Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Т,

хохирогч Ц.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00655 0597 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Т

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15 дугаар гудамжны 295 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Мөнхжаргалыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэр Мөнхжаргалын биед хүрч гэмтэл учруулсан нь үнэн. Түүний гар утсан дээр байсан мессэжнээс болж хардаж, маргалдаж зодсон гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мөнхжаргал мэдүүлэхдээ: Хэргийн талаар  ярихгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Мөнхжаргалын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө миний хамтран амьдрагч болох Ч.Т нь надтай маргалдаж улмаар миний биед гар хүрч намайг эхлээд 2-3 удаа гараа зангидаж байгаад толгой руу цохих үед духны цус хуралт гэмтэл учирсан. Харин дараа нь гурилын модоор миний дал болон хоёр гарын бугалга хэсэгт тус тус 2-3 удаа цохих үед зүүн дал, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь учирсан. Би Ч.Ттай гэр бүлээ батлуулаагүй. Ч.Т бол миний хамтран амьдрагч. Миний хамтран амьдрагч болох Ч.Т нь 2016 оноос хойш намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг шаардаж дарамтладаг болсон. Хэрэв намайг өөртэй нь бэлгийн харьцаанд орохгүй бол над руу уурлаж надтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар миний биед гар хүрч цохиж зоддог болсон. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хамтран амьдрагч болох Ч.Т нь одоо намайг байнга дагаж намайг дарамталж байна. Би энэ хүнээс хурдан салмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1456 дугаартай шинжээчийн:

1. Ц.Мөнхжаргалын биед дух, зүүн дал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ж.Ганцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ч.Т-ийн: ...Тэгээд тэр өдрөөс хойш Мөнхжаргал надтай огт холбоо барилгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр надтай Мөнхжаргал холбоо барьж бид нар өнөөдөр хот орж магадгүй гэж хэлсэн...Тэгээд бид хоёр утсаар ярьж байгаад гэртээ уулзахаар болсон...тэгээд би өөрийнхөө эхнэрийг хүлээгээд байж байтал миний эхнэр шөнийн 02 цаг 30 минутын үед Алтмаатай хамт согтуу хүрч ирсэн. Тэгээд би эхнэртэйгээ тухайн үед маргалдаж эхнэр болон хүүхдүүдээ гэр рүүгээ авч явж чадаагүй. Тэгээд тэр өдрөөс хойш миний эхнэр Мөнхжаргал надтай огт холбоо барихгүй байж байгаад бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр холбоо барьж нэг ресторанд уулзаж хоорондоо эвлэрсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бид хоёр хоорондоо хэрэлдээгүй эвтэй байж байтал 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний эхнэр болох Мөнхжаргал надаас гар утас болон мессежээ нуугаад надаас нэг юм нуугаад байсан. Тэгээд мөн миний эхнэрийн гар утас руу танихгүй дугаарууд залгасан байсан. Тэгээд би эхнэрийнхээ гар утсыг аваад мессежүүдийг нь шалгаж үзтэл олон залуучуудтай холбоотой нууц амрагийн мессежүүд байсан. Тэгээд би энэ асуудлаас болж эхнэртэй маргалдаж улмаар эхлээд би эхнэр Мөнхжаргалыг 2-3 удаа нүүрэн тус газар нь гараараа алгадсан. Тэгээд миний эхнэр надад үнэнээ хэлэхгүй байсан учир би уурлаад эхлээд гараараа түүний тохой хэсэгт 3 удаа цохисон. Харин дараа нь би гурилын элдүүр модоор эхнэр Мөнхжаргалын хөл хэсэгт 1 удаа, мөр хэсэгт нэг удаа цохиж мөн толгойн хэсэгт 2 удаа тоншиж цохисон. Тэгээд би эхнэр Мөнхжаргалыг зодохоо болиод ярилцаж эхэлсэн. Тэгтэл миний эхнэр миний асуусан асуултанд огт хариулалгүй надаас зөвхөн уучлалт л гуйгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

- Шүүгдэгч Ч.Т-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ч.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15 дугаар гудамжны 295 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Мөнхжаргалыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Мөнхжаргал, яллагдагчаар өгсөн Ч.Т нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1456 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Т-ийн гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

            Шүүгдэгч Ч.Т хохирогч Ц.Мөнхжаргал нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч дундаас гарсан үр хүүхэдтэй гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул Ч.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Ч.Т-ийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.

            Хохирогч Ц.Мөнхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналтай боловч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Т-г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Т-г 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ч.Т-д гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийн ажиллаж буй газарт очих, түүнтэй харьцахыг 06 /зургаан/ сарын хугацаагаар хязгаарласугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ