Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0175/З |
Дугаар | 221/МА2019/0515 |
Огноо | 2019-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2019/0515
Б.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.С-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дүгээр зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө давж заалдах гомдолдоо: “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны үед тогтоогдсон үйл баримтыг бүрэн үнэлээгүй буюу маргаан бүхий актын үндэслэлд тогтоогдсон бодит нөхцөл байдлаас зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. ...шаардлагатай бүх нотлох баримт хэрэгт авагдаж, талуудын тайлбарыг үндэслэл болсон үйл баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан тул шүүх бүрэн дүгнэлт хийх боломжтой байсан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх нөхцөл байдал байхгүй байсан.
...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох 2018 оны 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд 3 өдөр ажил таслаагүй, өвчтэй байсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй, харин ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь өөрийнх нь тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон, ...ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, тооцоо тайлан зөрүүтэй гаргасан” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тус хэлтсийн сайн дурын даатгалын улсын байцаагч Б.С-ийг үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулж, тайлан мэдээ буруу гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
Хариуцагчаас уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ “Б.С нь тайлан мэдээ буруу гаргасны улмаас хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний биелэлтэд бичигдсэн 2017 онд сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн тоо нь байгууллагын тайлан мэдээнээс зөрсөн болох нь тус хэлтэст хийсэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтаар илэрсэн, мөн 2018 оны 06 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажил тасалсан, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтуудаа авч ирэхийг шаардсан боловч баримт ирүүлээгүй” гэж тайлбарласан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1. Үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулж, тайлан мэдээ буруу гаргасан гэх үндэслэлийн тухайд,
Нийслэлийн нийгмийн даатгалын газраас хийсэн хяналт шалгалтаар “...Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны жилийн эцсийн байдлаар 1725 иргэнийг сайн дурын даатгалд хамруулсан, тайлан мэдээнд тусгагдсан сайн дурын даатгуулагчийн уг тоо нь хэлтсийн даргын үр дүнгийн гэрээнд бичигдсэнтэй зөрсөн” алдаа гаргасан болохыг илрүүлсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч Б.С-ийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд “...2017 онд сайн дурын даатгалд 1725 иргэнийг хамруулсан” болохыг илтгэсэн, үүнийг хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас үнэлсэн, мөн нэхэмжлэгчийн харьяалагддаг СБХОБХТасгийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд 1725 иргэнийг сайн дурын даатгалд хамруулсан талаар тайлагнасан байхад хариуцагч өөрөө үр дүнгийн гэрээний биелэлтдээ дээрх даатгуулагчийн тоог зөрүүтэй бичсэн алдаагаа нэхэмжлэгчид хамааруулан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.С тайлан мэдээ буруу гаргасан, үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулсан зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгүүр, төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээний биелэлтээ өөрөө тайлагнаж, дүгнүүлдэг тул хариуцагчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд бичигдсэн сайн дурын даатгуулагчийн тоо нь хэлтсийн тайлангийн дүнгээс зөрүүтэй байгаад нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй юм.
Иймд маргаан бүхий актад дурдсан тайлан мэдээ буруу гаргасан, үйл ажиллагааны мэдээллийг нуун дарагдуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй байна.
2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд,
Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд удирдлагаас чөлөө аваагүй хэрнээ ажилдаа яваагүй, энэ хугацаанд өвчтэй байсан болохоо нотлох баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгчээс маргаагүй, харин энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 6.5-д “...1 ба түүнээс дээш хоногийн чөлөөг хэлтсийн дарга олгоно”, 6.9-д “Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, өвчтэй байгаа тохиолдолд эмчийн магадлагаагаар чөлөө олгоно” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзвэл, ажилтан “өвчтэй байгаа” тохиолдолд хэлтсийн даргад эмчийн магадалгааг үзүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлаас чөлөө авах ёстой байтал нэхэмжлэгч Б.С нь чөлөө олгох зөвшөөрөл аваагүй хэрнээ дур мэдэн ажлаа 3 хоног тасалсан, энэ хугацаанд өвчтэй байсан гэх боловч уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгчийг төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасантай болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг дараах тохиолдолд ногдуулна”, тус заалтын а/-д “гурав ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бүр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь чөлөө олгох зөвшөөрөл аваагүй бол ажлаа таслахыг хориглосон, ингэсэн тохиолдолд “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулахаар хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан болохыг мэдсээр байж дээрх зөрчлийг гаргасан төдийгүй Б.С нь өмнө нь удаа дараа ажил тасалсан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байсан тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь түүний хувийн байдалд тохирсон гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ө-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН