Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 290

 

Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 736 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох эрүүгийн 1709017660141 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “НТС” ХХК-ний “Өргөө-3” кинотеатрт нярав ажилтай байсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Б овогт Б-ын Г.

Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “НТС”ХХК-ний Өргөө-3 кино театрын нярваар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр касснаас 10,500,000 төгрөгийг дансанд тушаана гэж албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-ийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 736 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хоёр шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг буруу хэрэглэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн тул хяналтын гомдол гаргаж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор тухайн үеийн Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийг тайлбарласан тайлбарт зааснаар “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ.

Б.Г нь “НТС ”ХХК-ийн “Өргөө-3” кино театрт нярваар ажиллаж байгаад тус компаний гүйцэтгэх захирал О.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар түүний нярваар ажиллаж байсан гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж “С” ХХК руу шилжүүлсүгэй гэсэн тушаалаар тухайн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан ба тухайн гэмт хэрэг үйлдэгддэг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ямар нэг албан тушаалтан бус өөрийн хариуцаж байсан эд зүйлсээ хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулахаар ирсэн иргэн байсан. Түүнээс ажлаас чөлөөлөх тушаал гараад 11 хоног өнгөрсөн байсан, тухайн тушаал гарснаас хойш ажлаа хийхгүй байж байгаад тухайн өдөр ирсэн буюу байгууллага болон Б.Г нарын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байсан нь тухайн тушаал гарсан өдрөөс хойш түүний цалин хөлс бодогдоогүйгээр тодорхой харагдаж байгаа юм.

Хэдийгээр байгууллагын мөнгийг завшсан хэргийн гэм буруу дээр маргадаггүй боловч түүний өмгөөлөгчийн хувьд хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэн Эрүүгийн хуулийн 17.4    дүгээр зүйлийн 2.1-д заасан завших гэмт хэргийг үйлдэхдээ “албан тушаалын байдлаа ашигласан” гэж хүндрүүлж зүйлчилж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль....-д заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна. Мөн хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж заажээ. Албан тушаалын байдал гэдэг ухагдахууныг тайлбарлахын тулд “Албан тушаалтан” гэдэг тодорхойлолтыг тодруулах шаардлага зайлшгүй бий болж байна. Хуулийг тайлбарлахад тухайн хуулийн нэр томьёог агуулгаар нь тайлбарлах тохиолдол байдаг.

Монгол Улсын хуулиудад албан тушаалтан гэх тодорхойлолт байхгүй боловч Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл Нэр томьёоны тодорхойлолтод “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжийг хангахын тулд Б.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед албан тушаалтан байх ёстой. Албан тушаалтан гэж эрх бүхий байгууллага, эсхүл албан тушаалтны тушаал, шийдвэрийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн үр дагавар үүссэн буюу тушаалаар томилогдсон хүн байх ёстой. Гэтэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар уг хэрэг үйлдэгдсэн өдрөөс 13 хоногийн өмнө нярваар ажиллах гэрээг цуцалсан тушаалыг үнэлээгүй нь хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн үзэж  байна.

Мөн дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн тогтоолуудтай танилцаж судалгаа хийхэд дандаа албан тушаалаа хашиж байхдаа завшсан үйлдлүүдийг энэ гэмт хэрэгт хамааруулж шийдвэрлэсэн байна. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэхэд Б.Г нь “НТС”ХХК-д ямар ч хамааралгүй хүн буюу дараагийн хүнд ажлаа хүлээлгэж өгөхөөр ирсэн хүн юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “Гэм буруугүйд тооцох” зарчимд "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул хэргийн зүйлчлэлийг бодит баримтад нийцсэн байдлаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байгаа ба ялын хэмжээ нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх гэмт хэрэг юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байхад түүнийг яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, хэргийн үйл баримт хангалттай бүрэн тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Г-ийг “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлийн нэг төрлийн хувьд хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл ажиллагааны үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлагын асуудал үүсэхгүй билээ.

Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж гэмт хэргийн субъектын үндсэн шинжүүдийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн шинжийг хэрхэн тодорхойлсноос хамаарч субъектын шинжийг нийтлэг ба нэмэгдэл гэж ангилдаг бол уг шинжээр нь гэмт хэргийг нийтлэг болон тусгай субъекттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг болно.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд субъектын нас, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тус тус тодорхойлсон нь субъектын нийтлэг шинжид хамаарах бол мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектын тусгай шинж гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нас, хэрэг хариуцах чадвар зэрэг гэмт хэргийн субъект бүрт байх нийтлэг шинжээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан субъектын онцлогийг илэрхийлсэн нэмэгдэл шинж нь субъектын тусгай шинж юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

Гэмт хэргийн субъектын тусгай шинжийг ихэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог бөгөөд эдгээрийг эрхэлж буй ажил, мэргэжлийн чиг үүрэг, төрийн албанд ажиллаж байгаа, цэргийн алба хаах үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тодорхой үүрэг хүлээсэн зэрэг шинжээр ангилж үздэг билээ.

Гэмт хэргийн субъектын нийтлэг болон тусгай шинжийг эргэлзээгүй тодорхойлох нь тэдгээрийн холбогдсон хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой болно.

“НТС”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/247-16 дугаар тушаалаар “Өргөө-3” кинотеатрт нярвын ажилд томилогдон ажиллаж байхдаа Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын бэлэн мөнгөний орлогоос 10,500,000 төгрөгийг завшсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Харин гэмт хэргийн субъектын тусгай шинжийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, үүнтэй холбоотойгоор хүндрүүлэн тогтоосон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял нь үндэслэл муутай болсон байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Учир нь хувийн өмчийн хуулийн этгээдийг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй, түүнчлэн санхүүгийн баримтанд 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй ажилтныг тухайн аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулан үзэх боломжгүй юм.

Тиймээс дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй буюу иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль тогтоомж, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нярвын ажлыг эрхлэн гүйцэтгэж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулсан бэлэн мөнгөнөөс завшсан Б.Г-ийн үйлдлийг хоёр шатны шүүхээс дээрх шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Харин “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/243-17 дугаар тушаалаар нярав Б.Г-дэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж, ажил хүлээлгэн өгөх хугацааг 2 өдрөөр тогтоосон боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ажлаа хүлээлгэн өгөөгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар түүнийг нярвын ажлаас халагдсан гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үүнтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Цогтгэрэл нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргах /хэргийн 1 дэх хавтас, 2 дахь тал/ болон уг тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар тогтоолоор хүчингүй болгох /хэргийн 1 дэх хавтас, 15-16 дахь тал/, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоол /хэргийн 1 дэх хавтас, 9 дэх тал/, уг ажиллагааг сэргээсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоол /хэргийн 1 дэх хавтас, 10 дахь тал/ тус тус гарах үед түүний хувьд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа болон уг хугацааг тоолох өөр журам тус тус үйлчилж байжээ.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэсэн заалт бүхий 1.5 дахь хэсэг нэмснээс гадна гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор өөрчилсөн болно.

Улсын дээд шүүхээс Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсөн бөгөөд уг зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялуудын доод, дээд хэмжээ нь дээр дурдсан мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийн заалтад хамаарч буйгаас гадна эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолыг мөн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор хүчингүй болгосноос хойш 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргах /хэргийн 1 дэх хавтас, 195-197 дахь тал/ хүртэл Б.Г-ийг яллагдагчаар татсан өөр тогтоол гараагүй байна.

Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш түүнийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар татах хүртэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 736 дугаар магадлалын Б.Г-д ял оногдуулсан болон эдлэх журмыг тогтоосон заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоос “нярвын ажлаас чөлөөлөгдсөн тул албан тушаалтан биш” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                     ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН