Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00904

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00904

 

 

В.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03301 дугаар шийдвэртэй

В.Д-ын нэхэмжлэлтэй, Д.Ж-д холбогдох

2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. В ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д нь Д.Ж-тай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг 800,000,000 төгрөгөөр Д.Ж-д худалдан борлуулахаар тохиролцсон. Гэтэл Д.Ж нь тухайн гэрээг холбогдох төрийн байгууллагад бүртгүүлж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулахад 800,000,000 төгрөгөөс их хэмжээний татвар төлөх болоод байгаа тул гэрээний үнийн дүнг багасгаж хуурамч гэрээ байгуулахдаа төлбөрийг өмнөх гэрээгээр тооцно гэж хэлсэн.

Талууд 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13/01 тоот хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний үнийн дүнг 264,541,750 төгрөг байхаар тусган уг гэрээгээр 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг халхавчилсан. Д.Ж нь тус компанийн 50 хувийн хувьцааг дээрх халхавчилсан гэрээний дагуу шилжүүлэн авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.2. В.Д нь 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хийх хүсэл зорилго байхгүй байсан бөгөөд Д.Ж-ны хүсэлтийн дагуу байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар В ХХК-ийн 50 хувийн хувьцааг В.Дд буцаан шилжүүлэх үндэслэлтэй.

1.3. 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус болно. Учир нь гэрээний 2.1-д Д.Ж нь компанийн 50 хувийн хувьцааг В.Даас тодорхой нөхцөлтэйгөөр 800,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан бөгөөд уг гэрээний 2.5-д ...компанийн 50 хувийн эрх худалдсаны орлогоос В.Д компанийн өмнө авсан өр, зээлийг төлөх, барагдуулах, компанийн үйл ажиллагаанд зарцуулах нөхцөлтэйгээр компанийн 50 хувийн эрхийг Д.Ж худалдаж авахаар тохиров гэсэн нь хууль зөрчсөн хэлцэл юм.

Д.Ж нь В.Даас 800,000,000 төгрөгөөр компанийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан гэх боловч В.Д-д хувьцааны үнэ 800,000,000 төгрөгийг төлөхгүй, өөрийн худалдаж авч байгаа компанид хөрөнгө оруулалт байдлаар ашиглахаар оруулсан байгаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулаагүй. Нөгөө талаар Д.Ж нь В.Д-ийн компанийн 50 хувийн хувьцааг худалдан аваад 800,000,000 төгрөгийг оруулахаар тохирсон нь В.Д-ийн хүсэл зоригийн эсрэг буюу 800,000,000 төгрөгөөр компанийн 50 хувийн хувьцааг худалдан авч байгаа үйлдэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг зааснаар, 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, компанийн 50 хувийн хувьцааг В.Дд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. В ХХК-ийн хувь нийлүүлэгч В.Д, В.Э нараас Д.Ж-тай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тухайн үед хувь нийлүүлэгч В.Д нь тус компанийн 60 хувийн хувьцааг, хувь нийлүүлэгч В.Э нь 40 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд эдгээр 2 хувь нийлүүлэгчээс Д.Ж-д компанийн 50 хувийн хувьцааг 800,000,000 төгрөгөөр дараах болзлыг биелүүлсний үндсэн дээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Үүнд: талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд Д.Ж нь энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.8-д заасан эд хөрөнгө, эрхийн 50 хувийг өмчлөх эрхтэй. Эдгээр хөрөнгийн өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлэх замаар компанийн 50 хувийн эрх худалдсан орлогоос компанийн өмнө авсан өр, зээлийг төлөх, барагдуулах, компанийн үйл ажиллагаанд зарцуулах нөхцөлтэйгээр компанийн 50 хувийн эрхийг Д.Ж худалдаж авахаар тохиролцсоноор В ХХК-ийн эд хөрөнгө болон компанийн өмчлөх эрхийг сэргээн баталгаажуулах, нэр бүхий иргэнээс компани руу буцааж шилжүүлэх, эд хөрөнгө эрхийн жагсаалтыг гэрээнд нэг бүрчлэн тодорхойлсон.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт В.Д, В.Э нар Д.Ж-аас орж ирэх хөрөнгө оруулалтын мөнгөнөөс 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус компанийн Хас банк ХХК-д төлөх өр төлбөрийг хааж, зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийг компанийн нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээсэн. Гэрээний 5 дугаар зүйлд Д.Ж-ы 50 хувийн хувьцааны мөнгөн төлбөрийг Хас банк ХХК-ийн зээлийн 115 ам.долларыг төлж, үлдэх 400,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар харилцан тохиролцож, В ХХК-ийн 100 хувийн хувьцааг Д.Ж, В.Э нар тус бүр 50 хувиар хуваан эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан ба гэрээний үргэлжлэх хугацааг 15 жилээр тогтоосон.

2.2. Д.Ж нь ах Д.Ц М ХХК-аас хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр 727,008,671 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээл аваад В ХХК-д 2010 онд 334,000,000 төгрөг, 2011 онд 291,402,000 төгрөг, 2012 онд 101,606,671 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 5.1-5.8-д заасан хөрөнгүүдийг В.Д, В.Э нар компанийн нэр дээр бүрэн шилжүүлээгүй, нөгөө талаас хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд хийх хүртэл хариуцагч Д.Жыг В ХХК-ийн 50 хувийн хувь нийлүүлэгчээр хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Харин 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгч В.Д, В.Э нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын №13/01 тоот тогтоолоор В ХХК-ийн дүрмийн санг 374,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 529,083,500 төгрөгөөр тодорхойлон өөрчилснөөс хойш буюу 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр талууд анх байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №01 тоот гэрээг шинэчлэн компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн гэрээг дахин байгуулж, хувь нийлүүлэгч В.Д нь өөрийн дүү В.Эд 10 хувийн хувьцааг, Д.Жамъяанд 50 хувийн хувьцааг шилжүүлэн холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

2.3. В ХХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөх тухай тогтоол болон хувьцааны эрхийг Д.Ж-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолууд хуульд нийцсэн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрүүд байх бөгөөд эдгээр тогтоол шийдвэрийн дагуу байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, эрх зүйн үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй. Гэтэл талууд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, гэрээг байгуулсан үеэс эхэлж Д.Ж нь гэрээний үүргээ бодитоор хэрэгжүүлж В ХХК-д 727,008,671 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу тухайн компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхийг Д.Ж нь тус компанид хөрөнгө оруулсны үндсэн дээр олж авсан тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т заасны дагуу нэхэмжлэгч В.Д нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талууд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлж 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу хувьцааны эрхийг хариуцагчид шилжүүлж өгсөн нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байх тул нэхэмжлэгч нь 5 жилийн дараа байгуулсан гэрээ хэлцлээ хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

2.4. Талууд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, гэрээгээр В ХХК-д Д.Жы оруулах хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг 800,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх явцад В.Д, В.Э нар гэрээний 2 дугаар зүйлийн 5.1-5.8-д заасан эд хөрөнгийг компанийн өмчлөлд бүрэн шилжүүлээгүй, Д.Жыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй байх хугацаанд зээл авч хувьдаа ашиглах зэрэг үйлдлүүд гарсан. Улмаар 2012 оны жилийн эцсээр Макс импекс ХХК-ийн дотоод аудит болон Тэд Од Аудит ХХК-иудаар шалгуулахаар талууд харилцан тохиролцож, уг шалгалтын тайлангаар баталгаажсан. Д.Жы оруулсан хөрөнгө оруулалт болох 716,606,671 төгрөгийг тусгасан боловч 10,402,000 төгрөгийг дутуу тооцсон. В ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хариуцагчийн хөрөнгө оруулалтыг бүртгэж, компанийн дүрмийн санг 529,083,500 төгрөгөөр тодорхойлсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуультай нийцэж байх ба хувьцаа эзэмшигчээр Д.Жыг бүртгүүлснийг өөр хэлцлийг халхавчилсан хуурамч гэрээ хэлцэл байгуулсан, энэ гэрээгээр талууд ямарваа нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхийг зориогүй гэж маргах боломжгүй.

Иймд Д.Ж-ы хөрөнгийг компанид оруулсны дараа байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилго агуулсан гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

В.Эийн эрх ашиг хөндөгдөөгүй боловч Д.Жамьянтай маргаантай байгаа. В.Э нь 2013 оноос компанийн 50 хувийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэн захирлаа томилсон ч компанийн үйл ажиллагаанд өнөөдрийг хүртэл оролцоогүй. Хувьцаа эзэмшигчийн хурлаа хийх талаар Д.Ж-д олон удаа хандаж байсан. Улмаар шинэ гүйцэтгэх захирал томилж, 2016 оныг дуустал үйл ажиллагаа явуулаад хаагдсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ж-д холбогдох 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч В.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 3,157,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх нэхэмжлэгчийн В ХХК-ийн хөрөнгө хувьдаа ашигласан, ашиггүй удирдсан гэж тодорхойлж, нэхэмжлэгчийн өмчлөлд байх үеийн өр төлбөрийг хариуцагч төлсөн нь гэрээний үнийг төлсөн гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон. В ХХК-ийн Хас банк дахь өрийг М ХХК-аас шилжүүлсэн мөнгөөр төлсөн боловч тухайн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М ХХК-аас шилжүүлсэн мөнгийг В ХХК-ийн нягтлан Ч.П бэлэн мөнгөний баримт үйлдэн хүлээн авсан гэх боловч тухайн баримтууд нь хуурамч буюу нөхөн үйлдсэн болох нь нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны явцад тогтоогдсон.

Ч.П В ХХК-д ажилд ороогүй байх үеийн огноо бүхий баримтад мөнгө хүлээн авсан гарын үсэг зурсан нь бүхэлдээ тухайн хөрөнгө оруулалт орсныг үгүйсгэсэн үйл баримт болно. Эрүүгийн журмаар шалгаж байх үед хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр М ХХК-ийгВ ХХК-д хариуцагчийн өмнөөс хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Талуудын хооронд ижил агуулгатай 2 төрлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот гэрээг хариуцагчийн хүсэлтээр үнийн дүнг багасган хийсэн нь тогтоогдсон байтал шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хийгдсэн гэж дүгнэсэн нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот гэрээг үгүйсгэсэн дүгнэлт болсон.

5.2. Гэрээний 8 дугаар зүйлд талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 15 жилийн хугацаатай байгуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгтэй холбоотой биш бөгөөд гэрээ нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага болно. Мөн тус хэргийг анхан шатны журмаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргах өдрийн байдлаар нэхэмжлэгч 2010 оны дээрх гэрээг мөн хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Дээрх хугацаагаар тооцоход тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөвөөр тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1. В ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох В.Д, В.Э нар нь Д.Жтай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулах үед нэхэмжлэгч В.Д 60 хувийн хувьцааг, В.Э 40 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд эдгээр 2 хувьцаа эзэмшигч нь Д.Ж-д компанийн 50 хувийн хувьцааг 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид хийх замаар тодорхой болзол нөхцөлийг биелүүлсний үндсэн дээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. В ХХК-ийн банкнаас авсан зээлийн өрийг хариуцагч төлсөн нь тухайн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөрт тооцох үндэслэл болохгүй гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй.

Шүүх хуралдаанд В ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.П гэрчээр оролцохдоо өмнөх онуудын тайлан балансыг анхан шатны баримтуудтай тулган шалгахад нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалмаа байлцаж, шалгасан бөгөөд компанийн санхүүгийн тайлан балансыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн хөтөлж, анхан шатны баримтуудыг үйлдэхдээ гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөр худалдан авсан хөдлөх болоод үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэж, Н.Байгалмаад танилцуулснаар санхүү бүртгэлд бүртгэсэн гэж мэдүүлсэн. Хөрөнгө оруулалтыг хийсэн эсэх талаар маргасан үндэслэл нь гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй. Д.Жыг 727 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус компанид хийсэнд нэхэмжпэгч няцаалт, нотлох баримт гаргаж, мэтгэлцээгүй.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө гаргаж байгаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тооцоход 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, эрх зүйн үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй. Гэтэл талууд 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан үеэс эхэлж, Д.Ж нь гэрээний үүргээ хэрэгжүүлж, В ХХК-д 727,008,671 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь баримтаар нотлогддог тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 260.3-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч В.Д нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. В.Д, В.Э нар нь В ХХК-ийг 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулж, тус компанийн дүрмийг баталж, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх43-46, 3-р хх31-42/

 

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн хувьцааны 60 хувийг нэхэмжлэгч В.Д, 40 хувийг ХБНГУ-ын иргэн гуравдагч этгээд В.Э тус тус эзэмшдэг, уг компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Х.Золбоо бүртгэлтэй байна.

 

3.3. Тус компанийн хувь нийлүүлэгч В.Д, В.Э нар нь Д.Ж-тай 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр В ХХК-ийн 50 хувийн хувьцааг гэрээнд тодорхой нөхцөл болзол зааж 800,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /1-р хх4-9/

 

3.4. Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах болон мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ буюу холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна. Талууд гэрээний зүйлийг В ХХК-ийн 50 хувийн хувьцаа гэж, мөн гэрээний үнийг 800,000,000 төгрөг гэж тохиролцсоноос дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

3.5. Хариуцагч Д.Ж нь В ХХК-аас худалдан авсан хувьцааны үнийг төлөхөөр М ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг мөнгөн хөрөнгийг М ХХК-аас В ХХК-д 24 удаагийн гүйлгээр нийт 727,008,671 төгрөг шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт болон Хас банкны дансны хуулгааар нотлогдсон. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсны дагуу хариуцагчид 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлээгүй, улсын бүртгэлд Д.Жыг бүртгүүлээгүй байсан байна.

 

3.6. Үүний дараа В.Д, В.Э нар нь Д.Ж-тай 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус компанийн 50 хувийн хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр талуудын тохирсон гэрээний зүйл, агуулга, нөхцөл болзол зэрэг нь өмнөх 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээтэй адил боловч зөвхөн гэрээний үнэ өөрчлөгдөж 264,541,750 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. /1-р хх4-9/

 

3.7. В ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл, мөн өдрийн №13/03 дугаартай тогтоолоор тус компанийн шинэчилсэн дүрмийг баталж, компанийн хувьцаа эзэмшигч В.Эийг компанийн үйлдвэрлэл, технологи хариуцсан захирлаар, хувьцаа эзэмшигч Д.Ж-г компанийн санхүү, хөрөнгө оруулалт, борлуулалт хариуцсан захирлаар тус тус 2 жилийн хугацаагаар томилсон. /1-р хх61-62,

 

3.8. 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр В ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д нь тус компанийн өөрийн эзэмшдэг 60 хувийн хувьцаанаас 10 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч В.Э-д үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Улмаар В ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №13/02 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигч В.Д нь компанийн гишүүнээс гарч, Д.Ж компанийн 50 хувийг, В.Э компанийн 50 хувийг эзэмшигчээр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх48-50, 59/

 

4. Талуудын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.1. Д.Жамьян нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр В ХХК-ийн 50 хувийн хувьцаа, эрхийг гэрээнд заасан нөхцөл, болзолтойгоор 800,000,000 төгрөгөөөр В.Д, В.Э нараас худалдан авахдаа гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.8-д заасан эд хөрөнгө, эрх нь компанийн нэр дээр биш хувь нийлүүлэгч, иргэний нэр дээр болон барьцаанд байгаа эдгээр хөрөнгийн өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлэх замаар компанийн өмчлөх эрхийг сэргээх, баталгаажуулах, компанийн 50 хувийн эрх худалдсаны орлогоос В.Д, В.Э нарын компанийн өмнө авсан өр, зээлийг төлөх, барагдуулах, компанийн үйл ажиллагаанд зарцуулах нөхцөлийг тохирсон байна.

 

4.2. Дээрх байдлаар талууд тохиролцсон нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцаа эзмших эрхээ бусдад худалдах эрхийг хуулиар хориглоогүйгээс гадна гэрээний зүйл, үнийг тодорхойлохдоо компанийн хувьцаа болон эрх худалдсан үнээс компанийн өмнө авсан өр, зээлийг төлөх, үйл ажиллагаанд зарцуулахаар тохиролцсон нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж дүгнэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...В ХХК-ийн Хас банк дахь өрийг М ХХК-аас шилжүүлсэн мөнгөөр төлсөн нь тухайн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй... гэх гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн, 2013 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5.1. Талуудын байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг татвараас зайлсхийх зорилгоор халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулахгүй байна.

 

5.2. Учир нь дээрх 2 хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний зүйл нь нэг, гэрээний талууд нэг, гэрээний нөхцөл болзол адил, эхний гэрээгээр тохирсон үнийг дараагийн гэрээгээр өөрчилж тусгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин шүүх 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэв.

 

6.1. Дээрх гэрээг талууд 15 жилийн хугацаатай байгуулсан байх тул гэрээний хугацаа дуусаагүй байхаас гадна хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 3,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ