Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/544

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Тд холбогдох 1906006550597 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Ч-ийн Т, 1987 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 1 дүгээр баг, Дархан-Уул, 5 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15 дугаар гудамжны 295 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15 дугаар гудамжны 295 тоотод хамтран амьдрагч Ц.М-ыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Тг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Тд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ч.Тд гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийн ажиллаж буй газарт очих, түүнтэй харьцахыг 6 сарын хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн заалт бүхий шүүхээс хязгаарласан эрхийн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульд заасан үндэслэл бүхий зүйл, заалтыг дурдаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгүүдэд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн энэхүү албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх эсхүл тус албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанаас өмнө түүнийг ялаас чөлөөлөх, энэхүү хугацаа дууссаны дараа ял оногдуулах эсэх зэрэг асуудлыг нэг бүрчлэн зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж заажээ.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 15 дугаар гудамжны 295 тоотод хамтран амьдрагч Ц.Мыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Мын “...Эхлээд 2-3 удаа гараа зангидаж байгаад толгой руу цохих үед духанд цус хуралт, ...гурилын илдүүр модоор миний дал болон хоёр гарын бугалга хэсэгт тус тус 2-3 удаа цохих үед зүүн дал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тус тус учирсан. ...Намайг нэг удаа хүнтэй хардаж, маргалдаж улмаар ... миний нүүрийг хавдтал зодож байсан.  ...” /хх 14/,

шүүгдэгч Ч.Тгийн "...Тухайн үед миний эхнэр өөр залуучуудтай мессежээр харилцаад байсан учир миний уур хүрээд ... гар хүч, цохиж зодсон. ..." /1хх 31-33/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Мын биед дух, зүүн дал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” 1456 дугаартай дүгнэлт /хх 26/, аюулын зэргийн "...нийлбэр дүнгээр 14 буюу өндөр..." үнэлгээ /хх 9/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Тгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурор Г.Эрдэнийн бичсэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн заалт бүхий шүүхээс хязгаарласан эрхийн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульд заасан үндэслэл бүхий зүйл, заалтыг дурдаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж заасан. Энэ нь тэнсэж, ял хойшлуулсан тохиолдолд хэрэгжих боломжтой ба энэ хэргийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ч.Тд гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийн ажиллаж буй газарт очих, түүнтэй харьцахыг 6 сарын хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ч.Тгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдал, цаашид хохирогчийн халдашгүй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Эрүүгийн хуульд заасан ял оногдуулж, шүүгдэгчид  хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, шүүгдэгч уг хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хуулиар зохицуулаагүй байна.

Хуулиар зохицуулаагүй тухайн асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ