Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 17

 

Т.Д-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Батзориг

Ц.Амаржаргал

Прокурор                                       М.Очбадрах

Хохирогч                                        Г.Ц-

Хохирогчийн өмгөөлөгч                Ч.Булган

Ялтан                                             Т.Д-

Ялтны өмгөөлөгч                          П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулгын даргалж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Д- болон түүний өмгөөлөгч П.Батжаргалын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-ийн Д-д холбогдох эрүүгийн 201509000238 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, завсарчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д завсарчин ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан сумын 13 дугаар баг “Альфа таун” хотхоны 3 дугаар байр 37 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Т-ийн Д- /РД:ТЕ78050777/нь өөрийн эхнэр Г.Д-т биеийн болон сэтгэл санааны дарамт учруулж, хүнлэг бус харгис хэрцгий хандаж байсны улмаас Г.Д- нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг “Альфа таун” хотхоны 3 дугаар байрны 37 тоот өөрийн гэрийн тагтан дээрээс буюу 7 давхраас үсэрч амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Д-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Д-аас оршуулгын зардал 8.388.626 төгрөгийг  гаргуулан хохирогч Г.Д-, Г.Ц- нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Ялтны өмгөөлөгч П.Батжаргал шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талийгаач Г.Д- нь нөхрөө харддаг, хардлагын улмаас байнга хэрүүл эхлүүлдэг, олсон мөнгө төгрөгөө гэр бүл, үр хүүхэддээ зарцуулдаггүй байсан байх ба Т.Д-ы хувьд хардуулснаас үүдэлтэй дарамтанд амьдардаг, бүх цалин орлогоо гэр бүлдээ зарцуулдаг байсан нь тогтоогдож байна. Гэтэл Т.Д-ы зүгээс үндэслэлгүй хардалтыг эсэргүүцэж эхнэртэйгээ маргалдах эсвэл цалин хөлсөө үр хүүхэддээ зарцуулах тухай зүй ёсны шаардлагыг эхнэртээ тавьдаг байсныг нь анхан шатны шүүх Г.Д-ийг сэтгэл зүйн хувьд дарамтлан орон байрнаасаа хөөх, доромжлох, зодох зэрэг дарамт учруулж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хандаж амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Иймд мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр Т.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж болох обьектив болон субьектив талыг шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Ялтан Т.Д-  шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр намайг талийгаачийг дарамталсан, улмаар талийгаач амиа хорлосон гэж яллаад байна. Тухайн үед хэрүүл болоод талийгаач намайг айлгах гэж болконоос зүүгдсэн талийгаач би уналаа намайг татаарай гэж орилсон. Би талийгаачийг амиа хорлох хүртэл нь дарамталж байгаагүй. Анхан шатны шүүх хурал дээр талийгаачийн ар гэр, найз нөхөд нь үгсэн хуйвалдаж худлаа мэдүүлгүүд өгсөн. Би талийгаачийг дарамталдаггүй, зоддоггүй зөвхөн 2 хүүхдийнхээ төлөө яв, амьдар гэдэг байсан байхад эдгээр хохирогч гэх хүмүүс яагаад намайг заавал ингэж яллаад, яллах гээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Ер нь талийгаач намайг их харддаг байсан, 2 хүүхэддээ авч өгсөн идэх, уух юмны мөнгийг миний цалин буухаар надаас авдаг байсан. Миний цалин амьдралаа авч явахад хүрэлцдэггүй байсан. Тэрнээс би хөөж, тууж дарамталж байгаагүй. Харин би гэрээсээ явахаар нь хойноос нь очиж  гуйж авчирдаг байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч П.Батжаргал: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.Д-ы гэм буруу хангалттай нотлогдоогүй. Гэрчүүдийн мэдүүлэг хэт нэг талыг баримталснаас гадна худал ташаа мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна. Т.Д- нь өөрийн эхнэр Г.Д-т хоёр хүүхдийнхээ төлөө амьдар, гэр бүлдээ цалин мөнгөө зарцуул гэж зүй ёсны шаардлага тавьдаг байсныг анхан шатны шүүх биеийн болон сэтгэл санааны дарамтанд оруулж, өрөвдөх, хайрлах сэтгэлгүй хандсаны улмаас талийгаачийг амиа хорлоход хүргэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Т.Д- гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой бичсэн байдаг. Г.Д- нь нөхрөө үндэслэлгүйгээр хүн болгонтой хардаж сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан тухай Т.Д- тодорхой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчүүд болон хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Хэрэг учрал болсон өдөр ч гэсэн Т.Д- талийгаачийг зодоогүй, хүч хэрэглээгүй, дарамтлаагүй болох нь хөдөлбөргүй нотлогдсон. Тухайн өдөр эд нарын хооронд болсон маргаан нь талийгаачийн зүгээс хардалтаар эхэлж гэр бүлийн хэрэгцээний мөнгө төгрөгийн зарцуулалтаар үргэлжилсэн болох нь шүүгдэгчийн болон  насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ өдөр болсон үйл явдалд Т.Д-ыг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ийм учраас Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд Т.Д-ы үйлдэлд энэ гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийн аль нь ч тогтоогдоогүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан Т.Д- мэдүүлэгтээ: Энэ хэргийн гэрч болох Ө.Болорцэцэг, Б.Энхтуяа, хохирогч Г.Ц-, Г.Д- нар худал ташаа мэдүүлэг өгч намайг гүтгэж байна. Би өөрийн эхнэр Г.Д-ийг амиа хорлох хэмжээний дарамталж зодож, хүч хэрэглэж байгаагүй ээ. Бид хэрүүл маргаан хийдэг байсан, охиноо гарахаас өмнө би эхнэрээ зоддог байсан. Харин охиноо гарсны дараа би түүнийг зодохоо больж хэл амаар доромжилж, элдэв хараалын үг хэлдэг болсон. Би хэрэг учрал болсон өдөр би талийгаачид хүч хэрэглээгүй, түүнийг дүүгийнхээс нь дуудаж гадаа уулзаад гэртээ авчирсан. Замдаа дэлгүүрээс 2 шил пиво авсан. Тэгээд гэртээ ирээд хэрүүл маргаан болж түүнийг явна гэхэд нь явуулахгүй гэж хаалгаа түгжиж, түлхүүрийг нь авсан. Ер нь талийгаач намайг ул үндэсгүй харддаг байсан. Миний авдаг цалин амьдралд маань хүрэлцдэггүй учраас мөнгө төгрөгнөөс болж хэрүүл маргаан гардаг байсан. Хэргийн үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Г.Ц-: Би маш их гомдолтой байна. Т.Д- өөрийгөө хамгаалж хэлж ярих нь зүй ёсны л байх гэхдээ 100 хувь худлаа ярьснаас ядаж 50 худлаа ярьвал хүлээж авна шүү дээ. Миний дүү бол мэргэжил боловсролтой, өөрийн амьдралын төлөө мөрөөдөлтэй хүн байсан бөгөөд яагаад ч гадны нөлөөгүй амиа хорлох хүн байгаагүй. Тэр өдөр Т.Д- түүнийг дүүгийндээ амарч байхад ирээд утсаар дуудсаар байгаад гадуур хувцас ч үгүй дагуулаад явсан байсан. Түүний биед нас барахаас нь өмнө үүссэн  гэмтэл байсан болох нь тогтоогдсон. Т.Д- түүнийг хэрэг болох үед зодоогүй, ер нь зоддоггүй байсан гэж худлаа ярьж байна. Миний дэргэд хүртэл зодож байсны амьд гэрч нь би зогсож байна. Т.Д- миний дүүтэй сууснаасаа хойш 7-8 жил огт ажил хийгээгүй, эднийх түрээсийн байранд амьдарч байхад түрээсийн мөнгө төгрөгийг миний дүү л гаргаж амьдралаа авч явж байсан. 2014 онд энэ байранд банкны зээл  авч урьдчилгаа мөнгийг нь төлж орсон. Энэ үеэс эхлэн түүнийг гэр орноосоо хөөж, туудаг болсон. Одоо миний хоёр дүүгийн амьдрал, ирээдүй нь хэцүү байна. Хүүхдүүдийг бид нартай огт уулзуулахгүй байгаа бөгөөд бид нар тэр хүүхдүүдийн ирээдүйд маш их санаа зовж байна.  Би өөрийн гэсэн гэр орон байртай, эдний байрыг авах гэсэн юм уу, мөнгө төгрөгнөөс болж ийм асуудал яриагүй, миний амьдралыг Т.Д- яаж мэдэх юм бэ, яагаад давж заалдах гомдолдоо ийм зүйл бичснийг би сайн ойлгохгүй байгаа. Т.Д- бол миний дүүгийн амь насыг санаатай хөнөөсөн гэж үзэж байна. Би маш гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас хэвээр баталж, ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Сая ялтны өмгөөлөгч ярьж байгаатай болон түүний гаргасан давж заалдах гомдолтой санал нэгдэхгүй байна. Харин ч хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.Д-ы гэм буруу хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Гэрчүүд болон Т.Д-ы өөрийнх нь мэдүүлгүүдээр  өөрийн эхнэр Г.Д-ийг зоддог байсан, тухайн хэрэг учрал болох үед талийгаачтай цуг гэртээ ирээд түүнийг явуулахгүй гэж үүдээ түгжиж, түлхүүрийг авч нуусан байсан болох нь нотлогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн тайлбарт энэ гэмт хэрэг нь урьд өмнө зодож, дарамталдаг байснаас гадна тухайн хэрэг учрал болох үед нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэж болохыг тодорхой тайлбарласан байна. Ийм учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Очбадрах гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би Т.Д- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтай танилцсан, сая тэдний ярьж байгаа зүйлийг сонслоо. Хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар энэ хэргийн субьектив болон обьектив талын заавал байх шинжүүд нотлогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна. Т.Д- өөрийн эхнэр Г.Д-ийг биеийн болон сэтгэл санааны дарамтанд байлгаж, орон гэрээсээ хөөх, зодох, хэл амаар доромжилж, хараалын үг хэлж хүнлэг бус, харгис хэрцгий хандаж байсан болох нь гэрчүүдийн болон өөрийнх нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон. Хэрэг учрал болсон өдөр талийгаач нас барахаасаа өмнө биедээ гэмтэл авсан байсан болох нь тогтоогдсон. Энэ бүхэн бол Т.Д-ы үйлдсэн гэмт хэргийн субьектив болон обьектив талын бүрэлдэхүүний шинжүүдийг хангаж байна гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх саналаа дэмжиж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Т.Д- нь өөрийн эхнэр Г.Д-т биеийн болон сэтгэл санааны дарамт учруулж хүнлэг бус харгис хэрцгий хандаж байсны улмаас Г.Д- нь  2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг “Альфа таун” хотхоны 3 дугаар байр 37 тоот өөрийн орон сууцны тагтнаас буюу 7 давхраас үсэрч амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Д-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Т.Д-аас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Д- болон түүний өмгөөлөгч П.Батжаргал нар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар “ Т.Д-ы гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй эргэлзээтэй байгаа тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.Д- нь өөрийн эхнэр Г.Д-т биеийн болон сэтгэл санааны дарамт учруулж, түүнтэй хүнлэг бус, харгис хэрцгий хандаж байсан болох нь хангалттай нотлогдсон байх бөгөөд Т.Д- нь “...өөрийн эхнэр Г.Д-ийг дарамталж байгаагүй, намайг маш их хардаж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан, өөрийн үр хүүхдээ асарч, мөнгө төгрөгөө үр хүүхэддээ зарцуулж амьдар ...” гэж  зүй ёсны шаардлага тавьдаг байсан гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Хэрэг учрал болсон 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагийн орчим Т.Д- нь өөрийн эхнэр Г.Д-ийг түүний дүү Г.Д-ийнхээс дуудан гаргаж, гэртээ дагуулан ирж  хэрүүл, маргаан хийж түүнийг явуулахгүй гэж үүдээ түгжиж улмаар хаалганы түлхүүрийг нь нууж гарах гарцгүй болгож, хорьж цагдаж байгаа Т.Д-ы идэвхтэй хууль бус үйлдэл нь энэ гэмт хэргийн обьектив талын бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд түүний энэ идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас Г.Д- тагтнаас үсэрч нас барсан шалтгаант холбоотой байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Д.Барсболдын”... аав ээж хоёр хэрэлдэж байсан гэтэл ээж ингэж байхаар амиа хорлолоо гэхэд чи чаддаг юм бол тэг гэж аав хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Д- “... талийгаач байнга л амиа хорлолоо гэж хэлдэг байсан болохоор би нэг их ач холбогдол өгөөгүй...” гэсэн мэдүүлгээр Т.Д-ы энэ гэмт хэргийг үйлдсэн субьектив санаа зорилго нь түүний үр дагаварт хайхрамжгүй хандсан шууд бус санаатай гэм буруугаар илэрч байна гэж үзнэ.

Ялтны өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохиролтой холбоотой нэг ч нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хохирогч талаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ хэлээгүй гэтэл анхан шатны шүүх Т.Д-аас оршуулгын болон бусад зардалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 8.388.626 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж заасныг зөрчсөн гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /хавтаст хэргийн 546-565 дах тал /хохирогч нарын өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримтанд хавтаст хэргийн 251-305 дах талд байгаа хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалсан гэж тусгагдсан, шүүх хуралдааны явцад хохирогчийн мэдүүлэг болон улсын яллагчийн ялын шүүмжлэлд хохирлын талаар тусгагдсан байх тул ялтны өмгөөлөгчийн хохирлын нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хохирлын мөнгөн дүнгээ хэлээгүй гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Д-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                                     Б.БАТЗОРИГ

                                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ