Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 208/МА2024/00023

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын **** дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

-Тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил тасалсан гэж 1 хоногийн цалин 53,176.86 төгрөгийг суутгасныг гаргуулах,

-2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалингаас 20 хувь хассаныг эргүүлэн гаргуулах,

-2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/110 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ЕБСургуулийн захирал ******* нь тус сургуульд томилогдон ирсэнээсээ хойш хамт олны уур амьсгалыг эвдэж, ажлын байрны дарамт үзүүлэх, хамт олныхоо санал шүүмжлэлийг хүлээж авдаггүй зөвхөн би гэсэн хандлагаар хандаж байдагт нь хамт олны зүгээс гомдолтой байдаг. Хамт олны захирлын зөвлөлийн хуралдаан дээр шүүмжлэлтэй хандлаа гэж надад дургүйцлээ илэрхийлдэг боловч би өөрийнхөө төлөө бус хамт олныхоо өмнөөс болон хүүхдийн төлөө дуу хоолойгоо үгээ илэрхийлэх эрхтэй гэж хэлсний учир ...намайг тэтгэвэр ч үгүй ажлаас зайлуулж чадна гэж заналхийлж эхэлсэн. Надад гаргасан алдаа байхгүй .Тэгтэл 2022 оны 12 сарын 21-ний өдөр Б/89 дугаартай захирлын тушаалаар ******* надад Сануулах арга хэмжээ авсан тухай тушаалыг энэ өдөр өгсөн. Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Үүнд:

1.2021-2022 оны хичээлийн жилд хөтөлбөр хэрэгжүүлээгүй нь багш нарын хангалттай дүн үзүүлээгүйд нөлөөлсөн байх магадлалтай гэжээ. Хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Сургалт орох боломжгүй. Ковид-ын нөхцөл байдалтай уялдуулан эхний 16-н долоо Хоногийн хичээл хоцрогдол арилгах чиглэлээр улс орон даяар зохион байгуулагдсан гэдгийг энэ хүн мэдэж байх ёстой.

2.Сургуулийн захирлын зөвшөөрөлгүй, хичээлийн цагаар боловсролын үйлчилгээ үзүүлэх сурагчдын эрхийг зөрчсөн гэжээ. Сургуулийн удирдлагын хувьд бүхий л төр, төсвийн байгууллагын албан хаагч нар нэгдсэн эмнэлгээс гаргаж өгсөн хуваарийн дагуу эрт илрүүлэгийн оношилгоонд орохоор явсан харин би хичээлийг зохицуулж, сурагчдыг харж үзлэгт явуулсан нь сургуулийн захиргаанаас зохион байгуулсан ажлыг намайг хийсэнгүй гэж буруутгаж бичиж байгааг ойлгохгүй байна.

...Ажил олгогчийн зүгээс тушаал дээр бичээд байгаа зүйл огтоос болоогүй тул надад үндэслэлгүй арга хэмжээ авсанд гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, намайг ажилласан байхад 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэг өдрийн цалин хасагдаж ирэхэд миний бие мэдэж яагаад цалин хасагдсан талаар захирал, нябо хоёртоо уулзаж асуухад бүртгэл хийгдээгүй байсан гэсэн шалтгаан хэлсэн. Иймээс миний бие үндэслэлгүйгээр нэг өдрийнхөө цалинг хассан тул энэ 53,176.86 төгрөгийг цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 27-нд 2022 оны 12 дугаар сарын 21-ний Б/89 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б/54 тоот илтэд хууль бус тушаалаар миний цалингаас 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах тушаал гаргасан. Энэхүү тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1.2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

2.Цалингаас 20 хувь хассаныг эргүүлж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус нэмэгдүүлж гаргаж байна гэжээ.

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуулийн захирал ******* нь надтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар миний хөдөлмөрлөх эрхэнд удаа дараа ноцтой халдаж, ямар ч үндэслэлгүй олон арга хэмжээ авсан. Би тухайн тушаал шийдвэрийг эс зөвшөөрч тухай бүрд нь шүүхэд өгч шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл энэ харилцаа улам даамжирсаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасныг би эс зөвшөөрч байна.

Сургуулийн захирал нь тушаалын үндэслэлдээ намайг багш ажилчидтай ёс зүйгүй харилцдаг, ажлын байрны дарамт үзүүлсэн гэж буруутгасан бөгөөд ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр нотлогдсон гэж үндэслэлгүй баримтуудыг дурджээ.

Миний асуудлаар ёс зүйн дэд хорооны болон бусад байгууллагын зүгээс ёс зүй зөрчсөн талаар нэг ч дүгнэлт гараагүй, манай сургуулийн ёс зүйн дэд хороо миний асуудлаар нэг ч удаа уулзалдаагүй, намайг тийм хуралд нэг ч оруулж байгаагүй, би ёс зүйн дэд хорооноос ямар дүгнэлт гарсныг мэдээгүй, надад огт танилцуулаагүй болно.

Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос багш сургуулийн удирдлагын хороонд асуудал гарсан байна гэж ажилтан, ажил олгогч хоёрт хоёуланд нь анхааруулсныг дурдаж байна. Нэхэмжлэгч ******* нь сургуулийн захирлаар томилогдсон цагаасаа хойш надад байнга ажлын байрны дарамт үзүүлж, надад ямар ч үндэслэлгүй олон арга хэмжээ авч тушаал гаргаж байсан. Иймд би доорхи нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага;

1. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж,

2. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож,

3. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. ...Миний бие тус сургуулийн захирлаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс томилогдсон бөгөөд ажлын эхний өдрөөс эхлээд л дунд, ахлах ангийн сургалтын менежер *******гийн зүгээс дарамт шахалт үзүүлж, хэл амаар удаа дараа доромжлон, сэтгэл зүйн стресс, дарамтад бүтэн жил ажилласан билээ. Тус сургуулийн сургалтын чанарын өсөлт, ЭЕШ-д бэлтгэсэн сурагчдын амжилт тогтмолжин, аймаг орон нутгийн ЕБС-уудаа манлайлан ажиллаж буй нь хариуцан ажиллаж буй сургалтын менежерийн сургалтын ажлын бодлого төлөвлөлт, хариуцлага, хичээл зүтгэлийн үр дүн гэж харж, олон жил сургалтын менежерээр ажилласан энэ хүнтэй хамтран ажиллахыг үнэхээр хичээж, алдаа дутагдал бүрийг нь тухайн үед нь өөрт нь хэлж, анхааруулж байсан боловч үр дүнгүй, алдаа дутагдлаа давтсаар байгаа нь багш, сурагчдад хохиролтой байгаа тул ажлын зөрчил, алдаа дутагдлыг нь харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн 8 үндэслэлээр нээлттэй сануулах арга хэмжээ авсан.

Хоёр: Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил тасалсан тул цалингаас 1 өдрийн цалин 53,176,86 төгрөгийг суутгасан болно.

Гурав. Нэхэмжлэгч ******* нь үргэлж хашигчан загнадаг, хэл амаар доромжилж сэтгэл зүйд нөлөөлдөг тухай гомдлыг бага ангийн сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, багш нараас ирүүлсэн. Тус гомдлыг хүлээн авч сургуулийн Ёс зүйн зөвлөлд шийдвэрлүүлэхээр тус тус шилжүүлсэн Ёс зүйн зөвлөлөөс ******* нь мэргэжлийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэсэн 05, 06 дугаартай дүгнэлтүүд гарсныг сургуулийн захирлын зүгээс сургалтын менежерийг өрөөндөө дуудан танилцуулсан. Мөн ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж сурагчдыг хохироож байгаа тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө, өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломж байгааг хүртэл амаар мэдэгдсэн. Хэдийгээр гаргасан зөрчил дутагдал их ч сургалтын менежер *******гийн олон жил ажилласан байдлыг нь харгалзан боломж олгож байсан боловч ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Өөрийн гаргасан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай / шинэчлэн найруулсан / хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежер *******д тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай хамт олны өмнө нээлттэй сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг, мөн сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 дугаартай үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг, мөн сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож, *******г уг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт нийт 6.810.047 төгрөгийг тус сургуулийн захиргаа / санхүүгээс /-наас гаргуулан олгож, *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ажилгүй байсан хугацааны хураамжийг нөхөн төлж, уг дэвтэрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч / захирал *******/ -д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, харицагчаас 70.200 төгрөг, мөн 6.810.047 төгрөгд ногдох тэмдэгтийн хураамж 123.911 төгрөг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 1-р шаардлага болох Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний ******* сургуулийн захирлын 2022 оны 1******* сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэхдээ ...тушаалд дурьдсан 8 үндэслэлээр буруутгаж, энэхүү зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа хэдий ч... дээрх зөрчлүүдийг сургуулийн захиргаа буюу ажил олгогчоос өөр байдлаар буюу байгууллагын дэргэдэх комисс зэрэг эрх бүхий этгээдээс албан ёсоор шалган тогтоосон зүйлгүй байна... гээд хэргийн 105-250-р талд авагдсан нотлох баримтуудыг ...хэрэгт ач холбогдол бүхий, хамааралтай биш... хэмээн үзсэн нь хэт өнгөц, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Тухайн 8 агуулга бүхий сахилгын зөрчлийн талаар нотлосон дээрх /хэргийн 105-250-р хуудас/ нотлох баримтууд нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдах дээд байгууллагаас өгсөн заавар зөвлөмж, үүрэг чиглэлийг баримтлаагүй алдаа дутагдал гаргасан хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа тасласан зэрэг сахилгын зөрчил гаргасан үйл баримтууд нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад байгууллагын дэргэдэх комисс зэрэг эрх бүхий байгууллагаас зөрчлийг шалган тогтоосон зүйлгүй байна гээд тухайн баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулж үнэлж, дүгнэлгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

2.Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болох захирлын 2023 оны 06-р сарын 26-ны өдрийн Б/54, 2023 оны 10-р сарын 09-ний өдрийн Б/110 тушаалуудад дурьдсанаар ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл нь тогтоогдож байгаа хэдий ч... дээрх зөрчил нь ноцтой зөрчил болж чадах эсэх талаар талууд гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй... тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна... хэмээн дүгнэж, шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэдийгээр хуульд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг хэмээн тусгасан боловч хэргийн бодит нөхцөл байдал нь ажилтан ажил олгогчтой байгуулах хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахаас санаатай зайлсхийсэн үйл баримт гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог.

Шүүх хуралдаанд гэрчийн өгсөн ******* багш хөдөлмөрийн гэрээг уншиж судлана гээд аваад явсан буцааж өгсөн зүйл байхгүй, Би 2-3 удаа шаардсан. Биеэрээ очсон, утсаар ч хэлсэн. Удаа дараа шаардахад янз бүрийн шалтаг хэлдэг байсан... гэх мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй юм. Эндээс ажилтаны өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн гэрээ баталгаажаагүй болох нь тогтоогдож байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлийн 42.2.7-д ажилтныг Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаварыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй хэмээн заасан ба нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл нь хуулинд заасан дээрх үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйлдэл юм.

Мөн нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан ба хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэдэг нь мөн хуулийн 4.1.15-д зааснаар ...ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар хяналтын доор тодорхой ажил үүргийг биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэжээ.

Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа буюу харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх тохиролцоо үүссэн гэж үзэх боломжтой. Харин анхан шатны шүүхээс дүгнэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, бодит үйл баримтанд тохирохгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 70 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагч талаас холбогдох бүхий л нотлох баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Багш *******д сануулах арга хэмжээ авахдаа холбогдох яам, төрийн сургуулиудын баримталдаг 2021-2022 оны хичээлийн жилийн мөрдөж байсан түр журам, удирдамж, Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байрны тодорхойлолт, албан бичиг баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Дээрээс нь гэрчүүдийн мэдүүлгийг баримт гэж үзэхгүй байгаад гайхаж байна. Тушаалдаа 8 төрлийн арга хэмжээ нь дандаа хүүхдийн эрх ашгийг хохироосон үйлдэл байгаа. Сургуулийн захирал нь сурагчдын, багш ажилчдын эрх ашгийг л хамгаалах ёстой.

Тэгэхэд 2021-2022 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд 16 долоо хоног туршид 5 хичээлийг огт хичээлийн хуваарьт тусгаагүй. Хөгжим, технологи, дүрслэх урлаг, эрүүл мэнд, мэдээлэл зүйн хичээл. Танхимын хуваарьт ч байхгүй, цахимын хуваарьт ч байхгүй. Энийг би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захирлаар томилогдож ирснийхээ дараа та яагаад хуваарьт тусгаагүй вэ гэж асуухад тэгээд яадаг юм. Энэ нь багш нарын гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж бодож байна. Хичээлийн 40 минут гэдэг бол багш хичээлийг минут, секунтээр нь төлөвлөж ордог. Хүүхдэд шинжлэх ухааны нарийн төвөгтэй, ойлголтын чадвар дадлыг суулгах гэж байгаа учраас багшийн хамгийн чухал хугацаа байдаг. Энийг дураар сургалтын менежерийн давуу эрхийг авч, өөрийнхөөрөө дур зоргоор авирлаж байгаа нь хууль журамд ерөөсөө нийцэхгүй. Боловсролын яамны мэдээллийн системд алдаа гаргадаг. Захирлын дэргэдэх зөвлөлд хоцорч ирдэг. Хичээл орж байгаа багшийг хурлын тэмдэглэл хөтлүүлнэ гэж хичээлийг нь тасдуулж орж ирсэн зэрэг нь

Хоёрдугаарт сахилгын нэг шийтгэлд давхардуулж арга хэмжээ авсан гэж шүүхийн шийдвэрт байж байгаа. Ямар ч нэг зөрчилд арга хэмжээ давхардуулж аваагүй. 89 дүгээр тушаалд 8 зөрчилд нь сануулах арга хэмжээ авсан. Дараа нь 6 дугаар сарын 26-ны тушаал бага ангийн сургалтын менежер *******, нийгмийн ажилтан ******* нарын ёс зүйн зөвлөлд хандсан гомдлын мөрөөр уучлалт гуйхыг 04 дүгээр сарын 04-ний тушаалаар үүрэг болгосон боловч уучлалт гуйгаагүй. Би яагаад эд нараас уучлалт гуйх ёстой юм, муусайн чадваргүй юмнууд гэж доромжлоод байсан учраас 06 дугаар сарын 26-ны өдөр цалингийн 20% арга хэмжээ авсан. 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тушаал нь 05, 06, 09 гээд ёс зүйн зөвлөлийн өөр нэг шийдвэрүүдийг үндэслэж тушаал гаргасан. 10 дугаар сард авсан 05, 06, 09 нь монгол хэлний багшаар ажиллаж байсан *******, монгол хэлний багшаар ажиллаж байгаа , орос хэлний багш *******, *******, ******* гэсэн 5 багшийн гомдлоор. Шинэ багш нарыг ажлын байран дээр нь дарамталж, доромжилсон нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон. Эцэг эхчүүдээс гаргасан гомдлын дагуу ирж ажилласан улсын байцаагчийн албан бичгүүдийг үндэслэж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Нэг тал дээр давхардуулж арга хэмжээ авсан зүйл байхгүй.

Та боловсролын салбарт олон жил ажилласан учир халахад хэцүү байна. Тийм учраас өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломж олгооч ээ, албан бичгээр хариу мэдэгдээч ээ гэж хэлсэн.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй шалтгаан нь гэрээн дээр гарын үсэг зурдаггүй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь энэ хүнд сахилгын арга хэмжээ авах үндэслэл болохгүй гэж бодохгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг 2023 онд шинэчлээгүй гэсэн байгаа. Шинэчлэх шаардлага байхгүй. 2021 онд захирлаар очиход 2019 онд батлагдсан дотоод журамтай байсан. Энэ олон ёс зүйн зөвлөлийн 05, 06, 09 гэсэн үйлдлүүдээр сургуулийн багш, ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, ёс зүйн дүрэм журам зөрчсөн нь тогтоогдоод уг хүмүүс ажлаас гарахдаа тулж байгаа нь эргээд багш ажилчдын тогтвортой байдал, хүүхдүүдийн эрх ашигт сөрөг нөлөөтэй байсан учраас арга хэмжээ авч байгаа юм. Хамгийн гол зүйл нь алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй учраас ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байгаа. Хэтэрхий намайг харлуулж байгаа. Би Сэлэнгэ аймагт он удаан жил ажиллаж байгаа хүн. Хүн болгон шүүхээр явж байгаа юм байна лээ гэсэн яриаг гадуур тараасан. Би өчигдөр үсчинд ороход таныг ноцтой зөрчил гаргаад хөөгдсөн гэнэ лээ гэж ярьж байсан. Ингэж болохгүй. Ажлаас чөлөөлөгдөөд 7 сар болж байна. Надад хэцүү байна. Адилхан эмэгтэй хүн байж ганцхан над дээр анхаарлаа хандуулж байсан.

Би зөвхөн хууль ёсны шаардлага тавьдаг. Багшийн ажлыг 18 жил, сургалтын менежер 15 жил хийхэд ийм байдалд орж байгаагүй. Шинээр захирал томилогдсоноор багаа бүрдүүлж байгаа гэдэг. Гэрч гэх хүн нь багшаар 3 удаа ажлаас чөлөөлөгдөж, 3 удаа ажилд орсон. Гэтэл энэ хүн надтай 14 хоног ажиллаагүй байж миний талаар мэдүүлэг өгсөн. Сургалтын менежерийн хувьд шалгалт авахад монгол хэл, монгол бичгийн багш байж монгол бичиг ер мэдэхгүй. Өөрт нь хэлэхэд намайг сурга гэж хэлж байгаа юм. Би өөрөө түүх, газар зүйн багшийн мэргэжилтэй хүн яаж сургах вэ? Сургуулийн гэдэг үгийг зөв бичиж чадахгүй 7-8 удаа алдчихсан. Эцэг эхийнхээ нэрийг зөв бичиж чадахгүй хүн хүний хүүхдэд яаж хичээл заах вэ? гэх мэтчилэн энэ асуудлуудыг ярьж хүүхдийн эрх ашгийн төлөө л тэр багшид үг хэлснээрээ буруудсан.

Би Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн дунд ахлах ангид суралцаж байгаа 500 гаруй хүүхдийн цаашдын суурь үндсийг зөв тавих тал дээр хууль ёсны шаардлага тавьсан гэж үзэж байгаа. захирал ******* намайг ажилд эргэн орвол бүх зүйл хэцүүднэ гэж хэлж байна. Ажлын байранд тэнцэхгүй байгаа, мэргэжил арга зүйн хувьд хүний хүүхдийг сургаж боловсруулах чадваргүй хүн багшаар сургуульд 2-3 удаа ажилд орж гараад, гэр орондоо орж байгаа юм шиг байж болохгүй. Ийм хүмүүсээр багаа бүрдүүлж Сэлэнгэ түмний хүүхдүүдийг хохироож, баттай байр суурьтай байгаад гайхаж байна. Миний хувьд асуудлыг хурц хэлбэрээр хэлдэг байж магадгүй. Сэлэнгийн 35 сургууль дотор манай 2 дугаар сургууль түүчээлж явдаг энэ сургуулийг хоёргүй сэтгэлээр удирдаж яваад энэ хүний хувийн ашиг сонирхлын үүднээс өнөөдөр ажилгүй явж байна. Эрүүл мэндийн даатгал ч байхгүй учраас эмнэлэгт ч үзүүлж чадахгүй өнөөдрийг хүрээд явж байна. Шүүх үнэн зөв шийдвэр гаргасан гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сургуулийн захиргаа хүүхдийн эрхийг хамгаалж байна гээд хүүхдийн нэр төрийг бариад өөрийнхөө хийсэн хууль зөрчсөн үйлдлийг хаацайлах гэж шүүхийн өмнө итгэл үнэмшил өгөх гээд байгааг зөвшөөрөхгүй байна. Та нарт болсон үйл баримтаас 2 зүйлийг хэлье.

Нэгдүгээрт 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтэд юу гэсэн бэ гэхээр багш ажилтнуудын ганцаарчилсан хийсэн ярилцлага, сургуулийн захирал *******, дунд, ахлах ангийн сургалтын менежер ******* нар нь тус сургуулийн захирлын орон тоонд өрсөлдөж байсан бөгөөд тэдний хоорондын таарамжгүй байдал, нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байдал зэргээс байгууллагын уур амьсгал харилцаанд нөлөөлж, хамт олны талцал хуваагдал, өдөр тутмын ажиллагаа, хамтын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж энэ нөхцөл байдал нь сургуулийн сурагчдад хүртэл таагүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэсж дүгнэсэн. Хяналт шалгалтын явцад хийсэн санал асуулгын ганцаарчилсан ярилцлага тайлбар зэргээс дүгнэхэд хамт ажиллагсдын хоорондын захирлын зүгээс, мөн дунд ахлах ангийн менежерийн зүгээс ажил эрхлэлтийн хөдөлмөрийн харилцааны дарамт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл байж болзошгүй үйл баримтыг дүгнэж байна.

Энэ бол энэ хоёр хүний бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлыг харуулдаг. Сургуулийн захирлын хувьд ямар давуу байдал байсан гэхээр уг хүнд эрх мэдэл байсан. Тэр эрх мэдлийнхээ дагуу бүх нотлох баримтыг би хууль бусаар бүрдүүлсэн гэж маргадаг. Яагаад гэвэл тамга, тэмдэг, тушаал, шийдвэр, дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл байдлуудыг маргаан үүссэн цагаасаа эхлээд шүүх дээр өөрөөр хэлбэл өмгөөлөгч авснаасаа хойш шинээр өөрсдөө бүрдүүлж хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан үндэслэлээр төрийн байгууллага хариуцагч, эсхүл хэргийн зохигчид өөрсдөө хуулбар үнэн дарахгүй. Аливаа нотлох баримтыг заавал мөн хуулийн 44.1, 44.2-д зааснаар эх хувиар өгөх агуулгыг баримтална гэж байгаа.

2022 оны 12 дугаар сарын 21-нд нэхэмжлэгч *******г байгууллагын аварга болсон мөртлөө, 8 зүйл бүхий шаардлагыг хүлээж авсан. Шүүхийн байгууллага мөнхөд энэ асуудалтай тулгарна. Ковидын нөхцөл байдалтай байсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Сургууль болгон ороогүй. Хичээл болгон утсаараа болсон болоогүй хичээл үзсэн. Энэ бүгдийг нөгөө л нэг таарамжгүй харилцаанаасаа болоод, чи 16 долоо хоногийн хичээлийг хийгээгүй байна гэсэн.

Дахиад нэг зүйлийг хэлэхэд Сэлэнгэ аймаг хамгийн эхэнд хөл хорио тогтоосон аймаг. Бусад аймгаас 10 сарын өмнө тогтоож байсан. Энэ болгон дээр тодорхой хэмжээнд анализ хийж байх ёстой. Хоёр дахь тушаал нь тамга тэмдэг байхгүй учир хууль гэдэг хамгаалалт байгаа. Өөрөөр хэлбэл Б/34 гэх тушаалаар уучлалт гуйх үүргийг биелүүлээгүй тул цалингийн 20% арга хэмжээ авсан.

Эхний гаргасан тушаал дээр шүүхэд гомдол гаргах явцад дахин тушаал гараад түүнийгээ гардуулж өгөхгүй. Гэтэл тухайн тушаалаа үндэслээд дахин тушаал гаргасан. Иймд бид тухай бүрт нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан.

Багш ******* гэх адгийн шаар байсан гэж харуулах гэж авчирсан баримтууд байдаг. Эдгээр баримтаар *******г зайлуулах гэж хийсэн баримтууд байдаг. Монгол хэлний багш гэдэг хүн нь *******тэй сахилгын зөвлөлд гомдол гаргасан юм байна. Монгол хэлний багш хэдэн удаа үг үсгийн алдаа гаргаж тэрийг нь ******* багш засаж өгсөн нь асуудал болсон. Чи ядаж Монгол хэлний багш юм бол энийгээ больчих гээд өгсөн.

Энэ хүн дунд, ахлах ангийн менежер. Хүнийг ямар ажилд авах, хамтарч ажиллах багийнхаа хүмүүсээс ядаж наад захын шалгалт авдаг. Гэтэл гэрчийн мэдүүлгээр ******* гэх багшийн дүү нь ажилд орох гэж байсан. Тэгтэл би 09 дүгээр сарын 01-ний өдөр орсон чинь ******* багш тавагтай болсон болоогүй, чихэр шидэж өгөөд, хичээл ортол 5 хоног анги цэвэрлээд сургуулиа бэлдье гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн. 5 хоног намайг өдөр шөнөгүй ажиллуулаад тэр нь надад аймар дарамттай санагдсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд яасан гэж асуухад ажлаасаа гарчихсан гэсэн. *******тэй учраа олчих байх гээд буцаад ажилдаа ороод *******тэй таарахгүй байсан учраас буцаад ажлаас гарчихсан гэдэг. *******г ажлаас нь гарсны дараа буцаад ажилдаа орчихсон гэдэг.

Ийм зүйлийг би гайхаад байна. Захирал *******ээс танай ажил ингэж явдаг юм уу гэж хүртэл асуусан. ******* гуай хүүхдийн төлөө хууль дүрмийг баримталж, чин сэтгэлээсээ зүтгэж байна гэж хариулдаг. Сургуулийн ёс зүйн зөвлөлийн 9 зөрчил гаргасан гэж ярьдаг. Энийг уншихад багш ******* тус сургуульд 9 удаа ёс зүйн зөрчил гаргасан ганцхан хүн байгаа. Гэтэл энэ олон зөрчил гаргасан тухай хурал болж асуудал шийдсэнийг ******* нэгийг нь ч мэдээгүй.

Ийм л ёс зүйн зөвлөлтэй. Хэтэрхий нэг талыг бариад *******г зайлуулахын тулд хууль зөрчиж энэ үйлдлийг хийсэн гэж маргалдаад хууль бусаар нотлох баримтыг сүүлд бүрдүүлж шүүхэд өгсөн. Зөвхөн хоёр хүний хэрүүлийн шинжтэй л үйл явдал болсон. Хэргийн дээрхи үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ гэж найдаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос шинэчлэн байгуулаагүй, ажил олгогч 2021 оны 11 дүгээр сард захирлаар томилогдчихоод 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн шинэчлэгдсэн хууль, улс даяар нэг мөр хэрэгжиж байгаа үед яагаад энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулж болоогүй вэ. 3 жилийн хугацаанд нэг ч удаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага, шаардлагыг биелүүлэхгүй гэж хариуцлага тооцсон нь үндэслэлгүй.

Багш ******* нь Сургуулийн Дотоод журам нь хууль зөрчсөн асуудлыг шалгуулахаар Хүний эрхийн комисст хандсан. Ирж шалгаад үзэхээр дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцээгүй гэсэн дүгнэлтийг Хүний эрхийг комисс дүгнэсэн. Гэтэл энэ дотоод журмаар өнөөдөр арга хэмжээ авна гээд явж байгаа нь хэр үндэслэлтэйг анхаарч үзээсэй. Хариуцагч талаас гаргаад байгаа эрх зүйн актууд нь хэзээний үйлдэлд арга хэмжээ авч байгаа гэдэг нь маш тодорхойгүй.

Дараагийн дугаарт сахилгын зөрчил үү, ёс зүйн зөрчил үү энэ хоёр ялгаатай. Үүнийг ажил олгогч ялгаж зааглаагүй. Гаргасан зөрчил болгоныг сахилгын зөрчил гэж арга хэмжээ аваад байгаа нь үндэслэлгүй байна. 9 удаа ёс зүйн зөвлөл хуралдсан гэж байгаа. Ёс зүйн зөвлөлийн зарим хурлын тэмдэглэл байхгүй, зарим дээр нь гарын үсэг байхгүй байгаа. Хэргийн материалтай танилцахад манайд ёс зүйн зөвлөл байгаагүй гэж ярьж байгаа юм. Надад нэг удаа мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Энэ бүгдийг хаацайлахын тулд хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл би хариуцагч талын бичиг хэрэгт үзлэг хийлгэе гэж хүсэлт гаргаад, туслах, шүүгч, хоёр талын өмгөөлөгч бүгд оролцсон. Гэтэл 2022, 2023 оны материалууд бүгд индекс тавигдаж, 250 хуудас дугаарлагдаж архивлагдах ёстой байтал цоо шинэ 2023 оны тушаалын дэвтрийг үзүүлж байгаа юм. Цоо шинэ байна. Яагаад дугаарлагдаагүй байна вэ гэж асуухад архивын үзлэгт бэлдээд бүх зүйлээ шинэчилж байгаа гэж хэлсэн. Энэ завсар ёс зүйн зөвлөл байгуулснаа шинэчлээд хийснийг үгүйсгэхгүй. Энийг бид нар анхаарах ёстой гэж үзэж байна. Ахин дахин ийм зөрчил гаргаад байгаа учраас гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Энэ маань нэг зөрчил дээр дахин зөрчил авахгүй гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зөрчигдөөд байгаа шүү гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргаанд эрх зүйн зохих дүгнэлтийг хийх боломжтой гэж үзлээ.

 3. Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаанд холбогдуулан сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажил тасалсан гэж нэг өдрийн цалин 53,17686 төгрөг суутгасныг буцаан гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч гомдолд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч ******* нь ...би боловсролын байгууллагад 32 жил түүнээс сүүлийн 14 жил сургуулийн сургалтын менежерээр ажилласан. Гэтэл тус сургуулийн захирал ******* нь шинээр 2021 оны 11 сарын 19-ний өдөр томилогдон ирсэн үеэсээ ...багаа бүрдүүлнэ, өөртэй чинь хамтран ажиллах боломжгүй байна, тэтгэвэртээ гар... гэж шаардаж, сургалтын менежерийн хувьд багш нарт тавьсан шаардлагыг дарамт, доромжлол гэж хүлээн авч өөрт байгаа эрх мэдлийг ашиглан надад удаа дараа үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авч улмаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн нь хууль бус... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

Хариуцагчаас нэхэмжлэгч ******* нь сахилгын зөрчил гаргасан, багш ажилтныг доромжилж нэр төрд нь халдсан, ажлын байрны дарамт үзүүлсэн нь сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон, багш ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн, сургуулийн дотоод журам зөрчсөн тул сахилгын шийтгэл оногдуулсан боловч урьд гаргасан алдаагаа давтан гаргасан, ёс зүйн зөрчил гаргаж хүүхдийн эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн үндэслэлээ ...хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч *******г сахилгын зөрчил гаргасан гэдгийг хангалттай нотлоогүй, Хөдөлмөрийн тухай шинэчлэн найруулсан хуульд зааснаар ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж тодорхойлон сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хөдөлмөрийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотой байгууллагын дотоод журмыг шинэчлэн баталж мөрдүүлээгүй, байгууллагын дотоод журамд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар заагаагүй, ажилтны нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулж Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй... гэж тайлбарлажээ.

 5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй, хамааралтай биш гэдэг агуулгаар дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дээрхи дүгнэлт нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхдээ өөрийн байгуулагын /Хуулбар үнэн/ тэмдэг дарж баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар ...төрийн байгууллага ... бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын /хуулбар үнэн/ гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасан боловч тухайн байгууллага нь иргэний хэргийн оролцогчийн журмаар шүүхэд ирүүлж байгаа баримтыг өөрөө баталгаажуулах нь зохимжгүй.

Учир нь: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд хэргийн оролцогчийн хувьд /хариуцагч/ өөрөөс гаргаж байгаа нотлох баримтыг байгууллагын хуулбар үнэн тэмдэгийг дарж баталгаажуулсан нь шүүхийн эрх тэгш байх зарчимд харш гэж үзнэ.

Хэдийгээр төрийн байгууллага байсан ч гэсэн тухайн мэтгэлцээний нэг тал болж байгаа тохиолдолд байгууллагаас гаргаж буй бичмэл нотлох баримтыг хөндлөнгийн буюу нотариатаар баталгаажуулж шүүхэд гаргаж өгснөөр нотлох баримтын шаардлага хангагдана.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч сургуулийн захиргаанаас ирүүлсэн бичмэл нотлох баримтын хуульд заасан шаардлага хангах эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаагүй атлаа хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн ирүүлсэн бичмэл баримтыг бүгдийг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагчаас ирүүлсэн зарим бичгийн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй боловч эх хувиараа хэрэгт ирсэн, шаардлага хангасан баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлсэн болно.

 6. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7, Төсөвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.3.2, 6.4.7,6.4.10, 8 дугаар зүйлийн 8.6.1 хэсэгт заасныг зөрчсөн гэж 8 үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.2, 123.3 дахь заалтыг баримтлан *******д хамт олны өмнө нээлттэй Сануулах арга хэмжээ авч, захирлын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар *******г сахилгын сануулах арга хэмжээ авсан гэсэн үндэслэлээр түүний ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай тушаалыг тус тус гаргасан байна.

Тус тушаал үндэслэлгүй гарсан тухай гомдлыг ******* нь 2022 оны 12 сарын 27-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 61 дугаартай захирамжаар түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэгт ажиллагаа явуулж байх үед буюу 2023 оны 06 сарын 26-ны өдөр Б/54 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заалтыг баримтлан багш нь удирдах ажилтны ёс зүйн зүрмийг удаа дараа зөрчиж, хамтран ажиллагч нараа доромжилж нэр төрд нь халдсан нь сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр батлагдсан, сургуулийн захирлын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар ажилтнаас Уучлалт гуйх-ыг үүрэг болгосон ч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.

 Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 сарын 17-ны өдөр захирлын 2023 оны 06 сарын 26-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг үндэслэлгүй тухай гомдлыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр шүүхэд гаргасны дараа дахин сургуулийн захирлын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан багш нь удирдах ажилтны ёс зүйн зүрмийг удаа дараа зөрчиж, хамтран ажиллагч нараа доромжилж нэр төрд нь халдсан нь сургуулийн ёс зүйн зөвлөлийн удаа дараагийн дүгнэлтээр батлагдсан, сургуулийн орчинд эрх мэдлээ урвуулан ашиглаж сурагчдыг гутаан доромжилж, хүүхдийн эрхийг зөрчдөг нь сурагчдаас авсан судалгаагаар болон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр *******г тухайн өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрхи ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг үндэслэлгүй гэж нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт гэж тус тус нэмэгдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гийн Сахилгын шийтгэл ногдуулсан тухай захирлын тушаалд гомдол гаргаж тухайн гомдлын дагуу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад сургуулийн захирлаас *******д дахин сахилгын шийтгэл 2 удаа ногдуулж улмаар түүнийг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцалжээ.

 7. Хэрэг авагдсан баримтыг судлан үзвэл:

Нэхэмжлэгч ******* нь 1990 оноос хойш ерөнхий боловсролын дунд сургуульд түүх, нийгмийн багшаар 18 жил, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежерээр 14 жил тус тус ажиллаж байгаад сургуулийн захирлын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай тушаалаас ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчоос нэхэмжлэгч *******г сахилгын зөрчил гаргасан, мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан, хүүхдийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 2023.05.04-ний өдрөөс эхлэн түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

8. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн гаргасан маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг тодорхой тайлбарлаж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах эрх зүйн дүгнэлтийг хийлээ. Үүнд:

8.1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаалын талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор, мөн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасан.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотой ирүүлсэн баримтууд нь ажилтны сахилгын зөрчил гаргасан гэхээс илүү ихэнхдээ таамаглалд үндэслэсэн, ажил олгогч, ажилтан нарын хоорондын таарамжгүй харьцаатай холбоотой гэж үзэхээр байна.

Тухайлбал: 2021-2022 оны хичээлийн хуваарь алдаатай гаргасан нь багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд багш хангалттай дүн үзүүлж чадаагүйд нөлөөлсөн байх магадлалтай, байгууллагын статистик мэдээг боловсруулахдаа алдаа гаргаснаар багш нэмэгдэл авч чадаагүй байдалд хүргэсэн, Боловсролын ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус сургууль дээр сургалт явуулах талаар багш нарт 7 хоногийн өмнө мэдэгдээгүй гэсэн үндэслэлүүд нь Сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүрэгтэй холбоотой болох энэ үүргээ биелүүлээгүйгээс ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байх ба хариуцагч байгууллагаас *******гийн буюу сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Сургалтын менежер нь ажлын шаардлагаар 06 мин хичээлийн цагаар багш нарыг хуралдуулсан үйл баримт тогтоогддог боловч энэ хугацаанд сурагчид хэрхэн хохирсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд хоцордог, захирлын зөвлөлийн хуралдаан дээр ажил тасалсан багшид хөдөлмөрийн хөлсийг нь бүтэн олгох ёстой гэж сургуулийн захирал руу элдэв үгээр дайрч төрийн байгууллагын удирдах ажилтны үлгэргүй авирласан гэх үйлдлийг сахилгын зөрчилд тооцох боломжгүй гэж үзлээ.

Тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл нь сургуулийн захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад захиралд зөвлөгөө өгөх, хамтын шийдвэр гаргах зорилгоор байгуулагдсан байх ба тус зөвлөлд сургалтын менежер ******* багтдаг бөгөөд энэ нь байгууллагын ажилчдын хоорондыг үл ойлголцол, харилцаа хандлагатай холбоотой гэж үзэхээр байна.

Иймд ажил олгогчоос ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэл тогтоогдоогүй, тухайн ажилтны гаргасан гэх зөрчил нь хэзээ гарсан, тухайн зөрчлийг хэзээ илрүүлсэн эсэх нь тодорхойгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх зүйл заалтыг зөрчсөн, тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөн, ажилтны ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа зэргийг тодорхойлж чадаагүй байх тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаалыг хуулийн үндэслэлгүй гаргасан байна.

 8.2.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн Б/54 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар:

Тус тушаалаар нэхэмжлэгч *******г багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж, хамтран ажиллагч нараа доромжилж, нэр төрд нь халдсан нь сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр батлагдсан, сургуулийн захирлын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар холбогдох ажилтнаас уучлалт гуйх-ыг үүрэг болгосон ч биелүүлээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дгаар зүйлийн 123.2.3-т заасныг баримтлан *******гийн үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, тус тушаалын 2 дугаар хавсралтаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг тус тус баталжээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Ёс зүйн зөвлөл ажиллаж байсан ба сургуулийн захирлын 2022 оны 11 сарын 29-ний өдрийн А/89 дугаартай тушаалаар Сургуулийн ёс зүйн зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан байна.

Хэрэгт авагдсан сургуулийн ёс зүйн зөвлөлийн өргөдөл гомдлыг бүртгэл 01 дугаартай 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэсэн тэмдэглэл бүхий дэвтэрт /******* ххийн 233-235/ 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 4 хүнээс *******гийн ёс зүйн талаар гэсэн агуулгатай гомдол ирсэн гэсэн бүртгэл байх ба явуулсан баримт бичгийн бүртгэл гэсэн дэвтэрт /******* ххийн 240-242/ Ёс зүйн зөвлөлөөс сургуулийн захиралд дүгнэлт хүргүүлснийг захирал хүлээн авсан гэж тусгажээ.

Ёс зүйн зөвлөлөөс *******тэй холбоотой багш ажилтны гомдлыг шийдвэрлэсэн тухай 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 01 дугаартай, 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 04 дугаартай, 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 05 дугаартай, 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 06 дугаартай, 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 07 дугаартай, 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 09 дугаартай дүгэлтүүдийг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ /3-р хх-ийн 75-90/

Сургуулийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын Дөрөвдүгээр зүйлд Ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээлэл гаргах, хүлээж авах, шалган шийдвэрлэх талаар зохицуулсан. Тус журмын 4.4-т гомдол гаргагч, холбогдогч багш ажилтанд бичгээр болон амаар тус тус мэдэгдэнэ, 4.6-д ёс зүйн зөвлөл нь гомдол, мэдээлэлд холбогдсон багш, ажилтан болон гомдол мэдээлэл гаргагчтай уулзах, тайлбар, санал сонсох, баримт материалыг авч судлах зэрэг ажиллагааг зохион байгуулж, тухай бүр тэмдэглэл хөтөлнө., 4.10-т дүгнэлт гаргаж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ. Дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтан холбогдсон багш, ажилтанд 1-3 өдөрт багтаан биечлэн болон бичгээр мэдэгдэх ба баталгаат болон цахим шуудангаар бичгээр хүргүүлсэн өдрөөс ажлын 5 хоног өнгөрсний дараа тэдэнд мэдэгдсэнд тооцно. Биечлэн мэдэгдэхдээ тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заажээ.

Гэтэл Ёс зүйн зөвлөл нь нэхэмжлэгч *******гийн ёс зүйн талаар багш, ажилтнаас гаргасан гомдлыг хүлээн авч шалган шийдвэрлэх тухай журмыг баримтлалгүй дүгнэлт гаргасан байна.

Тухайлбал нэхэмжлэгч ******* нь бусдаас өөрт нь холбогдуулан ёс зүйн гомдол гаргасан талаар мэдэгдээгүй, багш, ажилтнаас ирсэн ёс зүйн гомдлыг шалгаж байгаа ажиллагааны талаар ёс зүйн зөвлөлөөс тэмдэглэл хөтлөөгүй, ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдолд холбогдогчийн биечлэн оролцох эрхийг нь хангаагүй байна.

Түүнчлэн ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гаргасан талаар сургуулийн захирлаас *******д мэдэгдээгүй атлаа улмаар ёс зүйн зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу захирлын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар гомдол гаргагчаас Уучлалт гуйх ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг гаргасан байна.

Суруулийн ёс зүйн зөвлөл нь гомдолд холбогдогчид өөрт нь холбогдуулан гомдол ирсэн тухай мэдэгдэх, гомдлыг шалган шийдвэрлэх журмыг баримтлахгүй, зөвхөн гомдол гаргагчийн мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргасан, Ёс зүйн зөвлөлөөс гомдол шалган шийдвэрлэх журмыг зөрчиж гаргасан дүгнэлтийг үндэслэн *******д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 4 дүгээр зүйлийн 4.16-д багш ажилтан ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдснээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байх ба энэхүү эрхийг томилох эрх бүхий албан тушаалтнаас гомдолд холбогдогч *******д олгоогүй байна.

Иймд нэхэмжлэгч *******г ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна.

 8.3.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 10 сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын талаар:

Тус тушаалаар нэхэмжлэгч *******г удирдах ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж, хамтран ажиллагч нараа доромжилж, нэр төрд нь халдсан нь сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр батлагдсан, сургуулийн орчинд эрх мэдлээ урвуулан ашиглаж сурагчдыг гутаан доромжилж, хүүхдийн эрхийг зөрчдөг нь сурагчдаас авсан судалгаагаар болон эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлажээ.

Нэхэмжлэгч *******тэй хамгийн сүүлд 2010 оны 10 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх ба Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдснээс хойш хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байх тул хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилсэн гэж үзнэ.

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлсэн 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тушаал гаргасан байх тул одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ хуулийг хэрэглэнэ.

Хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан, үүнд талууд харилцан тохиролцож, ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж дуусгавар болохоос гадна өөр бусад үндэслэлүүдийг тодорхойлжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон байх ба энэ нь ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх аль аль нөхцөл байдлыг хамааруулсан зохицуулалт юм.

Хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд хуульд заасан дээрхи үндэслэлийг үгчлэн дурдаагүй ч тушаалыг агуулга болон хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч *******г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Сургуулийн захирлаас нэхэмжлэгч *******г багш ажилтны ёс зүйн зөрчил гаргасан нь ноцтой зөрчил гэж үзэж энэхүү зөрчил нь бусдын нэр хүндэд халдсан, сурагчдын эрх ашгийг хохироосон гэж тайлбарлаж энэ нь Сургуулийн ёс зүйн дүгнэлтээр тогтоогдсон гэж маргасан.

Хэрэгт авагдсан Сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй талаар магадлалын хянавал хэсгийн 8.2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг хийсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч *******гийн гаргасан үйлдлийн улмаас багш, ажилтны нэр хүнд гутаагдсан, сургуулийн орчинд эрх мэдлээ урвуулан ашиглаж сурагчдыг гутаан доромжилж, хүүхдийн эрхийг зөрчдөг нь сурагчдаас авсан судалгаагаар болон эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж маргадаг боловч дээрхи үйл баримтыг эрх бүхий этгээд буюу хууль хяналтын байгууллага тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохих бөгөөд энэ нь зайлшгүй тогтоогдсон байх шаардлагатай.

Гэтэл сургуулийн захиргаа *******гийн дээрхи үйлдлийг хуулийн байгууллагаар шалгаж тогтоолгоогүй байж зөвхөн сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.

Сургуулийн ёс зүйн зөвлөл нь багш ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх ба харин бусдын нэр хүнд гутаасан доромжилсон, багш эрх мэдлээ урвуулан ашигласан, хүүхдийн эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрх бүхий субьект биш болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. 123.6-д зөрчлийг хууль хяналтын болон аудит эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээн авч гомдолтой холбоотойгоор хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд сургуулийн захирлаас дахин 2023 оны 06 сарын 26-ны өдрийн Б/54 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан, нэхэмжлэгчээс дээрхи тушаалд дахин гомдол гаргасан бөгөөд гомдлыг шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа тасалдсан байх ба *******д удаа дараа сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний сахилгын зөрчил гаргасан гэх хугацааг хэрхэн тооцсон талаар огт дүгнэлт хийхгүйгээр хариуцагч байгууллага сахилгын шийтгэл дахин ногдуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд *******г сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн сургуулийн захиргаа нь ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, сахилгын шийтгэл зэрэг хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх зүйн ойлголтуудыг ялгахгүйгээр нэг ойлголт мэтээр тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.

 Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага, сахилгын зөрчил гэсэн эрх зүйн ойлголтууд өөр бөгөөд ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатайг дурьдах нь зүйтэй.

 9. Хэрэгт авагдсан Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 05/50 дугаартай зөвлөмж, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн ТГ-05/1157 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 03-29-00/062-05 дугаартай албан шаардлага /******* хх-ийн 91-96, 102-103/ зэрэг баримтуудаар зохигчдын хооронд хөдөлмөрийн эрхийн маргаан гэхээс илүүтэй багш, ажилтны хоорондын үл ойлголцол хоорондын таарамжгүй харилцааны улмаас зөрчил үүссэнтэй холбоотой гэж үзэхээр байна.

10.Иймд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 тушаалууд нь *******г ёс зүйн алдаа болон сахилгын зөрчил гаргасан гэдгийг хууль дүрэмд заасан ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байхад үндэслэж гаргасан, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай тушаалаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүхээс *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гаргасан омдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэлгүйгээр шүүхэд хандсаныг буруутгахгүй. Энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,111 /нэг зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

 

Bottom of Form