Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00595

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,  UB март худалдааны төвийн 503 тоот, “Орчлон констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хороолол, байр Д-4 тоот “Хөрш заанууд” ХХК-д холбогдох,

          хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Орчлон констракшн” ХХК-ийн бохирын шугам болон Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, мөн газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ  нь:                                                                                                                   

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ дүр төрх” хотхонд зориулж 300-н голчтой 1.2 км урт бохирын шугам татаж ашиглалтад оруулсан. Хариуцагч нь “Шинэ дүр төрх” хотхоны зүүн талд байрлах өөрийн эзэмшил газар дээрээ 9 давхар 2 ширхэг орон сууцны барилгыг барьж улмаар тус барилгадаа холболт хийлгэхээр хүсэлт тавьсан. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийн барьсан бохирын шугамд хариуцагч нь зөвхөн 9 давхар 2 орон сууцын холбоно, үүний хариуд зохих төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн, холболтыг хийсэн байдаг. Гэрээний 2.6-д хариуцагч нь дахин барилга барьсан тохиолдолд энэ жишгээр төлбөрийг төлж, холбох зөвшөөрлийг авна, мөн талууд хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хамтын ажиллагааны протоколын 3-р заалтад хариуцагч нь өөрийн барьж буй байрын урд баригдах “Таун хаус” болон дараагийн үргэлжлүүлэн барих барилгуудыг уг шугамд холбуулах тохиолдолд тусгайлсан гэрээ байгуулна гэсэн, мөн 4-р зүйлд хариуцагч нь өөрийн холбосон шугамаас нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болон одоо байгаа 2 барилгаас өөр барилга нэмж холбохгүй байх үүргийг хүлээнэ гэж харилцан тохиролцож цаасан дээр буулгасан байдаг. Гэтэл хариуцагч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өөрийн холбосон шугамаас дараа дараагийн барилгад зөвшөөрөлгүйгээр холболт хийсэн нь нэхэмжлэгчийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа доголдож алдагдаж эхэлсэн. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

           

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих нь хууль бус үйлдэл болохгүй. Гэрээний үүргийг зөрчсөн түүнээс болж ямар хууль зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ нь маргааны зүйлтэй огт хамааралгүй, өөр харилцааг зохицуулсан гэрээ байгаа. Тодруулбал “Шинэ дүр төрх” хотхоны бохирын шугамд хариуцагч нь өөрийн барьсан 2 орон сууцны шугамыг холбож, зохих төлбөрийг төлөөд дууссан гэрээ юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа уг гэрээний 2.6-д заасныг үндэслэж байгаа бөгөөд уг заалт нь 1.2 км урттай шугамд өөр барилга холбоход хамааралтай заалт, гэтэл яг ямар барилга хариуцагч нь холбосон байгаа, хэрхэн салгуулах гээд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Хавтаст хэрэгт хариуцагчийн 18 айлын орон сууцны техникийн нөхцөл нь авагдсан байгаа бөгөөд түүнээс харахад бохирын шугамаас холболт хийх зөвшөөрлийг олгосон байгаа. Мөн бид нэхэмжлэгчийн бохирын шугамаас холболтыг хийгээгүй, харин 2 орон сууцны бохирын шугамаас холбосон байгаа. Ингэхдээ Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөлийг нь авч зураг төслийн дагуу холболтыг хийсэн. Түүнээс ямар нэг зөвшөөрөлгүйгээр, эсвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн шугамаас холболт хийсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа нь үндэслэлгүй. Хууль бус үйлдэл гэдэг нь хууль зөрчсөн байхыг хэлнэ гэтэл энэ  талаар зохицуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх үүргийг заасан байдаг бөгөөд хэрэглэгч гэдэгт зохигч талууд бүгд орж байгаа, энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрх үүргийн дагуу өөрсдийн барьсан шугамаас өөр бусад байгууллагыг холболт хийж болохгүй гэж хориглох эрх байхгүй. 18 айлын орон сууцыг нь улсын комисс хүлээж аваад хүмүүс ороод бохирын шугамыг нь ашиглаад эхэлсэн. Гэтэл бохирын шугамыг нь салгахаар тухайн хүмүүст ямар үр дагавар үүсэх, мөн шүүхээс хариуцагчид бохирын шугамын холболтыг салгахыг даалгасан ч гэсэн хариуцагч нь салгах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн 2 шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: “Хөрш заанууд” ХХК эзэмшил хэсгийн тодорхой хэсэг дээгүүр газар эзэмшигчийн болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байгуулсан “Орчлон констракшн” ХХК-н бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг зайлуулж газар чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах, уг хашаа болон бохирын шугамыг хариуцагчийн газар дээр барьсны улмаас учирсан хохирол болон уг хугацаанд төлсөн газар ашигласны төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь “Шинэ дүр төрх” хотхоны бохирын шугамыг хариуцагчийн эзэмшлийн 2000 га газар дээгүүр барьсан бөгөөд ингэхдээ ямар нэг зөвшөөрөл аваагүй, мөн “Шинэ дүр төрх” хотхоны хашааг барихдаа хариуцагчийн тодорхой газрын тодорхой хэсэг дээгүүр барьсан. Иймд уг бохирын шугам болон хашааг холдуулахыг хариуцагчид даалгах, 2014 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай газрыг ашиглаж биднийг өөрсдийн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд оруулсан тул 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Шинэ дүр төрх” хотхон нь өөрөө хариуцагчийн газрын эрх үүсэхээс өмнө буюу 2014 оны 12 сард хариуцагчийн газрын эрх үүссэн, харин хотхон нь 2008 оны 12 дугаар сард буюу үүнээс 6 жилийн өмнө улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглалтад орсон байдаг. Тухайн үед хариуцагч байгууллага нь байгаагүй бөгөөд, ямар нэг зөвшөөрөл авах боломжгүй байсан билээ. Хотхоны хашааг СӨХ-д хүлээлгэж өгсөн байдаг, энэ хашааг буулгах асуудал байгаа бол хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Газар ашиглаж чадаагүйгээс болж хохирсон гэж байгаа бол ямар байдлаар хэрхэн хохирсон талаар нотлох баримт байх ёстой. Тиймээс 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нь өөрсдөө холболт хийх саналыг тавьж холболтыг хийсэн байж одоо танай буруугаас болж хохирлоо гэж байгаа нь ойлгомжгүй байна гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Орчлон констракшн” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч “Хөрш заанууд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, харин хариуцагч эс зөвшөөрч өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт байгаа “Орчлон констракшн” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2014 оны 10 сараас хойш газар ашигласны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100 000 000 төгрөгийг “Орчлон констракшн” ХХК-иас гаргуулахаар шаардсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2014.04.07-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ дүр төрх” хотхонд зориулж “Орчлон констракшн” ХХК-ийн барьсан Ф300-тай 1.2 км урт ариутгах татуургын гадна бохир шугамнаас “Хөрш заанууд” ХХК нь НЗД-ын 2014.02.24-ний А/113 тоот захирамжаар олгогдсон 0.672 га газарт 2 орцтой 9 давхар 2 орон сууцны барилгад холболт хийхээр тохиролцсон байна.

Гэрээний 2.4-т зааснаар А тал буюу нэхэмжлэгчийн барьсан шугамнаас холболт хийхэд гаргасан зардлыг хуваалцах үүднээс нийт 80 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, энэхүү дүнд ямар нэгэн татвар, хураамж ороогүй болно гэжээ.

Гэрээний эхний төлбөр 40 000 000 төгрөгийг 2014.04.07-ны өдрийн дотор, үлдэгдэл 40 000 000 төгрөгийг 2014.04.27-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон байна.

Гэрээний 2.6-д “А талын барьсан шугамнаас нэмж холболт авах тохиолдолд энэхүү жишгээр төлбөрийг төлж холбох зөвшөөрлийг авах бөгөөд нэмэлт гэрээ байгуулна” гэж заажээ. 

Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу А тал нь өөрийн хөрөнгөөр хийсэн орон сууцны гадна бохирын шугам сүлжээнээс Б талд холболт хийлгэх, зөвшөөрөл өгөх үүргийг, харин Б тал нь төлбөр төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн байна.

Талуудын хооронд үйлдсэн 2014.10.13-ны өдрийн хамтын ажиллагааны протоколоор хариуцагч “Хөрш заанууд” ХХК нь гэрээний үүрэг 80 000 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн, “Орчлон констракшн” ХХК нь гэрээний 2.4-т заасан хугацаа хэтрүүлсэний алданги тооцохгүй, харин “Хөрш заанууд” ХХК нь өөрийн барьж буй барилгын урд баригдах Таунхаус болон үргэлжлүүлэн барих барилгуудыг уг шугаманд холбуулах тохиолдолд тусгайлсан гэрээ байгуулах, өөрийн холбогдсон шугамнаас А талын зөвшөөрөлгүйгээр 3-дагч этгээдийг болон өөр барилгыг нэмж холбохгүй байх үүргийг хүлээжээ.

Хариуцагч “Хөрш заанууд” ХХК нь өөрийн барьсан Таунхаус хотхоны барилгуудыг бохирын шугаманд холбосноос талуудын хооронд маргаан үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Гэтэл “Орчлон констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн, “Шинэ дүр төрх” хотхоны шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй  байна.

Хариуцагч талыг хамтран ажиллах гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 “Орчлон констракшн” ХХК-ийн 2014.10.13-ны өдрийн 01/473 тоотоор Ус сувгийн удирдах газарт явуулсан хүсэлтдээ “...эхний ээлжинд 2 ширхэг 9 давхар барилгыг “Шинэ дүр төрх” хотхоны гадна бохирын шугамд холбоход татгалзах зүйлгүй, энэ зөвшөөрөл нь урд талд баригдаж буй Таунхаус болон дараа дараагийн ээлжийн барилгуудад хамаарах болно” гэжээ.

Дараа нь “Орчлон констракшн” ХХК-ийн ажилтны анхаарал болгоомжгүйгээс дээрх албан бичгийн агуулга алдагдсан болохыг мэдэгдэж, 2014.10.14-ний 01/478 тоотоор “энэ зөвшөөрөл нь урд талд баригдаж буй Таунхаус болон дараа дараагийн ээлжийн барилгуудад хамаарахгүй болно” гэж өөрчилсөнийг нэхэмжлэгч талаас 2014.10.14-ний 01/479, 01/480 тоотуудаар “Хөрш заанууд” ХХК болон Ус сувгийн удирдах газарт тус тус хүргүүлсэн байна.

Гэвч хариуцагч тал гэрээний 2.6-д зааснаар А талын барьсан шугамнаас нэмж холболт аваагүй гэж тайлбарладаг бөгөөд “Орчлон констракшн” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулах, зөвшөөрөл авах шаардлагагүй гэж маргажээ. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар “шугам сүлжээ” гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг ойлгох бөгөөд мөн хуулийн 15 дугаар  зүйлийн  15.1.10 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй байна.

Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт зааснаар “Орчлон констракшн” ХХК, “Хөрш заанууд” ХХК-иуд нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хуулийн этгээд “хэрэглэгч” бөгөөд нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй, заавал “Орчлон констракшн” ХХК-иас зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас 2014.10.23-ны 2/2412 тоотоор нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар  зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал өөрөөр хэлбэл зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болохоор байна.

Гэтэл “Хөрш заанууд” ХХК газар эзэмших эрхтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан  нь  хуулийн  үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар “Хөрш заанууд” ХХК-д холбогдох хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөвшөөрөлгүйгээр хийсэн шугам сүлжээний холболтыг салгахыг даалгахыг хүссэн “Орчлон констракшн” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “Орчлон констракшн” ХХК-д холбогдох өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт байгаа “Орчлон констракшн” ХХК-ийн бохирын шугам болон “Шинэ дүр төрх” хотхоны хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах, газар ашигласаны төлбөр, газраа ашиглах боломжгүй болгосны хохиролд нийтдээ 100 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Хөрш заанууд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар  зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөг, хариуцагчийн төлсөн  нийт 728 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ