Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 185

 

Б.Мөнхбаярт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

хохирогч Ж.Галням, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Галнямын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох 2016 2603 0828 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Орхид овогт Бэгзийн Мөнхбаяр, 1984 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системын удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн 21 дүгээр байрны 1-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХО84031770/;

Б.Мөнхбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Галнямд хүч хэрэглэн, түүний нүүр рүү нь гараараа цохиж биед нь “баруун хацрын шарх, хамрын нурууны шарх, баруун нүдний алимны салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Орхид овогт Бэгзийн Мөнхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Б.Мөнхбаярыг 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Галнямд 1.159.000 төгрөгийн зардал төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 1 /нэг/ ширхэг CD бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Галням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь, Б.Мөнхбаяр нь үйлдсэн хэргээ ухамсарлаж, нийгмийн хор хохирлыг арилгах талаар санаачлага огт гаргаагүй бөгөөд хохирогч Ж.Галням миний бие түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацааг биеэр эдлүүлэхээр гомдол гаргаж байна гэв.

Хохирогч Ж.Галнямын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ж.Галнямд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилаагүй байхад анхан шатны шүүх Б.Мөнхбаярт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар үндэслэлгүй тэнсэж хянан харгалзсан. Гэм хор арилаагүй байхад хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг нэхэмжилсэн баримтын дагуу төлнө гэж хэлсэн. Хохирогчийн эмчлүүлэх гэж байсан эмнэлэг дээр нь хүртэл очиж ямар эмчилгээ хийлгэх талаар асууж явахад тэр эмнэлэгээс “хувь хүний хувийн мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариу авдаг. Арга бараад хохирогчтой яриад эмнэлэг рүү хамт очиж эмчилгээ хийлгэж, төлбөр мөнгийг барагдуулах талаар уулзая гэдэг хүсэлтийг гаргахад хохирогч өөрөө ирдэггүй. Хохирогч Ж.Галням нь “чи миний нэр дээр машинаа шилжүүл эсхүл хэдэн хоногийн дотор багтааж мөнгө өг” гэж шаарддаг. Хохирогч баримт гаргаж өгөхгүй байсан учраас хэдий хэмжээний хохирол төлөх эсэхээ мэдэх боломжгүй байсан. Гэхдээ анхан шатны шүүх хуралдааны дараа нэмж 1.000.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн гэв.

Шүүгдэгч Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1.190.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Гэм хорыг ойлгож гэмшиж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч одоогоор нэхэмжлэх төлбөр байхгүй гэж хэлсэн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө гэдгээ Б.Мөнхбаяр хэлдэг. Хохирогчийн хэлснээр эмчилгээний магадлагаа ирсэн. Гэхдээ үнийн дүнг заагаагүй байсан. Б.Мөнхбаяр тухайн эмнэлэг дээр очиж уулзсан. Курс эмчилгээ хийгдэхээр бол эхлүүлэх боломжтой би төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл хохирогч эмнэлэг дээр ирдэггүй. Харин бэлэн мөнгө авах сонирхолтой байсан. Б.Мөнхбаярын зүгээс хохирогчид 1.000.000 төгрөг нэмж төлсөн. Хохирогч Галням мөрдөн байцаалтад эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Бидний зүгээс үүнийг төлөх боломжгүй байгаа ч зохих саналыг хохирогчид тавьсан. Анхан шатны шүүхээс бодит хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учраас гэм хорыг арилгасан байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Ж.Галнямд хүч хэрэглэн, түүний нүүр рүү нь гараараа цохиж биед нь “баруун хацрын шарх, хамрын нурууны шарх, баруун нүдний алимны салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяр /хх-35, 38-39, 158/, хохирогч Ж.Галням /хх-11-12, 100-101, 159/, мөрдөн байцаалтад гэрч Б.Солонго /хх-20, 75, 102-103/, Б.Лхагва-Очир /хх-104/, Э.Жавхлантөр /хх-26/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7449 дугаартай дүгнэлт /хх-28/, шинжээч эмч Т.Амартүвшинг байцаасан тэмдэглэл /хх-106-107/, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогч Ж.Галнямын гаргасан: “…Б.Мөнхбаяр нь үйлдсэн хэргээ ухамсарлаж нийгмийн хор хохирлыг арилгах талаар санаачилга огт гаргаагүй бөгөөд хохирогч Ж.Галням миний бие түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг биеэр эдлүүлэхээр гомдол гаргаж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Мөнхбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ж.Галнямын эмчилгээний зардалд 1.159.000 төгрөг, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 21 өдөр нэмж 1.000.000 төгрөг, нийт 2.159.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Б.Мөнхбаяр “Хохирлын мөнгө төлөх тухай” бичгээр  хүсэлт /хх-61/-ийг мөрдөн байцаалтад гаргаж байсан. Түүний анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал болон хохирогч Ж.Галням нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “...баримтаар гарсан зардлыг төлсөн ... цаашид гарах эмчилгээний зардлыг  нэхэмжилнэ ... заавал ялыг биечлэн эдлүүлэх санаа байхгүй байна. …биечлэн ял эдлээсэй гэж хүсэхгүй байна” /хх-159/ гэж мэдүүлснийг харгалзан анхан шатны шүүх түүнд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Ж.Галнямыг цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Галнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.