Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 129

 

  Д.Балжиннямд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Алтанцэцэг,

ялтан Д.Балжинням, түүний өмгөөлөгч А.Туул,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Балжинням, түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Балжиннямд холбогдох эрүүгийн 201601070251 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Тайжууд овогт Даваадоржийн Балжинням, 1988 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13-239 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИЭ 88042718/,

Д.Балжинням нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний шөнө өөрийн 68-44 УНК улсын дугаартай, “Toyota Mark-2” загварын автомашиныг жолоодож яваад Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багануур хөшөөний хойд талын засмал зам дээр явган зорчигч Х.Энхжаргалыг мөргөж улмаар биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газар: Д.Балжиннямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Балжиннямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.Балжиннямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Балжиннямд торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Балжиннямаас 1.032.406 төгрөг гаргуулж, хохирогч Х.Энхжаргалд олгох, хохирогчийн нэхэмжилсэн 104.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, Хохирогч Ж.Энхжаргал нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Д.Балжиннямын битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа “Toyota Mark-2” загварын, 68-44 УНК улсын дугаартай автомашин болон битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоол, Д.Балжиннямын 645137 дугаартай жолооны үнэмлэхийг тус тус гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэх, Д.Балжинням цагдан хоригдсон хоноггүй, холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Балжиннямд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Ялтан Д.Балжинням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний шөнө Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутагт гарсан зам тээврийн ослын талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд хохирогч Ж.Энхжаргалыг Замын хөдөлгөөний дүрмийн 3 заалтыг зөрчсөн, жолооч намайг 1 заалт зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтүүдэд осол болоход хэн нь буруутай болох талаар дүгнээгүй байхад намайг гол буруутай хэмээн ял шийтгэсэнд гомдолтой байна. Замын хөдөлгөөнд оролцогчийг жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч гэж ангилсан байна. Гэтэл ижил тэгш эрх эдэлж үүрэг хүлээгч явган зорчигч нь дээрх дүрмийн гол заалтыг зөрчсөн байхад огт хариуцлага хүлээлгэхгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Хохирогчийн дүү нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажилладаг учир гэм буруутайг тогтоох ажиллагаанд нөлөөлсөн. Энэ нь дүү Х.Энхцэцэгт нь сахилгын шийтгэл оногдуулсан баримтаар тодорхойлогдох болно. Осол болоход хохирогч гэнэт гарч ирээд миний зүүн талыг мөргөсөн. Харин автомашины урд талаар мөргөсөн бол намайг зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг талаар ярьж болно. Автомашины хажуугаас согтуу, дүрэм зөрчөөд ороод ирсэн явган зорчигчид хүлээлгэх хариуцлага байх болов уу гэж миний бие мунхаглан бодож байна. 2016 оны 10 дугаар сарын 4-ний шөнө гарсан осолд хэний буруутай үйлдэл нөлөөлсөн талаар дүгнэлт гаргуулахыг хүсэж байна ...” гэжээ.

Ялтан Д.Балжиннямын өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, буруу дүгнэлт гарсан ба Д.Балжинням нь энэ хэрэгт ямар хууль зөрчсөнийг зөв тогтоож чадаагүй байхад шүүх ял халдаасанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй явж байхад гэнэт хажуу талаас нь согтуу явган зорчигч гарч ирээд шүргүүлсэн. Үүнд Д.Балжинням буруугүй ба автомашины ойрын гэрлээ асаалттай явж байсан учраас Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, буруу гарсан учир дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул ялтан Д.Балжинням болон түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Д.Балжинням нь Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Х.Энхжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нөхцөл байдал нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч Х.Энхжаргалын мэдүүлгээр ““Маяти”, “Портер” 2 автомашины голоос гараад автомашин нь асчихлаа, битгий унтраагаарай” гээд орилоод “Портер” автомашины хойд талаар тойроод гарах гэж байтал гэнэт бүдэг гэрэлтэй автомашин эсрэг талын урсгалаар маш хурдтай явж ирээд намайг мөргөөд нилээн цаана очиж зогссон” гэдэг мэдүүлгээр ялтан Д.Балжинням нь Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “... нүд гялбасан, зорчих баримжаа алдсан тохиолдолд зогсоох буюу хурд хасах арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Х.Энхжаргалыг согтуу байсан гэдэг асуудал хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Эрх хассан нэмэгдэл ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан ялын санкцийн хүрээнд оногдуулсан ял учраас үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Д.Балжиннямд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн газрын үзлэг учир дутагдалтай байх ба хохирогч Х.Энхжаргал “... би хэрэг болох үед Багануур дүүрэг рүү явдаг урсгалд цагаан зураас даваагүй зогсож байсан. Тэр автомашин урсгал сөрөн орж ирээд намайг мөргөсөн...” /хх-30/ гэж мэдүүлдэг. Гэтэл хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогчийн мөргүүлсэн гэх А цэг Д.Балжиннямын зорчиж байсан урсгалд орсон буюу хохирогч эсрэг урсгалд зогсож байсан байдал харагдаж байна. Үүнээс үзэхэд хэргийн газрын үзлэгээр хохирогчийг анх мөргүүлсэн осол болсон А цэгийг буруу авсан буюу хохирогчийн мэдүүлгийн зөрүүтэй байдал нь дээрх осол хаана гарсан талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна. Тиймээс хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэх шаардлагатай.    

Мөн Д.Балжиннямын гэрлийн гялбаанд орсон гэх мэдүүлгийг үндэслэн, гэрлийн гялбаанд орсон эсэхийг бусад баримтаар тогтоохгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр өөрийг нь яллаж байгаа нь буруу ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар нотлох баримт болохгүй юм. Иймээс зөвхөн Д.Балжиннямын “гэрлийн гялбаанд орсон” гэх мэдүүлгийг давхар нотлох ажиллагааг явуулж, хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах шаардлагатай байна.

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн, дээрх осол гарахад хэний буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг эргэлзээгүй тогтоохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэж, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлууд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохгүйгээр давж заалдах шатны шүүхээс Д.Балжиннямын гэм буруутай эсэхэд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв.

Иймд ялтан Д.Балжинням, түүний өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Балжиннямд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Багануур дүүргийн прокурорын газарт буцаасугай.  

2. Хэрэг прокурорт очтол Д.Балжиннямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН