Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 9 тоотод оршин суух, ВЮ87080600 дугаарын регистртэй, Боржигон овогт Дарамжавын Энхмөрөн

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, Москва хороолол, 7-112 тотод оршин суух, ВЮ86090278 дугаарын регистртэй, Тангад овогт Аюушийн Шижир нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон зардалд 33 401 832 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Энхмөрөн хамтран үүрэг гүйцэтгэгч А.Шижир нар нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдө Хас банктай зээлийн 1330026990 дугаар гэрээ байгуулж, 33 000 000 төгрөгийн зээлийн 365 хоногти 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Баталгаат ипотекийн 1330026990-02 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн 2202019555 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Доод салхит 5-р гудамж, 95 тоотод байрлах, 212 м.кв талбайтай хувийн сууц, барьцааны 1330026990-01 дугаар гэрээгээр 0251524 тоот гэрчилгээний дугаартай, 18641325613075 нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Доод салхит 5-р гудамж, 95 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан…Өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дөрөө амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачилга гаргалгүй өдий хүрсэн. Иймд 2016 оны 5 сарын 05-ны өдрөөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж үндсэн төлбөр 28 187 500 төгрөг, үндсэн хүү 5 114 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82 238 төгрөг, нийт 33 383 832 төгрөг, үйлчилгээний хөлс 18 000 төгрөг, нийт 33 401 832 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьаа хөрөнгөөр хангуулж, хүрээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу зээлдэгчийн бусад эд хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунтунгалагаас шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын төлбөр төлөх тайлбартай танилцаж 2016 оны 9 сарын 01-ний өдрийн дотор 33 401 832 төгрөгийг Хас банкинд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид энэ асуудлаар маргаан байхгүй, хуульд заасан үүргийн ухамсарлаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч А.Шижир, Д.Энхмөрөн нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Хас банкны нэхэмжилсэн 33 401 832 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бидний зөвшөөрөл нь бусдын эрх ашгийг хөндөөгүй болно. Хуульд заасан эрх, үүргийг ойлгосон болно гэжээ.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк нь зээлийн төлбөрт болон зардалд 33 401 832 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Д.Энхмөрөн, А.Шижир нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Д.Энхмөрөн, А.Шижир нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 33 401 832 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 324 960 төгрөгийн 162 480 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, 81 240 төгрөгийг хариуцагч Д.Энхмөрөнгөөс, 81 240 төгрөгийг хариуцагч А.Шижирээс, 162 480 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн 33 401 832 төгрөгийг хариуцагч Д.Энхмөрөн, А.Шижир нар нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох улсын бүртэлийн Ү-2202019555 дугаарт бүртгэдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамж, 95 тоотод байрлах, 212 м.кв талбайтай, хувийн сууц, газар эзэмших эрхийн 0251524 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18641325613075 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-95 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий газрыг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 324 960 төгрөгийн 162 480 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, 81 240 төгрөгийг хариуцагч Д.Энхмөрөнгөөс, 81 240 төгрөгийг хариуцагч А.Шижирээс, 162 480 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.