэг машин явж байсан. Тэр явж байгаад огцом тормос гишгэсэн. Гэнэт урдуур энэ хүн машинтайгаа орж ирэхэд, би огцом тормос дараад очоод урд карланыг нь мөргөхөд энэ хүн машинтайгаа хаалгаараа намайг хамсан. Би урагшаа мөргөхдөө хавиргаараа рүлээрээ өөрийгөө ороосон байсан тул амьсгалж, хөдөлж чадахгүй нэг сэрэхэд гэмтэл дээр сэрсэн. Би тэр цагаас хойш ажлаа хийж чадахгүй 4 сар гэртээ хэвтсэн. 1 сар нь ээлжийн амралттай таарсан. Намайг грүппэд гар гэхээр нь би боломжоороо ажлаа  хийе гэж гуйгаад ажилдаа орсон. Би байрны зээлтай байсан тул өрнөөс өрний хооронд явж байсан. Энэ явдлаас болж миний хөл гэмтсэн байсан. Би 11 сард би ажлаа хийж байгаад хөлөө эвгүй болчихсон байсан болохоор ажлаа орхиод явчихсан чинь ийм хүнийг ажил хийлгэхгүй гээд ажлаас халсан. Одоо миний өр хэрээс хэтрээд өрний дарамтанд амьдарч байна. Одоо бодит хохирол 11.996.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 сая төгрөг нийт 13.046.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн хэлсэн зүйл дээр намайг дуудахаар очсон гэж худлаа хэлж байна. Намайг эмнэлгээс гаргахаар нь би гэртээ гараад хэвтэж байсан чинь ирээд гар утсаараа нууцаар бичлэг хийхээд байхаар нь миний уур хүрсэн. Миний сэтгэл санаа, ажил хөдөлмөр, биеийн байдал хүнд байна. Ажлаа хийж чадахааргүй болсон. Миний хөл бүрэн эдгэрээгүй байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 3-4, 5-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Мөнх-Өлзийн өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 45 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр автобусны буудлын хойд талын замд өөрийнхөө эзэмшлийн 37-54 УБ улсын дугаартай “Kayo” маркийн мотоцикльтой ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр 35 орчим км/ц хурдтай ганцаараа явж байтал баруунаас зүүн чиглэлтэй эсрэг усргалд явсан 67-70 УБС улсын дугаартай” Т.Премо” маркийн автомашин зүүн гар тийшээ туслах зам руу гэнэт эргээд шууд миний өмнө хөндөлдөөд ороод ирсэн, миний зүүн гар талд буюу 2 дугаар эгнээнд явж байсан Делика билүү маркийг нь сайн санахгүй байна, уг машины урдуур л нөгөө машин гэнэт ороод ирэхэд тэр машин огцом тоормослоод зогсоход л урдуур нь ороод нэгдүгээр эгнээнд явж байсан миний мотоцикльтой тулчихсан. Би тэр машиныг тэгж орж ирнэ гэж бодоогүй явж байгаад 2-3 метрт урдуур орж ирэхээр нь тоормос гишгээд л амжаагүй очоод мөргөчихсөн юм. Уг мөргөсөн машины жолооч эмэгтэй гэнэт л зүүн эргээд л туслах зам руу ороод ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7509 дугаартай шинжээчийн:

1. Ө.Мөнх-Өлзийн биед цээжний зүүн талын 3, 4, 5-р хавирга, баруун талын 5-р хавирганы далд хугарал, баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36 дугаар тал/,

Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 31434 дугаартай шинжээчийн:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд болон хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун талын холын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Баруун талын холын гэрэл асахгүй, баруун талын крыло 60*20 см орчим талбайд хонхойсон баруун хойд хаалганы доод хэсгээр 20*10 см талбайд хонхойсон байдалтай байсан.

2. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 16,5 мм буюу тохиргоо алдагдсан байна. Мөн баруун гар талын холын гэрэл асахгүй, баруун талын хаалга, крыло зэрэг нь хонхойсон эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун талын холын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө ашиглалтын явцад, харин баруун талын хаалга, крыло зэрэг нь хонхойсон байдалтай байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байх боломжтой.

4. Уг автомашины баруун талын холын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байж болох ба уг тогтоолд дурдсанаар тухайн зам тээврийн осол нь үдшийн 18:45 минутын орчимд буюу харагдах орчин хязгаарлагдаагүй гэгээтэй үед болсон учир дээрх гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Тоормосны ажиллагаа хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ажлын болон зогсоолын тоормос хэвийн стандартын шаардлага хангаж байна.

6. Тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба автомашины хурд, цаг агаар, замын нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Ө.Мөнхнаст, Б.Ербулан, Г.Батмөнх гэх дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар тал/,

Мөрдөгчийн магадлагаа: ...67-70 УБС улсын дугаартай “Т.Премо” маркийн атомашины жолооч Ө.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 37-54 УБ улсын дугаартай  “ Kayo” маркийн мотоциклийн жолооч Ө.Мөнх-Өлзий нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-ийн 34 дүгээр тал/,

- Хохирогч Ө.Мөнх-Өлзийн хохирлын баримт

хх-н 36-р талд  хохирогч  Ө. Мөнх-Өлзийн 37-54 УБ улсын дугаартай  “ Kayo” маркийн мотоциклийн эвдрэлийг  970.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-н  үнэлгээний тайлан,

хх-н 73-р талд 6000+ 2250 +1100 + 25.000 = 34.350  төгрөг

хх-н 74-р талд 54.000 +8000 = 62.000 төгрөг

хх-н 75-р талд 38.000+ 57.800 +25.591 = 121.391 төгрөг

хх-н 76-р талд 120.000 + 270.000 =370.000 төгрөг,

 хх-н 77-р талд 14.600 + 57.900 + 4950  +13.200 +11.000 = 101.650 төгрөг

хх-н  78-р талд 120.000 + 270.000 = 370.000  төгрөгийн  баримт хх-ийн 76-р талд авагдсан баримттай давхардсан байна.

 хх-н 123-р талд Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн Хамгаалалт, Онцгой байдлын албанаас харуул ажилтай Ө.Мөнх-Өлзий сард 1.260.000 төгрөгийн  цалинтай болохыг тодорхойлсон байна.

хх-ийн 123-р талд Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олголтын эмнэлгийн хуудсанд 958.627 төгрөг гэж бичигдсэн байна.

хх-ийн 126-131-р талд “Төгөл” сувилалын төлбөрт төлсөн 350.000 төгрөгийн  баримт,

хх-ийн 132-р талд 20.000+20.000+30.000+6160+20000+20.000=116.160 төгрөг,

Шүүгдэгч Ө.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 61 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох  баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота –Премио” маркийн 67-70 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ө.Мөнх-Өлзийн жолоодон явсан ”Kayo-T2” маркийн 37-45 дугаартай мотоциклыг мөргөснөөс Ө.Мөнх-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Мөнх-Өлзийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.О Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.О “би замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй тул  би буруугүй, хохирогч хажуунаас ирээд мөргөсөн” гэж мэтгэлцэж байх боловч хохирогчийн буруутай болохыг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул Ө.Оийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч Д.Мөнх-Өлзий шүүхэд ирүүлсэн хохирлын баримтаас доорх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хохиролд тооцох боломжтой гэж үзлээ.Үүнд:

хх-н 36-р талд  хохирогч  Ө. Мөнх-Өлзийн 37-54 УБ улсын дугаартай  “ Kayo” маркийн мотоциклийн эвдрэл  970.000 төгрөг,

хх-н 73-р талд  6000+ 2250 +1100 + 25.000 = 34.350  төгрөг,

хх-н 74-р талд  54.000 +8000 = 62.000 төгрөг

хх-н 75-р талд  38.000+ 57.800 +25.591 = 121.391 төгрөг

хх-н 76-р талд  120.000 + 270.000 =370.000 төгрөг,

 хх-н 77-р талд  14.600 + 57.900 + 4950  +13.200 +11.000 = 101.650 төгрөг,

 хх-н 126-131-р талд “Төгөл” сувилалын төлбөрт төлсөн  350.000 төгрөг,

хх-н 132-р талд   20.000+ 20.000+ 30.000+  6160+  20000+ 20.000=116.160 төгрөг, Хавтаст хэргийн  123-р талд  Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн Хамгаалалт, Онцгой байдлын албанаас харуул ажилтай Ө.Мөнх-Өлзий сард  1.260.000 төгрөгийн  цалинтай болохыг тодорхойлсон  байна.

Хавтаст хэргийн 123-р талд Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж  олголтын эмнэлгийн хуудсанд 2018 оны 07 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр  43  хоног  эмчлэгдсэн  958.627 төгрөгийн тэтгэмж  авсныг тэмдэглэсэн байна. Үүнээс  цалин тэтгэмжийн зөрүүг 1.260.000- 958.627= 301.372 болох ба түүнийг хоёрт хуваахад 150.686 төгрөг болж байна гэж үзэв.

Хохирогч Ө.Мөнх-Өлзийн хохирлыг тооцоолвол:

970.000+34.350+62.000+121.391+370.000+101.650+350.000+116.160=2.009.391+301.372+150.686=2.461.449 төгрөгийг шүүгдэгч Ө.Оээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн Ө.Мөнх-Өлзий нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид э рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Шүүгдэгч Ө.О нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61 дүгээр тал/     

            Шүүгдэгч Ө.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

   Шүүгдэгч Ө.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О 2500  /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.О-т оногдуулсан  2500  /хоёр мянга таван зуун/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц Ө.О-ийн  “В” ангилалын 677515 дугаартай жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Ө.От буцаан олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.Оээс /РД: / 2.461.449 /хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Мөнх-Өлзийд /РД: / олгосугай.

7. Хохирогч Д.Мөнх-Өлзий нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Төлбөрт тооцуулахаар 2018 оны 09 дүгээр сарын  27-ны өдрийн  шүүгчийн    дугаартай захирамжаар битүүмжилсэн Ө.Оийн өмчлөлийн 67-70 УБС улсын дугаартай “Тоёото-Премио” маркийн “zzт 2400135625” арлын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ