Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00200

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-146 тоотод оршин суух Боржигон овогт Үржиннамдагын Ганбаатар /АР:67012814/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-28 тоотод оршин суух Тайжууд овогт Дарамын Олзвой /ЧИ:58050678/

323 770 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг  2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 11 сарын 28-ны өглөө зэргэлдээ лангууны Д.Олзвойгийн эхнэр Б.Цэнгэлтэй маргаснаас хойш Д.Олзвой 1 цагийн дараа ирж лангуун дээрх тавиуртай ээмгийг толгой тушаа авч шидэхэд зовхи язарч, тавиур үйрч, тавиураас зүүлттэй ээмэгнүүд хугарч эвдэрсэн тул энэ эвдэрсэн барааныхаа хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна. Цагдаагаас тогтоогдсон 304 000 төгрөг, аудитад тушаасан 10 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 9 770 төгрөг нийт 323 770 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Олзвой нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ү.Ганбаатарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Д.Олзвой миний бие хүлээн зөвшөөрөхгүй, хуучирч харалсан хөө тортог болсон Мэнд-Амар худалдааны төвийг шатахад үнэ нь төлөгдөөд актлагдсан ээмгүүдийг өндөр үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө эмэгтэй хүнийг дарамталж дээрэлхээд зодчихоод  лангуун дээр байсан ээмэг эвдэрсэн гээд байна. Би шидээгүй гэв.

Хариуцагч Б.Цэнгэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баасансүрэн овогтой Цэнгэл нь Мэнд-Амар худалдааны төвд үсний гоёл, чимэглэлийн лангуун дээр худалдагч хийдэг болно. Манай лангууны эзэн 2015 оны 11 дүгээр сарын 14-нд бараандаа явж ирсэн. 11 дүгээр сарын 16-нд би бараагаа хүлээн аваад тоолоод өрж, янзлаад байж байтал, хажуу талын бэлэн хувцас зардаг Чимэгбаяр ээмэг авчирлаа гэж намайг хэлэх, хэлэхгүйгээр харааж загнасан боловч би өөдөөс нь сөрж маргалдаагүй. Харин 11 дүгээр сарын 28-ны өглөө лацтай учир эрт ирчихээд лангуугаа арчаад зогсож байсан чинь Чимэгбаярын нөхөр Ганбаатар намайг загнаж аашлаад байхаар нь, манай лангуун дээр ээмэг урьд нь зарж байсан юм билээ, гэж хэлсэний төлөө лангууныхаа цаанаас гарч ирээд хоёр гараараа миний хойлоог багалзуурдаж аваад түлхэж унагаасан. Ойр хавьд хүн байгаагүй, би тэр үед нь айж сандарч орилсон. Лангуунаасаа холдоод, жижүүр байна уу гэж орилсон. Юу болоо вэ? гэж лангууны хүмүүс надаас асуусан. Би жаахан тайвшраад эргээд лангуун дээрээ очоод бараагаа янзлаад зогсож байсан чинь Ганбаатар ахиад, сохор минь чи мөрөөрөө байгаарай, чамайг ална шүү гээд аашлаж загнаад байсан. Би Оогий ах руу утасдаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очоод, би энэ лангуун дээр чинь ахиад суухгүй, Ганбаатар намайг зодоод, хэл амаар доромжлоод байна гэж хэлж очсон. Оогий ах надтай цуг лангуун дээр очиход Ганбаатар өөрөө эхнэрээ зогсоочихсон лангууныхаа цаана нуугдаад сууж байсан. Оогий ахыг авгай, хүүхэд, дүү нар нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй, эрүүл хүний ухаан санаанд орохооргүй маш муухай үгээр олуулаа нийлчихээд аашилж загнасан. Оогий ах тэр Ганбаатарыг зодож цохиогүй, ээмэг тавьдаг тавиурыг нь эвдэж гэмтээгээгүй болно. Эд нар шатаж, харлаж, тортоглосон, харласан тавиур ээмэгнүүдээ аудитаар үнэлүүлж, компанаар төлүүлсэн мөртлөө ээмэг тавиураа актлуулаад устгаагүй хадгалж байгаад дахин бид нараар төлүүлэх муухай арга өөрсдөө зохиож бид нараар төлүүлэхээр санаархаж байгаа нь жудаггүй, ичгэвтэр арга хэрэглэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд угаасаа дэлгүүр дотор нэр хүнд байхгүй, бүгдтэй нь хэрэлдэж байсан учир бүгд үзэн ядаж байдаг. Зөвхөн өөрөө л болж байвал бусдыг яаж ч мэдэх улс, үүнийг дэлгүүрийн хүмүүс бүгд мэднэ. Энэ хүмүүмсийн муухай заль явуургүй энэ аргыг төрийн шудрага шүүх үнэнээр нь шүүж ялгаж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь хариуцагч Д.Олзвой нь нас барсан учир миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ү.Ганбаатар нь Д.Олзвой, Б.Цэнгэл нараас 323 770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нас барсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж  баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ү.Ганбаатарын нэхэмжлэлтэй Д.Олзвойд холбогдох 323,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 3985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгосугай.

 3. Энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД                                                Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                 Р.ҮҮРИЙНТУЯА