Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01123

 

“О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

             Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00595 дугаар шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаар магадлалтай,

            “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Х” ХХК-д холбогдох

        Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

        “О” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, мөн газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн тайлбарт: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ дүр төрх” хотхонд зориулж 300 голчтой 1.2 км урт бохирын шугам татаж ашиглалтад оруулсан. Хариуцагч нь “Шинэ дүр төрх” хотхоны зүүн талд байрлах өөрийн эзэмшил газар дээр 9 давхар орон сууцны 2 барилгыг барьж улмаар тус барилгадаа холболт хийлгэхээр хүсэлт тавьсан. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийн барьсан бохирын шугамд хариуцагч нь зөвхөн 9 давхар 2 орон сууцыг холбоно, үүний хариуд зохих төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн, холболтыг хийсэн байдаг. Гэрээний 2.6-д хариуцагч нь дахин барилга барьсан тохиолдолд энэ жишгээр төлбөрийг төлж, холбох зөвшөөрлийг авна, мөн талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хамтын ажиллагааны протоколын 3-р заалтад “хариуцагч нь өөрийн барьж буй байрны урд баригдах Таун хаус болон дараагийн үргэлжлүүлэн барих барилгуудыг уг шугамд холбуулах тохиолдолд тусгайлсан гэрээ байгуулна” гэсэн, мөн 4-р зүйлд “хариуцагч нь өөрийн холбосон шугамаас нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болон одоо байгаа 2 барилгаас өөр барилга нэмж холбохгүй байх үүргийг хүлээнэ” гэж харилцан тохиролцож цаасан дээр буулгасан байдаг. Гэтэл хариуцагч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өөрийн холбосон шугамаас дараа дараагийн барилгад зөвшөөрөлгүйгээр холболт хийсэн нь нэхэмжлэгчийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа доголдож алдагдаж эхэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч “Х” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих нь хууль бус үйлдэл болохгүй. Гэрээний үүргийг зөрчсөн нь ямар хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ нь маргааны зүйлтэй огт хамааралгүй, өөр харилцааг зохицуулсан гэрээ байгаа. Тодруулбал, “Шинэ дүр төрх” хотхоны бохирын шугамд хариуцагч нь өөрийн барьсан 2 орон сууцны шугамыг холбож, зохих төлбөрийг төлөөд дууссан гэрээ юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа уг гэрээний 2.6-д заасныг үндэслэж байгаа бөгөөд уг заалт нь 1.2 км урттай шугамд өөр барилга холбоход хамааралтай заалт. Гэтэл яг ямар барилга хариуцагч нь холбосон байгаа, хэрхэн салгуулах гээд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Хэрэгт хариуцагчийн 18 айлын орон сууцны техникийн нөхцөл нь авагдсан бөгөөд түүнээс харахад бохирын шугамаас холболт хийх зөвшөөрлийг олгосон байгаа. Мөн бид нэхэмжлэгчийн бохирын шугамаас холболтыг хийгээгүй, харин 2 орон сууцны бохирын шугамаас холбосон байгаа. Ингэхдээ Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөлийг нь авч, зураг төслийн дагуу холболтыг хийсэн. Түүнээс ямар нэг зөвшөөрөлгүйгээр, эсвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн шугамаас холболт хийсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа нь үндэслэлгүй. Хууль бус үйлдэл гэдэг нь хууль зөрчсөн байхыг хэлнэ. Гэтэл энэ талаар зохицуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх үүргийг заасан байдаг бөгөөд хэрэглэгч гэдэгт зохигч талууд бүгд орж байгаа. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрх, үүргийн дагуу өөрсдийн барьсан шугамаас өөр бусад байгууллагыг холболт хийж болохгүй гэж хориглох эрх байхгүй. 18 айлын орон сууцыг нь улсын комисс хүлээж аваад хүмүүс ороод бохирын шугамыг нь ашиглаад эхэлсэн. Гэтэл бохирын шугамыг нь салгахаар тухайн хүмүүст ямар үр дагавар үүсэх, мөн шүүхээс хариуцагчид бохирын шугамын холболтыг салгахыг даалгасан ч гэсэн хариуцагч нь салгах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн 2 шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч “Х” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Манай компани нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 178016/0265 дугаар бүхий 2000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшдэг билээ. Гэтэл “О” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт өөрийн барьсан “Шинэ дүр төрх” хотхонд зориулж ф300-тай 1.2 км урт бохирын шугам татаж барихдаа “Х” ХХК болон төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, хууль ёсны эзэмшил газрын тодорхой хэсэг дээгүүр дайруулан барьж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд “Х” ХХК-ийн эзэмшил хэсгийн тодорхой хэсэг дээгүүр газар эзэмшигчийн болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьж байгуулсан “О” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг зайлуулж, газар чөлөөлүүлэхийг “О” ХХК-д даалгах, 2014 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай газрыг ашиглаж биднийг өөрсдийн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд оруулсан тул 100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатараас гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн газрын эрх үүсэхээс өмнө буюу 2014 оны 12 сараас өмнө “Шинэ дүр төрх” хотхон нь 2008 оны 12 дугаар сард буюу үүнээс 6 жилийн өмнө улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтад орсон байдаг. Тухайн үед хариуцагч байгууллага нь байгаагүй бөгөөд ямар нэг зөвшөөрөл авах боломжгүй байсан билээ. Хотхоны хашааг СӨХ-д хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хашааг буулгах асуудал байгаа бол хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Газар ашиглаж чадаагүйгээс болж хохирсон гэж байгаа бол ямар байдлаар хэрхэн хохирсон талаар нотлох баримт байх ёстой. Тиймээс 100.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нь өөрсдөө холболт хийх саналыг тавьж холболтыг хийсэн атлаа одоо танай буруугаас болж хохирлоо гэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

          Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00595 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-д холбогдох хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгахыг хүссэн “О” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “О” ХХК-д холбогдох өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт байгаа “О” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар  зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөг, хариуцагчийн төлсөн нийт 728.150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХ-ийн 168.1.7 дахь хэсгийг баримтлан шийдвэрийг хүчингүй болгосон. Гэвч ИХШХШТХ-ийн 168.1.7-д заасан үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан шүүхээр бүрдүүлүүлэх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байх үндсэн шаардлагыг ийнхүү хуульчилжээ. Иймд ИХШХШТХ-ийн 168.1.7-д “Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн” нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болохоор заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “Маргааны нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох баримтуудыг нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангуулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй” гэх дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгосон байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй “О” ХХК-иас Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/473 тоот албан бичиг, хэргийн 119-р талд авагдсан Ус сувгийн удирдах газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2112 тоот албан бичгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна гэж дүгнэсэн хэрнээ эдгээр баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой, уг баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байснаараа “нэхэмжлэлийг хангах” үндэслэл болох талаар огт дүгнэлт хийгээгүй, харин ч дээр дурдсан 2 албан бичиг нь “Маргааны нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох” гэх таамагласан агуулгатай дүгнэлтийг хийсэн нь Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг нотолж байна.

            Мөн магадлалын хянавал хэсэгт “... хэргийн 119-р талд нотлох баримтаар авагдсан 2/2112 тоот албан бичиг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон..., гүйцэд уншигдахгүй, хаанаас хүргүүлж байгаа нь тодорхойгүй байна” гэх үндэслэлийг дурджээ. Гэтэл Ус сувгийн удирдах газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2112 тоот албан бичиг нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтад хуулиар тавигдсан шаардлага хангасан болон хуулбар байдлаар авагдсан байдаг. Уг баримтыг сайтар харахад бүрэн гүйцэд уншигдахгүй зүйл байхгүй, хэрэгт авагдсан хуулбар хувийг нь үндэслэн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 7340 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу УСУГ-аас гаргуулсан /хуулбар үнэн тамгатай/ байхад “хаанаас хүргүүлж байгаа нь тодорхойгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Магадлалд дурдагдсан “О” ХХК-иас Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/473 тоот албан бичиг, хавтаст хэргийн 119-р талд авагдсан Ус сувгийн удирдах газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2112 тоот албан бичгүүд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болоогүй болох нь шүүхийн шийдвэрээс харагдана. Тодруулбал, нэхэмжлэгч нь “Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15-р зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийг заасан. 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж заасан. Ийнхүү хуульд заасны дагуу хангагч буюу УСУГ-ын 203/15 дугаар техникийн нөхцөлийн дагуу ХУД-ийн 2-р хороонд шинээр барьж ашиглалтад оруулсан 18 айлын орон сууцны бохирын шугамыг өөрийн өмнө барьж ашиглалтад оруулсан барилгын бохирын шугамаас огтлол хийж холбуулсан. Уг 18 айлын орон сууцыг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2015/385 тоот Улсын комиссын актын дагуу ашиглалтад оруулсан. Иймд “Х” ХХК-ийн хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. “Х” ХХК-ийн ХУД-ийн 2 дугаар хороонд баригдсан 18 айлын орон сууцыг бохирын шугамаас салгах эрх, боломж байхгүй. Нэхэмжлэгч анхнаасаа биелэгдэх боломжгүй шаардлага гаргасан. Нийтийн эзэмшил, өмчлөлд нэгэнт шилжсэн барилгыг бохирын шугам сүлжээнээс салгах нь нийтийн ашиг сонирхлыг хөндөх үр дагавартай. Ийнхүү салгаснаар нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан “Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүй хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...өөрийн эзэмшлийн газарт байгаа “О” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, 2014 оны 10 сараас хойш газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100.000.000 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

         “О” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Шинэ дүр төрх” хотхонд зориулж Ф300-тай 1.2 км урт ариутгах татуургын гадна бохир шугам хийсэн бөгөөд энэхүү шугамаас “Х” ХХК нь өөрийн барьж буй 2 орцтой 9 давхар орон сууцны 2 барилгад холболт хийхээр 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “О” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

          Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр хийсэн орон сууцны гадна бохирын шугам сүлжээнээс хариуцагч талд холболт хийлгэх, зөвшөөрөл өгөх үүргийг, харин хариуцагч нь төлбөр төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн байна.

          Талуудын хооронд үйлдсэн 2014.10.13-ны өдрийн хамтын ажиллагааны протоколоор хариуцагч “Х” ХХК нь гэрээний үүрэг 80.000.000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн, “О” ХХК нь гэрээний 2.4-т заасан хугацаа хэтрүүлсний алданги тооцохгүй, харин “Х” ХХК нь өөрийн барьж буй барилгын урд баригдах Таунхаус болон үргэлжлүүлэн барих барилгуудыг уг шугаманд холбуулах тохиолдолд тусгайлсан гэрээ байгуулах, өөрийн холбогдсон шугамаас А талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийг болон өөр барилгыг нэмж холбохгүй байх үүргийг хүлээжээ.

     Гэвч хариуцагч тал буюу “Х” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 2.6-д зааснаар нэхэмжлэгчийн барьсан шугамаас нэмж холболт аваагүй, нэмэлт гэрээ байгуулах, зөвшөөрөл авах шаардлагагүй гэж маргажээ. 

        “О” ХХК-иас Ус сувгийн удирдах газарт явуулсан 2014.10.13-ны өдрийн 01/473 тоотод “...эхний ээлжид 2 ширхэг 9 давхар барилгыг “Шинэ дүр төрх” хотхоны гадна бохирын шугамд холбоход татгалзах зүйлгүй, энэ зөвшөөрөл нь урд талд баригдаж буй Таунхаус болон дараа дараагийн ээлжийн барилгуудад хамаарах болно” гэсэн боловч дараа нь тус компанийн ажилтны анхаарал болгоомжгүйгээс дээрх албан бичгийн агуулга алдагдсан болохыг мэдэгдэж, 2014.10.14-ний 01/478 тоотоор “энэ зөвшөөрөл нь урд талд баригдаж буй Таунхаус болон дараа дараагийн ээлжийн барилгуудад хамаарахгүй болно” гэж өөрчилснийг нэхэмжлэгч талаас 2014.10.14-ний 01/479, 01/480 тоотуудаар “Х” ХХК болон Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

          Хэрэглэгч нь хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5., 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь хэсэгт нийцсэн байна.

          Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт зааснаар ”О” ХХК, “Х” ХХК-иуд нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хуулийн этгээд “хэрэглэгч” бөгөөд нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй, заавал “О” ХХК-иас зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас 2014.10.23-ны өдрийн 2/2412 тоотоор нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Нэхэмжлэгч нь хариуцагч талын “Хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүй хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах” тухай  шаардлага гаргасан боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хэрхэн үүсч байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нийцжээ.

          “Х” ХХК-ийн гаргасан “...өөрийн эзэмшлийн газарт байгаа “О” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, 2014 оны 10 сараас хойш газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100.000.000 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулна” гэсэн газар эзэмших эрхтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан  нь  хуулийн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

           Давж заалдах шатны шүүх “...шийдвэрийн үндэслэл болгосон 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/473 тоот албан бичиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хэргийн 119 дүгээр талд авагдсан 2/2112 тоот албан бичиг нь гүйцэд уншигдахгүй, хаанаас хүргүүлж байгаа нь тодорхойгүй байна” гэсэн үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

        Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН