Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00995

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00995

 

 

 

2024 05 10 210/МА2024/00995

 

Э.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01038 дугаар шийдвэртэй

Э.Х-гийн нэхэмжлэлтэй,  Д т ч-ХХК-д холбогдох,

Орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, 15,299,409 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн 54,599,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, А.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д т ч-ХХК-тай 2020 оны 06 сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******нд байх Д а-хотхоны С блок байрны -/--/ тоотын 76.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг автозогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Орон сууцны төлбөрт 76,131,000 төгрөг, дулаан зогсоолын төлбөрт 16,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Орон сууц захиалан бариулах гэрээний 4.1-д зааснаар хариуцагч нь барилгыг 2021 оны 2 улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд надтай байгуулсан гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр түлхүүрийг гардуулж өгөөгүй.

1.2. Хариуцагч нь худалдан авахаар гэрээнд заасан орон сууцыг худалдахаар зар сурталчилгаа явуулж байсныг олж мэдсэн учир орон сууцаа алдахгүйн тулд орж суусан. Мөн автозогсоолын байршлыг хариуцагч нь Э.Х-д тодорхой зааж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс орон сууц, автозогсоолын төлбөрийг 100 хувь төлсөн учир гэрээний дагуу шаардлагаа гаргаж байна.

1.3. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хууль зүйн туслалцаа авахад 12,600,000 төгрөгийн зардал гаргасан, мөн хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тул хэтэрсэн хугацааны алданги 2,699,409 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн *******, *******, *******, -- тоот 76.9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал, алдангид 15,299,409 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.4. Э.Х- нь худалдах, худалдан авах гэрээг цуцлаагүй, үндэслэлгүйгээр м.кв тутамд 710,000 төгрөг нэмэгдүүлж нийт 54,599,000 төгрөг шаардаж байгаа сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компаниас Э.Х-тай 2020 оны 06 сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******, Д а-хотхоны С блок байрны -/--/ тоот хаягтай 76.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг автозогсоолын хамт шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 92,131,000 төгрөг хүлээн авсан талаар маргахгүй.

2.2. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэж барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учир бидний зүгээс орон сууц захиалсан захиалагчидтай уулзаж, бараа материалын үнийн нэмэгдсэнтэй холбоотой орон сууцны захиалгын гэрээний үнэ нэмэгдэх болсныг танилцуулж, улмаар гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч зарим захиалагчид нэмэлт гэрээ байгуулаагүй ба бид санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул Хаан банк ХК-аас зээл авч орон сууцыг барьж дуусгасан. Э.Х-тай нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж чадаагүй учир гэрээнээс татгалзаж байгаагаа түүнд мэдэгдсэн.

2.3. Автозогсоолын хувьд гэрээнд хаана байрладаг, ямар хэмжээтэй талаар тодорхой заагаагүй учир ижил төрлийн автозогсоол өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан автозогсоолыг нийтийн эзэмшлийн талбайд хамруулсан, мөн гэрээнээс татгалзсан тул хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. Хэрэгт манай компанийн хууль бус үйлдэл гаргасан болон үүний улмаас нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад 12,600,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн баримтгүй, алдангийн хувьд нийтийг хамарсан хөл хорионы улмаас барилгын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон, үүнийг нотолсон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгт өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй. Манай компани барилгыг 2022 оны 07 сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба барьж дуусах үед 12,509,793,535 төгрөгийн өртөг гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 1 м.кв тутамд 710,000 төгрөгийн алдагдал хүлээсэн тул үүнийг нөхөх зорилгоор нэмэгдүүлж нэхэмжлэгчээс 54,599,000 төгрөг шаардаж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 54,599,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Х-г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******, -- тоот хаягт байрлах 76.9 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Д т ч-ХХК-д ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгч Э.Х-д хүлээлгэн өгөх, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,299,409 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Х-гаас 7,909,995 төгрөгийг гаргуулж хариуцагч Д т ч-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 46,689,005 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,011,003 төгрөг, хариуцагчийн төлсөн 430,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 618,605.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 141,510 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 7,909,995 төгрөг гаргуулсныг зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрт хариуцагч нь тухайн бизнесийн үйл ажиллагааны эрдлийг хариуцахыг, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т "...төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшаас 10-иас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно" гэж заасан. Энэхүү тохиролцооны урьдчилсан нөхцөл болох 10 хувиас дээш хэмжээгээр ханш өөрчлөгдсөн гэж үзэхэд аль төрлийн гадаад валюттай харьцах ханшийг гэрээнд тогтоосон нь ойлгомжтой байх ёстой ч энэ талаар гэрээгээр тохирсон зүйл байхгүй байх тул гадаад валюттай харьцах ханш 10 хувиас дээш хэмжээгээр нэмэгдсэн нь гэрээний үнийг нэг талын санаачилгаар шаардах эрхтэй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй...." гэж дүгнэсэн атлаа яагаад 20 хувь буюу 7,909,995 төгрөгийг гаргуулж байгаа нь ойлгомжгүй байна.

4.2. Хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан 12,600,000 төгрөгийн талаар: Д т ч-ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны болон автозогсоолыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой бусдад төлсөн зардал гэж үзэх хэдий ч хэрэгт энэ талаар баримт байхгүй гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хэрэгт хангалттай баримт байгаа бөгөөд хариуцагч талын буруутай үйлдлээс болж хууль зүйн мэдлэг дутмаг миний бие өмгөөлөгч авснаараа хохирох ёсгүй.

4.3. Худалдах, худалдан авах гэрээний 5.9.1-д "Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцон захиалагчид олгоно..." гэж заасан ба хариуцагч тохирсон хугацаанаас хойш 2 орон сууцыг 354 хоногийн дараа ашиглалтад оруулж, нэмж мөнгө өгөхгүй бол байранд оруулахгүй гэж дарамталж байсан. Гэтэл шүүх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчээс 7,909,995 төгрөгийг хариуцагчид олгуулж шийдвэрлэсэн атлаа, гэрээнд заасны дагуу 354 хоногийн хугацаа хэтэрсний алданги 2,699,409 төгрөгийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрээс 7,909,995 төгрөгийг нэхэмжлэгч Э.Х-гаас гаргуулсныг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 15,299,409 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал өмгөөлөгчийн зардал гаргуулах тухай шаардлагаа нотолж чадаагүй, мөн давагдашгүй хүчин зүйл бий болсон тул талуудын хэн аль нь хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх автозогсоолын байршлын талаар зохигчид тухайлан тохироогүй, автозогсоолын байршлыг тодорхойлох зураг хэрэгт байхгүй талаар дүгнэлт хийж "Д т ч-ХХК-нд ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгч Э.Х-д шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй илтэд үндэслэл муутай болжээ.

Учир нь шүүх хуралдаанд хариуцагч талаас барилгын зураг, төсөвт өөрчлөлтүүд орсноор захиалагчийн захиалсан гэх автозогсоол нийтийн эзэмшлийн талбай болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, автозогсоолын үнэд төлсөн 16,000,000 төгрөгийг буцааж төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Захиалагчийн хүсэл зориг нь өөрийн захиалсан орон сууцны доор автозогсоолын гэрчилгээ гаргуулахыг хүсэж байгаа тохиолдолд /хэдэн м.кв талбайтай болох, байршил нь тодорхойгүй/ хариуцагч талаас түүнд ижил нэр төрлийн автозогсоол хүлээлгэн өгөх боломжгүй төдийгүй анхан шатны шүүх "хариуцагчийг 109 автозогсоол ашиглалтад оруулсан, эдгээр автозогсоолыг бусдад худалдан борлуулсан гэсэн нь тайлбараа баримтаар нотлоогүй" гэж нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлж үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагчийн нэр дээр дулаан зогсоолын зориулалттай эд хөрөнгө байхгүй тухай УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг анхан шатны шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан байсныг үнэлээгүй байна.

6.2. Хариуцагчаас гэрээ байгуулагдсан нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр харилцан тооцуулахаар зөрүү үнэ 54,599,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ баримтанд тулгуурлаагүй байх тул гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэнийг үндэслэлтэй дүгнэсэн боловч /энэ талаарх нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан/ энэ тохиолдолд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийг ихэнх хувийг гүйцэтгэгч хариуцах нь аж ахуйн үйл ажиллагааны зарчимд нийцнэ гэж алдагдлын 80 хувийг гүйцэтгэгч, 20 хувийг нэхэмжлэгч хариуцна гэж 7,909,995 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээс хангасныг зөвшөөрөхгүй. Давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдал гэрээ байгуулсан талуудын хэн алинаас үл хамааран бий болсон ба энэ тохиолдолд хэн аль нь гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

Хариуцагч Д т ч-ХХК нь дээрх нөхцөл байдал бий болсон ч гэсэн алдагдлаа өөрөө хариуцаж барилгад хэрэглэгдэх гол нэрийн материалыг дотоодын зах зээл дээрээс өндөр үнээр худалдан авч барилгыг ажлыг хийж гүйцэтгэсэн ба аргагүйн эрхэнд Хаан банкнаас өндөр дүнтэй зээл авч, орон сууцыг барьцаанд байршуулж барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэн байнгын ашиглалтанд оруулж одоог хүртэл уг зээлд хүүг төлж хариуцлагаа хүлээж байгаа ба илүү их алдагдал хүлээхгүйн тулд гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талдаа мэдэгдсэн. Нөгөө тал гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзсан ба гэрээнээс татгалзсаны дараа нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр бодит байдалд нэхэмжлэгчийн орон сууц нь 192,250,000 төгрөгийн үнийн дүнд хаан банкны барьцаанд байгаа ба энэ тухай нотлох баримтыг хариуцагч талаас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр тус орон сууцны үнийг 134,575,000 төгрөгт тооцсон буюу хариуцагч нь 57,675,000 төгрөгийн эрсдлийг нэгэнт хүлээсэн талаарх нотлох баримт байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтын талаар дурдаагүй, ямар нэг дүгнэлт өгөөгүй байна.

Бодит байдалд захиалагч гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авсан бол манай компани захиалагчийн захиалсан орон сууцыг зах зээлийн үнээр бусадад худалдан борлуулж алдагдалаа нөхөх боломж бүрдэх байсан. Гэтэл энэ нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагч нь нэгэнт эрсдлээ хүлээсэн байхад гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алдагдалын 20 хувийг захиалагчид хариуцуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангахгүй орхисон хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч хариуцагчтай итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулсан. Талуудын хэн аль нь ковидын нөхцөл байдал үүсэх талаар тооцоолоогүй. Хариуцагч компани бусад барилгын компаниудыг бодвол арай өөр нөхцөл амласан байсан тул гэрээ байгуулсан. Манайхыг 100 хувь төлбөрөө төлөх юм бол барилгын ажил эхлэх гэж байна гэсээр байгаад төлбөрийг бүрэн төлүүлсэн. Ажлын зураг төсөл бүх зүйл хавсрагдсан байх ёстой гэж гэрээнд заагдсан. Авто зогсоол дээр тусдаа гэрээ байхгүй, орон сууцны гэрээндээ тусгасан. Хариуцагч тал нэхэмжлэгчийн мэдэхгүй байдлыг ашиглаж гэрээ байгуулсан. Надад тухайн үед ...танайх байрныхаа эсрэг талын байрны доод талд авто зогсоолтой гэж хэлээд гэрээ байгуулсан. Энэ зураг төсөл өөрчлөгдсөн талаар яагаад захиалагчдаа мэдэгдээгүй юм бэ, барилга бариад дуусаад, хүлээлгэж өгөх болоход авто зогсоол байхгүй талаар мэдэгдсэн. Авто зогсоолын төлбөрт 16,000,000 төгрөг төлсөн байхад яагаад байхгүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Худалдан борлуулах алба үүссэний дараа ижил төстэй авто зогсоолын үнийг асуухад 18 м.кв авто зогсоол 40,000,000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Иймээс манайх авто зогсоолоо авах ёстой гэж үзэж байна. Учир нь бид нар анхнаасаа 100 хувь төлбөрөө төлсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч Д т ч-ХХК-д холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 12,600,000 төгрөг, алданги 2,699,409 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 54,599,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, татгалзалд дурдсанаар талууд анх  автозогсоолын хэмжээ, байршлыг гэрээндээ тодорхой заагаагүй, уг автозогсоолтой ижил нэр, төрлийн автозогсоол хариуцагчид бодитой байгааг тодруулж, тогтоохгүйгээр хариуцагчаас автозогсоолтой ижил, нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай учир хариуцагч Д т ч-ХХК-аас автозогсоолыг биет байдлаар гаргуулах шүүхийн шийдвэр бодитой биелэгдэхүйц буюу гаргуулах автозогсоолын байршил, хэмжээг шийдвэрт тодорхой заасан байх учиртай. Гэтэл хариуцагчаас шаардаж буй  автозогсоол нь хариуцагчийн барьж буй барилгын аль хэсэгт оршдог буюу байршлын ашигт байдал, хэдэн м.кв талбайтай болохыг нэхэмжлэгч тодорхойлоогүй, талуудын хооронд 2020 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээнд энэ талаар тусгагдаагүйг шүүх анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авсан бол энэ талаар тодруулах ажиллагааг явуулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай. Энэ үүргээ анхан шатны шүүх биелүүлэлгүй хариуцагчаас тодорхой бус байдлаар автозогсоолыг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзнэ.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Гэвч уг үнийн зөрүү 39,549,977 төгрөг болохыг шүүх тогтоож, улмаар зөрүү үнийн 20 хувь болох 7,909,995 төгрөгийг нэхэмжлэгч, 80 хувь болох 31,639,982 төгрөгийг хариуцагч хариуцах үүргийг хуваарилж, нэхэмжлэгчээс 7,909,995 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй, ямар тодорхой аргачлалаар ийнхүү гэрээний үүргийг 20/80 хувиар тооцон хуваарилсан, нэхэмжлэгч Э.Х-гаас 7,909,995 төгрөг гаргуулан хариуцагч Д т ч-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, тодорхой бус нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчийг чиглүүлэн мэтгэлцүүлэх болон нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх уг ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүх хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/01038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Х-гийн төлсөн 273,997 төгрөг, хариуцагч Д т ч-ХХК-ийн төлсөн 629,346 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ