Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2024/00033

 

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүнд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.647.636 төгрөг нийт 156.019.312 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БГ/80 тоот зээлийн гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...******* ******* ******* нь зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу 93,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 3 багийн нутаг Номтын амралт-д орших хаягтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт барьцаалуулж 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БГ/80 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаануудыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 4 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 6,134,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 194,000 төгрөг, нийт 6,328,165 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус ******* нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодиттой төлөлт огт хийгээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүнд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг нийт 156,019,312 төгрөгийг тус тус *******инд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул...дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 өгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөгийг төлүүлэх,

2.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны БГ/80 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-130100855 дугаартай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг гарын хамт худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ

 

Хариуцагч хариу тайлбартаа:

... ************** *******наас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна.

Миний зүгээс тус *******наас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 93,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Улмаар зээлнээсээ хугацаандаа 6 сая гаруй төгрөг төлөөд явж байтал коронавирус халдварт өвчин дэлхий даяар гарч хатуу хөл хорио тогтоогдсон. Дээрх зээлийг өөрийн нэр дээр байдаг Сэлэнгэ аймгийн Номт амралтын газраа засвар өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан бөгөөд энэ нь хөл хорио тогтоогдсноор амралтын газар ажиллах боломжгүйд хүрсэн.

Нэхэмжлэгч *******наас энэ хугацаанд над руу огт холбогдож байгаагүй ба тус зээлийг авсан Сэлэнгэ аймгийн Салбар нь хаагдаж хариуцах хүнгүй болсон. Миний хувьд Монгол Улс даяар хатуу хөл хорио тогтоогдсон учраас зээлийн хүү тодорхой хугацаанд зогссон гэж ойлгосон. Энэ талаар лавлах гэхээр холбогдох салбар үргэлж хаалттай байдаг байсан. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаар дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч ******* ******* үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүд 60,371,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг, нийт 156,019,312 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 3 дугаар баг, Номтын амралт-д байрлалтай 25 мкв 3 ширхэг, 104 мкв, 13 мкв 10 ширхэг, 14 мкв 2 ширхэг амралтын зориулалттай гэрчилгээний , улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эзэмших эрхтэй, гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай 4 га Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 3 баг, Номтын аманд байрлах газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,247 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 1,008,247 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* *******ны нэхэмжлэлтэй *******д холбогдох ...156.019.312 төгрөг гаргуулах..., тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Энэ хэргийг анх 2023.09.14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.14-ний өдрийн 31 дугаартай магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус магадпалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр нь ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, -хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаархи дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүх хуралдааны асуулт, хариултын явцыг /шүүх хуралдааны тэмдэглэлд утга агуулгын хувьд бүрэн бичигдээгүй/ давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэх шинжтэй байдлаар явуулж байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэрэгт ач холбогдол өгөөгүй, тухайн хэргийг субьектив байдлаар хандаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Энэ нь доорхи байдпуудаар нотлогдож байгаа болно.

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг дурдаж маргасан байхад шүүх хуралдаан завсарласнаас хойш 10 минут хүрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргасан нь эргэлзээтэй, урьдчилан өмнөх шийдвэрээ дахин гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь шүүгч нь шийдвэрээ уншиж танилцуулахдаа хэргийн материалаас өмнө нь буюу 2023.05.26-ны өдөр гаргасан шийдвэрээ гарган уншиж танилцуулсан болно. Энэ нь шүүх хуралдааны дүрс бичлэгт үлдсэн байх боломжтой юм.

-Мөн гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа давж заалдах шатны шүүх нь хийсэн ажлыг хийгээгүй мэтээр дүгнэсэн байна гэсэн нь ойлгомжгүй, анхнаасаа хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх зорилгогүй байсан гэж хариуцагч талаас дүгнэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо ... хөөн хэлэлцэх хугацааны талаархи дүгнэлт, зээлийн болон барьцааны гэрээнд тусгасан заалтуудыг нэхэмжлэгч хэрэглээгүй талаархи тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтанд шинжээч томилуулсан талаарх санал, коронавирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаархи дүгнэлт зэргийг хийсэн нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн тусгагдсан болно.

Гэтэл анхан шатны шүүхийн 2023.09.14 өдрийн 322 дугаартай шийдвэр, 2024.03.15-ны өдрийн шийдвэр нь үг, үсэг, утга агуулгын хувьд өөрчлөгдөөгүй, өмгөөлөгчийн гаргасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардпагаас зээлийн хүү болох 60.371.676 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа өмгөөлөгчийн гаргасан хуулийн үндэслэлийн дагуу хасаж өгч шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хариуцагчаас маргаж байгаа зүйл байдаггүй. Зээл авснаа хүлээн зөвшөөрдөг. Одоо гаргаад байгаа гомдол нь юу вэ гэхээр 60,000,000 төгрөгийн хүүг багасгаад өгөөч ээ гэж байгаа юм. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөөд байгаа бол 60,000,000 төгрөгийн зээлийн хүүг багасгах боломжгүй. Дээрээс нь яагаад 60,000,000 төгрөгийн хүүг багасгана гээд байдаг вэ гэхээр зээл авснаас хойш ковид гарсан. Ковидтой байх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбар өгдөг. Тухайн үед хариуцагчийн зүгээс *******анд ковидтой холбоотойгоор манай зээлийг түр зогсоогоод өгөөч ээ, нэмэгдүүлсэн хүүг багасгаад өгөөч ээ гэх хүсэлтийг гаргаж өгөөгүй байдаг. Тухайн ковидтой жилүүдэд Монгол улсад ковидтой холбоотой хууль хэрэгжиж байсан. Уг хуульд шугамын зээл болон хөрөнгө оруулалтын зээлд, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар зохицуулалт байдаггүй. Тэгэхээр 60,000,000 төгрөгийн хүүнээс багасгах боломжгүй байдаг. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэр дээрээ үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх бүхэлд нь үндэслэлтэй байгаа учраас хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 3.Хэргийг судлан үзвэл:

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/80 тоот зээлийн гэрээг 60 сарын хугацаатай 93,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй байгуулж, гэрээний үүргийн баталгаа болгон БГ/80 тоот барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрээг тус тус байгуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийгээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байх ба хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа зочид буудал, амралтын газрын үйлчилгээ явуулдаг бөгөөд үйл ажиллагааныхаа орлогыг үйлчлүүлэгч нараасаа хүлээн авч тухайн орлогоосоо гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлөлт хийдэг байсан, 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол түүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар хариуцагч нарын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах шийдвэр гарснаар орлогогүй болсон, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* *******-ны салбар татан буугдсанаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байдалд хүрсэн гэж тайлбарлажээ.

Зохигчид нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр гэрээний үүргийг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргасан байна.

 4.Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

5.Хэрэгт авагдсан баримтаар: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 20-ний өдөр дуусахаар байсан бөгөөд ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 93.000.000 төгрөг, зээлийн хүү 60.371.676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.647.636 төгрөг, нийт 156.019.312 төгрөг гэж тодорхойлж, зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ 2019 оны 09 дүгээр сараас эхлэн төлөөгүй гэрээгээ зөрчсөн байх ба 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол түүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 242 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод байрлах Сэлэнгэ тооцооны кассыг 2020 оны 09 дүгээр сарын 30-н өдрөөр тасалбар болгон татан буулгасан нь нийтэд тодорхой үйл баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар ******* ******* ******* ХХК нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлэх ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэн гэрээг цуцлах боломжтой талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан зохицуулалтын дагуу гэрээг цуцлах боломж байхад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь зээлдэгчийг гэрээний үүргээ төлж чадахгүй болсон нөхцөл байдлаа удаа дараа тайлбарлан холбогдох арга хэмжээ авах талаар хүсэлт гаргасаар байхад шийдвэрлээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ эдлээгүйгээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр нэмэгдэх нөхцөл байдалд хүргэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 6.Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хэргийн үйл баримт, хэрэгт авадсан нотлох баримтуудыг үндэслэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Ковид-19 цар тахал Монгол улс төдийгүй, дэлхий нийтээр тархсан, уг цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нь нийтэд ил нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд хариуцагч ******* нь зочид буудал, амралтын газрын үйлчилгээг эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын захирамжуудаар 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хөл хорио тогтоож хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүй байх тул дээрх 11 сарын хугацааны буюу үндсэн зээл 93.000.000 төгрөгөөс сарын 1.7 хувиар хүүг дундажлан 1.551.300 төгрөгөөр тооцон 11 сараар тооцвол 17.064.300 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага буюу хүү 60.371.676 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч ******* ******* үндсэн зээлд 93,000,000 төгрөг, зээлийн хүүд 43,307,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,647,636 төгрөг, нийт 138,955,012 төгрөг гаргуулж ******* ******* ******* ХХК-нд олгож, 17,064,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 852,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 459.810 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд тохирох буюу 243,271 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 АРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИ459,810Г

Bottom of Form