Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 536

 

 

 

 

 

 

  2019           5            30                                             2019/ДШМ/536                                  

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай эсэргүүцлээр Ч.Ат холбогдох 1906015880697 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ч-ийн А, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Ерөнхий боловсролын  дугаар сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Ч.А нь Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын дугаар сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажлаасаа гарахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох MP09Q0S6 кодтой “Lenovo” загварын зөөврийн компьютерийг завшиж, 485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ч-ийн Аыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, хохирогч П.Мөнхзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ч.А нь хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан аль тохирох зүйл заалтыг баримтлахаар байхад, шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд үүрэг хүлээх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж болохыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дангаар нь баримтлаж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүхээс шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульд заасан үндэслэл бүхий зүйл, заалтыг дурдаагүй нь ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Ч.А нь Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын . дугаар сургуульд зураг, технологийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажлаасаа гарахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох MP09Q0S6 кодтой “Lenovo” загварын зөөврийн компьютерийг завшиж, 485.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:

 

Хохирогч П.Мөнхзаяагийн “...Ч.Ат 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр MP09Q0S6 кодтой “Lenovo” 4gb, i5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг хүлээлгэн өгч гурвалсан гэрээ байгуулсан...Ч.А нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн захирлын Б/62 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө тооцоо хийгээгүй бөгөөд одоо хүртэл сургууль дээр нийгмийн даатгалын дэвтэр нь байгаа. ...” /хх 6-9/,

Ч.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба сургуульд ажиллаж байх хугацаандаа сургалтад ашиглах зориулалтаар өгсөн “Lenovo” загварын i5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг 2017 оны 4 дүгээр сард мөнгөний хэрэг гараад “Баялаг Арвижих ирээдүй” нэртэй ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан учир 2017 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөхдөө компьютерийг нь хүлээлгэн өгч чадаагүй. ...” /хх 47-49/ гэх мэдүүлгүүд, зөөврийн компьютер хүлээлцсэн гурвалсан гэрээ /хх 15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай Ч.Аыг “Ажилд авах тухай”, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/62 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал /хх 16-17/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-18/, зөөврийн компьютер хүлээлцсэн гурвалсан гэрээ /хх-15/ зэргээс үзэхэд, Ч.А нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын .... дугаар сургуульд зураг, технологийн багшийн ажил эрхэлж, тодорхой эрх эдлэн, цалин авч байсан нь тогтоогдож байх тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн гэж үзнэ.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүхээс шүүгдэгч Ч.Аын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч П.Мөнхзаяагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүйн гадна, мөн хуулийн холбогдох заалтыг тусгаагүй байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд энэ талаар бичсэн прокурор П.Болормаагийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар Ч.Ат тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ч.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Ч.Ат сануулсугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН