Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Э.М/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн т холбогдох эрүүгийн 1911002690210 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, Барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-555 тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосон, /уг ял биелэгдээгүй/ регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхтайвангийн нүүрэн тус газарт өвдөглөж хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Энхтайван нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16-17 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-611 тоотод найз охин Мөнхтуяагийн хамт байхад манай хуурай дүү Баттөгөлдөр над руу утсаар залгаад та хажуугийн биллъярданд хүрээд ир, энд Мийгаа гэдэг хүүхэд миний толгой дээр тамхи унтраагаад томроод дээрэлхээд байна гэсэн. ...би уг хашаа руу нь ороод нөгөө хүүхдийг нь дуудтал, тэр Мийгаа гэгч нь над дээр ирээд яасан пизда минь гээд над руу татаж байсан тамхиа нясалсан. Тэгэхээр нь би давраад байгаараа гэтэл тэр банди хашаан дотроо цаашаа шууд гүйж зугтаж байгаад юманд бүдрээд уначихсан. ...Би түүнийг дахин татаж босгож иртэл тэр шууд намайг үсдэж дараад нүүрэн тус газарт хамар луу өвдөглөчихсөн. Миний хамар хугарчихсан... Би Мягмаржавтай уулзсан, бид хоёр эвлэрчихсэн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-12-14/.

Гэрч Г.Мөнгөнтулга мэдүүлэхдээ: “...Мягмаржав ах татаж байсан тамхиа над руу няслаад агсраад томроод байхаар нь би Энхтайван ахыг утсаар дуудтал Мягмаржав ах зугтаачихсан. Удалгүй Энхтайван ахыг ирэхээр нь Мягмаржавын араас нь хөөж очсон. Мягмаржав нь айлын хашаанд орчихсон ба гараад ир гэхэд гарч ирэхгүй болохоор нь Энхтайван ах уг хашаа руу ортол Мягмаржав зугтааж байгаад уначихсан. Тэгтэл Энхтайван ах Мягмаржавыг татаж босгоод чи яагаад дүү дээрэлхээд байна гэтэл Мягмаржав Энхтайван ахын энгэрээс нь зуурч татаад урагш тонгойход нь нүүр рүү нь өвдөглөөд зугтаачихсан. Тухайн үед Энхтайван ахын хамраас нь их цус гарсан...” гэжээ /хх-15-16/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн №833 дугаар дүгнэлтэд: 

“1. М.Энхтайвангийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.   

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-21/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхтайвангийн нүүрэн тус газарт өвдөглөж хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Энхтайвангийн “...Би түүнийг дахин татаж босгож иртэл тэр шууд намайг үсдэж дараад нүүрэн тус газарт хамар луу өвдөглөчихсөн. Миний хамар хугарчихсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн №833 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Э.Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  

Мөн шүүгдэгч Э.Мягмаржавт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан Э.Мягмаржавт 250 цагийн нийтэл тустай ажил хийлгэх ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч М.Энхтайван нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “...Э.Мягмаржавтай сайн дураар эвлэрсэн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байна. Иймд шүүгдэгч Э.Мягмаржавыг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Мнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН