Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 205/МА2024/00009

 

Ж.*******гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2024/00096 дугаар шийдвэртэй

Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох тохиролцооны гэрээний үүрэгт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн, Б.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох дээрх тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ө.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, түүний өмгөөлөгч Э.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б.*******эд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах 5 айлын нийтийн байрны *******, ******* гэсэн тоотуудыг өмчилдөг бөгөөд түүндээ амьдардаг. Тус байртай харалдаа урд хэсгийн хэсэг газрыг мөн гэр бүлийн хэрэглээний зориулалтаар эзэмшдэг. 2019 оны 03-р сард тус байрны ******* тоотод оршин суудаг Б.*******э гэх залуу орж ирж уулзан энэ байрыг нурааж газар дээр нь шинээр олон давхар байшин барихаар төлөвлөж байна. 114а,  айлууд зөвшөөрсөн. Та зөвшөөрвөл оронд нь шинэ байрнаас байр өгнө гэж санал тавьсан. Миний байр банкны барьцаанд байсан бөгөөд тус жижиг газарт олон давхар байшин барих боломж бага, мөн буулгаад буцааж барьж чадахгүй бол орон гэргүй болчихно гэж айгаад би зөвшөөрөөгүй. 2019 оны 05 сард Б.*******э тус байрны дунд хэсгээс эхлээд нураасан. Нэгэнт байрны хэсгийг буулгаад эхэлсэн тул би *******ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 09-р сарын 09-ний өдөр Тохиролцооны гэрээ байгуулж өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газруудын хамт нийт 142.000.000 төгрөгөөр түүнд худалдан борлуулах, төлбөрийг 2019 оны 09-р сарын 25-ны өдрийн дотор урьдчилгаа 20.000.000 төгрөг, 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, үлдэгдэл 112.000.000 төгрөгийн төлбөрт шинэ баригдах 18 айлын орон сууцны 4 давхарт 32 м кв, 1 давхарт 48 м кв орон сууцыг тус тус надад шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тэрээр миний байшинг буулгаад тус хэсэг дээрээ тоглоомын талбайтай агуулах барихаар төлөвлөж байгаа гэж дурдаж байсан. Гэрээ байгуулсны дараа урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 06 сард тус нийтийн байрыг дундуур нь хөрөөдөж миний байрны хэсгийг үлдээгээд бусад хэсэгт нь газар ухаад барилгын ажил явуулж эхэлсэн. Нийтийн эзэмшлийн байрыг хөрөөдсөний улмаас миний байрны цэвэр, бохир ус, халаалт тасарч, байрны дотор хана нимгэн шууд гадагш харьцаж дулаан алдаж сийгэх болсон. Үүнээс болоод төрийн хяналт шалгалтын байгууллага захиргааны хэргийн шүүх зэргээр маргасан боловч амжилттай шийдвэрлэгдээгүй. Б.*******э тус барилгаа өөрийн эхнэр болох О.*******ийн нэрээр баримт бичгийг нь бүрдүүлж барьж 2021 оны 10 сард ашиглалтад оруулсан. Тэрээр намайг мэргэжлийн хяналт болон шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр байшин нь ашиглалтад орсон боловч шилжүүлэн өгөх ёстой байраа шилжүүлээгүй. Тус 2 орон сууцны байрыг бусдад худалдан борлуулсан тул орон сууцыг шаардах боломжгүй болоод байна. Миний байр болон газрыг авч түүн дээр юм бариагүй ч тэрээр дээр дурдсанаар тус байрны дулаан, халуун хүйтэн ус, ариутгах татуургыг байнгын доголдолтой болгосон, орох гарах гарцын хувьд 3м өргөнтэй нарийхан зурвас үлдээж машин орж гарахад маш хэцүү болгосон, тулгаж 4 давхар орон сууц барьснаар нарны усгал хаах, дээрээс юм унах гээд байрны амьдрах орчин нөхцөлийг асар муутган дордуулж манай гэр бүлийн эрүүл мэнд амь нас өмч хөрөнгөнд аюул эрсдэл учрахуйц орчин бий болгосон. Иймд анх байгуулсан Тохиролцооны гэрээг хэрэгжүүлж тус байр газрыг Б.*******эд шилжүүлэн өгч түүний төлбөрөөр өөр аюулгүй, аятай нөхцөлд амьдрах байр, сууц олох шаардлага үүсээд байна. Нэгэнт 2021 онд орон сууц ашиглалтад ороход гэрээнд заасан орон сууцуудыг шаардах болон шилжүүлэн авах боломжгүй болсон тул худалдан авагчаас орон сууцны үнийн дүнг мөнгөн хэлбэрээр авахаас өөр боломжгүй болсон. Бидний хувьд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд буюу төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа газрыг, үл хөдлөх хөрөнгийн хамт өгөх буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүрэн шилжүүлэх боломжтой. Иймд Б.*******ээс 2019 оны 09-р сарын 09-ний өдрийн Тохиролцооны гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 141.000.000 төгрөг, гэрээнд зааснаар худалдан авагч нь төлбөр төлөөгүй хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож үүнийг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д заасныг удирдлага болгон 70.500.000 төгрөгийн алданги нийт 211.500.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.*******гээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тиймээс төлөх өр төлбөр байхгүй, Уг тохиролцооны гэрээ нь манайд илт хохиролтой гэрээ байсан...******* гуайн байр банкны барьцаанд байсан учир бид гэрээнээс татгалзаж, мэдэгдлийг нотариатад өгсөн. ******* гуай тэгвэл би гомдол гаргаад явна гээд аймгийн үе үеийн удирдлагууд, Захиргааны хэргийн шүүх, Авлигатай тэмцэх газар гээд бүгдэд нь гомдлоо гаргаж байсан. Одоо 211.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байшиндаа өөрсдөө амьдарч байгаа манайд шилжүүлж өгсөн зүйл байхгүй...Сумын Засаг даргын захирамжийг өөрчилсөн гэдгийг шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн байгаа. Галын машин түргэний тэрэг байшин буулгахаас өмнө ч ордоггүй байсан харин ч манайх тэр байранд нүүж ирснээрээ олон жил ашигладаггүй байсан амбааруудыг өөрсдийнхөө машин тэргээр булгаад зай гаргаад тэр талбайгаа хайрга асгаад янзалсан харин одоо жижиг машин тэрэг орохоор зайтай болгосон байгаа. Орц гарц гаргаад ажлаа хийгээд явсан. Энэ айлууд бүгд надтай гэрээ хийсэн, ******* гуай ч гэсэн хэрвээ энэ гэрээг хийх байсан бол надтай хийх байсан байхаа гэж бодож байна. Анхнаасаа Ж.******* гуай гэрээ хийгээд явсан бол өнөөдөр тэр хүмүүстэй адилхан амьдарч байх байсан байхаа гэж бодож байна. Манайх байшинд нь хөөс тавьж өгсөн, гадна талыг шавардаж өгөхгүйгээр та гэрээнийхээ урьдчилгаа авсан мөнгөөрөө янзлаад авчих эсхүл манайд 1,000,000 төгрөгөө буцаагаад өгчих гэсэн шаардлага тавьсан байгаа. Ж.******* үнэхээр орон сууц авахыг хүсэж байсан бол барилгын үйл ажиллагааг зогсоолгохгүй байсан байхаа гэж бодож байна.Гэрээнийхээ биелэлтийг биелүүлсэн бол өнөөдрийг хүртэл ингээд явахгүй байсан. Одоо хүртэл бид хоёр бага хэмжээний зээлтэй үнэхээр нэхэмжилсэн 211.500.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн агуулга.

Нотариатаар батлуулсан тохиролцооны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл өгсөн байгаа. Энэ нь хүчин төгөлдөр бус болох нь ч гэсэн шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

...Сөрөг нэхэмжлэл гараад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн насанд хүрсэн хүмүүс ямар нэгэн юман дээр гэрээ байгуулдаг. Гэрээнийхээ үндэслэлийг үндэслэлгүй гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Туслах надад утсаар ярьсан зүйл байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр л гэж үзэж байна ... гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Хариуцагч Б.*******ээс гэрээний үүрэгт 211.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300.000 төгрөг, мөн төлөөгүй үлдэгдэл 915.450 төгрөг нийт 1.215.450 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Б.*******ийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.215.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлын агуулга тайлбар:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь 2019 оны 09 сарын 09-нд байгуулсан гэрээгээр хариуцагч Б.*******эд өөрийн , Ү-0918000348 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, мөн 118 м.кв болон 70 м.кв газрыг худалдахаар тохиролцсон байдаг. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсны хариу төлбөрт Б.*******э 30 сая төгрөг мөн шинээр барих орон сууцнаас 2 байр өгнө гэж гэрээнд тусгасан байдаг бөгөөд гэрээг нотариат гэрчилсэн тамга тэмдэг дарагдсан байдаг.

Анхан шатны шүүх тус шийдвэртээ талууд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1. дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ нь болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарна гэж дурдсан.

Иргэний хуулийн 269.2-т зааснаар ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд худалдах худалдан авах гэрээний нийтлэг зохицуулалт нэгэн адил хэрэглэгдэхээр байдаг. Гэвч анхан шатны шүүх тус гэрээгээр нэхэмжлэгч Ж.*******гийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгааг, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэлд тавигдах Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг анхаарч үзээгүй.

Түүнчлэн Тохиролцооны гэрээг баталгаажуулсан гэх нотариатын үйлдлийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд дурдсан хэрнээ ийнхүү нотариатын үйлдэл хүчингүй болсон нь тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хэрхэн нөлөөлөхийг үнэлж дүгнээгүй орхигдуулсан.

Мөн шийдвэртээ Захиргааны болон Иргэний хэргийн шүүхүүд өмнө нь Тохиролцооны гэрээний агуулга, хэлбэр , хүчин төгөлдөр эсэх талаар хөндөөгүй, хянан шийдвэрлээгүй нээлттэй үлдээсэн гэж дурдсан боловч уг маргааны хүрээнд тус шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Хэрэв Захиргааны болон Иргэний хэргийн шүүхүүд өмнө тухайн Тохиролцооны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх харьяалалтай байсан бол энэ асуудлыг тус шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүсэхгүй билээ.

2. Шийдвэрийн үндэслэлд ... нэхэмжлэгч Ж.*******гийн амьдрах орчин нөхцөл доройтсон, байр газар нь үнэгүйдсэн, нийтийн эзэмшлийн байрны оршин суугчдын бүгдтэй зөвшилцөлд хүрээгүй нөхцөлд заавал нураах боломж байхгүй байсан юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрэхээр нотлох баримтууд хэрэгт авагдсан гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгт холбогдох үндэслэлээр 211.500.000 төгрөг нэхэмжилсэн байтал шүүхээс ямар нэгэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй асуудалд гэм хор хохирол учирсан мэтээр үнэлж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хөндлөнгийн байр суурь баримталж хэргийг шийдвэрлэх зарчимд нийцээгүй.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хариуцагч Б.*******э нь 2 байрыг Ж.*******д өгөх талаар гэрээ байгуулахдаа эхнэр О.*******аас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэсэн.

4. Шийдвэрийн үндэслэлд Иргэний шүүхээр тус гэрээг баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон болохоос хүсэл зоригийн илэрхийллийг хүчингүй болгоогүй, ер нь аливаа гэрээ хэлцэл болгоныг заавал нотариатаар гэрчлүүлсэн байхыг хуулиар шаардах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэв гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан. Энэхүү заалт нь үл хөдлөх хөрөнгийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлж буй аливаа хэлцэлд хамаарах зохицуулалт байдаг.

Хэрэв анхан шатны шүүх Иргэний хуулийн уг заалтыг Үндсэн хуульд заасан шударга ёсонд нийцээгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргах журамтай.

Гэтэл шударга ёсонд нийцэхгүй гэсэн шалтгаанаар хэрэглэх ёстой дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2024/00096 дугаар шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх 2015 онд Завхан аймагт шилжиж ирээд 1950 онд ашиглалтад орсон байр худалдаж авсан. Байр маань хүйтэн, амьдрахад таагүй байсан учир нөхөртэйгөө хамт тохижуулж эхэлсэн. Маш хүйтэн байсан учир дулааны шугамыг солиод бүх айлынхаа ариун цэврийн өрөөг ухаж өгөөд, бохирыг нь холбох ажил хийсэн. Байр маань хүйтэн тухгүй байсан тул 4 айлаараа ярьж байгаад, шинэ орон сууцтай болох талаар ярилцсан. Орон сууц барих талаар бусад айлуудтай зөвшилцсөн. Шинэ орон сууцандаа хуучин байрных хэмжээтэй байр барьж өгөхөөр тохиролцсон. Ийнхүү барилгын ажлаа эхэлсэн. Ж.******* гуай тухайн үед чам шиг мөнгөгүй хүн барилга барьж чадахгүй би чамд итгэхгүй байна. Орон сууцаа өгч тоглуулж чадахгүй гээд оролцоогүй. Үлдсэн 3 айл маань нийлээд барилгын ажлаа эхлүүлсэн. багшийнх, уа гэх 2 айлтай нийлээд барилгын зураг төслөө хийлгээд, барилгын ажлаа хийлгээд явж байхад, Ж.******* гуай одоо танайх манай байрыг аваад, одоо барь гэх саналыг тавьсан. Мөнгө байхгүй. Байсан мөнгөөрөө барилгын зураг төслөө гаргуулсан. уанхыг орон сууц ашиглалтад ортол байр хөлслөөд байлгаж байгаа, бид нар өөрсдөө голын эрэг дээр гэр бариад гарчихсан байна. Тиймээс боломжгүй гэдгийг хэлсэн. Ж.******* гуай тэгвэл би танайхыг хөлөө хүрэх газар хүртэл явна. Танай барилгын талбай дээр чинь юу ч босохгүй гэж хэлж байсан. Завхан аймгийн бүх албан байгууллагад хандаж байсан. Манай барилгын ажлыг зогсоолгож байсан. Барилгын ажилчдыг маань өглөө бүхэн янз бүрээр харааж, загнаад шороо чулуу авч цацаж шиддэг байсан. Барилга хот, байгуулалтын газраас хяналтаа тавих гээд ирсэн байх үед хүртэл чулуу шороо цацаж байсан. Барилгын ажил явуулахад хүндрэлтэй байдаг байсан. Манайх маш их хүнд нөхцөл байдалд, орон сууцны барилгаа барьсан. Ашигтай ажиллаж чадаагүй. 1 жил барих байсан барилгыг нэхэмжлэгчээс болоод 2 жил гаруй хугацаанд барьсан. 5 давхар барихаар төлөвлөсөн байсан орон сууцаа 4 давхар болгож барьсан. Манайх алдагдалтай ажилласан. Банкны зээлтэй, татварын өртэй үлдсэн. Өнөөдрийн байдлаар барилгаа ашиглалтад оруулсан. Ж.******* гуай өөрийнхөө амьдарч байсан байрандаа амьдарч байна. Нэхэмжлэгчийн газар луу нэг алхам ч оруулаагүй. Нэхэмжлэгч өмнө нь хашаалаад амьдардаг газраа амьдарч байна. Өмнө гарч, ордог байсан гарц, орцоороо гарч байна. Барилга барихаас өмнө байдаг байсан орчин нөхцөлдөө амьдарч байж, манайхаас 200 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс давж заалдах гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ тохиролцооны гэрээ нь О.*******ийн хөрөнгийг худалдан авч байгаа гэрээ биш, гэрээ маш ойлгомжтой. Б.*******э Ж.*******гийн гэрийн хажууд байшин барьж байгаа нь амьдрах орчин нөхцөлийг дордуулж байна. Орон сууц барьсны дараа Ж.*******гийн өмчлөлийн байрыг худалдаж авах тухай гэрээ. Ж.*******гийн байрыг худалдан авах үнийг урьдчилан тогтоосон гэрээ юм. Ирээдүйд 142,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байна. 2020 онд ашиглалтад оруулж чадах юм бол арилжааны журмаар 119,000,000 төгрөгийн үнэтэй байрыг шилжүүлж, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгөх агуулга бүхий гэрээ хийсэн. 2020 онд тухайн байрыг ашиглалтад оруулж чадахгүй бол мөнгөө бэлнээр нь өгөхөөр тохиролцсон гэрээ. Гэрээний төрлийн тухайд О.******* гэх хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, хөрөнгийг худалдах гэрээ биш учраас, Б.*******э өөрийн мөнгийг өгөх гэрээ учраас О.*******аас зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэрээний гол шаардлага нь Ж.*******гийн хөрөнгийг Б.*******э өөрийн хөрөнгө мөнгөөрөө авах тухай. Тохиролцооны гэрээ бол маш тодорхой гэрээ. Гол нөхцөлийг сая дурдлаа. Ирээдүйд нэг талаас байраа өгнө, нөгөө талаас тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгнө гэж заасан гэрээ. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбар гаргахдаа 112,000,000 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн гэж буруу тайлбарлаж байна. 119,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хувьд биш, үнэхээр О.*******ийн хөрөнгийг шилжүүлэх тухай гэрээ байсан гэсэн тайлбарыг хэлсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56.1.8 буюу хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэдгээр гаргасан. Маргааны явцад хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Нотариатын үйлдлийн тухайд Иргэний хуулийн 102.2-т энгийн хэлцэл нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тухайн хэлцэл нь энгийн хэлцэл учраас заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй. Тиймээс анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгож байгаа нь гэрээ байгуулагдаагүй гэж тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэж заасан. Тохиролцоо бол хөрөнгө шилжүүлэх тухай биш. Тохиролцооны гэрээ нотариатаар гэрчлүүлсэн байсан ч, энэ гэрээ иргэдэд шинэ гэрээ байгуулагдах ёстой бөгөөд, тохиролцооны гэрээний мөнгө төлсөн тохиолдолд, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө Улсын бүртгэлд бүртгүүлж, бичиг баримтаа бүрдүүлж өгөх хэлцэл. Нотариатын үйлдэл шаардлагагүй байсан. Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр нотариатын үйлдэл хийгдсэн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал хангагдах ёстой талаар хариуцагчийн өмгөөлөгч дурдлаа. Энэ нь тохиролцооны гэрээний үндсэн дээр биш, тохиролцооны гэрээний нөхцөл бүрдсэн тохиолдолд шилжүүлэх харилцаа учраас тусдаа юм. Шийдвэрийн үндэслэлд Ж.*******гийн амьдрах нөхцөл байдал доройтсон гэх дүгнэлтийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ үндэслэлгүй гэж дурдаж байна. Шүүх газар дээр нь очиж үзлэг хийсэн. Тохиролцооны гэрээ байгуулагдах үндэслэл шаардлагын талаар болон нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар үзлэгээр тогтоосон. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох үндэслэлээр тохиролцооны гэрээ байгуулагдсан. Барилгаа ашиглалтад оруулсны дараа, гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээ байгуулсныхаа дараа 1,0 сая төгрөг шилжүүлсэн. 141,0 сая төгрөгийг шилжүүлээгүй. Тохиролцооны гэрээнд 2020 онд барилга ашиглалтад орохгүй бол гэж гэрээнд заасан. Үүнийхээ дагуу мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийн 106.1, 119 дугаар зүйлийн 119.1-т заасан хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан ... хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тиймээс хүчин төгөлдөр гэрээний үүргээ зөрчсөний улмаас Ж.*******д хохирол учруулсан гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. 2018 оноос нийтийн байрыг таслан орон сууц барьсан. Орц, гарц хаагдсан. Амьдрах нөхцөл муудсан. 2018 оноос хойш 2024 оныг хүртэл шүүх, хуулийн байгууллагад хандаж явна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ газрын асуудал маш хүнд байна. 6 жил сэтгэл санаагаараа хохирч байна. Хуулийн дагуу зөв шийдэгдэх байх гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар,

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг нийт 211.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Миний бие Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах 5 айлын нийтийн байрны *******, ******* гэсэн тоотуудыг өмчилдөг бөгөөд түүндээ амьдардаг. Тус байртай харалдаа урд хэсгийн хэсэг газрыг мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг... 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тус байрны ******* тоотод оршин суудаг Б.*******этэй Тохиролцооны гэрээ байгуулж, өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг газруудын хамт нийт 142.000.000 төгрөгөөр түүнд борлуулах, төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор урьдчилгаа 20.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, үлдэгдэл 112.000.000 төгрөгийн төлбөрт шинэ баригдах 18 айлын орон сууцны 4 давхарт 32 м.кв, 1 давхарт 48 м.кв орон сууцыг тус тус надад шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тэрээр миний байшинг буулгаад тус хэсэг дээрээ тоглоомын талбайтай агуулах барихаар төлөвлөж байгаа гэж ярьж байсан. Гэрээ байгуулсны дараа урьдчилгаа гэж 1000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 06 сард тус нийтийн байрыг дундуур нь хөрөөдөж миний байрны хэсгийг үлдээгээд бусад хэсэгт нь газар ухаад барилгын ажил явуулж эхэлсэн. Үүний улмаас миний байрны цэвэр бохир ус, халаалт тасарч байрны дотор хана нимгэн учраас сийгэх болсон учраас аргагүй эрхэнд гэрээ хийсэн. *******э урьдчилгаа 1000.000 төгрөг өгсөн, тэрээр намайг шүүхэд өгсөн гэх үндэслэлээр гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул Д.*******ээс дээрх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг нийт 211.500.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.*******э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа ...Ж.*******гээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тиймээс төлөх өр төлбөр байхгүй, Уг тохиролцооны гэрээ нь манайд илт хохиролтой гэрээ байсан...******* гуайн байр банкны барьцаанд байсан учир бид гэрээнээс татгалзаж, мэдэгдлийг нотариатад өгсөн. ******* гуай тэгвэл би гомдол гаргаад явна гээд аймгийн үе үеийн удирдлагууд, Захиргааны хэргийн шүүх, Авлигатай тэмцэх газар гээд бүгдэд нь гомдлоо гаргаж байсан. Одоо 211.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байшиндаа өөрсдөө амьдарч байгаа манайд шилжүүлж өгсөн зүйл байхгүй... гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад иргэн Ж.******* нь өөрийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын 1-р баг ******* багт байршилтай 56 м.кв, 28 м.кв, талбайтай орон сууц, 118 м.кв, 70 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг 142.000.000 төгрөгөөр үнэлж худалдах, иргэн Б.*******э гэрээний төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор урьдчилгаа 20.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, үлдэгдэл 112.000.000 төгрөгийн төлбөрт шинээр барих 18 айлын орон сууцны 4 давхарт 32 м.кв, 1 давхарт 48 м.кв орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Гэрээндээ төлбөр тооцоог бүрэн барагдуулсны дараа газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөөгүй үлдсэн төлбөрөөс хоногт 0.5 хувиар алданги тооцож, худалдагч Ж.*******д төлөх, Барилга товлосон хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гэрээнд заасан нийт үнийн дүнг худалдан авагч Б.*******ээс нэхэмжлэх болно гэж дурдсан. Талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Гэрээний дагуу 1000.000 төгрөгийг Б.*******э Ж.*******д шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ... Хэлцлийг амаар болон бичгээр хийнэ. 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ... энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд гэрээ, / хэлцэл/ хийгдсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56, 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдохгүй байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.

Гэрээнд зааснаар эхлээд худалдан авагч Б. *******э 2019 оны 09 дүгээр сарын 25-нд урьдчилгаанд 20.000.000 төгрөгийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан боловч гүйцэтгээгүй, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзах талаарх мэдэгдлийг нотариатад хүргүүлсэн байна.

Хариуцагч Б.*******э гэрээнээс татгалзах үндэслэлээ өөртөө илтэд хохиролтой гэрээ хийсэн байна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ. 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно.Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай, нөгөө талдаа дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад, гэрээ байгуулсан хугацаанаас хойш 18 хоногийн дараа гэрээнээс татгалзах шийдвэрийг Б.*******э гаргаж, энэ талаарх мэдэгдлийг нотариатад хүргүүлсэн байдаг бөгөөд хэрвээ өөртөө илтэд хохиролтой гэрээ хийгдсэн гэж үзсэн тохиолдолд нэн даруй гэрээнээс татгалзаж гэрээний нэг талд мэдэгдэх боломжтой байсан.

Гэтэл гэрээ байгуулснаас хойш 18 хоногийн дараа гэрээнээс татгалзах мэдэгдлийг нотариатад өгснийг гэрээний нэг талд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн гэрээний нэг тал болох Ж.******* гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байхад Б.*******э гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Хариуцагч Б.*******э гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар тэрээр гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна.

Иймд нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг 141.000.000 төгрөгийг биелүүлэхийг хариуцагч Б.*******ээс шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж.******* нь алданги 70.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч Б.*******э нь гэрээний үүргийг ямар хугацаагаар хэтрүүлсэн, алдангийг хэд хоногоор хэрхэн тооцож, 70.500.000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байхад энэ талаар шүүх тодруулаагүй, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагч Б.*******ээс алданги 70.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги 70.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар,

Хариуцагч Б.*******ээс нэхэмжлэгч Ж.*******д холбогдуулан тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.*******э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа гэр бүлийн дундын хөрөнгө буюу 56 м.кв, 28 м.кв талбайтай байрыг Ж.*******д өгөхөөр гэрээ байгуулахдаа эхнэр О.ийн зөвшөөрлийг аваагүй, мөн Ж.*******гийн байр тухайн үед банкны барьцаанд байсан, дээрх гэрээ нь мөн хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн... гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад, тухайн 5 айлын нийтийн байранд Б.*******э амьдарч байсан, Б.*******э нь анх Ж.*******гээс байрыг нь худалдан авч шинээр барих орон сууцнаас өгөхөөр гэрээ байгуулах санал тавьсан, Ж.*******, Б.*******ийг тухайн шинэ орон сууц барих газрын өмчлөгч гэж итгэж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Ж.******* нь Б.*******ийг тухайн газрын өмчлөгч биш гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас тэдний хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Мөн зохигчид худалдах, худалдан авах гэрээ хийх үед Ж.*******гийн байр банкны барьцаанд байсан учир гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргадаг бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон гэж үзэх боловч худалдан авагч уг эд хөрөнгө банкны барьцаанд байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алддаг.

Гэтэл Б.*******э гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ гүйцэтгээгүй Өөрөөр хэлбэл, Б.*******гийн эд хөрөнгийг хүлээн аваагүй атлаа эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан, тохиролцооны гэрээг баталсан нотариатын үйлдлийг шүүхээс хүчингүй болгосон хэдий ч энэ нь тухайн тохиролцоог талууд хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь: худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр хийж болох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ, хэлцлийг бичгээр хийх, нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх талаарх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх зохицуулалтууд нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн шилжих зохицуулалтууд бөгөөд энэ хуулийн шаардлагыг зөрчсөнөөр гэрээг байгуулах хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэн, талуудын хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Талуудын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг хэрэглэх нь илүү нарийвчилсан зохицуулалт байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140/ШШ2024/00096 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг гэж, алданги 70.500.000 төгрөг гэснийг хасаж, нийт 211.500.000 төгрөг гэснийг, нийт 141.000.000 төгрөг гэж,

3 дахь заалтын ...хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.215.450 төгрөг гэснийг, 810,450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.228.637 төгрөг төлснөөс 718.187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 510.450 төгрөгийг гаргаж, хариуцагч Б.*******эд олгохоор тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ