Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01067

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 210/МА2024/01067

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01070 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: Д.

Нэхэмжлэлийн шаардлага: 382,327,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д. нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.аас бурхан шашны төв байгуулна, бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт гэж 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 110,000 ам.долларыг ХХК-иас бэлнээр авсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Иймд Д.гээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 ам.долларыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын Монголбанкны ханшаар тооцож 382,327,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ХХК-ийн захирал Ё. нь 2004 онд Бурхан багшийн сэрэг дүр Чулуун Бурхан БНХАУ-ын Синчу мужид захиалсан байгаа гээд Солонгос ламтай анх намайг танилцуулсан. Бурхан нь 18 метр, өндөр нь 1500 тн жинтэй Бурхныг Богд Хан-Уулын Арцатын аманд буулгасан. Бурхан босгох хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж Ц.т тохиролцож, би зураг төслөө 4 удаа хийж Ц.т танилцуулсан. Би Ё.ээс асууж урьдчилгаа 248,000 ам.доллар эхний ээлжинд хэрэгтэй гэснийг нь Ц.т хэлж урьдчилгаа 110,000 ам.долларыг авсан.

2.2 Ё. бид 2 хамт Солонгос улс руу явж, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хийж урьдчилгаа 100,000 ам.долларыг өгсөн. Улмаар зураг төслөө хийж байтал Ё. над руу утасдаж ...та нутгийн дүүтэйгээ нийлж намайг хуурч байна гэсэн. Ингээд 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудсан. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн 201526030676 дугаартай хэрэг үүсгээд шалгасан. Би ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, мөн мөнгийг нь Ё.ийн хамт Солонгос улсад очоод гэрээ хийгээд өгсөн.

2.3 Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч ХХК нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компани байх бөгөөд гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх этгээд биш байх тул гадаад валютын зөрүүнээс үндсэн төлбөрийн дүнг нэмэгдүүлэн нэхэмжилсэн нь дээрх хуулийг зөрчсөн.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь төлбөрийг ам.долларын ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж буй нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.гээс нийт 382,327,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,229,361 төгрөгөөс илүү төлсөн 159,776 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 2,069,585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Тухайн үед гэмт хэрэгт шалгагдаж байхад нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын дүн нь 162,260,000 төгрөг гэж прокурорын тогтоолд дурдаад уг бодит хохирлын хэмжээг үндэслэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүйгээр хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан, прокурорын тогтоолоос дүгнэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2 Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын агуулга нь хариуцагчид залилан мэхлүүлсэн, шүүхэд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хандсан байгаа нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3 Нэхэмжлэгчийг хариуцагчаас хэдий үеэс хөрөнгөө буцаан шаардсан талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө буцаан шаардах эрхээ хэзээ хэрэгжүүлсэн нь тодорхой бус. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй. Нэхэмжлэгч болон Гандантэгчилэн хийд, мөн Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын хооронд ямар нэгэн хэлцэл хийж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

4.4 Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан Монгол, Солонгос улсын хуулийн этгээд хооронд байгуулагдсан хэлцэл, уг хэлцэлд дурдагдсан төлбөр тооцооны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анх нэхэмжлэл гаргах үед нэг ам.долларын ханш 2,400 төгрөг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч 2023 оны 04 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх үнэлж шийдвэрлэснийг буруутгахгүй.

5.2 Улсын Дээд шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаа тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Гэтэл хариуцагчаас ямар нэг баримт, хүсэлт гаргаагүй. Хэрэгт авагдсан баримтаар ХХК, Солонгос улсын Гымганг ХК, Д. болон нэхэмжлэгч компанийн хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагчаас авсан мөнгөө Солонгос компанид өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар баримтыг өгөөгүй. Харин хариуцагч нь Солонгос компанид мөнгөө өгөөд алдчихсан тохиолдолд тусдаа шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 382,327,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Д. нь ...бурхан босгоно гэх хүсэлтийг Ц.т гаргасны дагуу нэхэмжлэгч ХХК-иас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 50,000 ам.долларыг Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэх утгатайгаар, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Д.гийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл-ийн дагуу 60,000 ам.долларыг Шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө гэх утгатайгаар хариуцагчид тус тус хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 7-9/

3.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоолоор ...2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Д. ХХК-ийн хувь нийлүүлэгч Ц.аас Бурхан шашны төв байгуулах ажил санхүүжилт хэрэгтэй байна гэж 50,000 ам.долларыг, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 60,000 ам.долларыг нийт 110,000 ам.доллар буюу 162,260,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэрэг нь ...2-8 жилийн хүртэл хугацаагаар хорих ялтай байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан 5 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /1хх 10-24/

4. Талуудын хооронд дээрх мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний болон үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэм хорын хохирол гэж үзнэ гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Харин анхан шатны шүүх мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

5. Хариуцагч нь Богдын шар ордон төсөл гэх баримтаар талууд уг төслийн захиалагч, гүйцэтгэгч болох нь баримтаар тогтоогдохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Монгол, Солонгос улсын хуулийн этгээд хооронд байгуулагдсан хэлцэл, уг хэлцэлд дурдагдсан төлбөр тооцооны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дугаар тогтоол гарснаас хойших хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан 10 жилийг тоолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, хариуцагч нь 110,000 ам.долларын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул тухайн үеийн үүрэг үүссэн үеийн ам.доллар төгрөгтэй тэнцэх ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ.

7.1 Иймд хариуцагчийн 50,000 ам.долларыг хүлээн авсан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэг ам.доллар төгрөгтэй тэнцэх ханш 1462,75 төгрөг буюу 73,137,500 төгрөг, 60,000 ам.долларыг хүлээн авсан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн нэг ам.доллар төгрөгтэй тэнцэх ханш 1495,70 төгрөг буюу 89,742,000 төгрөг, нийт 162,879,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01070 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.гээс 162,879,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 219,447,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 2,069,585 гэснийг 972,347 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,070,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН