Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00961

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00961

 

 

2024 05 06 210/МА2024/00961

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00718 дугаар шийдвэртэй,

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

 

Данснаас хасалт хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн ******* шийдвэрээр ******* ХХК-аас 27,059,283 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Уг төлбөрөөр *******гаас чацарганы суулгац авч тариалалтын үйл ажиллагаа явуулсан ч амжилтгүй болсон учир төлбөрөө төлж чадаагүй бөгөөд ******* ХХК нь сүүлийн 10-аад жил үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн хөрөнгөгүй.

1.2. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК-ийн төлбөрийг хувьцаа эзэмшигч Д.Г-оос гаргуулахаар дансыг нь битүүмжлэн хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ******* ХХК болон хувьцаа эзэмшигч Д.Г-ийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг арилжааны банкуудад үүрэг болгохдоо уг тогтоолыг Д.Г-т танилцуулаагүй, тайлбар аваагүй. Харин шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор зөвхөн ******* ХХК-ийн дансыг битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгаж өмнөх хууль бус үйлдлээ зөвтгөсөн.

Шүүхийн шийдвэрт хувьцаа эзэмшигч Д.Г-оос төлбөр гаргуулахаар заагаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэхээр байхад шийдвэр гүйцэтгэгч нь Д.Г-ийн данснаас төлбөр гаргуулж эрх мэдлээ хэтрүүлсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийн хөрөнгө нь ******* ХХК-ийн хөрөнгөтэй холилдсон зүйл байхгүй. Тэрээр Төрийн банкнаас авсан зээлээ төлөхөөр ******* ББСБ ХХК-аас зээл авсныг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль бусаар битүүмжилж 25,407,713 төгрөгийг татан авсан. Төлбөр авагч *******гаас 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 01/1016 дугаар албан бичгээр тус санд өр төлбөр, шүүхийн шийдвэргүй Д.Г-ийн дансыг нээж өгөх хүсэлтийг НШШГГ-т гаргасан нь дээрх хууль бус үйл ажиллагааг нотолж байна. НШШГГ-т өмгөөлөгчөөрөө дамжуулан хандаж данс битүүмжилж татан авсан 25,407,713 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан ч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г-ийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэрээр ******* ХХК-аас 27,059,283 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн тул 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 18250467 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон. Иймд ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 3/9196 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

2.2. Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хувьцаа эзэмшигч Д.Г-ийн арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн ба 2021 оны 06 сарын 16-ны өдөр Д.Г-ийн харилцах данснаас төлбөрийн 27,059,283 төгрөгийн хэмжээгээр тус газрын дансанд татагдсан. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн арилжааны банкууд дах дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх хуульд нийцсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нэхэмжлэгч Д.Г-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Э-гийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г-ийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, уг ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

Төлбөр төлөгч "*******" ХХК нь 27,059,283 төгрөгийг *******д төлөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 03 сарын 22-ны өдөр үүсгэсэн ч тус компани хөрөнгөгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон. Иймд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 3/9196 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

Улмаар арилжааны банк дахь Д.Г-ийн харилцах дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд 2021 оны 06 сарын 16-ны өдөр Д.Г-ийн харилцах данснаас төлбөрийн 27,059,283 төгрөгийн хэмжээгээр тус газрын дансанд татагдсан. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ ******* ХХК биелүүлээгүй тул дээрх хуульд заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан данснаас хасалт хийх ажиллагааг хууль бусаар явуулсныг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхээс төлбөр төлөгч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г-оос тус компанийн төлбөрийг гаргуулж болох эсэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж чадаагүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардсан баримтыг гаргаж өгөөгүйг, тус компани болон хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хоорондоо тодорхой зааглагдаагүй, түүнчлэн үйл ажиллагаа нь харилцан хамааралгүй гэж маргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүйг шүүх анхаараагүй байна.

Иймээс төлбөр төлөгч ******* ХХК-д оруулсан хувьцаа эзэмшигч Д.Г-ийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүйг хариуцагч тогтоохгүйгээр түүнээс төлбөр гаргуулж ******* ХХК-ийн төлбөрийг барагдуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, нэхэмжлэгчийн болон төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зааглагдаагүй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч хуулийн этгээд шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах хөрөнгөгүй нь тогтоогдсон нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөрийг албадан гаргуулж шүүхийн шийдвэрийг биелүүлж болохыг хуульчилжээ.

Ийнхүү хуульд заасан үндэслэлээр хариуцагч нь төлбөр төлөгч ******* ХХК-ийн төлбөрийг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г-оос гаргуулах боломжтой эсэхийг тогтоох ажиллагаа явуулсныг дор дурдсанаар хууль бус гэж үзэхгүй.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

5.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 27,059,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны *******д олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 03 сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г- бөгөөд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар Д.Г- нь ******* ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцох этгээд байна. /хх 46-48/

5.2. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч ******* ХХК-ийн эд хөрөнгийг олж тогтоох, хөрөнгийн байдлыг тодорхойлох ажиллагааг мөн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар явуулахад ******* ХХК нь эд хөрөнгөгүй буюу гаалийн хилээр бүрдүүлэлт хийж байгаагүй, газрын мэдээллийн санд эзэмших, ашиглах эрхтэй газар бүртгэгдээгүй зэргийг тогтоосон тухай баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн. Иймээс төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүрэлцэхүйц хөрөнгөгүй нь тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

5.3. Хариуцагч нь 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 4/6168 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Татварын хэлтсээс ******* ХХК-ийн үйл ажиллагааны болон татварын тайлагналын мэдээллийг, 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 3/9196 тоот мэдэгдлээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г-оос ******* ХХК-ийн татварын болон санхүүгийн тайлан, арилжааны банкууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг 2010-2018 оны байдлаар ирүүлэхийг тус тус мэдэгдэж, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. /хх 60, 62-63/

 

5.4. Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийг төлөөлж өмгөөлөгч К.Жархынбек 2021 оны 08 сарын 02-ны өдөр хариуцагчийн үйл ажиллагаанд ...******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон, сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулаагүй, тус компани ямар нэгэн хөрөнгөгүй, Д.Г-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа ******* ХХК-ийн төлбөрт 25,407,713 төгрөгийг түүний данснаас татан авсан ажиллагаа хууль бус, ******* ХХК-ийн хөрөнгө Д.Г-ийн хөрөнгөтэй холилдоогүй... гэсэн агуулгаар гомдол гаргасанд хариуцагч 2021 оны 08 сарын 12-ны өдрийн *******албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ. /хх 68-69/

 

5.5. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т Албан татвар төлөгч татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж тус тус зааснаар ******* ХХК нь татварын тайлангаа жил бүр гаргаж, харьяалах татварын байгууллагад хүргүүлж байх үүрэгтэй ба Татварын ерөнхий газрын 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 06/2413 тоот албан бичигт ******* ХХК нь 2010-2013 оны хооронд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг Х-ээр буюу үйл ажиллагаа явуулаагүй гэж ирүүлсэн гэжээ.

 

5.6. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэрээс үзэхэд, ******* ХХК нь Г- аймгийн С- суманд жимс, хүнсний ногоо тариалах зорилгоор *******гаас 2010 онд 5,500,000 төгрөгийн, 2011 онд 3,850,000 төгрөгийн, 2012 онд 7,200,000 төгрөгийн, нийт 16,550,000 төгрөгийн чацарганы суулгацыг зээлээр, мөн сангаас 2010 онд 15,269,400 төгрөгийн үнэ бүхий жижиг трактор, мөн 10,649,400 төгрөгийн үнэ бүхий төмсний иж бүрдэл, нийт 25,918,800 төгрөгийн эд хөрөнгийг тус тус зээлээр худалдан авсан байна. /хх 44-45, 134/

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч ******* ХХК нь 2010-2012 оны хооронд жимс, хүнсний ногоо тариалах зорилгоор *******гаас нийт 42,468,800 төгрөгийн эд хөрөнгийг компанийн нэрээр зээлээр худалдан авсан ч уг эд хөрөнгийг компанийн балансад тусгаж, зохих санхүүгийн тайлан гаргасан эсэх нь тодорхойгүй бөгөөд 2010-2012 оны хооронд дээрх аж ахуйн үйл ажиллагааг явуулсан тухай тайланг татварын байгууллагад гаргаагүй байна.

Энэ тохиолдолд дээрх үнэ бүхий хөрөнгийг өмчилж, захиран зарцуулсан болон компани үйл ажиллагаа явуулсан эсэхийн үр дагавар компанийн хувьцаа эзэмшигч Д.Г-т үүсэх учир Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч Д.Г-, ******* ХХК нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, түүнчлэн үйл ажиллагаа нь тодорхой зааглагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс нэхэмжлэгч Д.Г-ийн эд хөрөнгө, эрх тодорхой зааглагдсан эсэх, компани болон хувьцаа эзэмшигчийн үйл ажиллагаа холилдсон эсэхийг тогтоох зорилготой явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар цугларсан баримтыг шүүх үнэлэлгүй, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

 

7. Иймд хувьцаа эзэмшигч Д.Г- нь Компанийн тухай хуульд зааснаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг хувийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцна. Энэ үндэслэлээр хариуцагч НШШГГ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Г-ийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж, уг данснаас шүүхийн шийдвэрт заасан 27,059,283 төгрөгийн төлбөрийг 2021 оны 06 сарын 16-ны өдөр татан авч төлбөрийг барагдуулсан нь үндэслэлтэй, улмаар 2021 оны 10 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасантай нийцсэн гэж үзнэ. /хх 64-70/

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ