Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01182

 

Д.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00746 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалтай,

           Д.Дийн нэхэмжлэлтэй,

           “М” ХК-д холбогдох,        

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, Л., нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

      Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 12 дугаар сард ХБНГУ-ын Берлин хотод төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдсон. Томилогдсон 4 жил гаруйн хугацаанд ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ямар нэгэн зөрчил, доголдолгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл “М” ХК гүйцэтгэх захирлын 2016 оны  Б/803 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан. Тушаалд  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажлаа 2 өдөр буюу түүнээс дээш өдөр тасалсан” гэсэн үндэслэл заасан. Надад хүндэтгэн үзэх шалтгаан байсан, хүүхдээ эмчлүүлэхээр өөр хот явсан юм.  Энэ нь  эмчийн тодорхойлолтоор нотлогдоно. 2016-12-12-ны өдөр компаниас төлөөлөгч холбоо барьсных нь дагуу 2016-12-16-ны өдрийг хүргэлгүй 2 хоногоор эмчилгээгээ зохицуулж, 14-ний өдрөө ирсэн. Эмнэлэг дээр нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох мэдээлэлийг гадагш гаргадаггүй, хуулбарлуулдаггүй, зүгээр эмчийн тодорхойлолт л хийж юм билээ. Тушаалд “... төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” гэсэн байдаг ч 2 өдрийн хугацаанд үйл ажиллагаа хэвийн байсан, ямар нэгэн зөрчил гараагүй. Тушаал нь  ажил тасалсан гэх энэ 2 өдөртэй ч холбоотой биш, өмнө нь шийдэгдсэн байсан асуудал шиг харагдаж байгаа. Тушаалд компанийн бүтэц, зохион байгуулалт шинээр батлагдсантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дийн ажлын гүйцэтгэл, тайлантай танилцаж, ажил үүргийг хүлээлцэх ажлаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргыг томилолтоор ажиллуулсан байдаг. Ноцтой зөрчил тооцох тухай харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заахыг шаарддаг. Гэрээнд зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор таслах тохиолдлыг заасан.  Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ХБНГУ-ын Берлин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хугацаанд тус төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Д нь ажлын байран дээрээ байхгүй байсан. Д.Дтэй утсаар холбоо барихад ажлын байрандаа байхгүй байна, орхин явсан шалтгааныг нь тодруулж, ажилдаа ирэх шаардлага тавьсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилолтын хугацаанд ажилдаа ирээгүй. Нислэгийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж, төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ерөнхий менежер нь компанийн удирдлага, захиргаанд урьдчилан чөлөө авах хүсэлт гаргаж, зохих зөвшөөрлөө авалгүйгээр дур мэдэн ажлын байраа орхиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. “М” ХК-ийн ажилтнуудад чөлөө олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ажилтан чөлөө авах хүсэлтээ ажлын 2 хоногийн өмнө захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан байх ёстой. Мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт 1 өдрөөс дээш хугацааны чөлөөний хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана гэж, 2.13-т чөлөө олгох хугацаа, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан чөлөө олгох шийдвэр гаргах талаар зааж өгсөн байгаа. Үүнд ажлын 2-5 өдрийн чөлөөг захиргааны захирал чөлөө олгох хуудсаар олгох журамтай. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан тул Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан явдал нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээг хоёр тал тохиролцож байгуулдаг. Д.Дтэй харилцан тохиролцож, тодорхой нөхцөл зааж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсан. Дуусч байгаатай холбоотойгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Дөлгөөн ажлын тайлан, биелэлттэй танилцах, мөн Д.Д нь өөрөө ажил үүрэгтэй холбогдолтойгоор эрүүгийн хэрэгт холбогдон хариу тайлбар өгөх, гэрчийн мэдүүлэг өгөх ажлаар илтгэх хуудас дээр тодорхой тусгагдсан. Мөрдөн байцаах албаны байцаагч тайлбар авахаар бас албан томилолтоор очсон. Эдгээр ажлуудын үүднээс хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэдэг нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь дуусч байгаа хүний ажлын биелэлттэй танилцах, эрүүгийн цагдаагийн байцаагч тайлбар авахаар явж байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг, тайлбар өгөх ёстой хүн ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг ноцтой зөрчил гаргасан гэж “М” ХК үзсэн. Нэхэмжлэгч ажил дээрээ 2 хоног байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хүүхдэд эмчилгээ шаардлагатай гэсэн бичиг нь өөрөө хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00746 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М ХК-д холбогдох Д.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00746 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дийг “М” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газар Ерөнхий менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 53 899 994 төгрөгийг “М” ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “М” ХК-д даалгаж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” болгон, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн 2016.12.10- наас 2016.12.14-ний хооронд ХБНГУ-ын Берлин хотод албан томилолтоор ажилласан ба томилолтын хугацаанд тус төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Д ажлын байрандаа байхгүй байсан тул утсаар холбогдож, компаний захиргаанд чөлөө авах хүсэлт гаргаагүй, ажлын байраа орхин явсан шалтгааныг тодруулж, ажилдаа ирэх шаардлага тавьсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ерөнхий менежер нь ажлын байраа зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн орхиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. “М" ХК-ийн “Ажилтнуудад чөлөө олгох журам"-ын 2.1 дэх хэсэгт “Ажилтан чөлөө авах хүсэлтээ ажлын 2 хоногын өмнө Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан байх ёстой.", 2.2 хэсэгт “... нэг өдрөөс дээших хугацааны чөлөөний хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана” гэжээ. Тус журмын 2.13 дахь хэсэгт чөлөөний хугацаа, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан, чөлөөний шийдвэр гаргах талаар зааж өгсөн бөгөөд ажлын 2 өдрөөс 5 өдрийн чөлөөг Захиргааны захирал чөлөөний хуудсаар чөлөөг олгохоор заасан. Нэхэмжлэгч нь 2016-12-12ны өдрөөс 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан тул Д.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн гэрээний 9.4.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дөлгөөний томилолтоор ажилласан илтгэх хуудаст Д.Дтэй утсаар холбогдоход охиноо үзүүлээд өөр хотод байгаа" гэсэн шалтгаанаар уулзах боломжгүй гэдэг тайлбар өгсөн гэж тодорхойлжээ. Доржсүрэн овогтой Ананддорж нь 2016-12-12 -ны өдрөөс 2016-12-06-ны өдөр хүртэл эцэг, эхийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тодорхойлолтод Тэрир хот дахь эмнэлгийн эмч доктор Марк Индих тодорхойлжээ. Дээрх илтгэх хуудсыг, эмчийг тодорхойлолтын агуулгатай харьцуулан үзвэл нэхэмжлэгч Д.Дийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхгүй.” гэжээ. Эмчийн тодорхойлолт гэх баримт нь ИХШХШ тухай хуулийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхаас гадна өвчтөн Доржсүрэн овогтой Анандбазар нь Д.Дийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй, өөрөө асран хамгаалагч нь мөн болох талаар нотолсон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгч Д.Д нь тус компанийн “Ажилтнуудад чөлөө олгох журам”-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас чөлөөний хуудсаар чөлөө авснаа нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу хүүхдээ өвчний улмаас эмчлүүлэхээр өөр хотод байсан болохоо нотлоогүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, албан ёсоор чөлөө зөвшөөрөл хүсээгүй, чөлөө зөвшөөрөл олгоогүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд хүндэтгэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 өдөр ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан буюу "Хүндэтгэх үзэх шалтгаангүй ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын хоёр өдөр ба түүнээс дээш өдөр ажил тасалсан.” ноцтой зөрчил байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Д 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  “М” ХК-ийн ХБНГУ-ын Берлин хотод төлөөлөгчийн газрын ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг М” ХК-с шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, Д.Дийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         М ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/803 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, хөдөлмөрийн гэрээний 9.4.5-г баримтлан “...ажил тасалсан... төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан... ноцтой зөрчил гаргасан..”  гэж “М” ХК-ийн ХБНГУ-ын Берлин хотод төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Дийг ажлаас нь халжээ.  

          Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/803 дугаар тушаалын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

         Тухайлбал, Д.Ананддорж эцэг эхийн хяналтанд эмчилгээ хийлгэсэн тухай эмч Марк Индих-н 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт хэрэгт эх хувиар авагдаж /хх 97/, Монгол хэл дээр орчуулагдсан /хх7/ байх тул  “... нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй...” гэх гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй. Эмчийн тодорхойлолтын  талаар  зохигчид анхан шатны шүүх хуралдаанаас өмнө  /хх14-15/ маргаагүй, шүүх хэрэгт байгаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хэмжээнд шийдвэр гаргах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчихгүй. Иймд “...Доржсүрэн овогтой Ананддорж нь Дорждэрэмийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй...өөрөө асран хамгаалагч мөн гэх  баримтгүй...” гэх хариуцагчийн гомдол нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна. 

          Ажил олгогч нь ажилтныг халахдаа “...төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан...” гэх боловч холбогдох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул тушаалын энэ үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ. 

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хугацаатай гэрээ байгуулсан, уг гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч энэ талаар маргаж мэтгэлцээгүй тул шүүх нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-г зөрчөөгүй гэж дүгнэв

        Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын гомдлыг хангахгүй орхисугай.

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан  хариуцагч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 428.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ