Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00116

 

 Магадлал

2016 оны 06 дугаар

сарын 28-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

 

Ж.Дунгармаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Насанбаярт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ж.Дунгармаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч :Г.Насанбаярт холбогдох,

 

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4.912.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга ....................нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Дунгармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3ээлдэгч Насанбаяр надаас 2015 оны 09 сарын 16-нд 1 200 000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлдэж авсан.Мөн 2015 оны 05 сарын 14-ны өдөр сарын 6 хувийн хүүтэй 2 500 000 төгрөг авсан байсан дээрээ нэмж авсан бөгөөд дээрх 2 зээлийнхээ хүү болон үндсэн төлбөрөөс огт төлөөгүй тул үндсэн зээл 3 700 000 төгрөг, нийт хүү 1 212 000 төгрөг, нийт 4 912 000 төгрөг гаргуулан авна.Иймд Насанбаяраас 4 912 000 төгрөг гаргуулан Ж.Дунгармаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Насанбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...би Ж.Дунгармаагаас 2015 оны 05 дугаар сарын 14-нд 2 500 000 төгрөг авч Ө.Батцэнгэлд, 2015 оны 09 дүгээр сарын 16-нд авсан 1 200 000 төгрөгийг Ө.Цэцэгбалд тус тус өгсөн. Нэхэмжпэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг 1 сарын хүү болох 72 000 төгрөг, мөн 2 500 000 төгрөгийн хамт нийт 3 772 000 төгрөг төлнө.Учир нь 2 500 000 төгрөг авахдаа би Ж.Дунгармаатай зээлийн гэрээ байгуулаагүй.Тиймээс хүү өгөхгүй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанбаяраас 4 912 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Дунгармаад олгож,

 

Улсын            тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Насанбаяраас 93 550 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ж.Дунгармаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн Ж. Дунгармаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Г. Насанбаярт холбогдох 4912000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 142/ШШ2016/00595 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч давж заадах гомдол гаргаж байна.

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авсан 2500000 төгрөгийг хоёр тал харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү тооцож гаргуулсныг буруу гэж үзэж баина.

Учир нь Ж.Дунгармаа нь 2015 оны 11 сарын 14-ний өдөр дуудаж уулзаад үндсэн мөнгө 2500000 төгрөгийг зээлийн хүү болох 1140000 төгрөгний хамт төл хэмээн шаардаж, бичиж өг гэж хугацаа заан гараар өргөдөл бичүүлж авсан.

Анхан шатны шүүх иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг буруу гайлбарлаж хэрэглэсэнээс ийнхүү илүү төлбөр гаргууллаа. Иймд хүү болох 1212000 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч  Ж.Дунгармаа   хариуцагч Г.Насанбаярт холбогдуулан  “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 4.912.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Насанбаяр  нэхэмжлэгч  Ж.Дунгармаагаас 2015 оны 09 дүгээр сарын 16 ны өдөр 1.200.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлжээ.

 

2015 оны 05 дугаар сарын 14 ний өдөр 2.500.000 төгрөгийн 6 хувийн хүүтэй зээлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан * зээлийн гэрээ* гэх баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч Г.Насанбаяр  нь 2015 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр хийсэн зээлийн гэрээнд 2.500.000 төгрөг, хүү 1.140.000 төгрөг нийт 3.640.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг хүртэл барагдуулж дуусгахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч Г.Насанбаяр  2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгахаар тохиролцсон энэхүү зээлийн гэрээ гэх баримт нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасан шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч Г.Насанбаяраас нэхэмжлэгч  Ж.Дунгармаад зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 4.912.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд зөв дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.Насанбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49.240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1., дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Насанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч  Г.Насанбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.240  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.БАТТӨР