Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Ү.Ганбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч

                                         Д.Олзвой,Б.Цэнгэл нарт холбогдох

                                                        иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ү.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Д.Олзвой, Б.Цэнгэл нарт холбогдох,

 

Эвдэрсэн барааны үнэ “323.770 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

 Хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Ганбаатар, хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ү.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 11 сарын 28-ны өглөө зэргэлдээ лангууны Д.Олзвойгийн эхнэр Б.Цэнгэлтэй маргаснаас хойш Д.Олзвой 1 цагийн дараа ирж лангуун дээрх тавиуртай ээмгийг толгой тушаа авч шидэхэд зовхи язарч, тавиур үйрч, тавиураас зүүлттэй ээмэгнүүд хугарч эвдэрсэн тул энэ эвдэрсэн барааныхаа хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна. Цагдаагаас тогтоогдсон 304.000 төгрөг, аудитад тушаасан 10.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 9.770 төгрөг нийт 323.770 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Олзвой нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ү.Ганбаатарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Д.Олзвой миний бие хүлээн зөвшөөрөхгүй, хуучирч харалсан хөө тортог болсон Мэнд-Амар худалдааны төвийг шатахад үнэ нь төлөгдөөд актлагдсан ээмэгнүүдийг өндөр үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө эмэгтэй хүнийг дарамталж дээрэлхээд зодчихоод лангуун дээр байсан ээмэг эвдэрсэн гээд байна. Би шидээгүй гэжээ.

Хариуцагч Б.Цэнгэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Баасансүрэн овогтой Цэнгэл нь Мэнд-Амар худалдааны төвд үсний гоёл, чимэглэлийн лангуун дээр худалдагч хийдэг болно. Манай лангууны эзэн 2015 оны 11 дүгээр сарын 14-нд бараандаа явж ирсэн. 11 дүгээр сарын 16-нд би бараагаа хүлээн аваад тоолоод өрж, янзлаад байж байтал, хажуу талын бэлэн хувцас зардаг Чимэгбаяр ээмэг авчирлаа гэж намайг хэлэх, хэлэхгүйгээр харааж загнасан боловч би өөдөөс нь сөрж маргалдаагүй. Харин 11 дүгээр сарын 28-ны өглөө лацтай учир эрт ирчихээд лангуугаа арчаад зогсож байсан чинь Чимэгбаярын нөхөр Ганбаатар намайг загнаж аашлаад байхаар нь манай лангуун дээр ээмэг урьд нь зарж байсан юм билээ гэж хэлсэний төлөө лангууныхаа цаанаас гарч ирээд хоёр гараараа миний хойлоог багалзуурдаж аваад түлхэж унагаасан. Ойр хавьд хүн байгаагүй, би тэр үед нь айж сандарч орилсон. Лангуунаасаа холдоод жижүүр байна уу гэж орилсон. Юу болоо вэ? гэж лангууны хүмүүс надаас асуусан. Би жаахан тайвшраад эргээд лангуун дээрээ очоод бараагаа янзлаад зогсож байсан чинь Ганбаатар дахиад, сохор минь чи мөрөөрөө байгаарай, чамайг ална шүү гээд аашлаж загнаад байсан. Би Оогий ах руу утасдаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очоод би энэ лангуун дээр чинь дахиад суухгүй гэсэн.  Ганбаатар намайг зодоод хэл амаар доромжлоод байна гэж хэлж очсон. Оогий ах надтай цуг лангуун дээр очиход Ганбаатар өөрөө эхнэрээ зогсоочихсон лангууныхаа цаана нуугдаад сууж байсан. Оогий ахыг авгай, хүүхэд, дүү нар нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй, эрүүл хүний ухаан санаанд орохооргүй маш муухай үгээр олуулаа нийлчихээд аашилж загнасан. Оогий ах тэр Ганбаатарыг зодож цохиогүй, ээмэг тавьдаг тавиурыг нь эвдэж гэмтээгээгүй болно. Эд нар шатаж, харлаж, тортоглосон, харласан тавиур ээмэгнүүдээ аудитаар үнэлүүлж, компанаар төлүүлсэн мөртлөө ээмэг тавиураа актлуулаад устгаагүй хадгалж байгаад дахин бид нараар төлүүлэх муухай арга өөрсдөө зохиож бид нараар төлүүлэхээр санаархаж байгаа нь жудаггүй, ичгэвтэр арга хэрэглэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нараас 314.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч Ү.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 000 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, урьдчилан төлсөн 9 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 10 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.04-ний өдөр Ү.Ганбаатарын гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд Д.Олзвой, Б.Цэнгэл биднийг Ү.Ганбаатарт хохирол учруулсан гэж 314.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.Учир нь 2015 оны 11 сарын 28-ны өдөр маргаан болсон өдөр Ү.Ганбаатар нь ээмэг, тавиураа үнэлүүлээгүй. Харин бүр сүүлд 2016.01 29-нд маргаан болсон гэх газар нөхөн үзлэгийг цагдаагаас хийхдээ Ү.Ганбаатарын өөрийнх нь хэлснээр эвдэрч, хагарсан гэх ээмэгний тоо, ширхэгийг гаргаж, өөрийнх нь хэлсэн үгээр үнэлгээ хийлгэсэн байсан.Тухайн үед ингэж үнэлгээ хийх талаар бидэнд мэдэгдээгүй. Үнэлгээ хийлгэснийг бид мэдээгүй байдлыг анхан шатны шүүхээс биднийг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, ийм илт эргэлзээтэй, үнэлгээг үндэслэж биднийг хохирол учруулсан гэм буруутайд тооцож, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нягталж шалгалгүй таамаг багцаагаар хэргийг шийдвэрлэж байгаа нь эцэстээ гэм буруугүй иргэд бид буруутай хүнд өөрт нь үндэслэлгүйгээр мөнгөн төлбөр төлж, хохироход хүрч байна.Иймд болсон үйл явдлыг сайтар нягтлан шалгаж, хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж, Ү.Ганбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.05.04-ний өдөр Ү.Ганбаатарын гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд Д.Олзвой, Б.Цэнгэл биднийг Ү.Ганбаатарт хохирол учруулсан гэж 314.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа нь 2015 оны 11 сарын 28-ны өдөр маргаан болсон байхад бүр сүүлд Ү.Ганбаатарын өгсөн ээмэг, тавиурны зургийг авч байгаад 2016.01.29-нд маргаан болсон гэх газар нөхөн үзлэгийг хийсэн тэмдэглэл үйлдэж, үзлэгийг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ү.Ганбаатар нь хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нарт холбогдуулан эвдэрсэн барааны үнэ 304 000 төгрөг, шинжилгээ хийлгэсний зардал 10.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 9770 төгрөг нийт 323.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын  Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэнд-Амар” ХХК-ний худалдааны төвд Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нар нь хоорондоо маргалдан Ү.Ганбаатар нь Б.Цэнгэлийн хоолойг боож, хэл амаар доромжилж танхайрсан гэх гомдлын дагуу шалгахад хэрүүл маргаан үүсгэсэн нь тогтоогдсон ба Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, олон нийтийн газар жижгээр танхайрсан захиргааны зөрчил гаргасан байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нарт захиргааны арга хэмжээ авахыг хэрэг бүртгэгч цагдаагийн  ахмад Ц.Ганчимэгт даалгасан Орхон аймгийн прокурорын тогтоол гарчээ.

Шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1047 дугаар дүгнэлтээр Ү.Ганбаатарын биед зүүн дээд зовхинд язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт үүссэн ба энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэжээ.

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохигчид хоорондоо хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж хариуцагч Д.Олзвой нь ээмэг зүүлтний тавиурыг шидсэнээс нэхэмжлэгч Ү.Ганбаатар оногдож, түүний зүүн дээд зовхинд язралт үүсэж, ээмэгний өлгүүр эвдэрч, 6 нэр төрлийн ээмэг хугарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

2016 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газраас эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон ба 2016 оны 02 дугаар сарын 16 ны өдрийн 33 дугаар “Найдвар Од аудит” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр эд зүйлсийн үнэлгээг 304.000 төгрөг гэж үнэлжээ.

Хариуцагч нар давж заалдсан гомдолдоо нэхэмжлэгчийг “Мэнд-Амар” худалдааны төв шатахад актласан ээмэгнүүдээ устгалгүй дахин биднээс мөнгө нэхэж байна гэж тайлбарладаг боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлож чадаагүй байна.

Харуцагч нар “Найдвар Од аудит” ХХК-ний үнэлгээний талаар гомдолтой гэж байгаа боловч анхан шатны шүүх дээр хэргийг хянан шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна.

Иймд хариуцагч нараас эвдэрсэн ээмэгний тавиур, хугарсан ээмэгний үнэ 304.000 төгрөг, шинжилгээ хийсний зардал 10.000 төгрөг нийт 314 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжилсэн 9 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Олзвойгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.,-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  164 дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч  Д.Олзвойгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                         Б.БАТТӨР