Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 615

 

                        

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ат холбогдох 1906 01588 0697 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 7-17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Чийн А /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажлаасаа гарах үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу MP09Q0S6 кодтой “Ленова” маркийн зөөврийн комьпьютерийг завшиж 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч П.Мөнхзаяагийн өгсөн: “... Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2015 оны 11 дүгээр сарын үед “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 48 дугаар сургуульд зөөврийн багшийн компьютер ирсэн. Түүнээс Ч.Ат 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ленова ай-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч гурвалсан гэрээг байгуулсан... Ч.Аыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 48 дугаар сургуулийн захиралын Б/62 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Сургуультай ямар нэгэн тооцоо хийгээгүй, одоо хүртэл нийгмийн даатгалын дэвтэр нь байгаа. Утсаар холбогдох болгонд утсаа авахгүй, зарим үед удахгүй өгнө гэж байгаад утас нь холбогдохгүй болсон... Ч.Ааас нөүтбүүкийг хүлээн авсан, сургуулийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.4-9, 10/,

Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгээс Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.2/,

Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулиас П.Мөнхзаяад итгэмжлэл олгосон албан тоот /хх.19/,

Зөөврийн компьютер хүлээлцсэн гурвалсан гэрээ /хх.15/,

Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн Ч.Аыг ажилд авсан, чөлөөлсөн тушаалууд /хх.16-17/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх.25-28/,

Ч.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд, оршин суух хаягийн тодорхойлолт, гэр бүлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх.18, 33, 20-22, 38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Аын яллагдагчаар өгсөн: “... би уг зүйл  ангийг хүлээн  зөвшөөрч байна. 2016 оны 09 дүгээр сард сургуулиас сургалтанд ашиглах зориулалтаар Ленова маркийн ай-5 үзүүлэлттэй нөүтбүүкийг хүлээлгэн өгч би авсан юм. 2017 оны 04 дүгээр сард мөнгөний хэрэг гараад ... ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх.48-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажлаасаа гарах үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу MP09Q0S6 кодтой “Ленова” маркийн зөөврийн компьютерийг завшиж 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнхзаяагийн өгсөн: “... Ч.Ат 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ленова ай-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч гурвалсан гэрээг байгуулсан... Ч.Аыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 48 дугаар сургуулийн захиралын Б/62 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Сургуультай ямар нэгэн тооцоо хийгээгүй одоо хүртэл нийгмийн даатгалын дэвтэр нь байгаа. Утсаар холбогдох болгонд утсаа авахгүй зарим үед удахгүй өгнө гэж байгаад утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /хх.4-9, 10/,

Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгээс Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.2/,

Зөөврийн компьютер хүлээлцсэн гурвалсан гэрээ /хх.15/,

Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн Ч.Аыг ажилд авсан, чөлөөлсөн тушаалууд /хх.16-17/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Аын яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сард сургуулиас сургалтанд ашиглах зориулалтаар Ленова маркийн ай-5 үзүүлэлттэй нөүтбүүкийг хүлээлгэн өгч би авсан юм. 2017 оны 4 дүгээр сард мөнгөний хэрэг гараад ... ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх.48-49/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Ч.А нь хохирлыг нөхөн төлсөн, хохирогч П.Мөнхзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн  дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жуармлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ч.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Чийн Аыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жуармлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5. Хохирогч П.Мөнхзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ч.А нь хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                    С.ӨСӨХБАЯР