Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 197

 

 М.Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Э.Гэрэлмаа,

ялтан М.Эрдэнэ /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Эрдэнийн өмгөөлөгч Н.Дашдуламын гаргасан давж заалдах гомдлоор М.Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625013081 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Магсаржавын Эрдэнэ, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун туруун 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,

2005 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 251 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЧЖ 66113078/,

М.Эрдэнэ нь согтуугаар, ялтай байдал нь дуусаагүй байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Монгол бөхийн өргөөний орчим Н.Эрдэнэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зүүн талын 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, далны болон суганы шугамаар далд зөрүү багатай хугарал, зүүн талын дал ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, М.Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

            Ялтан М.Эрдэнийн өмгөөлөгч Н.Дашдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогчийг гомдолгүй болгосон. М.Эрдэнэ нь өөрийн аав болох 89 настай Магсаржавыг асран хамгаалж, өдөр тутам хооллож, харж хандан, эмчилгээнд нь явуулдаг хүү нь юм. Одоо Магсаржавын биеийн байдал тун тааруу байгаа, уушгины хорт хавдарын 6 дугаар шатанд байгаа бөгөөд одоо хэвтэрт байдаг. Магсаржавын эхнэр өндөр настан Должин нь мөн биеийн байдал тааруу учраас асарч хамгаалах боломжгүй болж сэтгэл санааны хүнд байдалд байна. Тиймээс давж заалдах шатны шүүх М.Эрдэнийн ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс гарсан тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан М.Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн албадан ажил хийлгэх ял болгон шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ шүүх ялыг өөрчлөн сонсгох боломжгүй гэж үзвэл ар гэрийн хүнд байдлыг нь харгалзан үзэж шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт заасан М.Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдүүлэхээр заасныг жирийн дэглэмтэй болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Ялтан М.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд оногдуулсан хорих ялд гомдол саналгүй. Би олон удаа хэрэг хийсэн нь үнэн ба хийсэн хэргээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс хохирогчийг хохиролгүй болгосон ба удаа дараа утсаар ярьж, уучлалт гуйсан. Миний аав 89 настай, хорт хавдартай ба эх маань ч гэсэн өндөр настай хүн байдаг. Ах дүү цөөн учраас би 2005 оноос хойш эцэг, эхээ харж хандаж байгаа. Эцгийгээ амьд байх хугацаанд хамт байх боломжийг олгооч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. Шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаад надад оногдуулсан хорих ялыг албадан ажил хийх ял буюу хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Ажил хөдөлмөр хийж, нийгэмд тустай зүйл хийх хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү ...” гэв.

            Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд сүүлд 4 жилийн хорих ялыг биеэр эдэлж гарч ирсэн. М.Эрдэнэ хэдийгээр урьд олон удаа ял шийтгүүлж байсан хэдий ч ар гэрийн байдал мөн түүний насыг хараад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлаж түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн шаардлагад нийцээгүй байна. 

М.Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба энэ хугацаа нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хэрхэн хамаарагдсан байдлыг тодруулах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд... цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл, /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ” гэж заасан тул уг тэмдэглэгээ хийгдсэн эсэх, өршөөлд хэрхэн хамаарагдсаныг шалгаж баримтжуулах шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан М.Эрдэнийн хохирогч Н.Эрдэнэхүүг зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд хувийн ямар таарамжгүй харилцаа нөлөөлсөн, хохирогч түүнтэй хэрхэн зүй бус харилцсан нь эргэлзээтэй байх ба түүний гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, сэдэлт зөв тогтоогдоогүй байна. Иймээс ялтан М.Эрдэнэд холбогдох гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцлийг шалгаж тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж үзлээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай. 

2. Хэрэг прокурорт очтол М.Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН