Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00691

 

“Ю-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/04166 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн “С-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 303,099,033 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон алдангид нийт 500,097,097 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр манай компани нь барилгын цэвэр, бохир болон галын, усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг нийт 800,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээт ажлын төлбөрийг 100 хувь бартерын нөхцөлөөр буюу орон сууц оролцуулан төлөхөөр талууд тохиролцсон. Ийнхүү нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, гэрээний гүйцэтгэл 50 хувь орчимд хүрэх явцад хариуцагч тал ажлыг дүгнэн, баталгаажуулсан. Эхний ээлжинд 2 орон сууцны өмчлөлийг шилжүүлэх байсан боловч тус үүргээ гүйцэтгэхгүй байсан учир манай компани гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрч, гэрээг цуцалсан болно. Манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс 418,557,033 төгрөг болсон бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тохирох үнийн дүн бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч компаниас шаардсан боловч ажлын хөлсөнд хүлээлгэн өгөх орон сууц байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын хөлс болох 418,557,033 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 115,458,000 төгрөгийн орон сууцыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг багасгаж, 303,099,033 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “Ю-” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй, нийт гүйцэтгэлийн 10 хувь орчмыг л чанарын доголдолтой гүйцэтгээд хаяж явсан. “С-” ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж 54.98 м.кв орон сууцыг “Ю-” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “Ю-” ХХК нь гүйцэтгэсэн ажлын доголдлоо арилгаагүй. Улмаар “Ю-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрсдөө арилгаж, ажлаа дуусгасан. “С-” ХХК-ийн хувьд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 06 сард Ерөнхий инженер Г.М-, талбайн инженер Б.Ц- нар хамтран шалгаж “Ю-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар маш муу гэсэн үнэлгээ, дүгнэлтийг хийж энэ талаар нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч “Ю-” ХХК нь ажиллаж байсан хаягтаа байгаагүй. Улмаар манай компанийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “З-” ХХК-тай “Барилгын сантехникийн угсралтын гүйцэтгэлийн ажлын хөндлөнгийн үнэлгээ” гэх гэрээг байгуулж “Ю-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын болон гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардлыг гаргуулсан. Уг үнэлгээгээр “Ю-” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн дүн 32,803,559 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 74,310,234 төгрөг болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа гэрээний гүйцэтгэлээ үндэслэлгүй өндрөөр гүйцэтгэсэн мэтээр шүүхэд тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Ю-” ХХК нь ажлыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу хуанлийн 110 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй. Нийт гүйцэтгэлийн 10 хувь орчмыг л чанарын доголдолтой гүйцэтгээд ажлаа хаяж явсан. “С-” ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж Богд Вилла хотхоны Б блокийн загварын 54.98 м.кв орон сууцыг “Ю-” ХХК-д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заасан 115,458,000 төгрөгийн санхүүжилтыг хийсэн. Гэтэл “Ю-” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд “С-” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч гүйцэтгэсэн ажлын доголдлоо арилгалгүй, нийт гэрээгээр тохирсон ажлаа хийж хэрэгжүүлээгүй. Улмаар “Ю-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрсдөө арилгаж, ажлаа дуусгасан. Манай компанийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “З-” ХХК-тай “Барилгын сантехникийн угсралтын гүйцэтгэлийн ажлын хөндлөнгийн үнэлгээ хийлгэх гэрээ”-г байгуулж “Ю-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын болон хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын талаарх үнэлгээг тус тус гаргуулсан. Уг үнэлгээгээр “Ю-” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн дүн нь 82,803,559 төгрөг гэж, “Ю-” ХХК-ийн хийсэн доголдлыг арилгахад гарсан зардал 74,310,234 төгрөг болохыг тогтоосон. Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-т гүйцэтгэгчийн чанаргүй хийснээс учирсан хохирлыг захиалагчид барагдуулах үүргийг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн тул уг заалтыг үндэслэн гүйцэтгэгчийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд 74,310,234 төгрөг болон “Зэндмэнтулга” ХХК-ийн үнэлгээний зардал 500,000 төгрөгийг шаардаж байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 800,000,000 төгрөг бөгөөд түүнээс “Ю-” ХХК-ийн гүйцэтгэсэн дүн болох 82,803,559 төгрөгийг хасвал, “Ю-” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 717,196,441 төгрөг болж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлыг хүлээлгэн өгөх ёстой атал түүнээс хойш нийт 363 хоног өнгөрсөн зэргээс тооцоолж, ажил гүйцэтгэх гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагч талд төлөх хариуцлагын хүрээнд алдангид нийт 309,828,863 төгрөгийг шаардаж байна. Нэгэнт ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэгч тал зөрчсөн тул захиалагч “С-” ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, 54.98 м.кв орон сууц буюу 115,458,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардалд 74,310,234 төгрөг, үнэлгээний зардал 500,000 төгрөг, нийт 500,097,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компанийн зүгээс ажлын төсөв буюу үнийн саналыг 800,000,000 төгрөгийн үнэтэй байхаар хариуцагчид гарган өгч, хариуцагч тус ажлын төсвийг хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд буюу үнэлгээний компани маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний төсвийг зохиох, гүйцэтгэсэн ажлын доголдлыг үнэлэх байдлаар оролцох боломжгүй юм. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь доголдолтой байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний 4.1.3-т заасны дагуу доголдлыг арилгахыг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3-т заасны дагуу доголдлыг арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй бөгөөд нэг ч удаа доголдол арилгуулах шаардлага гаргаж байгаагүй болно. Ийм учраас хариуцагч “С-” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хэсэгчлэн хүлээн авсны үндсэн дээр гэрээний биелэлт 50 хувьд дүйж байгаа учир №19-102402 дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 2 орцны 13 давхрын А сууцанд тооцоо дуусаж байгаа нь үнэн болно гэх агуулга бүхий ажил хүлээлцсэн баримт бичгийг манай компанид мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг хүлээж авах үед ямар нэгэн гомдол гаргаагүй учир Иргэний хуулийн 352.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болно. Мөн гүйцэтгэсэн ажлын үр дүнг 50 хувьд дүйцсэн байна гэж мэдэгдсэн атлаа шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэх үед буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээ хийлгүүлж, ажлын үр дүнг 10 хувьтай байсан мөн доголдол арилгуулахад 74,310,234 төгрөгийн зардал гаргахаар байна гэх дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй байна. Үнэлгээний компанитай 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан гэж харагдаж байгаа боловч тус гэрээний 4.3-т ... тухайн үнэлгээг хүлээлгэж өгснөөр төлбөр хийгдэхээр тохиролцож 500,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийсэн болох нь баримтаас харагдаж байгаа учир үнэлгээг тус өдөр хийлгэсэн гэж үзэхээр байна. Иймд “С-” ХХК нь ажлын гүйцэтгэлийг 50 хувьтай гэж дүгнэсэн мөн ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед доголдлыг арилгуулах шаардлага гаргаагүй гэх зэрэг нь доголдол арилгахыг шаардах эрхээ алдсан байна. Мөн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн компаниар үнэлүүлэх талаар ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй учир хэрэгт авагдсан үнэлгээ нь маргаанд ач холбогдолгүй баримт болно. Мөн гэрээний үүргээ биелүүлсэн гэж харагдах гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байрны өмчлөлийг манай компанид шилжүүлсэн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж буцааж шаардаж байгаа хариуцагчийн ойлгомжгүй, ёс зүйгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж буй энэхүү зохисгүй үйлдлүүдийг шүүх харгалзаж үзэхийг мөн хүсэж байна гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 163,688,396 төгрөг, сөрөг шаардлагаас нийт 500,097,097 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С-” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 139,410,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,250,740 төгрөг, хариуцагч “С-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,658,440 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХХК-иас 855,003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Шүүх “С-” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ноцтой зөрчсөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг шийдвэрийн тогтоох  хэсэгт хийсэн. Гэтэл шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “С-” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль аль заалтыг хэрхэн зөрчсөн, ноцтой зөрчсөн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2, 3.3-т ажлын хөлсний талаар маш тодорхой зохицуулсан. Гэрээгээр ажлын үр дүнг гүйцэтгэгч хүлээлгэн өгсний дараа ажлын хөлсийг захиалагч гүйцэтгэгчид шилжүүлэхээр талууд тохиролцсон. Гэвч ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан ажлыг дүгнэж, гэрээний биелэлтийг тооцож байсан тохиолдол байхгүй.

6.а.Гүйцэтгэгч “Ю-” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд энэ талаар үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийг “С-” ХХК-ийн зүгээс гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Гүйцэтгэгч “Ю-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 1.3, 2.1-т заасан гол үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Гүйцэтгэсэн ажпын хэмжээний хувьд нэхэмжпэгч 50 хувьд хүрсэн гэж, хариуцагч нь маш бага хувьтай гэж үнэлгээний тайланг үндэслэн тайлбарладаг бөгөөд аль ч тохиолдолд ажлын үр дүн хуульд зааснаар биет байдлын доголдолтой гэж үзэхээр байгаа болно. Гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсны дараа хийгдэх байсан санхүүжилтээс урьдчилан олгосон Богд Вилла хотхоны Б блок D загварын 54.98 м.кв орон сууц буюу 115,458,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардалд үнэлгээний эрх бүхий байгууллагын гаргасан үнэлгээний дагуу 74,310,234 төгрөг, ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаандаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд төлөх үүргийн дагуу хугацаа хэтрүүлсэн алдангид 309,828,863 төгрөгийг захиалагч тус тус шаардах эрхтэй. Шүүх тооцооллыг гаргахдаа 1хх-ийн 30, 150-154 хуудсанд авагдсан баримтуудыг үндэслэл болгосон байх бөгөөд тус санхүүгийн баримтуудад худалдан авагчийн мэдээлэл огт бичигдээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

             

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн байхад санхүүжилт өгөхгүй байсан учраас гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахдаа акт үйлдээгүй. Ажил гүйцэтгэсэн эсэх дээр маргаан үүссэн. Манай компанийн хувьд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагын хийж өгсөн ажил 50 хувьд хүрсэн гэх албан бичгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Нэмэлт хугацаа тогтоож, талууд харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 30-нд ирүүлсэн мэдэгдэл зэргээс харахад хугацаа хэтрүүлж байсан зүйл байдаггүй. 2020 оны 07 дугаар сарын 05-нд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээгээр ажлаа 100 хувь гүйцэтгэсний дараа ажлын хөлс өгнө гэх боловч ажлын явц 50 хувьд хүрэхэд талууд гэрээгээ цуцалсан учраас гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлынхаа хэмжээнд Иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Хариуцагч урьдчилгаа төлбөрт 115,000,000 төгрөгийн орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх явцад шилжүүлж өгсөн. Үлдэгдэл төлбөрөөс 139,000,000 төгрөгийг өгөх ёстой гэж дүгнэсэн. Ажлын гүйцэтгэлээ 50 хувьд хүргэсэн баримтыг хариуцагч няцаагаагүй, хариу татгалзлаа нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.                                              

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч “Ю-” ХХК нь хариуцагч “С-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 303,099,033 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон алдангид нийт 500,097,097 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            3.Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “Ю-” ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, орон сууцны В блокын барилгын цэвэр, бохир болон галын, усны шугам сүлжээ, борооны ус зайлуулах системийн угсралтын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуанлийн 110 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч буюу захиалагч “С-” ХХК нь ажлын хөлс болох 800,000,000 төгрөгт орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 8-12-р тал/

 

            4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

            5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээт ажлын тавь орчим хувь буюу 418,557,033 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, орон сууцыг шилжүүлээгүйгээс маргаан үүсч, гэрээ цуцлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч нь 115,458,000 төгрөгийн орон сууцыг хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 303,099,033 төгрөгийг гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон.

 

            5.а.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “гүйцэтгэгч нь гэрээт ажлын 10 орчим хувийг доголдолтой хийж гүйцэтгэсэн, уг доголдлыг өөрийн зардлаар арилгаж, ажлаа дуусгасан, иймд ажлын хөлсөнд өгсөн орон сууцны үнэ 115,458,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 74,310,234 төгрөг, гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйн алданги 309,828,863 төгрөг, үнэлгээний зардал 500,000 төгрөг, нийт 500,097,097 төгрөгийг нэхэмжлэгч “Ю-” ХХК-аас гаргуулна” гэж тайлбарлажээ. /1хх-ийн 120-121-р тал/

 

            5.б.Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн актыг боловсруулж захиалагчид өгөх ба захиалагч уг актыг хүлээн авч ажлын гүйцэтгэлийг шалгаж гүйцэтгэгчид мэдэгдэнэ”, 3.3-т “Захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг шалган баталгаажуулсны дараа гүйцэтгэгч нь төлбөрийн нэхэмжлэл, НӨАТ-ын баримт зэргийг захиалагч талд хүлээлгэн өгөх ба захиалагч тал уг баримтуудыг хүлээн авснаас хойш төлбөр шилжүүлнэ” гэж тус тус заасан буюу талууд ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлцэх, хөлс төлөх нөхцөлийг гэрээгээр нарийвчлан тохиролцсон байна. /1хх-ийн 9-р тал/

 

            5.в.Нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн хувьд гэрээт ажлын тавин хувийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 303,099,033 төгрөг шаардаж байх боловч гэрээний 3.2-т заасны дагуу ажлын гүйцэтгэлийн актыг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.г.Дээрх тохиолдолд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 418,557,033 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг, хариуцагч “С-” ХХК-ийн гуравдагч этгээдэд хандан гаргасан “Ю-” ХХК-ийн ажлын биелэлтийн хувь тавин хувьд дүйж байна” гэх агуулга бүхий албан бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийг 418,557,033 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй.

           

            5.д.Учир нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь тодорхой ажлын биет үр дүн байдаг бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг гүйцэтгэн, үр дүнг шилжүүлэн өгөх үндсэн үүргээ гэрээний 3.2-т заасны дагуу зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байна.

 

            5.е.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дүгээр талд авагдсан бараа материалын зарлагын падааныг үндэслэл болгосон боловч тус баримтын худалдан авагчийн нэр хэсэгт “хувь хүн” гэж тэмдэглэсэн байхаас гадна тухайн бараа материал нь “Ю-” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй ажилд зарцуулагдсан гэдгийг шууд нотолсон баримтууд биш байна.

 

            5.ё.Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, ажлын хөлсөнд 303,099,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.Хариуцагч “С-” ХХК нь ажлын хөлсөнд өгсөн орон сууцны үнэ 115,458,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 74,810,234 төгрөг /74,310,234 + 500,000/ төгрөг, гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйн алданги 309,828,863 төгрөг, нийт 500,097,097 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

6.а.Хариуцагч “С-” ХХК нь гэрээ цуцлагдсаны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 115,458,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцыг нэхэмжлэгч “Ю-” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Хэдийгээр талууд гэрээт ажлыг актаар хүлээлцээгүй байх боловч хариуцагч “С-” ХХК-ийн хувьд гэрээний 3.3-т заасны дагуу гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг шалган баталгаажуулсны үндсэн дээр тус орон сууцыг шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ю-” ХХК нь тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа нөхцөл байдлыг харгалзан орон сууцны үнэ 115,458,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

6.б.Доголдлыг арилгахад гарсан зардал 74,810,234 төгрөг, гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйн алданги 309,828,863 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т “захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Гэвч хариуцагч “С-” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа талаар нэхэмжлэгч “Ю-” ХХК-д мэдэгдэж, улмаар доголдлыг арилгуулах арга хэмжээ авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

6.в.Ажлын үр дүн доголдолтой байгааг тогтоосны үндсэн дээр холбогдох төсвийг гаргах тул хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлийн төсөв гэх баримтыг үндэслэн уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

6.г.Талууд гэрээний 5.2 дахь заалтаар алдангийг тохиролцсон байх боловч ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан явдалд нэхэмжлэгч “Ю-” ХХК буруутай гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн, хэргийн 21 дүгээр талд авагдсан “... гэрээт ажлыг гүйцэтгэхэд барилга дулаан аваагүй, хэрэглээний усгүй, цахилгаан байнга тасарч байгаа болон цахилгааны хүчдэл нь тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байна” гэх агуулга бүхий нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн албан бичгийг хариуцагч “С-” ХХК үгүйсгээгүй байх тул цуцлагдсан гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчээс алданги гаргуулах боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/04166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 303,099,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ю-” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон алдангид 500,097,097 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С-” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,355,489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

 

2024.04.22 10:17 зөвлөсөн.