| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2020/0590/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 287
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 691 дүгээр магадлалтай, Т.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгэлгүй, Х овогт Т-н Б-.
Т.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг 00 минутад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Х” зочид буудлын 211 тоот өрөөнд найз болох хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой байх үед буюу биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүзүүний зүүн талын дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судсыг шилээр хатгаж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 14 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-оос 5,162,120 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-д олгуулахаар тогтоож, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын урьд цагдан хоригдсон 387 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай....” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоолд Т.Б-ын үйлдлийг ...хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолуудад зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж тогтоолд өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргалаа.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа зэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг зөв дүгнэж чадаагүйгээс хэргийн талаар үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь:
1. Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд. шинжээчийн 948 тоот дүгнэлтээр талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн болохыг тогтоосон. Анхан шатны шүүх хохирогч хүнд зэргийн согтолттой байсан гэх дүгнэлтийг л үндэслэж “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж...” алсан гэж дүгнэн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь буруу гэж үзэж байна. Хүнд зэргийн согтолттой байсан хүнийг алсан тохиолдол бүхэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж алсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэхгүй.
Хууль тогтоогч хүнд зэргийн согтолттой гэж тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг томьёолоогүй, харин “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж тодорхойлсон.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг хэлнэ.
Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарласан.
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, зарим талаар тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, гэмт хэрэгтэн тухайн нөхцөл байдлыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх аятай боломж гэж үзсэн, мөн энэ нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаардана. Энэ нь гэмт этгээд хохирогчоос биеийн хүч, эсэргүүцэн тэмцэх чадвар болон сэтгэц, ухамсарлах байдал зэргээр тухайн үед илтэд илүүрхэх боломжтой, өөрт нь давуу тал болно гэдгийг ухамсарлаж, дээрэлхэх, хүчлээр давамгайлах сэдлээр үйлдэгддэг, энэ нь хэрэгтэн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүсч хэргийн сэдэл шалтгааныг нөхцөлдүүлдэг, мөн гэмт хэрэгтэн бие хүн тухайн гэмт хэрэгт хандах субъектив хандлагын илэрхийлэл болдог.
Тийм ч учраас энэхүү хүндрүүлэх бүрэлдэхүүнд хүчтэй согтуурсан гэх шинжийг “бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой” зэргээр нэрлэн заасан, илтэд тодорхой шинжүүдтэй зэрэгцүүлэн тусгасан байдаг. Дээр дурдсан шинж байдлыг харгалзан, шүүгдэгч нь амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг ухамсарлаж мэдсэн эсэх, мөн уг байдлыг нь далимдуулсан, ашигласан эсэхийг зайлшгүй шалган тогтоож, хэрэв тийм нөхцөл байдал нотлогдвол тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх, харин эсрэг тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхгүй байх нь шүүн таслах ажиллагааны практикт нэгэнт тогтож, хэвшсэн байна1. /хавсаргав/
Хүчтэй согтсоны улмаас биеэ хамгаалж чадахгүй байх ойлголт нь хохирогч ухаан алдсан, муужирсан, гүн нойронд автан унтаж байгаа зэрэгтэй бараг дүйх хэмжээний ойлголт бөгөөд бусадтай хэрэлдэн маргалдаж, орчиндоо хэвийн харилцаж байсан, бие хамгаалах чадвартай хүнд хамааралгүй юм.
Т.Б-ын тухайд хэрэг үйлдэх санаа сэдэлд хохирогчийн хүчтэй согтуурсан гэх байдал далим, шалтгаан болоогүй, биеэ хамгаалж чадахгүй байдал шинж тодорхой байгаагүй, энэ байдлыг нь ашигласан гэх баримт нотолгоогүй, харин ч амь хохирогч нь Т.Б-оос илүү орчиндоо харилцаатай байсан. Хэрэг гарах үед Т.Б- ч их хэмжээний согтолттой байсныг тухайн үед хамт байсан болон хэрэг гарсны дараа тэдэнтэй түрүүлж уулзсан гэрчүүд баталдаг.
Хүнд зэргийн согтолттой байсан гэх шинжийг дангаар нь авч үзэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэрэг шийдвэрлэх нь хангалтгүй бөгөөд согтолт тухайн хүний бие, физиологийн шинж байдал, биеийн эрүүл мэнд,согтууруулах ундаа хэрэглэх давтамжаас хамаараад харилцан адилгүй үйлчилж, биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байдаг гэдгийг шинжээч нотолсон. Өөрөөр хэлбэл хүнд зэргийн согтолттой л бол биеэ хамгаалж чадахгүй хэмжээнд байх ёстой гэсэн үндэслэл хэт өрөөсгөл. Мөн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж алсан гэх шинж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй. Т.Б- ч их хэмжээний согтолттой байсан, үүнийг ч анхан болон давж заалдах шатны шүүх баталж, тогтоол магадлалдаа энэ талаар дүгнэсэн. Харин түүний цусанд этилийн спиртийн агууламж илрээгүй нь шинжилгээний дээжийг бараг бүтэн 1 хоногийн дараа авсантай холбоотой байдаг.
Шүүхээс Т.Б- нь талийгаачтай тухайн өдрийн өглөөнөөс хойш хамт архи хэрэглэсэн тул хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг мэдэж байсан гэж дүгнэсэн нь хэт хайнга дүгнэлт юм. Хуулийн жинхэнэ агуулга нь хэрэг үйлдэгч хохирогчийг согтуу байсныг мэдсэн эсэхийг “шаардаагүй”, харин биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсэн эсэхийг л тогтоосон байхыг “шаардсан”. Хохирогч согтуу байх нь бус, харин тэр хүчтэй согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй байсан, үүнийг нь ухамсарлаж мэдсээр байж, түүнийг нь далимдуулан алсан, тэрхүү нөхцөл байдлыг ашигласан байх нь хүнийг алах хэргийн хүндрүүлэх шинж гэж үздэг.
2. Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй тухайд. Магадлалдаа "... амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг Т.Б- ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, түүний үр дагавар болсон гүрээний зүүн тараагуур судас нэвт хатгагдаж зүсэгдсэний улмаас цочмог цус алдалт нь өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй байдалтай давхцаж үхэхэд хүргэсэн... ” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэгдүгээрт; амь хохирогч биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсэн гэх ямар ч баримт нотолгоо хэрэгт байхгүй, тэрээр харин ч бие хамгаалах чадвартай байсныг гэрч нотолдог. Хоёрдугаарт; амь хохирогч хүзүүний зүүн дунд хэсгийн тараагуур судас нэвт хатгагдаж, гүрээний артерийн судас тасарснаас амь насаа алдсан. Амь хохирогчийг үхэлд хүргэх шууд шалтгаан болсон энэ гэмтлийг учруулах үед хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан эсэх нь л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтаар зүйлчлэх эсэхэд хамаатай.
Харин тухайн гэмтлийг авснаас үүдэн бий болох үр дагавар буюу уг гэмтлийг учруулсны улмаас ам хохирогч их хэмжээний цус алдаж, ийнхүү цус алдсанаар тэрээр биеэ хамгаалах чадваргүй болсон тохиолдолд энэ нь “биеэ хамгаалж чадахыг болохыг мэдсээр байж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ийм байдлаар дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.
3. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг няцаах хангалттай баримт байхад үнэлээгүй, уг баримтыг няцаан үгүйсгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.
Хэргийг өмнө нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр давж заалдах шатны шүүхээс буцаахдаа хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, үүнийг нь Т.Б- ухамсарлан ойлгосон эсэх, энэ байдал нь хэрэг гарахад шууд нөлөөлсөн эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ ч үндсэн дээр хохирогч болон Т.Б-той хамт архи уусан Б.Б-ыг дахиж байцаан, уг байцаалтаар хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан гэж Б.Б- хэлсээр атал /1-р хх 65- 66, 3-р хх 2-р тал/ уг мэдүүлгийг үнэлэхгүй, анхан шатны шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн, "... хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх үндэслэлийг няцаасан цөөнгүй нотлох баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй, тогтоол магадлалдаа дүгнээгүй.
Уг хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3,-т “... шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан.
Энэ шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн алдааг шүүх гаргасан гэж үздэг.
Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, Т.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Итгэл гаргасан гомдолдоо: “...Магадлалын тодорхойлох нь хэсэгт /11 дэх хуудас/ “Шүүгдэгч Т.Б- амь хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архины шилээр цохиж, хүзүүний зүүн талын гүрээний тараагуур судас зүсэгдэж, амь хохирогч нь цочмог цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, ... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” гэж заасныг тус тус зөрчиж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Гэрч Б.Б-ын өгсөн “хэрэг үйлдэгдэхээс 10 минутын өмнө гараад ороод ирэх хооронд амь хохирогч А- шүүгдэгч Т.Б- нар хоорондоо ажлаа яриад байж байсан намайг байх хугацаанд тэр хоёр хоорондоо маргасан зүйл болоогүй ....” гэх мэдүүлгээс дүгнэхэд шинжээчийн дүгнэлтээр А-ы цус, цөс, ходоодны шингэнд 4.3 промили спиртийн агууламж илэрсэн согтолттой болох нь тогтоогдсон боловч тухайн өдөр буюу 2020 оны 04 сарын 19-ний шөнө амь хохирогч хэвийн үйлдэл хийх чадвартай, биеэ хамгаалах бүрэн боломжтой болох нь гэрч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байхад дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэн биеэ хамгаалж чадахгүй байгааг дүгнэж, ямар шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг давж заалдах шатны шүүх тодорхойлж гаргаагүй.
Тухайн хэрэг гарсан 2020 оны 04 сарын 19-ний өдөр амь хохирогч А-, шүүгдэгч Т.Б-, гэрч Б.Б- нар хамт бүгд архи согтууруулах ундаа хэрэглэж согтуу байсныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай олон гэрчүүд /буудлын ресепшн Н.Д- /х.х1-н 63-64/ болон бусад гэрчүүд/ гэрчилж байгаа бөгөөд амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй тасраад унасан буюу унтаж байхад болон орчинтойгоо харилцан харьцах, ярилцах чадваргүй байсан биш харин ч хүмүүстэй хэвийн харилцан ярьж утсаар ар гэр лүүгээ ярьж байсан зэрэг нь хангалттай тухайн амь хохирогч биеэ хамгаалах чадвартай байсныг нотолсон гэрчүүдийн мэдүүлгүүд /гэрч Б.Б-ын мэдүүлэг/ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авагдсан байгаа болно.
Шүүгдэгч Т.Б- хавтаст хэргийн хүрээнд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэлсэн үг удаа дараагийн мэдүүлгүүдэд “амь хохирогчийг толгойн тус газар нь архины шилээр цохисон” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Б- нь Б.А-ыг архины шилээр толгойн тус газар цохисны улмаас гүрээний судас гэмтэж зүсэгдэж цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой атал Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын /10 дахь хуудас/ “Шүүгдэгч Т.Б- нь амь хохирогч Б.А-ыг согтуурсан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газар нь архины шилээр цохиж, хагарсан шилээр хоолойд нь хатгаж алсан нь ... хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “ ... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчмыг зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зөвтгөн өөрчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэг хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс н.Ганбаатар өмгөөлөгч бид хоёрт П.Итгэл өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан талаар мэдэгдээгүй. Хяналтын шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргасан гэдгийг мэдлээ. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломж байхгүй. Хохирогч хүнд зэргийн согтолттой байсан. Тухайн үед биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг тогтоох боломж байхгүй, газар дээрээ нас барсан байдаг. Т.Б- нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцох боломж байхгүй, сэтгэл санааны хямралтай байгаа, жирэмсэн эмэгтэй бага насны хүүхдээ тэврээд үлдсэн. Одоо хоёр нялх хүүхдээ тэврээд шөнө нойргүй хонож байгаа. Иймд сэтгэцийн дүгнэлт гаргуулая, сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна гэдэг хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүх хурал зарлагдах бүрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нойргүй хонодог, уйлдаг, маш хүнд байгаа ба хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэдэг саналыг өмгөөлөгчөөрөө дамжуулсан. Уг хэргийн улмаас ажил хөдөлмөр хийж, энэ айлыг авч явж байсан хүн өнгөрсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр бага хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байгаа.
Шүүгдэгч талын зүгээс хохирол төлбөрийн талаар холбогддоггүй атлаа нэмж өмгөөлөгч аваад байдаг. Эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл, үйл баримт хангалттай бүрэн тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг Т.Б- ухамсарлан мэдэх боломжтой байсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй байсан эсэхэд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчиж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн, гэрч н.Б-н мэдүүлгээр хохирогч нь гадны ямар нэгэн нөлөөллөөс биеэ хамгаалах чадваргүй байсан эсэх талаар эргэлзээ төрүүлэхүйц мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Итгэлээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Л.Данзанноровоос гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.Б-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Т.Б-ыг 2020 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг 00 минутад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Х” зочид буудлын 211 тоот өрөөнд хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Т.Б-ын гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тодорхойлсон байх боловч тухайн гэмт хэргийн шинжийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэдэгт хүнийг алах үедээ хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хөгжлийн улмаас өөрийгөө хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог. Хууль зүйн агуулгын хувьд хүнд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд өвчтэй, өндөр настай, бага насны хүүхдүүд, эсхүл болж буй үйл явдлыг бодитойгоор хүлээн авах чадвар нь алдагдсан сэтгэцийн хямралтай хүмүүсийг хамааруулдаг болно.
Харин согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг тухайн шинжээр нь дээрх хүмүүст шууд хамааруулж болохгүй ба ийм дүгнэлт хийхийн тулд согтуурал, эсхүл мансуурлын түвшин нь хохирогчийг өөрийнхөө үйл хөдлөлийг хянах, ямар нэгэн үйлдэлд хариу үзүүлэх огт боломжгүйд хүргэсэн, өөрөөр хэлбэл, бодитойгоор биеэ хамгаалах ямар ч чадваргүй нөхцөл байдалд хүргэсэн байхыг ойлгох ёстой.
Хэрэгт авагдаж, шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл хохирогч, шүүгдэгч нар бие биенээ урьдаас таньдаг, найз нөхдийн холбоотой бөгөөд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнчлэн тээврийн хэрэгслээр зорчих, буудалд байрлах, үргэлжлүүлэн архи хэрэглэж байх үедээ хэн аль нь хэвийн харилцаж, болж буй үйл явдлыг ухамсарлах хэмжээнд байсан, улмаар тэдний хооронд ердийн амьдрал, зан үйлээс үүдэлтэй маргаан үүсч, өрнөх явцад шүүгдэгч хохирогчийн толгой руу архины шилээр цохиж амь насыг нь хохироосон байх тул тухайн нөхцөл байдалд хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэх объектив шинж нотлогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс хийж буй үйлдэлдээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, санаа зорилгыг тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд дүгнэж үзвэл тэрээр хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон гэдгийг баттай ухамсарлаж мэдсэн байх, эсхүл ийм байдлыг нь зориудаар ашигласан гэх субъектив шинж мөн адил үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан дүгнэвэл “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” хүнийг алсан гэх гэмт хэргийн объектив болон субъектив шинжүүд Т.Б-ын үйлдэлд тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх амь хохирогчийн согтолтын зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг хөдөлбөргүй нотолсон баримт хэмээн үзэж хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хийсэн эрх зүйн дүгнэлт нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хэм хэмжээний талаарх эрүүгийн эрх зүйн онолын ойлголт, түүнчлэн тухайн хэм хэмжээний агуулгыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №14 тогтоолоор гаргасан албан ёсны тайлбар зэрэгт нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх талаар гаргасан гомдол болон прокурор Б.Ууганбаатарын шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Ийнхүү хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаатай уялдуулан, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нийтлэг үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч Т.Б-од оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг 11 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ял хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх гомдол, үүнтэй ижил агуулга бүхий прокурор Б.Ууганбаатарын хууль зүйн дүгнэлтийг тус тус хангаж, харин өмгөөлөгч П.Итгэлийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 691 дүгээр магадлалд “Прокуророос Т.Б-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй”,
“Шүүгдэгч Т.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 11 /арван нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гомдлыг хангаж, өмгөөлөгч П.Итгэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН