Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ201/01139

 

“З” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1148 дугаар магадлалтай,

           “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Ж.Ад холбогдох,          

        Үндсэн нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах,  4.143.050 төгрөг гаргуулах тухай үндсэн,

           Сөрөг нэхэмжлэл: 10 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагчийн төлөөлөгч О.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Атай 2015-01-07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах С-235-010902 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Ж.А гэрээний 2.2-т заасан ёсоор  2015-02-01 -ний өдөр үнийн дүнгийн 30 хувь болох 62 145 750 төгрөг, 2015-03-01-ний өдөр үнийн дүнгийн 70 хувь болох 145 006 750 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Төлбөрөө  төлөхийг амаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдэж, үүргээ биелүүлэхгүй бол гэрээнээс татгалзах, цуцлах талаар мэдэгдсэн боловч сунжруулсаар 1 жил 9 сар болсон. Иймд Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг манай компанийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн Ж.Атай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнээс татгалзсанаас үүдэн байрыг бусдад зарж борлуулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.5-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар татвар төлнө гэж заасны дагуу өөр этгээдэд тус орон сууцыг худалдан борлуулсны 2 хувийн татвар буюу 4 143 050 төгрөгийг татварт төлөх үүргийг хүлээж байх тул З ХХК-д 4 143 050 төгрөгийн хохирол үүсээд байна. Энэ мөнгийг  Ж.Агаас шаардаж байна. Иймд хариуцагчаас 4 143 050 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн  нэр дээр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Ж.Ад даалгаж өгнө үү гэжээ. /хх1,57/       

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банкны зээл хөөцөлдөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Агийн нэр дээр гаргасан байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2015-01-07 -ны өдөр байгуулаагүй, 2015 оны 10 сард гэрээ байгуулсан.  Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгааг мөн хариуцагчийн нэр дээр  бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З ХХК-ийн нэр дээр шилжүүлэх   шаардлагыг  зөвшөөрч байна. Харин  4 143 050 төгрөг гаргуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.А нь 7 725 000 төгрөгийн гал тогооны тавилга болон кордорын шкаф захиалан хийлгэсэн. Гал тогооны тавилга нь хананаас нь салгаж болохгүй тэнд нь үлдээх болж байна. Үүдний өрөөний ханын шкафыг салгаж болох байх. Иймд нэхэмжлэгчийн 4 143 050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу 2016-03-25 ны өдөр 6 сая төгрөг, 2016-06-07-ны өдөр 4 сая төгрөг, нийт 10 сая төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд 10 сая төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 10 сая төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй. Ж.А нь урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул гүйцэтгэх захирлын 15/01-02 дугаартай 2015-01-05-ны өдрийн тушаалаар батлагдсан үнийн дагуу Ж.Агийн амьдарч байсан хугацаагаар урьдчилгаа 10 сая төгрөгийг  нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж түрээсийн төлбөрт тооцон авсан. Гэрээний 5.11-д захиалагч байрны үлдэгдэл төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд дараагийн сараас эхлэн ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасныг тооцож үзэхэд нийт 27 262 543 төгрөг болно. Гэрээний 7.3-т 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган авах эрхийг эдэлж болохоор заасан байна.  10 сая төгрөг нь гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол гэж үзэж байна. Иймд  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т тус тус заасныг баримтлан Ж.Ад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 22 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч З ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлээс 4 143 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, З ХХК-иас 10 сая төгрөг гаргуулж  Ж.Ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 368 700 төгрөгийг, хариуцагчаас  төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Агаас 1 193 750 төгрөг гаргуулж З ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 174 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.   

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 15-ны өдрийн 1148 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч  хяналтын  гомдолдоо:  Зохигчид 2015-01-07 -ны өдөр С-23 5-010902 дугаар “Захиалгаар орон сууц барих гэрээ” байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар Ж.А  орон сууцны төлбөрийг 2015-02-01-ний өдөр  62.145.750 төгрөг  төлөх үүрэг  хүлээсэн гэтэл тус төлбөрийг төлөөгүй хугацаа алдаж, нэхэмжлэгч  шаардсаны үндсэн дээр Ж.А 10 сая төгрөгийг 2 хувааж төлсөн. Хугацааг сунгаж 2016-08-23 -ны өдрийг хүртэл харсан. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 225.1-д “ ...үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, үүнийг зөвшөөрч Ж.А нь үл хөдлөх эд хөрөнгөө 2016.08.23-нд буцааж өгч баримт үйлдсэн байдаг нь хэрэгт авагдсан байна. Гэтэл магадлалд 10 сая төгрөгийг  хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэжээ.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тогтоолгүй хариуцагч Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу татгалзаж байгаа бол төлсөн 10 сая төгрөгөө буцааж авъя гэдэг сөрөг нэхэмжлэлийг урьтал болгон  өгсөн авснаа буцааж өг гэсэн нь буруу.  Шүүх Иргэний хуулийн 227.1-г буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч  10 сая төгрөгийг хохирол гэж тооцон буцааж өгөхгүй гэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлээр нэхэмжлэгч талын дээрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байна. Үүнд: Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс түүнд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ алдахгүй байх, харин ч эдгээр эрхээ /гэрээнээс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах/ хоёуланг хамтад нь эдлэх боломжтой буюу Иргэний хуулийн 227.1 дэх хэсгээр үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээс гадна үүрэг гүйцэтгээгүйгээс түүнд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 227.3-т зааснаар төлүүлэхээр нарийвчлан заасан үүрэг зөрчсөнтэй холбоотой үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхэд үйлчилнэ. Энэ хохиролд Иргэний хуулийн 229.1-д зааснаар “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу Ж.Атай байгуулсан гэрээний дагуу төлөөгүй үлдсэн 52.145.750 төгрөгийг нэхэмжлэх эсвэл гэрээний 5.11, болон 7.3-т заасан торгууль, алданги болох 27.262.543 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж үзэж нэмж нэхэмжлэх боломжтой  ч 10 сая төгрөгийг хохиролд тооцож авч үлдэх ашиг сонирхолтой байсан. шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ шийдвэрээр бол Ж.А нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагагүй, буюу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “З" ХХК ямар нэгэн шаардах эрхгүй болж, гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс үүсэх хохирлыг нэхэмжлэх боломжгүй болгож нэхэмжлэгч талын шаардах эрхийг ноцтой зөрчин хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   “З” ХХК 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Ж.Ад холбогдуулан  нэхэмжлэл гаргаж,  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 22 тоот, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг  даалгах, 4.143.050 төгрөг гаргуулах шаардлага тавьсан бөгөөд  үндэслэлээ “...  2015-01-07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах С-235-010902 дугаар гэрээний дагуу хариуцагч 2015-03-01-ний өдрийн дотор нийт 207.152.500 төгрөг төлөх байсан ч 10.000.000  төгрөг л төлсөн... гэрээнээс татгалзаж байраа буцааж  авна... одоо орон сууцыг бусдад  борлуулахад  2 хувийн татвар төлөх болно иймд 4.143.050 төгрөгөөр хохирч байна ...” гэж тайлбарласан байна.

        Хариуцагч нэхэмжлэгчид 4.143.050 төгрөг  төлөхийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, гэрээний дагуу төлсөн 10.000.000 төгрөгөө буцааж шаарджээ. 

         Анхан шатны шүүх “орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг” З ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

        Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Талууд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С-235-010902 дугаартай гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 22 тоот, 3 өрөө орон сууцыг хариуцагчид худалдах, Ж.А нь 2015-03-01-ний өдрийн дотор нийт 207.152.500 төгрөгийг 2 хувааж төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн, хариуцагч үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 197.12.500 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ.

         Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Ж.А орон сууцны үнийг бүрэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөхийг зөвшөөрсөн, энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 205, 227-р зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

       “З” ХХК нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг “... орон сууцыг бусдад  борлуулахад  2 хувийн татвар буюу 4.143.050 төгрөг төлөх болно...” гэж шаардсныг хангах боломжгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

        Харин  шийдвэр,  магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

        “З” ХХК нь орон сууцыг буцааж авахыг хүссэн байх бөгөөд энэ нь өмчлөх эрхийг шилжүүлэх хэлбэрээр биелэгдэх боломжтой, үүнийг хариуцагч татгалзаагүй байхад шүүх энэ талаар шийдвэр гаргаагүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй байна.    

          Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай  хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд өөрчлөх, шилжүүлэх боломж бүрдэх юм.  

         Түүнчлэн, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг шийдвэрлэхэд Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлаггүй гэж үзлээ

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1148 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00867 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...9 дүгээр зүйлийн 9.4.3...” гэснийг хасаж,  “...гэрчилгээг...” гэснийг “...эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээг ...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг  баримтлан нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ