Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05403/и |
Дугаар | 5403 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 5403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамж, 744 тоотод оршин суух Бөөчүүд овогт Ашмаагийн Болд /Регистрийн дугаар ЧК55121917/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Болд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Ашмаа овогтой Болд миний бие 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтын хөдөлмөр нормативын секторын Хөдөлмөр хамгааллын лабораторид инженерээр томилогдон ажилласан. Улмаар 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаасаа гарсан билээ. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон нь тэмдэглэгдсэн боловч ажлаас гарсан тушаал бичигдээгүй байна. Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд ажиллаж байсан баримтыг шүүлгэхэд ажилд орсон тушаал байна, гарсан тушаал гарч ирэхгүй байна. Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтыг 2000 оноос Барилга архитектур корпораци гэх болсон байна. Ажлаас гарсан тушаалыг нөхөн гаргасан боловч одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд миний 1989 оны 06 дугаар сарын 01-ээс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженерээр ажиллаж байсныг тогтоож өгнө” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Болд нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженерээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Физик техникийн хүрээлэнгээс олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд “ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирлын 1977.09.12-ны өдрийн 106 тоот тушаалаар 1977.09.12 Радиоэлектроникийн лабораторид эодэм шинжилгээний ажилтнаар авч ажиллуулав”, 6-7 дугаар талд “МУИС-ийн ректорын 1980 оны 10-р сарын 22-ны өдрийн 750-р тушаалаар 1980.09.01 МУИС-ийн физикийн 1-р ангид оюутнаар элсүүлэв”, 8-9 дүгээр талд “МУИС-ийн ректорын 1984 оны 06-р сарын 30-ны өдрийн 449-р тушаалаар 1984.07.01 МУИС-ийн физикийн анги төгссөн учир АБЯ-ны мэдэлд шилжүүлэв”, 10-11 дүгээр талд “Октябрийн районы АДХГ захиргааны АБ хэлтсийн даргын 1987 оны 08 сарын 15-ны өдрийн 161 тоот тушаал 1987.08.15 хүсэлтийн нь дагуу өөр ажилд шилжих болсон учир МҮЭ-н төв зөвлөлийн мэдэлд шилжүүлэв”, “Хөдөлмөр хамгааллын лабораторийн эрхлэгчийн 1987 оны 08 сарын 31 өдрийн 06 тоот тушаалаар 1987.08.16 МҮЭ-ийн Төв зөвлөлийн харьяа Хөдөлмөр хамгааллын лабораторид инженерээр авч ажиллуулав”, 12-13 дугаар талд “МҮЭ-ийн Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1989.5.31-ний 86 дугаар тогтоолоор 1989.05.31 МҮЭ-ийн Төв зөвлөлийн “Хөдөлмөр хамгааллын лаборатори татан буугдсан учир инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөв”, “Барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институтын захирлын 1989.6.13-ны өдрийн 68 дугаар тушаал 1989.06.01 хөдөлмөрийн нормативын секторын хөдөлмөр хамгааллын лабораторид инженерээр томилон ажиллуулав” гэж бичигдсэн байна.
Үндэсний төв архивын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 426 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Барилга үйлдвэрлэл эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүгд он /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Ашмаа овогтой Болд-нд холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 607 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт Барилга үйлдвэрлэл эрдэм шинжилгээний хүрээлэн байгууллагын /компанийн/ бүгд баримт шилжиж ирээгүй тул Ашмаа овогтой Болд-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Барилга, архитектур корпорацийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Нөхөн тушаал гаргах тухай” тушаалд “Тус корпорацийн /хуучнаар Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институт/ хөдөлмөрийн нормативын секторын хөдөлмөр хамгааллын лабораторит хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан Ашмаа овогтой Болдыг өөрийнх нь хүсэлтээр 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байна.
Шүүхэд дуудагдсан гэрч Б.Мандах “Ашмаа овогтой Болд нь 1989 оны 06 дугаар сараас 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институтын хөдөлмөрийн нормчлолын секторын хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан нь үнэн болно” гэж мэдүүлсэн.
Шүүхэд дуудагдсан гэрч Б.Оюун “Хөдөлмөр хамгааллын инженер Ашмаа овогтой Болд нь 1989 оны 06 дугаар сараас 1992 оны 08 дугаар сар хүртэл Барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институтын хөдөлмөрийн нормчлолын хэлтэст хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэж мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бөөчүүд овогт Ашмаагийн Болд /Регистрийн дугаар ЧК55121917/-ыг 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтын хөдөлмөрийн нормчлолын секторын хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР