Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01054

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11-139 тоотод оршин суух Шээжин овгийн Оюунбилэгийн Энхтүвшингийн /ГЙ-91071200 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-32 тоотод оршин суух Халзан овгийн Даваадоржийн Наранбаатарт /ФМ-87110471 / хариуцагдах эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах,хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ган-Очир, хариуцагч Д.Наранбаатар,харуицагчийн өмгөөлөгч О.Сарантуул,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Энхтүвшин Д.Наранбаатарт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч О.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Энхтүвшин нь Д.Наранбаатартай 2012 онд танилцаж 2013 оноос хамтран нэг гэрт орж, хамт амьдарсан.Бидний дундаас хүү Н.Бүрэнтөгс нь 2013-01-09-нд төрсөн.Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн таарамжгүй байдал бий болсноос хамт амьдрах боломжгүй тус тусдаа амьдарч байгаа .Д.Наранбаатар нь байнга архи ууж уусан үедээ надад гар хүрч зоддог байсан.Үүнээс болж хамар муруйж, энд тэнд хөх няц болдог.Залуу гэр бүл болохоор учир зүйгээ олох байх гэтэл зодох нь ихсэж, архи ууж зугаа цэнгэл гэх нь их болсон.Ингээд түүнтэй хамтран амьдрах боломжгүй болж, хүүгээ аваад хөдөө байдаг ээж рүү очсон.Иймд хүү Н.Бүрэнтөгсийн эцэг Д.Наранбаатар мөн болохыг тогтоолгох, хүү Н.Бүрэнтөгсийг өөрийн асрамжиндаа авах хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Ер нь бол архины асуудлаас болж л бид салсан.Цаашид энэ хүнтэй хүүхдээ хмт байлгах боломжгүй.Би ганцаараа хүүхэд харах хүнгүй байсан тул хэсэг хугацаанд эцгийн гэрт нь байлгасан.Би хувиараа ажил хийдэг.Хүүгээ харж  асрах боломжтой.Эцэг нь гэр орондоо хүүхдийнхээ дэргэд архи ууж зохисгүй авир гаргадаг тул хүүхдээ өгөх боломжгүй. Би түрээсийн байранд амьдардаг.Тэглээ гээд надад хүүхдээ асрах эрхгүй байна гэж байхгүй.Би хүүгээ өөрөө өсгөнө гэжээ.

Хариуцагч Д.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Наранбаатар нь 2012 онд О.Энхтүвшинтэй танилцан хамтран амьдарч, 2013-01-09-нд хүү Бүрэнтөгс мэндэлсэн.Энэ хугацаанд бид 2-ын хооронд хэрүүл маргаан байнга гарч хоорондоо маргалдан, хамт амьдрахад бэрхшээлтэй байсан.Хүү маань төрсөн үеэсээ л эцэг Наранбаатар надаар овоглож ирсэн.Хүүгийн эцгээр тогтоолгох шаардлагагүй.Энхүтвшин нь хүү Бүрэнтөгсийг ой гарантай байхад нь салж, ээж бид 2 хүүг сүүлээр угжин бор хоолонд оруулж өсгөсөн.2015-09 сард 19-р цэцэрлэгт оруулж багш Цэцэгмаагийн удирдлагад сурч хүмүүжиж байна.О.Энхтүвшин нь Улаанбаатар хот руу үчсингийн дамжаанд суралцан ирэхэд миний ээж  Бадмаараг үчсингийн Бадамцэцэгт дагалдангаар оруулсан боловч ажлаасаа гаран, Төгөлийн үсчинд орон, 2 удаа зан харилцааны доголдолтой, хүний үг хүлээн авах чадвар муутай шалтгаанаар ажлаасаа халагдсан.Ажид тогтворгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй.

Хүү Бүрэнтөгсийг ээж нь цэцэрлэгээс нь авч явдаг боловч хүүгийн хувцас хунарыг угааж цэвэрлэхгүй, усанд оруулж ариун цэвэр сахихгүйгээр авчирч өгдөг талаар цэцэрлэгийн багш Цэцэгмаа бидэнд хэд хэдэн удаа анхааруулж байсан.О.Энхтүвшин нь төрсөн ээж Болорцэцэг дүү Болороо зээ охин Амгалан нарын хамт Булган аймаг Тэшиг суманд амьдардаг.Амьдралын боломж муутай, хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй.Хүү Бүрэнтөгсийг нь ээж нь авч явах гэж ирэхэд хүү явахгүй гэж уйлан зугтдаг.Миний хүү өссөн орчиндоо эмээ аав хоёртойгоо байх дуртай.Саяхан 2016-05-17-нд О.Энхтүвшин нь хүүгээ авч явсаны дараа хүү ганцаараа гэртээ гүйж ирэн эмээ эмээ би одоо явахгүй гэртээ байна гэж уйлан дахин дахин хэлсэн.Ээж Энхтүвшин нь хоёр хоног авч явах нэрийдлээр хүүг худал хэлж, өөрөө харгалзан авч явахгүйгээр Булган аймгийн Тэшиг сум руу машинаар явуулсан нь хүүхдийн эрхийг зөрчиж байна.Хүү Бүрэнтөгсийг хөдөө явулчихаад өргөдөл өгсөн нь урьдаас бодож тооцоолсон юм билээ.Иймд Бүрэнтөгсийг миний асрамжид хэвээр үлдээн, надад болон миний хүүгийн ирээдүйд туслана уу.О.Энхтүвшин бид 2-н хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.О.Энхтүвшингээс хүүхдийн тэтгэмж авахгүй.Миний бие УБҮ-н спорт ордонд жүдо бөхийн дасгалжуулагчаар ажилладаг.Сарын цалин 1,300,000 төгрөг, миний ээж Дуламсүрэн Эрдэнэт ДЦС-д ажилладаг учир би хүүгээ асран хамгаалах, юугаар ч дутаахгүй байх бүрэн боломжтой гэж үздэг учир, Д.Наранбаатар миний өргөдөл хүсэлтийг судалж үзэн хүү Бүрэнтөгсийг миний асрамжид хэвээр байлгаж өгнө үү.Д.Энхтүвшин нь хүүхдээ өөрөө харж хандахгүй ажилдаа тогтворгүй тул  хүүгээ авсан нэрийдлээр миний хүүг өсгөж хүмүүжүүлэх биш надаас тэтгэмж авах хүсэлтэй юм” гэжээ

Хариуцагч Д.Наранбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Наранбаатар нь өөрийн хүү Н.Бүрэнтөгсөө өөрийн асрамжиндаа байлгаж, тэжээж, өсгөн хүмүүжүүлж, цэцэрлэгт явуулж, 2016-05 сарыг хүрсэн ба нэхэмжлэгч О.Энхтүвшин нь шүүхэд хүүхдийн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргангуутаа хүг минь надаас эзгүйд очиж авч, хөдөө явуулсан байх тул хүүгийн асрамжийг надад үлдээж өгнө үү”гэжээ

Хариуцагч Д.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлээс хүүгийн эцэг тогтоолгох тухайд маргаангүй.Хүү надаар овоглодог,би эцэг нь мөн учир шүүхээр тогтоолгох шаардлагагүй.Харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй.Хүүгээ би өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй.Бид салсанаас хойш хүү миний асрмажинд байгаа.ээж нь зун аваад явсан боловч хөдөө байдаг ээжийндээ аваачиж орхисон.Би 8 сард очиж авчирсан байгаа.Эх нь хүүхэддээ халамж анхаарал муу,өөрийн орон байргүй,тогтсогн ажилгүй.Харин би ээжийн хамт амьдардаг,ажилтай.Хүү энэ орчиндоо дассан байгаа.Хүүхдэд тав тухтай орчин шаардлагатай.Хүүг миний асрамжинд үлдээнэ үү гэжээ.

Шүүх хэргээс холбогдох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Энхтүвшин нь Д.Наранбаатарт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч хүүхдийн эцэг мөн болох талаар маргаагүй.Харин хүүхдээ өөрийн асрамжинд байлгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Зохигчид 2012 оноос хамтран амьдарч, 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Бүрэнтөгсийг төрүүлсэн,хүү эцгийн асрамжинд байгаа,зохигчид хоорондын таарамжгүй харилцаа үл ойлголцол,архины шалтгаантай асуудлаас хамааран 2014 оны 9 сараас тусдаа амьдарч байгаа болох нь тэдний тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар,ам бүлийн тодорхойлолт,цэцэрлэгийн захиргааны тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Зохигчид 2014 оны 9 сараас тусдаа амьдарч байгаа ба цаашид хамт амьдрах боломжгүй тулаар тайлбарлаж байх тул 3 настай хүү Н.Бүрэнтөгсийн асрамжийг шийдвэрлэх шаардлагатай.Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргасан.

Хариуцагч Д.Наранбаатар Спорт ордонд дасгалжуулагч ажилтай, өөрийн эх Дулмасүрэнгийнд амьдардаг,харин нэхэмжлэгч О.Энхтүвшин тодорхой ажилгүй,үсчин мэрэгжилтэй,хувиараа янз бүрийн ажил хийж амьдралаа залгуулдаг,түрээсийн байранд амьдардаг байдал тогтоогдож байх боловч хүүхдийн насны байдал,бага насны хүүхдэд эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатайг үндэслэн, О.Энхтүвшин хүүхдээ асрамжиндаа байлгах боломжгүй сөрөг байдал тогтоогдоогүйг харгалзан хүүг эхийн асрамжинд үлдээж,эцэг Д.Наранбатаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн амьдрах орчин нөхцөл зайлшгүй чухал нөхцлийн нэг мөн боловч бага насны хүүхдэд эхийн хайрыг юу ч орлож чадахгүйг онцгойлон харгалзаж үзэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч хүүхдийн эцэг мөн болох талаар маргаагүй,хүүхэд эцгээрээ овоглодог байх тул эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн 70200 төгрөгийг төрийн санд тус тус үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Бүрэнтөгсийг эх О.Энхтүвшингийн асрамжинд үлдээсүгэй.

         

           2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар хүү Н.Бүрэнтөгсийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 %иар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Наранбаатараас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

         

           3. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай. 

       

           4.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага,хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.       

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг,хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус утс төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбаатараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ