Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 461

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 016 тоотод оршин суух, эмэгтэй, 48 настай, одоо группт байдаг Боржигон овогт Гаадайн Отгоны /МС-67110601/  нэхэмжлэлтэй; 

Хариуцагч: Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 016 тоотод оршин суух, эмэгтэй, 52 настай, одоо “Төрийн банк” Сэлэнгэ салбарын Сүхбаатар тооцооны төвд үйлчлэгч ажилтай Боржигон овогт Гаадайн Эрдэнэцэцэг /ФА-63112508/-т холбогдох    

 “Хашаа, байшингийн өмчлөгч тогтоолгох тухай, Г.Эрдэнэцэцэгийн Г.Отгонд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 18585566776131 дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар болохыг тогтоолгох, Г.Отгоныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий өөрийн эзэмшлийн газар /хашаа/- аас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Отгон, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Г.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. 

                                           

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Г.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1998 оны 05 дугаар сард дүү Г.Төгсжаргал, ээж, 2 хүүхдийнхээ хамт Хушаат сумаас энд шилжин ирээд Батаа гэдэг айлын хашаанд амьдарч байсан. Ирээд удаагүй байтал ээж маань нас барсан. Манай дүү Г.Төгсжаргалын эхнэрийнх нь өвөө Ш.Хасбазар гэдэг өвгөн энэ газрыг авч өөрөө жижиг байшин барьж амьдарч байгаад удалгүй энэ газрын ихэнх талыг нь манайд өгч өөрийнхөө газар хашаа, байшингаа хүнд зараад явсан. Манай дүү Г.Төгсжаргал, Г.Мөнхбаатар нарын хамтаар 1998 оны 08 дугаар сараас 10 дугаар сар хүртэл одоо том эгч Г.Эрдэнэцэцэгийн амьдарч байгаа байшинг барьсан. Уг газрын хашааг нь Ч.Ганболд ах барьж өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээ авах гэтэл нийтээр нь кадастрын зураг гаргаж байгаад гэрчилгээ олгогдоно гэж байсан учраас гэрчилгээгээ авч чадаагүй хот руу ажил хийхээр явсан юм. Ингээд би ажлын шаардлагаар 2000 онд хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод амьдарч байгаад 2011 онд хүнд өвчин тусч хүндэрсний улмаас буцаж энд ирсэн.

2003 онд манай эгч Г.Эрдэнэцэцэг Дарханд амьдарч байгаад энд шилжин ирээд орон байргүй, орох оронгүй гэхээр нь манай дүү Г.Төгсжаргал манай хашаа байшинд “түр амьдарч бай” гээд хүүтэй нь хамт оруулсан байсан. Би хотоос 2011 онд Сэлэнгэд ирэхэд манай хашаа байшинд Г.Эрдэнэцэцэг амьдарч байхаар нь би “яаж одоо гар гэж хэлэх вэ” гэж бодоод байртай болтол нь гээд ээжийнхээ гэрийг бариад хашаандаа цуг амьдарч байсан.  2012 онд миний өвчин хүндэрч хөхний хорт хавдар туссан гэдгээ мэдэж хагалгаанд орсон. 2014 онд манай айлын хүн надад “чи хашаа байшингаа зараа юу, танай байшинг худалдана“ гэсэн зар яваад байх юм гэсэн. Энэ талаар асуухад манай эгч “Энэ бол манай байшин“ гэсэн. Тэгээд үүнээс болж бидний хооронд маргаан үүсэж муудалцсан. Гэтэл нэг өдөр Д.Баярхүү манайд орж ирээд “Энэ миний хашаа, байшин зайлаарай” гээд байсан. Тэгээд манай эгч, нөхөр хүүхдүүд нь нийлж намайг байнга хашаанаас “гар” гэж хөөгөөд байхаар нь охиноо явуулж “Үл хөдлөх эд хөрөнгийн газар”-аас очиж асуулгахад манай хашаа байшинг хүү Д.Баярхүү болон өөрийнхөө нэр дээр авч 2014 онд гэрчилгээ авсан болохыг мэдсэн. Намайг хотоос ирэхэд гэрчилгээ авсан талаараа юу ч яриагүй учраас би мэдээгүй юм. Арай ч эгчийгээ хэлэхгүйгээр миний хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж бодоогүй.

Би бол ядарсан эмэгтэй. Намайг удаа дараа доромжилж, дээрэлхэж, өнөөдрийг хүртэл амгалан тайван байж чадаагүй, долоон хүүхдээ дагуулаад өнөөдрийг хүртэл хөөгдөж туугдан барин амьдарч байна. Энэ явдлыг гэрчлэх хүмүүс түрүүчийн шүүх хуралд ирээд гэрчлээд явсан. Тэр үед цонх хаалга хийсэн хүмүүс ирээд байшин барьж байхад Г.Эрдэнэцэцэг байгаагүй гэдгийг гэрчлээд явсан. Г.Эрдэнэцэцэгийг байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгосон гэдгийг 2012 онд мэдсэн. Тухайн үед бие муу байсан болохоор хөөцөлдөж чадахгүй байж байгаад биеэ гайгүй болсны дараа албан ёсоор шүүхэд хандсан. Хоёр ч удаагийн хурлаар миний байшин мөн гэж тогтоосон.

Иймд Сүхбаатар сумын 6 дугаар Орхоны 3 дугаар хэсэг 016 тоот хашаа байшингийн өмчлөгчөөр намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэх.

          Хариуцагч Г.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

            ... Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэвэл би 1998 онд Сэлэнгэ аймагт ирчихсэн байсан. Би Хасбазар гэдэг хүний газрыг булаагаад авчихсан юм биш. Би Эрдэнэтэд хоёр өрөө байртай байж байгаад байраа зараад ирсэн. Энэ бүх маргааны цаана  Г.Төгсжаргал байгаа. 2011 онд Г.Төгсжаргал Австри улс руу яваад ирсэн. Миний байшин бариулсан гэрчүүдийг Г.Төгсжаргал утсаар дарамтлаад та нар төрсөн эгч дүүсийн хооронд хэрүүл үүсгэх байх юм ална шүү гэх мэтээр дарамталсныг би утсан дээрээ бичлэг байдлаар хадгалж авсан ч утсаа сольсон болохоор бичлэгээ хадгалж чадаагүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөр, эд хөрөнгөөр энэ байшингаа бариулсан. Намайг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж яриад байх юм. Надад огт тийм зүйл байхгүй тэглээ ч шалгаж үзээд Хасбазар гэдэг хүний нэр гарч ирэх л юм бол би эндээс өөрөө явна гэдгээ хэлсэн. Би дүүгээ гэж бодоод хашаандаа байлгаж байсан. 2010 онд манай нөхөр Г.Отгоныг хашаанд буулгахгүй гээд хөөж байхад нь би нөхөртэйгөө хэрэлдэн байж хашаандаа буулгасан. Бүтэн хоёр жил шүүхээр яваад бүх юмаараа хохирч явна. Би Дээд шүүхийг үнэн зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Аль болох энэ асуудлыг хурдан шийдээд амьдралаа тайван болгомоор байна. Би өдөр болгон хөөж туугаад дарамталдаггүй байсан. Харин Г.Отгон байнгын хэрүүл хийдэг байсан. Миний зүгээс цуглуулсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Г.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 18585566776131 дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар болохыг тус тус тогтоолгох, Г.Отгоныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий өөрийн эзэмшлийн газар /хашаа/- аас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс цуглуулсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэх.

Г.Отгон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

...Би энэ байшинг барьсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Г.Отгоны нэхэмжлэлтэй уншиж танилцаад уг нэхэмжлэлд дурьдагдсан зүйлийг үгүйсгэж байна. Бидний амьдарч байгаа албан ёсны байшинг анх 1997 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум 4-р микр 16-р байрны 137 тоотод оршин суудаг байсан 2 өрөө орон сууцаа зарж байж босгосон бидний гэр бүлийн минь хөрөнгө юмаа. Уг бидний хууль ёсны хөрөнгө рүү минь иргэн Г.Отгон нь халдах болсон шалтгаан нь бидний амьдарч байгаа газар дээр ах Г.Төгсжаргал нь хувийн эмнэлэг барих гэсэн санаагаа хэрэгжүүлэх гэж улайртал дайрч байгаа юм. 2014 оны зун Г.Төгсжаргал ах ээжтэй утсаар ярихдаа наад газраа битгий зараарай. Дүү нь яваандаа эмнэлэг барих санаатай байна гэж хэлж байсан. Тухайн үед бид нар хашаа байшингаа зарж орон сууцны урьдчилгаагаа өгөх санаатай байна гэдгээ ойлгуулсан юм. Гэтэл Г.Төгсжаргал ах бид нарыг түр түрээсийн байранд амьдарч байх юм уу гэж хэлснээс хойш энэ маргаан эхэлсэн. Одоо энэ маргааны гар хөл болж байгаа хүн нь Г.Отгон эгч юм аа. Г.Отгон эгч анх Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа ээж эхнэр бид 3-ын дэргэд би уг нь: энэ газрыг Г.Төгсжаргалын газар юм байх гэж бодсон гэж хэлж байсан. Түүгээр ч үл бараад манай гэр бүлийг бүгдийг чинь дээлийг нь нөмөргөж шоронд явуулна, гудамжинд гаргана, харж байгаарай Төгсөө хүнтэй ярьсан гэсэн гэж дайрч доромжлон хэлэх болсон. Г.Отгон эгч бидэнтэй маргах болсон шалтгаан нь 2014 оны 10-сард амбаарт нь байсан эд хогшлыг биднийг эзэнгүй хойгуур гаргаж хаяснаас болж намайг хэдэн үг хэлсний төлөө аав, ээж, эгч, жирэмсэн эхнэртэй минь хамт бүгдийг цагдаад өгч олон сараар зовоож эд мөнгө сэтгэл санаагаар минь хохироосон. Энэ явдлаас хойш Г.Отгон эгч нь ээжийн бүх дүү нар руу худал хэлж хооронд нь эвдрэлцүүлэх болсон. Одоо энэ хоёр хүний өс хонзон дээд цэгтээ хүрч хөгшин болсон ээж аав хоёрын минь гал голомт руу халдах боллоо. Би Дамдинсүрэн, Г.Эрдэнэцэцэг, гэдэг хоёр хүний гал голомтыг сахиж үлдэх ганц хүү нь юм аа. Ийм учраас ээж минь хууль ёсны өмчдөө намайг бүртгүүлсэн юм аа. Миний ээж аав хоёр хүнээс юм луйвардаж бидэнд өгөх хүмүүс бишээ... гэх.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Отгон нь Г.Эрдэнэцэцэгт холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшлээс чөлөөлөх, хариуцагч Г.Эрдэнэцэцэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 18585566776131 дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар болохыг тогтоолгох, Г.Отгоныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  өөрийн эзэмшлийн газар /хашаа/- аас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй дээрх байшинг өөрийн өмч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч тухайн байшин, газрын хууль ёсны өмчлөгч тул шудрага эзэмшигч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар мөн болохыг тогтоолгож, Г.Отгоны “хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлж, албадан нүүлгэнэ” гэж маргажээ.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Учир нь: Хэрэгт цугларсан нотлох баримт болсон үйл явдлаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцны зориулалттай байшин 24мкв  талбай бүхий бөгөөд 2004 оноос хариуцагч Г.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд Д.Баярхүү нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

            Харин тухайн байшин байрлаж буй газар нь 360 мкв талбай бүхий ба Г.Эрдэнэцэцэг 2004 оноос 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2/293 дугаартай ... Сүхбаатар сумын иргэн Гаадай овогтой Эрдэнэцэцэгийн оршин сууж байгаа Орхон 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн 016 тоот хаягтай 544мкв талбай бүхий 18585566776131 нэгж талбарыг газар эзэмших улсын бүртгэл болон газар эзэмшигчийн хувийн хэргийг шүүхэд анх Сүхбаатар сумын засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 214 тоот захирамжаар газар эзэмших зөвшөөрөл олгосон бөгөөд Аймгийн засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан газар эзэмших эрхийн 00459573 дугаартай гэрчилгээ олгосон байна ... гэх тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/351 тоот захирамж, хавсралтын хамт,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 214 дугаартай “газар эзэмших /ашиглах/ зөвшөөрөл олгох тухай” захирамж, хавсралтын хамт, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар, газрын байршлын кадастрын зураг, 2004 оны 11 сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0032010 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000459573 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ,  Сэлэнгэ аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын ... улсын бүртгэлийн Ү-1317002526 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсгин 016 тоот байршилтай 24 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай барилгыг анх 2004 оны 11 сарын 12-нд Гаадайн Эрдэнэцэцэг / /хоёр иргэний өмч/ ФА 63112508/, Дамдинсүрэнгийн Баярхүү /ФА 89121612/ нарын нэр дээр анх улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байна... гэх лавлагаа зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр  Г.Отгон нь ... 1998 онд өөрийн хүч хөдөлмөр болон төрсөн дүү Г.Төгсжаргалын дэмжлэгтэйгээр уг байшинг барьсан гэж маргадаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Г.Отгон нь тухайн байшинг өөрийн хүч хөдөлмөр болон төрсөн дүү Г.Төгсжаргалын дэмжлэгтэйгээр барьсан гэдгээ гэрчийн мэдүүлэг болон бусад этгээдийн тодорхойлолтоор нотолж байгаа гэх боловч тэдгээр нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

            Нэхэмжлэгч Г.Отгон нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

            Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан “ түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 271, 27.4-т заасан “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, газрыг энэ хуулинд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар  эзэмшихийг хориглоно” гэсэн байдаг.

            Иймд Г.Отгоны үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Эрдэнэцэцэгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 18585566776131 дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар болохыг тус тус тогтоолгох, Г.Отгоныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  өөрийн эзэмшлийн газар /хашаа/- аас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Г.Отгон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Г.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Г.Отгоноос 70.200 төгрөг гаргуулан Г.Эрдэнэцэцэгт олгох нь зүйтэй байна.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Баярхүү нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгоны “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, Г.Эрдэнэцэцэгийн хууль бус эзэмшлээс /байшин/ чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 544м2 газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай Ү-1317004852 улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн шудрага эзэмшигч нь Г.Эрдэнэцэцэг, Д.Баярхүү нар мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэцэцэгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай 000459573 дугаар бүхий  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 554м2 газрын тодорхой хэсэг буюу хууль бусаар эзэмшиж байгаа газрыг Г.Отгоны хууль бус эзэмшлээс чөлөөлж, газраас албадан нүүлгэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Г.Отгон нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Г.Отгоноос 70.200 төгрөг гаргуулан Г.Эрдэнэцэцэгт олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ