Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 167

 

                                                             Д.Гантогтоход холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Бадамцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гантогтоход холбогдох эрүүгийн 201510010105 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхай овогт Дашжамцын Гантогтох, 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар Төмөр Зам”-ын зам засварын машинт станцын их засварын цувааны шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТК82091479/,

Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” хөшөө цогцолборын дэргэд О.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, гавал тархины далд гэмтэл учруулсаны улмаас О.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсан буюу танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Гантогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Гантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Гантогтохын цагдан хоригдсон 569 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гар утасны ярианы бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Гантогтохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 10.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Д.Гантогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Гантогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үйл явдлын тухайд: Сайнбуян, Дүүрэнбаяр, талийгаач Бат-Эрдэнэ бид дөрөв хэсэг сууж байгаад Дүүрэнбаяр явсан. Бид гурав буцаад хөшөө рүүгээ явахаар болоход талийгаач сууж байсан газраасаа босохдоо тэнцвэр алдаад миний зүүн гарнаас татсан. Би давхар унахгүйн тулд зүүн гар хөл, өвдөгөөрөө тулсан. Энэ үед талийгаач хойшоо саваад унасан. Түүнийг унахаар нь татаад босгосон. Тэгэхэд “Өө та хоёр” гээд Сайнбуян хараад зогсож байсан. Хөшөөн дээр очоод Сайнбуян утсаар Дүүрэнбаярыг дуудсан. Дүүрэнбаярыг ирэхээс өмнө талийгаач сууж байсан газраа хойшоо налаад хэвтсэн. Би тухайн үед талийгаачийг архиндаа согтоод унтсан гэж бодсон. Талийгаач хойш налж хэвтсэнээс хойш босоогүй. Ингээд байж байхад Дүүрэнбаяр ирээд “Яасан бэ” гэж асуухаар нь би “Мөргөлдсөн юмаа” гэж хэлсэн. Тэгээд Дүүрэнбаяр автомашин дуудаж авчраад талийгаачийг суулгах гэж надаас татаж авахдаа “Толгой нь цус болсон байна” гэсэн. Би “Эмнэлэг явах уу” гэхэд “Яах юм бэ, зүгээр” гэсэн. Тэгээд автомашинд сууцгаагаад 60-н айлын орон сууцны үүдэнд буугаад хонох гэж байгаа айлдаа орсон. Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй, салцгаасан. Энэ хэрэгт:

1. Дүүрэнбаяр, Сайнбуян нарыг анх гэрчээр байцаахад “Бид хоорондоо хэрүүл, зодоон хийгээгүй, маргалдаагүй” гэдэг. Харин тэднийг надтай хамсаатан болгож яллагдагчаар татан байцаахад мэдүүлэг нь өөрчлөгдөж тогтворгүй болсон. Мөн Сайнбуянгийн “Би юу ч санахгүй байна, юу болсон талаар Дүүрэнбаяраар яриулсан” гэсэн мэдүүлэг байдаг. Энэ хэргийг анх шалгаж эхлээд дуусах хүртэл хугацаанд Дүүрэнбаяр, Сайнбуян нарыг нэг ч хоног цагдан хориогүйгээс яллагдагчаар мэдүүлэхдээ хоорондоо үгсэн тохиролцох нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

2. Хэргийн газарт Сайнбуян, талийгаач Бат-Эрдэнэ бид гурав салаагүй. Соёмботой хөшөө болон хэргийн газар болсон үйл явдлыг Сайнбуян маш сайн мэдэж байгаа. Дүүрэнбаяр, Сайнбуян нарын удаа дараа өгсөн тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгийг үндэслэлтэй, магадлалтай байна гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дүүрэнбаяр, Сайнбуян болон миний өгсөн мэдүүлгүүд орон зай, цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг.

3. Хэргийн газрын үзлэг хийхэд цусны толбо болсон газар байршлын хувьд тохирохгүй байсан. Мөн цусны толбоноос дээж авч шинжилгээнд хамруулаагүй байдаг.

4. Сайнбуян, талийгаач Бат-Эрдэнэ бид гурав нэг байгууллагад ажилладаг боловч өөр өөр цехэд харъяалагддаг. Тухайн үед нэг дор ажиллаж байсан ба ажлын талаар мэтгэлцэж ярилцаж байсан. Үүнийг маань маргаан хэрүүл, зодоон болгож хүндрүүлж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхээс “...амь хохирогч болон Гантогтох нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж үзсэн байдаг.

5. Намайг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж үзэн Сайнбуян, Дүүрэнбаяр нарын мэдүүлгийг үндэслэн магадлал дэвшүүлж, хэт яллах талыг баримтлан ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна.

Би тухайн үед амь хохирогчид тусламж үзүүлээгүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэм буруутай. Иймд хэргийг тохирох зүйл ангиар зүйлчлэн, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Гантогтохын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн талаар эцэслэн тогтоогоогүй гэж үзэж байна.

1. Энэ хэрэгт Сайнбуян гэгч этгээд болсон үйл явдлын талаар орон зай, цаг хугацааны хувьд ямар ч төсөөлөлгүй согтуурсан өөрөөр хэлбэл биеэ хянах чадваргүй үеийнхээ талаар сүүлд санаж байна гэх байдлаар өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолгооны шаардлагыг хангахгүй байгаа. Тэрээр нийт 9 удаа илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба түүний мэдүүлгээр Гантогтох нь хохирогчтой маргалдаж байсан улмаар танхайрсан үйлдэл сэдэлтийг тогтоосон гэж үзэх хууль зүйн боломжгүй. Сайнбуянгийн хувийн сэдэлтээр зориуд санаатай худал мэдүүлэг өгч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэлгүй орхигдуулж байна. Түүний худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тухайлбал Сайнбуян нь зөвхөн Гантогтох амь хохирогч Бат-Эрдэнэ хоёрыг чанга чанга дуугарч байхыг маргалдсан, маргалдаж байх шиг байсан, би тэгж бодсон зэргээр янз бүрээр мэдүүлэг атлаа бусад бүх нөхцөл байдал болсон үйл явдлыг огт санахгүй байна гэж мэдүүлж байгаа нь эргэлзээ бүхий байдаг. Чанга дуугаар ярилцаж байхыг сонссоноос өөрөөр Гантогтох ямар нэгэн цохих, мөргөх зэрэг үйлдлийг харсан үзсэн сонссон талаар мэдүүлсэн зүйл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэрэгт холбогдолгүй этгээдийг гэрч гэнэ” гэж хуульчилан заажээ. Иймээс Сайнбуян нь энэ хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан хэрэгт холбогдол бүхий этгээд учраас түүний өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд Гантогтох, Сайнбуян, Дүүрэнбаяр нарын зөрүүтэй мэдүүлгийн хэнийх нь мэдүүлэг үндэслэлтэй үнэн зөв болохыг шалгаж бусад нотлох баримтуудаар нотлох ажиллагаа хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч уг ажиллагаа мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэт хийгдээгүй.

2. Гантогтох, Бат-Эрдэнэ, Сайнбуян гурав энэ хэрэг явдлын орчноос нэг ч холдоогүй хүмүүс байдаг. Гэтэл Гантогтохыг бие засах гэж буусны дараа эргэж ирэхэд нь Сайнбуян талийгаач Бат-Эрдэнийг заамдаж, сэгсэрч маргалдаж байсныг Гантогтох салгасан тухай мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг нягтлан шалгасангүй. Өөрөөр хэлбэл Гантогтохыг бие засахаар холдсон үед Сайнбуян, Бат-Эрдэнэ нар зодолдсон байдал, ялангуяа Сайнбуян цохисон эсэх асуудал шалгагдалгүй үлдсэн.

Шинжээчийн дүгнэлтэд дурдахдаа “Талийгаачийн тархины гэмтэл нь баруун талд учирсан” болохыг дурдсан бөгөөд тархинд үйлчилсэн контруд буюу хүчний үйлчлэл нь баруунд үйлчилсэн бол зүүнд, зүүн талд үйлчилсэн бол тархины баруун талд учирдаг болохыг тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Гантогтох мөргөсөн гэж үзэх юм бол хүч үйлчилсэн чиглэл тархинд учирсан гэмтэл нь илт зөрөөтэй чиглэлтэй байгааг нарийн нягт шалгасангүй.

3. Гантогтох нь “Би мөргөчихсөн юм” эсхүл “Мөргөлдсөн юм” гэж хэлж байсныг сонссон гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотолгооны үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ гэрчүүд нь нөгөө л ял сонсож хэрэгсэхгүй болсон Дүүрэнбаяр, Сайнбуян нарын мэдүүлэг байна. Эдгээр оролцогч нарын мэдүүлэг эхнээсээ шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл эргэлзээтэй байсаар энэ хэрэг шийдвэрлэгдсэн юм. Шүүхийн хэлэлцүүлэг дээр гэрчийн мэдүүлгүүдийн зөрүү хэрэг мөрдөн байцаалтад буцсан үе шатанд ч арилаагүй байдаг.

4. Мөн хамгийн сүүлд Сайнбуян нь биеэ авч явах чадваргүй байсан амь хохирогч Бат-Эрдэнийг дагуулж явсан байдаг бөгөөд Бат-Эрдэнэ өглөө нь вагончикийн ойролцоогоос биедээ ил харагдах олон тооны шарх, зулгаралттайгаар олдсон байдаг. Гэтэл энэ цаг хугацаа, орон зайд ямар үйлдэл хийгдсэн, дээрх шарх зулгаралтуудыг хэн учруулсан болох нь огт шалгагдалгүй орхигдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан бусад байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг түүнд нөлөөлөх хүчин зүйлийг эцэслэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан даалгаврыг хэрэг мөрдөн байцаалтад буцсанаас хойш нэг ч ажиллагаа хийгдээгүй байгаа нь хавтаст хэргээс харагдаж байна. Шүүхийн даалгасан даалгаврыг биелүүлээгүй нь хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл бий болсон байна.

5. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар буюу талийгаачийн ар гэрийнхэн “Хохирогч Бат-Эрдэнэ нь ухаан орох үедээ намайг манай гурван найз ийм болгосон гэж хэлээд дахиж ухаан ороогүй” гэж мэдүүлсэн, шинжээчийн тайлбараар талийгаач ухаан санаа эрүүл байхдаа дээрх үгийг хэлсэн гэдэг. Ийм байхад дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгасангүй гэж үзэж байна.

6. Гантогтох нь хохирогчтой хувийн ажил байдлын талаар ярилцаж байсныг илт зөрүүтэй худал мэдүүлэг өгч буй Сайнбуянгийн мэдүүлэгт үндэслэн танхайн сэдэлттэй байсан гэж зүйлчилж шийдвэрлэсэн нь хувийн таарамжгүй харьцааг танхайн сэдэлтээс ялган зүйлчлэх талаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ганц хүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Талийгаач хүү маань хүнтэй маргалдаж, зодолдох хүн биш. Би ялтан Гантогтоход гомдолтой байна. Түүний ар гэрээс хохирлын мөнгө өгсөнийхөө дараа намайг удаа дараа дарамталсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай болон бусад байдлууд тогтоогддог. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, дахин шалгах зүйлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

Прокурор Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Бат-Эрдэнийн биед үхэлд хүргэх гэмтэл учруулах үед байсан хүмүүс нь Гантогтох, Сайнбуян нар бөгөөд Сайнбуян нь энэ хэргийн цорын ганц гэрч болох хүн. Сайнбуянгийн өгсөн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралгүй бусад гэрч нарын мэдүүлэгтэй тохирдог. Хэрэв Сайнбуянгийн өгсөн мэдүүлэг худал, түүнийг энэ хэргийн гэрч биш гэж үзвэл Гантогтохын “...би мөргөчихсөн юм...” гэж хэлснийг сонссон Дүүрэнбаярын мэдүүлэг, гэрч Санжаажав, Ганхүү нарын “...Гантогтох нь “Өчигдөр хамт явсан налочик залуутай маргалдаж муудалцсан, тэр уначихаад босохгүй байсан, яасан юм болдоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Гантогтохын үйлдлийн улмаас хохирогчийн гавал тархинд хүнд гэмтэл учирч, улмаар нас барсан нь тогтоогддог. Мөн шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан байцаахад амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь ямар хүчний нөлөөллөөр хэрхэн учирсан болохыг тодорхой тайлбарласан. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, дахин шалгах зүйлгүй. Анхан шатны шүүхээс ялтан Гантогтохын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” хөшөө цогцолборын дэргэд С.Дүүрэнбаяр, Ш.Сайнбуян, О.Бат-Эрдэнэ нартай нийлэн архидан согтуурч, улмаар О.Бат-Эрдэнэтэй хамт үлдсэн үедээ нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчсөн санаатай үйлдэл хийн түүнийг цохиж, газарт унагаасны улмаас бие махбодид нь гавал тархины далд гэмтэл учруулж, улмаар О.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Хавтаст хэргийг бүхэлд хянаж, дүн шинжилгээ хийж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 01 цагийн үед Замын-Үүд сумын эмнэлэгт очиход манай хүү сэхээнд, хагас унтаа байдалтай байсан... хүүгийнхээ хэвтэж байгаа газар нь орж үзэхэд түүний зүүн талын хөл гар нь мэдээгүй, хөдөлгөөнгүй, толгойн зүүн талын хэсэгт юмаар цохисон байдалтай хавдартай, баруун талын чихний дээд талд гурвалжин хэлбэртэй юмаар цохисон юм шиг дотогш цөмөрч цус гарсан байдалтай, гар хөл нь шалбарсан, нурууны ар талд бүсэлхий орчимд юмаар цохисон юм шиг төө гаран урттай, дөрвөн хуруу орчим өргөн няцарч хөхөрсөн бэртэл үүссэн байсан. Мөн баруун гарын тохой нь шалбарч цус гарсан ... зүүн талын суганы орчимд хөхрөлттэй, зүүн талын духны ойролцоо хөхөрч нүднийхээ урд тал руу орсон, баруун талын эрхий хурууг нь хойш нь дарж гэмтээсэн юм шиг хөхрөлт үүссэн байсан... 7-8 цагийн орчимд нэг сэрэх үед нь хүүгээсээ “Миний хүүг хэн ийм болгочихов” гэж асуухад “Би ажлынхаа хүмүүстэй явж байсан, намайг манай гурван найз ийм болгосон” гэж хэлсэн. Тэгээд эмч нар 2-3 удаа зөвлөлдөж байгаад ... аймгийн төвийн эмнэлэг рүү өвчтөнг хүргэнэ гэсэн шийдвэр гаргасан. 18 цагийн үед аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж ... тархинд нь хагалгаа хийх шаардлагатай болж 2 цаг орчим хагалгаанд орсон... ерөнхий эмч нь “Танай хүүгийн тархинд хуралдсан цусыг авсан, толгойны дотогш цөмөрсөн ясыг нь бас авсан” гэж хэлсэн. Маргааш өглөө нь эмч нар “Цус алдсан байна, хагалгаанд ахиж орохгүй бол болохгүй” гээд 13 цагийн үед тархины хагалгаанд дахин орсон... тэгээд манай хүүгийн зүрхний хэм алдагдаж орж гараад, даралт нь унаад бие нь их муу байж байгаад 17 цагийн үед нас барсан... Дүүрэнбаяр, Сайнбуян, Гантогтох нарт гомдолтой байна. Учир нь эмнэлэг их ойрхон байсан ... цагдаа ирээд миний хүүг “Наад хүн чинь яасан юм бэ” гэж асуухад нь хэлээгүй гэсэн... Сайнбуян нь миний хүүг унтаж байхад нь утсаар дуудаж авч яваад энэ хэрэг болсон. Гантогтох ... хэлэхгүй нуугаад байгаа. Оршуулгын зардалд 10.178.800 төгрөг нэхэмжилснээс 10.000.000 төгрөг авсан, үлдсэн 178.800 төгрөгийг нэхэмжлэхгүй...” /1хх-68-70, 5хх-108/,

- гэрч С.Алтанцэцэгийн “...Замын-Үүд суманд ирээд ... эмчтэй нь уулзахад “...харвалтыг цааш нь даамжруулахгүй байхын тулд нойрсуулах, тайвшруулах эмчилгээ хийж байна” гэж хэлсэн... би Бат-Эрдэнийг гаднаас нь харахад баруун чихний дээд хэсэгт гурвалжин хэлбэртэй, ирмэгтэй юмаар цохисон юм шиг гавлын яс нь цөмөрч орсон, уг шархнаас нь цус гарч хатсан байдалтай, толгойн зүүн талын хэсэгт нь хавдсан, мөн хөлийн баруун талын хэсэг болон гар, хянганы хэсэгт хөхөрч хүрэн өнгийн няцралт үүссэн байсан. Эмч нь Бат-Эрдэнийг “Их хугацаа алдаж ирснээс их хүндрэл үүссэн, эмнэлгийн тусламж оройтож авсан” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт байж байгаад 2 удаа хагалгаанд орсон бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсан...” /1хх-73-74/,

- гэрч Д.Энхцэцэгийн “...2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Бат-Эрдэнийн дүү Пунсалмаа утсаар яриад “Бат-Эрдэнэ Замын-Үүдийн эмнэлэгт ухаангүй байдалтай байна гэнэ, та очоодох” гэхээр нь би тэр даруй очиход Бат-Эрдэнэ эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтсэн байсан. Эмчээс нь асуухад “Орой 20 цаг өнгөрч байхад түргэнээр хүргэгдэж ирсэн, одоогоор ухаангүй байдалтай байна, тархиндаа гэмтэлтэй, саажилт өгсөнөөс зүүн гар хөл нь мэдээгүй байдалтай байна, манай эмнэлэгт томографийн зураг авах боломжгүй учраас тархины гэмтлийг бүрэн тодорхойлж чадахгүй, та цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэж хэлсэн... Дүүрэнбаяраас юу болсон талаар асуухад “...Соёмботой хөшөөн дээр очиход Сайнбуян, Гантогтох хоёр суучихсан, Бат-Эрдэнэ хажууд нь газар хэвтэж байсан. Би Бат-Эрдэнийг босгох гээд ... толгойноос нь өргөхөд цус гарч байхаар нь Гантогтох, Сайнбуян нараас “Энэ яасан юм бэ” гэж асуухад юм хэлээгүй” гэж хэлсэн... Сайнбуянгаас юу болсон талаар асуухад “...бид дөрөв согтоод би Дүүрэнбаяртай урд явж байсан чинь Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр ар талд явж байхдаа зодолдоод Гантогтох толгой руу нь төмрөөр цохьчихсон...” гэж хэлсэн... намайг Бат-Эрдэнийг сахиж байхад тэрээр 16 цагийн үед ухаан орсон ба би “Хэн чамайг ийм болгочихсон юм бэ” гэж асуухад “Гантогтох, Сайнбуян хоёр ийм болгочихсон, би Сайнаа ахыг ийм хүн гэж бодоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг хэлж байхад надаас өөр хүн байгаагүй...” /1хх-208-211/,

- гэрч В.Санжаажавын “...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 8 цагийн үед ... Гантогтохыг ажил руу нь хүргэж өгөх гээд явж байх замд тэрээр “...өчигдөр бид хэд үргэлжлүүлж уугаад Соёмботой хөшөөн дээр хүртэл очсон, тэнд Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцаад байсан, тэгсэн тэр бацаан уначихаад босохгүй байсан, яасан юм болоо” гэж надад ярьж байсан. Тэгээд 21 цагийн үед гэртээ байж байтал Гантогтох над руу өөрийнхөө утсаар залгаад “Нөгөө бацаан чинь гэр лүүгээ явж чадаагүй, наана чинь үлдчихсэн эмнэлэг дээр очсон юм шиг байна, намайг цагдаа дуудаад байна, би одоо Замын-Үүд рүү буцахаас” гэж хэлээд “Нөгөө залуугийн биеийг лавлаад асуугаад өгөх боломж байна уу” гэж асууж байсан... тэгэхээр нь би эмнэлэг рүү утсаар яриад “Төмөр замаас ирсэн хүн байна уу” гэхэд “Хүнд хүн ирсэн байна” гэхээр нь Гантогтох руу залгаад “Хүнд байна гэнэ, чи яаралтай хурдан ир, яах гэж орхиж явсан юм” гэхэд тэрээр “Би мэдээгүй шдээ, намайг өдөр хотруу явахад ажилдаа гараагүй, вагондаа унтаж байна гэсэн шдээ” гэж байсан... Гантогтохоос “Тэр бацаан гэж хэн юм бэ” гэхэд “ПРП машин дээр туслахаар ажиллаж байсан бацаан, манайд налачикаар ирж ажиллаж байсан юм” гэхээр нь би тэр хүүхдийг өмнө зүс харж байсан болохоор талийгаач Бат-Эрдэнэ гэдгийг ойлгосон...” /1хх-77, 227-229/, 

- гэрч Г.Ганхүүгийн “...Гантогтох Сайнбуянтай утсаар ярьж дууссаныхаа дараа надад “Ах нь өчигдөр архи ууж байгаад Бат-Эрдэнэтэй муудалцсан, сая Сайнбуян яриад Бат-Эрдэнэ вагон дотор унтаж байна, юм ярихгүй байна, зүгээр үү гэхэд нь толгойгоо дохиод байна” гэж хэлсэн... тэгээд сандралын байдалд орсон ба Бат-Эрдэнийн биеийн байдлыг асуугаад яваад байсан... бид нар хотруу орох гээд дөхөж явтал Сайнбуян Гантогтохтой утсаар ярьсан. Гантогтох утсаар ярьж дууссаныхаа дараа надад “Бат-Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн байна, харвасан байна” гэж хэлээд сандралын байдал нь улам нэмэгдээд байж суух газраа олохгүй, янз бүр болоод байсан... Гантогтох надад Бат-Эрдэнийг өөр хүмүүстэй маргаан зодоон хийсэн гэж хэлээгүй, харин томроод байхаар нь муудалцсан л гэж хэлсэн... сүүлд Бат-Эрдэнийг нас барсны дараа Санжаа ах надад “Гантогтох талийгаачийг мөргөсөн юм шиг байна лээ” гэж хэлж байсан...” /3хх-250, 4хх-1/,

- гэрч Б.Лувсаннямын “...2015 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед ... Дүүрэнбаярт хаалгаа тайлж өгч гэрт оруулаад өөрөө унтсан. Намайг унтаж байтал 02 цагийн үед миний утас дуугарахаар нь авахад Дүүрэнбаяр байсан бөгөөд “Надтай хамт явж байсан хүмүүс согтчихоод явах гэсэн чинь такси олдохгүй байна, та Соёмбо цогцолбор луу хүрээд ирээч” гэж хэлсэн... би автомашинаа унаад яваад очтол Дүүрэнбаяртай нийлээд дөрвөн залуу байсан ба тэднийг суулгаад төмөр замын 60-н айл гэх орон сууцны гадаа нэг залуу нь буусан. Тэр залуу нь согтоод тасарчихсан байгаа нэг залуугаа авч гэр лүүгээ орно, хүн дуудаад ирье гэж хэлээд алга болчихсон... тэгээд байж байтал үлдсэн нэг залуу нь “За за би вагон руугаа аваад явъя” гэж хэлээд төмөр замын баз оплотик руу очоод согтуу хоёр залуу нь бууж үлдсэн. Тэр хоёрын нэг нь бүр тасарчихсан, нөгөө нь арай гайгүй байсан ба тасарчихсан байсан залуугаа гарыг нь мөрөн дээрээ тавьж сугадаад авч үлдсэн. Дүүрэнбаяр “Би наадахыг чинь хамт оруулах уу” гэхэд нөгөө залуу “За яах юм бэ, би өөрөө оруулъя яв яв” гэж хэлсэн...” /1хх-89/,

- гэрч Д.Лхагвасүрэнгийн “...нэг согтуу залуу төмөр замын зурвасны торны гадна талд толгойгоо зүүн тал руу харуулж гараа дэрлэсэн байдалтай хэвтэж байсан... харсан чинь надтай хамт ажилладаг Бат-Эрдэнэ байсан. Тэгээд манайхан Бат-Эрдэнэ согтуу гадаа унтаж байна, одоо оруулж унтуулъя гэж ярилцаад Амгаланбаатар, Бат-Энх, Дайчинбат гурав Бат-Эрдэнийг өргөөд вагон руу оруулах гээд явж байхад түүний толгойн хэсэг нь хагарсан, цус гарч хатсан байсан...” /1хх-82/,

- гэрч Б.Дайчинбатын “...өглөө босоод өөрийн байрлаж байсан вагоноос гарсан чинь Бат-Эрдэнийг манай ажилчид өргөчихсөн “Сайнбуянгийн өрөөг онгойлгоорой, Бат-Эрдэнийг оруулъя” гэж хэлсэн. Би эргэж гүйгээд хаалгыг нь онгойлгож өгөөд, өргөж оруулчихаад гарсан...” /1хх-85/,

- гэрч Д.Алтантуулын “...06 цаг өнгөрч байхад ... Лхагвасүрэн орж ирээд “Бат-Эрдэнэ гадаа торны гадна согтуу унтаж байна ... би оруулах гэсэн чинь ганцаараа дийлэхгүй байна” гэж хэлээд гараад явсан... өрөөнүүдийг шалгаж яваад Сайнбуянгийн өрөөний хаалгыг татахад Сайнбуян босчихсон, Бат-Эрдэнэ гадуур хувцастайгаа өмд нь баас, ялгадас болчихсон хэвтэж байхаар нь ... би Сайнбуянтай хамжилцаад Бат-Эрдэнийн хувцсыг тайлж цэвэрлээд түүний өгсөн хувцсыг сольж өмсүүлээд орон дээр хэвтүүлсэн... 14, 17 цагийн үед Бат-Эрдэнийн өрөө рүү ороход өмнө байснаараа хөдөлгөөнгүй, өмдөндөө шээсэн бололтой хэвтэж байсан... Сайнбуянд “Чи наадхаа цэвэрлэж янзлаач” гэхэд “Дүү нь одоо суудлаар явах гээд байна, энэ архи нь гарахгүй байна, удахгүй өөрөө сэрээд босоод явчихна” гэсэн... 19 цагийн үед буцаад вагон дээр ирэхэд Бат-Эрдэнэ, Сайнбуян хоёр байхгүй байхаар нь Сайнбуян луу залгаад “Чи хаана байна” гэхэд “Туул эгчээ эмнэлэг дээр байна” гэж ярьсан...” /1хх-83-84/,

Уг гэмт хэрэг гарах үед хамт явсан С.Дүүрэнбаярын яллагдагчаар өгсөн “...намайг гэртээ унтаж байхад Сайнбуян утсаар яриад “Такси олдохгүй байна, чи биднийг ирээд авчих ... түрүүний байсан газраа байна” гэхээр нь гараад замаасаа такси бариад Соёмботой хөшөөн дээр очиход тус цогцолборын хамгийн доод талын цементэн талбайд Бат-Эрдэнийн толгой зүүн урагшаа чигтээ байрлалтайгаар дээшээ хараад хэвтсэн, Гантогтох зүүн талд буюу толгой орчимд нь явган суучихсан, Сайнбуян баруун урагшаа харалдаа боржур дээр сууж байсан. Тэгтэл миний сууж ирсэн таксины жолооч тэд нарыг харчихаад согтуу хүмүүс авахгүй гээд явчихсан. Би Бат-Эрдэнийг ... дээш өргөтөл гар нойтон оргиод цус болчихоор нь “Та нар зодолдсон юм уу” гэхэд Гантогтох “Би цохиод унагачихсан юм, чи тэгээд яах юм” гээд надтай муудах шинжтэй болохоор нь “Би чамтай муудахгүй, энийг аваад явъя, эмнэлэг явах юм уу” гэхэд Гантогтох “Үгүй, эмнэлэг цагдаа руу хэлчихнэ, тэгснээс чи зүгээр унаа олоод ир” гэсэн. Би хүргэн Лувсаннямруу яриад хөшөөн дээр хүрээд ир гэхэд тэр удалгүй автомашинтайгаа ирсэн... би урд нь суугаад арын суудалд Гантогтох, Сайнбуян хоёрын гол Бат-Эрдэнэ суугаад Вокзалаас хойш байдаг 66 дугаар байшингийн гадаа ирж зогсоход Гантогтох “Би Бат-Эрдэнийг аваад орно, хүн дагуулаад гараад ирье” гээд автомашинаас буугаад орц руу орсноо гарч ирэхгүй удаад алга болчихсон... Сайнбуян “Тэгвэл би бааз оплотик буюу вагон руугаа аваад оръё” гэж хэлсэн... Сайнбуян, Бат-Эрдэнийг авч буугаад “Та хоёр ингээд явчих, би Бат-Эрдэнийг аваад орчихно” гэхээр нь Лувсанням бид хоёр автомашинтайгаа хөдлөөд явсан... Гантогтохын эхнэр Навчаа нь Сайнбуянтай зогсож байхаар нь яваад очиход Навчаа Сайнбуян бид хоёроос “...Гантогтох хэргээ өөрөө хүлээнэ, та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй” гэж гуйх маягаар ярьж байсан. Иймээс Гантогтохын надад “Бат-Эрдэнийг цохисон” гэж хэлсэн үгийг нь “Мөргөсөн” гэж зөөлрүүлэн хэлсэн юм...” /2хх-32-34, 3хх-225-229/,

- С.Дүүрэнбаярын гэрчээр өгсөн “...намайг Соёмботой хөшөөн дээр очих үед талийгаач Бат-Эрдэнэ хэвтэж байсан, нөгөө хоёр нь хажууд нь сууж байсан. Тэгээд би “Та нар одоо болтол харихгүй яасан юм, Бат-Эрдэнэ яасан юм” гээд татсан чинь босохгүй байсан. Тэгсэн Сайнбуян “Уначихсан, уначихсан” гээд амандаа үглээд байсан. Харин Гантогтох эхлээд юм хэлээгүй, тэгээд Бат-Эрдэнийг босгох гээд толгойноос нь өргөхөд гар нойтон болохоор нь хартал цус гарсан байхаар нь “Та нар зодоон цохион хийсэн юм уу, энэ юун цус билээ” гэсэн чинь Гантогтох уурлангуй “Би нэг цохисон юмаа, хурдан автомашин олоод ир” гэж хэлсэн...” /5хх-25-26/,

            - Ш.Сайнбуянгийн яллагдагчаар өгсөн “...би Соёмбо хөшөө цогцолбор луу явах замдаа согтоод ухаан орж гараад нэг мэдэхэд Соёмботой хөшөөний ертөнцийн зүгээр зүүн талын шатны хамгийн доод талын талбай дээр сууж байсан. Тэгэхэд хөшөөний баруун талын хамгийн дээд хэсэгт Гантогтох, Бат-Эрдэнэ нар хоорондоо зодолдоод байгаа бололтой дуу чимээ гараад чангаар сонсогдоод байхаар нь би тэднийг нэрээр нь дуудахад хариу өгөхгүй байсан... би дээшээ өгсөж очих гэсэн боловч согтуу байсан болохоор дээшээ гарч чадахгүй доогуур нь алхаад баруун хойд талд нь ирэхэд Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр доод талбайд буугаад ирчихсэн, Бат-Эрдэнэ газар цементэн талбай дээр хэвтчихсэн байхаар нь би Гантогтохоос “Чи зодчихсон юм биш биздээ” гэхэд “Үгүй уначихсан юм” гээд хажууд нь зогсож байсан... одоо бодоход Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр хөшөөний баруун талд, шатны хамгийн дээд хэсэгт зодолдоод байсан тэгэхдээ л Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлүүдийг үүсгэсэн байна... тэдний зодолдож байсан газарт цусан толбууд үүссэн байсан, мөн доошоо буугаад хэвтэж байсан газарт цусан толбууд үүссэн байсан. Мөн Санжаа ах хэрэг болсны дараа Дүүрэнбаяр бид хоёртой уулзахдаа “Гантогтох надад нэг хүүхэдтэй муудаад цохьчихсон, бие нь яаж байгаа бол асуугаад өгөөч гэж хэлж байсан” гэж надад хэлж байсныг нь би тухайн үед тоолгүй орхичихсон байсан... дараа нь Гантогтохыг хоригдож байхад түүний эхнэр ирж уулзаад “Чамд шарх сорви байна уу” гээд намайг энэ хэрэгт хардаж байгаа бололтой асуухаар нь би бүх хувцсаа тайлаад биеэ харуулсан. Тэрээр “Манай хүн ер нь энэ хэргийг хийх нь хийчихсэн юм байна, гэхдээ Дүүрэнбаяр та хоёр энэ хэрэг дээр хачир нэмээд яахав дээ, ямар ч байсан хөнгөн ял авахуулах хэрэгтэй байна, чи тэнсэн аваад салчих байх” гэж хэлж байсан. Би тэгэхэд нь Гантогтох хэргээ хүлээчих юм байна, эхнэртээ хэлээд эхнэр нь ойлголт аваад ярьж байгаа юм байна гэж бодсон...” /2хх-26-28/,

            - Ш.Сайнбуянгийн гэрчээр өгсөн “...нэг ухаан ороход Соёмботой хөшөөний дээд талд Гантогтох, талийгаач хоёр хэрэлдэж байгааг сонссон. Талийгаач нь Гантогтоход хандан “Чи манай ангид тохирохгүй, учир нь чадваргүй, сэтгэлгүй хүн” гэж хэлж байсан... яг миний сонсож авсан, ой ухаанд хадгалагдаж үлдсэн үг бол талийгаачийн хэлсэн дээрх үгнүүд юм. Гантогтох нь талийгаачийн өөдөөс томроод муудалцаад л байсан. Би тэрхэн үед энэ хоёр ер нь зодоон цохион хийж магадгүй юм байна, салгах хэрэгтэй гэж үзээд дээшээ гарах гэтэл хэт их архи ууснаас гарч чадахгүй байсан. Ингээд ёроолоор нь тойрч очиход талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Гантогтох хажууд нь зогсож байсан. Гантогтохоос би “Чи хүүхэд зодсон юм биш биздээ” гэж асуухад “Үгүй, уначихлаа” гэж хэлсэн. Тухайн үед архи их уусан, нөхцөл байдлаа дүгнэх чадвар сул байсан, нөгөөтэйгүүр Гантогтохын хэлсэн үгэнд тэрхэн зуур итгэсэн. Мөн талийгаачийг ийм айхтар гэмтэл авсан гэж мэдээгүй... эргээд би ухаан ороход вагонд өөрийнхөө өрөөнд байсан...” /5хх-23-24/,

- ялтан Д.Гантогтохын яллагдагчаар өгсөн “...Бат-Эрдэнэ сууж байсан газраасаа босохдоо тэнцвэр алдаад миний зүүн гарнаас татсан. Би давхар унахгүйн тулд зүүн гараараа тулсан. Энэ үед Бат-Эрдэнэ хойшоо саваад унасан... Бат-Эрдэнэ сууж байсан газраа хойшоо налж хэвтсэнээсээ хойш босоогүй... Дүүрэнбаяр ирээд “Бат-Эрдэнийг яасан юм бэ” гэж асуухаар нь би “Мөргөлдсөн юм аа” гэж хэлсэн...” /1хх-138-142, 3хх-214-217/ гэсэн мэдүүлгүүд,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн болон Ш.Сайнбуянгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-112-113, 2хх-45-47, 3хх-198-201/, талийгаач О.Бат-Эрдэнийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 7 тоот “...талийгаач нь гавал тархины далд гэмтэл буюу баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван гэсэн гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалаар нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 72-96 цагийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх, давтан магадлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1158 тоот “...гавал тархинд учирсан гэмтэл нь толгойн баруун талаас хүч үйлчилсэн үед үүсгэгдэнэ, гэмтэл ямар зайнаас учирсаныг тогтоох боломжгүй. Баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй цохих, цохигдох, ирмэгтэй зүйл мөргөж, савж унах үйлчлэлийн аль алинаар ... хэвтээ болон босоо байрлалд, ухамсарт ухаантай болон ухамсарт ухаан алдагдсан ямар ч байдалд үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлтүүд /1хх-95-98, 100-104, 248-250/, шинжээч Н.Энхцолмон, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир нарын “...гавал тархины битүү гэмтэл нь толгойн баруун чамархай хэсэгт гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой, хүний нүцгэн /зангидсан/ гараар насанд хүрсэн хүний толгойн хуйхыг яз цохих боломжгүй, хязгаарлагдмал бус /тэгш өргөн талбайтай/ хатуу мохоо гадаргуутай зүйл дээр унаж ойчсон, мөргөсөн, эсхүл тийм том гадаргуутай зүйлээр цохисон тохиолдолд гавал тархинд шугаман хугарал, цуурал үүсэх боломжтой. Тэгш өргөн талбайтай хатуу мохоо гадаргуу гэдэгт аспалтан зам, плитан шал, цементэн гадаргуутай талбай гэх мэт байж болно...” /1хх-244-245, 3хх-230-237/, шинжээч П.Гаваасүрэнгийн “...гавал тархины гэмтэл нь нүцгэн гараар цохих үед үүсэх боломжгүй...” /1хх-243/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, амь хохирогч О.Бат-Эрдэнийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь Д.Гантогтохын хүчтэй цохих үйлдэл болон газарт унагаасны улмаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба харин энэ үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ О.Бат-Эрдэнэ нь Ш.Сайнбуян, С.Дүүрэнбаяр нартай болон өөр бусадтай маргалдан, цохиулж, зодуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд Ш.Сайнбуян, С.Дүүрэнбаяр нар нь хохирогч О.Бат-Эрдэнийг амь биед аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруутай болохоо тус тус хүлээн мэдүүлсэн байх ба тэдгээрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг прокуророос “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, өршөөл үзүүлснийг хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

            Ялтан Д.Гантогтох нь “...тухайн үед амь хохирогч О.Бат-Эрдэнэтэй хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй, ажлын талаар ярьж мэтгэлцэж байсан...” гэж тайлбарлаж, мэдүүлсэн байх бөгөөд тэрээр ямар нэгэн шалтган шалтгаангүйгээр эсхүл үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогч О.Бат-Эрдэнэд хүч хэрэглэсэн үйлдэл нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг санаатай зөрчин танхайрсан үйлдэл мөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Д.Гантогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед ... “Соёмбо” хөшөө цогцолборын дэргэд иргэн О.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчсөн санаатай үйлдэл хийж, түүнийг цохисноос гавал тархины далд хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүхээс Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн Д.Гантогтоход хуульд заасан ял шийтгэл оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон нь хууль ёсны болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн  шалгасан, дахин шалгах зүйлгүй, хэргийг шалгах, шийдвэрлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “...цаазаар авах ялаар шийтгэгдэж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид …өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг хэрэгжүүлсэн байна. 

Шүүхийн тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймээс ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын давж заалдах гомдолдоо дурдсан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт ... зэрэг нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй, Д.Гантогтохын үйлдэл нь хохирогчийн үхэлд хамааралтай болох нь тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд “...амь хохирогч О.Бат-Эрдэнэ нь ... өглөө вагончикийн ойролцоогоос биедээ олон тооны шарх, зулгаралттайгаар олдсон бөгөөд эдгээр гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоогоогүй, мөн түүний эмнэлэгт ухаан орох үедээ ар гэрийнхэндээ хандан “Намайг манай гурван найз ийм болгосон” гэж хэлсэн нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй...” гэж маргах боловч талийгаачийн гар хөл, мөчдийн хэсэгт үүссэн хөхрөлт, зулгаралт зэрэг олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох, базах, унах, ойчих, атгах, нидрэх, нидрэгдэх зэрэг байдлаар нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эдгээр гэмтлүүд нь хохирогчийн амь насанд хохирол учруулахгүй талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, шинжээч нараас мэдүүлсэн ба амь хохирогч нь өөрөө биеэ авч явах чадваргүй, бусдаар өргүүлэх, үүрүүлэх зэрэг тусламж, дэмжлэгийг авч байсан тул энэ явцад дээрх гэмтлүүдийг авсан байх боломжтой, хэний үйлдлийн улмаас эдгээр гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй байна. Үүнээс гадна амь хохирогч О.Бат-Эрдэнэ нь “Соёмбо” хөшөө цогцолбороос явахдаа ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн талаар гэрч нараас мэдүүлсэн, мөн эмнэлэгт байхдаа асуусан асуултанд хариулахгүй, дуудахад сэрэхгүй, ухаангүй, унтаа байдалтай байсаар нас барсан талаар эмчлэгч эмч нараас мэдүүлсэн, өвчний түүхэнд тэмдэглэгдсэн зэрэг нь өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн маргасан үндэслэлийг няцааж байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

                                             ШҮҮГЧИД                                                  Б.ЗОРИГ

                                                                                                                Д.МӨНХТУУЛ