Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00551

 

 

Г.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Э-ы хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан 22,800,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 6 давхар орон сууцны барилгад гадна дулааны ажлыг хариуцагч Д.Э-гаар хийлгэхээр тохирч, ажлын хөлсөнд нийт 22,800,000 төгрөгийг төлсөн. Д.Э- нь манай хүргэн Дулааны шугам сүлжээнд ажилладаг, ажлыг хийж өгье гэж хэлсэн учраас би итгээд бүх мөнгө өгсөн. Гэтэл Д.Э- тухайн ажлыг гүйцэтгээгүй, миний мөнгийг авч алга болсон. Иймд хариуцагч Д.Э-гаас ажлын хөлсөнд төлсөн 22,800,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Г.Э- нь барилгын дулааны техникийн нөхцөл гаргуулах ажлын хөлсөнд 20,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу Г.Э-аас /Ж.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ж.Т-ын үйлчилгээний орон сууцны барилгын эскиз зураг-2 хуудас/ зэргийг надад цахимаар илгээсэн. Ингээд миний бие “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д өргөдөл бичиж, бүх бичиг баримтыг бэлэн болгож, илгээсэн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн техникийн комиссын цахим хурлаар орж техникийн нөхцөлийн дүгнэлт гаргуулснаар тохиролцсон ажлаа хийж дууссан. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 2,800,000 төгрөг нь техникийн нөхцөлийн хөлсөнд хамааралгүй. Иймд Г.Э-тай барилгын гадна дулааны ажил хийх гүйцэтгэх талаар тохиролцоогүй тул 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч Д.Э-гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь барилгын гадна дулааны ажлын хөлс болох 22,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдээгүй, шүүхийн зүгээс шууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрээ гаргасан. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч нь барилгын гадна дулааны ажил хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэх, хариуцагч нь техникийн нөхцөл гаргуулахаар тохиролцсон гэх өөрөөр хэлбэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэж зөв дүгнэсэн хэр нь шийдвэрээ гаргахдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу дүгнэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан.

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож тайлбарласан тухайд:

Хариуцагч Д.Э- нь барилгын техникийн нөхцөлийг гаргадаг этгээд биш, харин барилгын техникийн нөхцөлийг “УБДС” ТӨХК-иас гардаг, тэр техникийн нөхцөлийг гаргуулахад шаардлагатай бичиг баримт болон холбогдох бусад зүйлийг бүрдүүлэн хугацаанд нь техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийг илгээж шийдвэрлүүлэх тэр процесс ажиллагааг хийсэн байхад шүүхээс Д.Э- нь дулааны техникийн нөхцөл гаргах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн. Барилгын тухай хуулийн 4.1.8-д “...барилга байгууламжийн техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг хэлнэ гэж заасан. Мөн тус хуулийн 22.1-т Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана ... гэж заасны дагуу Д.Э- нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүх баримтын шаардлагыг хангуулан хүсэлтийг цаг хугацаанд нь тавьж улмаар уг зөвшөөрөл төрийн байгууллагаас гарч, түүнийг хүлээн авч Г.Э-д өгснөөр Д.Э-гийн ажил дууссан байдаг. Мөн Д.Э- нь гадна дулааны ажлыг хийхээр тохиролцоонд хүрээгүй гэдгийг нотолдог фейсбүүк мессенжерт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус ажлыг хийх боломжгүй талаар илэрхийлж Г.Э- зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдсан. Мөн техникийн нөхцөл гаргуулах ажлын хөлс 2018 онд төлөгдөөд дууссан, Г.Э-аас Д.Э-гийн фэйсбүүк рүү барилгын техникийн нөхцөлийг гаргуулахтай холбоотой зарим бичиг баримтыг явуулж байсан нь тогтоогддог. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Э-аас Д.Э- руу барилгын техникийн нөхцөл гаргуулах ажлын хөлсийг төлсөн ба тус барилгын техникийн нөхцөл гарсан хугацаатай таарч байгаагаар нотлогдож байна. Барилгын техникийн нөхцөл гарсны дараа өөр байгууллагаар буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.Цэцэгмаагаар гадна дулааны ажлаа эхлүүлсэн мөнгөө шилжүүлсэн хэр нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Д.Э-гаас гадна дулааны ажлыг хийлгүүлэх тухай үнийн саналыг авч байгаа нь санаатайгаар төөрөгдөл үүсгэх гэсэн үнэн санаа харагдаж байна. Хэрвээ Д.Э-гаар гадна дулааны ажлыг хийлгэх тухай тохиролцож 2018 онд гэрээний төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм бол 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дулааны ажлыг хийлгүүлэх талаар үнийн санал авах шаардлага байхгүй байсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч хариуцагчаар гадна дулааны ажил хийлгүүлэхээр өгсөн мөнгөний дансны хуулга дээр дулааны ажил гэж шилжүүлсэн ба техникийн нөхцөл гэсэн нэг ч үг байдаггүй. Хоёр талын хоорондоо харилцсан мессежинд дулааны ажил хийлгүүлэх талаар ярьсан байдаг ба техникийн нөхцөлийн талаар ямар ч зүйл яриагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагч техникийн нөхцөл гаргасан гэж ярьдаг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтан гэрч Б.Э- нь манай техникийн нөхцөлийг хянасан, баталсан хүн. Гэрч хэлэхдээ ... техникийн нөхцөлийг хэн нэгэн хувь хүн гаргахгүй. Зөвхөн манай байгууллага гаргадаг. Хувь хүн гаргасан байх ямар ч боломжгүй гэж хэлсэн байдаг. Хоёр талын хооронд дулааны ажил хийх гэрээ байгуулагдсан нь үнэн. Бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч бидний хийсэн мөнгө шилжүүлсэн баримт болон мессежээр нотлогдоно. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийдвэрлэсэн нь зөв. Хариуцагч тал шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас мессеж болон чатаар манай бичиг баримт болон барилгын эскиз зураг, барилгын архитекторын төлөвлөгөөний даалгавар, газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг зургаар авсан байж хариуцагч тал тайлбарлахдаа бид тухайн баримтуудыг боловсруулж, зурж батлаад, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д өгсөн гэж худал мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч 2018 онд гадна дулааны ажил хийнэ гэж мөнгө авсан боловч алга болсон. 2019 онд аргагүй эрхэнд өөр байгууллагатай ярьж гадна дулааны ажлыг хийлгэсэн. 2020 онд гадна дулааны ажил дууссан. Үүний дараа Д.Э-г эрэн сурвалжлуулж, олж тогтоолгож шүүхэд хандсан. Алга болчихоод өөрийн үйлдлээ булзайруулж 2019 онд өөр байгууллагатай гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр хариуцагч үндэслэлгүй ярьж байгаа нь тогтоогдоно. Хариуцагч 22,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж нэхэмжлэгчийг хохироох ёсгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Э-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын гадна дулааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцон, ажлын хөлсөнд 22,800,000 төгрөг төлсөн боловч хариуцагч нь уг ажлыг хийж гүйцэтгээгүй” гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу дулааны техникийн нөхцөлийг гаргуулах ажил гүйцэтгэн, ажлыг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

 

 Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Д.Э-д 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн шилжүүлгээр нийт 22,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгө шилжих болсон үндэслэлийн талаар талууд харилцан өөр тайлбар гарган маргасан байна. /1хх-ийн 9-14-р тал/

 

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар ижил тайлбар гаргаж байх боловч гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил үйлчилгээг нэхэмжлэгч тал “барилгын гадна дулааны ажил” гэж, хариуцагч тал “дулааны техникийн нөхцөл гаргуулах”-аар тохиролцсон гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага байхгүй ч гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд хүсэл зоригийн агуулга бодитой, тодорхой илэрхийлэгдсэн, түүнийг нөгөө тал хүлээн авсан байх, түүнчлэн гэрээний агуулга хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх шаардлага тавигддаг.

 

Хэрэгт техникийн нөхцөл болон түүнийг гаргуулахад шаардагдах баримт бичгүүд авагдсан боловч эдгээр баримтууд нь техникийн нөхцөл гаргуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлсний хөлсөнд 20,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэх хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний агуулгын талаар хүсэл зориг нэгдээгүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хийгээгүйд тооцох үр дагавар үүссэн гэж үзэхээр байна. Иймд гэрээний дагуу ажлын хөлсийг хүлээн авсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийн техникийн нөхцөл олгох эрх бүхий этгээд нь инженерийн хангамжийн байгууллага байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтан Б.Э- “техникийн нөхцөлийг олгох эрх бүхий этгээд нь холбогдох бичиг баримтыг үндэслэн, ямар нэгэн гадны нөлөөлөл, оролцоогүйгээр техникийн нөхцөлийг олгодог” гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал нь хариуцагчийн татгалзлыг няцааж байна.

 

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч Г.Э-аас хариуцагч Д.Э-д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч Д.Э-гийн хувьд тус мөнгөн хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр хүлээн авсан болохоо нотлоогүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн хариуцагч Д.Э-гаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлээс 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.    

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                         ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ