Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Бадраа,    

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/342 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Бөд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 1963 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Засгийн газрын авто бааз” УТҮГ-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг Солонготын давааны өвөр гэх газарт “Тоёота ландкрузер-200” загварын, 00-79 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн далан руу орж зорчигч Б.Цолмонтуяа, Д.Ганбат нарын эрүүл мэндэд хүнд, Б.Жамсрансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Элжигин овгийн Дашравдангийн Д.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Батмөнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүгдэгчийн тэнссэн ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2019/ШЦТ/342 дугаартай шийдвэртээ: шүүгдэгч Д.Бийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 2-т "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй" гэсэн байхад, тогтоолын 5 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүгдэгчийн тэнссэн ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай" гэж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно" гэсэн ба дээрх заалтыг зөрчсөн нь уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ заавал хэрэглэхээр хуульчлагдсан байна.

Иймд Д.Бөд холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/342 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурьдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Бадраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд хуульд нийцсэн зөв зүйтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч прокурорын эсэргүүцэлд дурдагдсан шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг Солонготын давааны өвөр гэх газарт “Тоёота ландкрузер-200” загварын, 00-79 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн далан руу орж зорчигч Б.Цолмонтуяа, Д.Ганбат нарын эрүүл мэндэд хүнд, Б.Жамсрансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 17-21/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 24-27/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 хх 22-23/,

“Б.Жамсрансүрэнгийн биед зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн далд зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн шуу ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 581 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 84-86/, өвчний түүх /1 хх 87-95/,

“Б.Цолмонтуяагийн биед гавал тархины битүү хүнд гэмтэл болох тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх цус харвалт, комын байдал, баруун дунд чөмөг ясны доод хэсгийн далд хугарал, эрүүний доод хэсэгт гүн зүсэгдсэн шарх, доод үүдэн шүд суларсан гэмтлүүд тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.3.2-т зааснаар гавал тархины битүү гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун дунд чөмөг ясны доод хэсгийн далд хугарал, эрүүний доод хэсэгт гүн зүсэгдсэн шарх, доод үүдэн шүд суларсан гэмтлүүд нь 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 586 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 96-98/, өвчний түүх /1 хх 99-109/,

“Д.Ганбатын биед баруун талын олон хавиргануудын хугарал, цээжний баруун хөндийд цус, хий хуралдалт, уушиг авчилт, тархи доргилт, зүүн зовхинд язарсан шарх, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.3.7-т зааснаар цээжний баруун хөндийд цус, хий хуралдалт, уушиг авчилт гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, зүүн зовхинд язарсан шарх, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 585 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 110-113/, өвчний түүх /1 хх 114-123/,

“Д.Бийн цусанд спиртийн алкоголь илрээгүй” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 68 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /1 хх 137-139/, техникийн шинжээчийн дүгнэлт /1 хх 140-143/, автомашины хохирлын үнэлгээ /1 хх 144-157/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 158-163/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 165/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 166-168/, эд хөрөнгө битүүмжлэх тухай /1 хх 208-209, 214-216/, мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай /1 хх 226-227/,

хохирогч Б.Цолмонтуяа /1 хх 28-31/, Д.Ганбат /1 хх 35-38/, Б.Жамсрансүрэн /1 хх 42-45/, иргэний нэхэмжлэгч Х.Булганбаяр /1 хх 48-50/, гэрч С.Анхбаяр /1 хх 77-78/ нарын мэдүүлэг болон яллагдагч Д.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 176-177/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан Д.Бийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Батмөнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.”  гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүгдэгчийн тэнссэн ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж эхлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолоор Д.Бийн эзэмшилд бүртгэлтэй Daewoo Tico /Дэевоо Тико/ загварын 59-80УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилж /1 хх 208-209/ шийдвэрлэжээ.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгана гэж зааснаар анхан шатны шүүх битүүмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/342 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсэгт “...Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

- тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүгдэгчийн тэнссэн ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ