Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 000158

 

 

 

 

 

 

 

 

 

                                    О.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Наранбаатарт холбогдох

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй “асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхтүвшин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир

Хариуцагч Д.Наранбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч О.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Энхтүвшин нь Д.Наранбаатартай 2012 онд танилцаж 2013 оноос хамтран нэг гэрт орж, хамт амьдарсан. Бидний дундаас хүү Н.Бүрэнтөгс нь 2013-01-09-нд төрсөн. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн таарамжгүй байдал бий болсноос хамт амьдрах боломжгүй тус тусдаа амьдарч байгаа. Д.Наранбаатар нь байнга архи ууж уусан үедээ надад гар хүрч зоддог байсан. Үүнээс болж хамар муруйж, энд тэнд хөх няц болдог. Залуу гэр бүл болохоор учир зүйгээ олох байх гэтэл зодох нь ихсэж, архи ууж зугаа цэнгэл гэх нь их болсон. Ингээд түүнтэй хамтран амьдрах боломжгүй болж, хүүгээ аваад хөдөө байдаг ээж рүү очсон. Иймд хүү Н.Бүрэнтөгсийн эцэг Д.Наранбаатар мөн болохыг тогтоолгох, хүү Н.Бүрэнтөгсийг өөрийн асрамжиндаа авах хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Наранбаатар нь 2012 онд О.Энхтүвшинтэй танилцан хамтран амьдарч, 2013-01-09-нд хүү Бүрэнтөгс мэндэлсэн. Энэ хугацаанд бид 2-ын хооронд хэрүүл маргаан байнга гарч хоорондоо маргалдан, хамт амьдрахад бэрхшээлтэй байсан. Хүү маань төрсөн үеэсээ л эцэг Наранбаатар надаар овоглож ирсэн. Хүүгийн эцгээр тогтоолгох шаардлагагүй. Энхтүвшин нь хүү Бүрэнтөгсийг ой гарантай байхад нь салж, ээж бид 2 хүүг сүүлээр угжин бор хоолонд оруулж өсгөсөн. О.Энхтүвшингээс хүүхдийн тэтгэмж авахгүй. Миний бие УБҮ-н спорт ордонд жүдо бөхийн дасгалжуулагчаар ажилладаг. Сарын цалин 1.300.000 төгрөг, миний ээж Дуламсүрэн Эрдэнэт ДЦС-д ажилладаг учир би хүүгээ асран хамгаалах, юугаар ч дутаахгүй байх бүрэн боломжтой гэж үздэг учир, Д.Наранбаатар миний өргөдөл хүсэлтийг судалж үзэн хүү Бүрэнтөгсийг миний асрамжид хэвээр байлгаж өгнө үү. Д.Энхтүвшин нь хүүхдээ өөрөө харж хандахгүй ажилдаа тогтворгүй тул хүүгээ авсан нэрийдлээр миний хүүг өсгөж хүмүүжүүлэх биш надаас тэтгэмж авах хүсэлтэй юм” гэжээ

Хариуцагч Д.Наранбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Наранбаатар нь өөрийн хүү Н.Бүрэнтөгсөө өөрийн асрамжиндаа байлгаж, тэжээж, өсгөн хүмүүжүүлж, цэцэрлэгт явуулж, 2016-05 сарыг хүрсэн ба нэхэмжпэгч О.Энхтүвшин нь шүүхэд хүүхдийн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргангуутаа хүг минь надаас эзгүйд очиж авч, хөдөө явуулсан байх тул хүүгийн асрамжийг надад үлдээж өгнө үү” гэжээ

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1054 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Бүрэнтөгсийг эх О.Энхтүвшингийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар хүү Н.Бүрэнтөгсийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 %иар, 16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Наранбаатараас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлж, Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг зааж, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг.хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус утс төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбаатараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Наранбаатар давж заалдсан гомдолдоо:

Д.Наранбаатар нь О.Энхтүвшинтэй 2012 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2013 оны 01 сарын 09-нд хүү Н.Бүрэнтөгс төрсөн. Хамтран амьдрах хугацаанд хэрүүл маргаантай амьдарч байгаад тусдаа амьдрах болсон. Амьдрах хугацаандаа хүүгээ О.Энхтүвшин нь 1 ой хүрч байхад нь орхиж салаад явж байсан. Би хүүгээ сүүлээр угжин бор хоолонд оруулж өсгөсөн.2015 оны 09 сараас 19 дүгээр цэцэрлэгт оруулж сургаж байгаа.

Хүүхэд эцгийн асрамжинд төрж өссөн орон гэртээ энэ хугацаанд байсан. Ээж нь ирж уулзаад авч яван амралтын өдрөөр авчирдаг байсан. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн амьдрах орчин нөхцөл зайлшгүй чухал нөхцлийн нэг мөн боловч бага насны хүүхдэд эхийн хайрыг юу ч орлож чадахгүйг харгалзан хүүг эхийн асрамжинд үлдээлээ гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай дулимаг дүгнэлт байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа хүүг удаа дараа авч явж Булган аймгийн Тэшиг сум руу хөдөө явуулсан.Өөрөө харгалзан харж хандаагүй.Хүүхэд өссөн төрсөн гэрээ, аавыгаа санаж зүүдэлж, орондоо шээж байсан тухай утсаар мэдэгдсэн тул Д.Наранбаатар би очиж авчирсан.7 дугаар сард мөн очиж хүүгээ авчрахад ээж нь бас хэрүүл хэл ам хийж авч яваад хөдөө явуулж байсан. Тэгэхээр хүүхдийн өөрийн хүсэл зориг гэртээ байх, мөн хүүхдийн өсөж торних тав тухтай орчин, үүнд нөлөөлөх эцэг эхийн халамж анхаарал, эдийн засгийн чадамж бололцоог шүүх огт харгалзахгүйгээр зөвхөн эмэгтэй хүн гэдэг утга агуулгаар нь асуудалд хандаж өрөөсгөл шийдлээ.Шүүхэд хүүхдийн амьдрах орчин ,нөхцөлийг судлуулахаар шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт гаргахад хүлээж авахгүй шийдсэн нь хэт нэг талыг барьлаа.

О.Энхтүвшин нь сургалтанд сууж байгаа гэсэн боловч хаана ямар сургалтанд гэдгээ хэлээгүй, мөн өмнөх хуралд гэв гэнэт барилгын ажил хийдэг болсон.

Уг ажлыг хийгээд хэр орлого олдог нь тодорхой бус байсан.Мөн 1-16-68 тоотод байр түрээслэдэг гэсэн боловч уг байранд тийм хүн амьдардаггүй гэж байрны эзэн хэлсэн. Тэгэхээр тодорхой ямар ажил эрхэлдэг эсэх, хаана ямар орон байранд амьдардаг, эдийн засгийн чадамж боломжтой нь огт тогтоогдоогүй байхад, эсрэг талын нотлох баримтыг эхийн хайр гэдгээр үгүйсгэж, эцгийн хайр, хүүхдийн өсч торнисон орон гэртээ дассан байдал, эцэгтэйгээ байх хайрыг дорд үзсэн нь шударга биш байна. О.Энхтүвшин нь хурлын дараа над руу утасдаж чи тэр 70200 төгрөгөө одоо өг, чиний өмгөөлөгч шал хөлдүү, одоо над дээр ирж уулз гэх мэтээр доромжлон бусармаг авирласан. Би уг нь шүүхийг аливаа асуудлыг тал бүрээс нь нотлох баримтанд тулгуурлан шийддэг гэж ойлгож байлаа. Гэтэл шүүх нь хэт нэг талд үйлчилдэг, хууль номонд заасан нөхцөл байдлыг харгалзахгүй, зөвхөн өөрийнхөөрөө хүсэл сэтгэгдлээрээ шийдлээ.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хүүг минь хуучин байсан миний асрамжинд үлдээж өгнө үү.

                                                           ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Энхтүвшин хүү Н.Бүрэнтөгсийн эцэг нь Д.Наранбаатар мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах тухай, хариуцагч Д.Наранбаатар хүү Бүрэнтөгсийг өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Д.Наранбаатар нь хүү Н.Бүрэнтөгсийг өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  зүйлийн 25.1.3-д заасны дагуу гэрчийн мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх уг хүсэлтийг хуульд заасан ямар үндэслэлээр татгалзаж буй үндэслэлээ тодорхой заагаагүй, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагчийн гаргасан хүсэлтээр бүрдүүлэхээр хуульд заасан ба хариуцагчийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал хүүхдийг эцэг, эхийн хэнийнх асрамжинд үлдээх асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн сурч хүмүүжих орчин, өсөж торниход амьдралын боломж, хүүхэд хэний асрамжинд байвал өсөж хүмүүжих боломжтой эсэх зэрэг байдлыг тодруулахын тулд хуульд заасны дагуу зохих байгууллагыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ