Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 314

 

                                      Ч.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 633 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 856 дугаар магадлалтай, Ч.М-д холбогдох эрүүгийн 2008025551249 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, “Өнөр” цогцолбор дунд сургуулийн хөл бөмбөгийн талбайн жижүүрээр ажиллаж байсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих,

мөн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр нь Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас биеэр эдлээгүй 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулж байсан  Х овогт Ч-ийн М,

Ч.М нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өнөр” цогцолбор дунд сургуулийн хөл бөмбөгийн гадаа талбайн хаалганы үүдэнд Н.Ч “чи танихгүй хүний цэнэглээд үлдээсэн гар утсыг хулгайлсан байна" гэх шалтгаанаар түлхэж унагаан хүзүү хэсэгт нь гараараа цохих, толгой хэсэг рүү олон удаа цохиж, өшиглөн хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 633 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 856 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.М гаргасан гомдолдоо: “Миний бие нь өөрийн найз Н.Ч-г Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хорооны нутаг дэвсгэр “Өнөр” цогцолбор дунд сургуулийн хөл бөмбөгийн гадаа талбайн гадна талд “...Ажлын байран дээр тоглож байсан залуусын нэгнийх нь цэнэглээд тавьсан гар утсыг хулгайлсан байна” гэсэн шалтгаанаар гараараа толгойн тус газар нь олон удаа цохиж зодон амь насыг нь хохироосон гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Н.Ч бид 2 эртний танил найзууд бөгөөд түүнийг гэр оронгүй, ажил төрөлгүй, архи ууж тэнэж явахад нь 3 жил гаруйн өмнө тааралдаж гэр орондоо байлгаж, хооллож, хувцас хунарыг нь миний өндөр настай ээж маань угааж цэвэрлэж өгдөг, түүнийг миний адил халамжилдаг байсан. Хэрэг гардаг өдөр талийгаач манай ажил дээр ирээд хөл бөмбөгийн талбайд тоглож байсан залуусын нэг нь миний ажлын өрөөнд гар утсаа цэнэглээд орхисон байсныг хулгайлан авч гарсан байсан тул би бухимдан түүнд уурлан цохиж зодсон. Тухайн үедээ түүнийг үхчихнэ гэж бодоогүй, алах санаа зорилго ч байгаагүй, тэр надтай хэрэлдэн “Юун сүртэй юм бэ, яадгийн тэр утсыг чинь маргааш олоод өгчихнө, чамайг дараа алнаа” гэх мэтээр хэрүүл хийж өдөөд байсан. Тэгээд би түүнийг яв зайл гэж хөөсөн, тэр байж байгаад цүнхтэй хувцсаа үүрээд явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа түүнийг нас барсан тухай цагдаагийн албан хаагч ирж хэлсэн, би түүнийг зодож цохисон тухайгаа цагдаагийн албан хаагчид хэлж мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа шударгаар хүлээж мөрдөн байцаалтанд ямар нэгэн саад учруулаагүй. Би эрдэнэт хүний амь насыг хохироосон гэмт үйлдэлдээ маш их харамсан гэмшиж байна.

Шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийн тухайд: Би одоо 51 настай, зүрхний хэм алдагддаг өвчтэй бөгөөд өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг байсан. Эцэг Чимэддорж маань 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 76 настайдаа уушгины хорт хавдрын улмаас нас барсан. Би эцэг, эхтэйгээ хамт тэдэндээ нэмэр тус болон амьдарч байсан. Одоо өндөр настай ээж маань ганцаараа үлдлээ, эцгийнхээ толгойг түших хувь надад байсангүй, гэхдээ өндөр настай эхийгээ үлдсэн насанд нь харж хандан асарч тойглохыг би хүүгийнх нь хувьд хүсэж байна. Надад оногдуулсан хорих ялын хугацааг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, төрийн хайр ивээлийг үзүүлэхийг шүүгч нараас хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ч.М-д ял шийтгэл oногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж... болно” гэсэн заалтыг хэрэглээгүй шалтгааныг дээр дурдсанаар тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Ч.М нь үйлдсэн гэмт хэргээ анхнаас нь шударгаар хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй нь шүүгдэгчид хамааралгүй байхад шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх ямар нэгэн санаачлага гаргаагүй хохирол төлсөн зүйлгүйг харгалзан, хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хорих ялыг хөнгөрүүлээгүй нь шүүх таамаглалд үндэслэн хэт нэг талыг барьж шүүгдэгчийг хохироосон шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг Ч.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хэрэглээгүй ба шалтгаан үндэслэлээ ойлгомжтой тайлбарлаагүй. Магадлалд хуулийн дээрх зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх үндэслэлгүй болохыг хууль зүйн хувьд тайлбарлаж нэг ч үг дурдаагүй зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгчийн тухайд хохирогч тал оршуулгын зардал болох хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй шалтгаан үндэслэлээ дурдан мэдүүлэг өгсөн байхад түүнийг хохирол төлөх ямар нэгэн санаачлага гаргаагүй гэсэн хийсвэр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Н.А нь "Талийгаач ахыг маань тодорхой хугацаанд гэр орондоо байлгаж тусалж байсан тул М-оос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн нь Ч.М-ийг оршуулгын зардал болон хохирлыг төлөх чадваргүй гэж үзээгүй харин төрсөн ганц ахыг нь гэр оронгүй ядарч явахад нь тусалж дэмжиж байсны хариу илэрхийлэл гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, энэ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Ч.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, амь хохирогч нь шүүгдэгчийн ажлын байр болох манаачийн байрнаас хүний цэнэглээд орхисон гар утсыг авч явлаа гэх шалтгааны улмаас марган, шүүгдэгч амь хохирогчийг зодсоны улмаас нас барсан байна. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх Ч.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Ч нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн ирэхдээ нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хоёр шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, нягтлан шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Ч.М гэм буруутай эсэх, түүний үйлдэл, хохирогчийн үхэл хоорондоо шалтгаант холбоотой эсэх, уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний үхлийн шалтгаан зэрэгт холбогдох нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хянан хэлэлцээд Ч.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, учирсан хохирол, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, эдлүүлэх дэглэм зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэний зэрэгцээ шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ. 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн Ч.М-ийн хувьд хоёр шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэнэмэл амьдралтай Н.Ч-г тэрээр өөрийн гэрт байлгаж, туслан дэмжиж байсан зэргийг харгалзан үзэж түүнд хоёр шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, гэм буруугийн болон хувийн байдалд нь тохирсон шийдэл гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 633 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 856 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч-ийн М-ийг 8 (найман) жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, уг тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэгийн гаргасан “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН