Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 492

 

                                              Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар баг, Тээврийн хороо, 1-01 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, ОН69052464 регистрийн дугаартай, Засгууд овогтой Сандагдоржийн Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Найрамдлын хороо Таван тэс бага сургуулийн байранд байрлах, улсын бүртгэлийн 1511001048, регистрийн 2643286 дугаартай, “Увс шилтгээн” ХХК-д холбогдох,

       2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оныг дуустал, 2014 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэлд 1.128.960 төгрөг нөхөн төлүүлэх, мөн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 он, 2014 он, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 543.420 төгрөг, нийт 1.672.380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь “Увс шилтгээн” ХХК-д 2011 онд анх үйлчлэгчээр орж ажиллаад тасралтгүй 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 гаруй жилийн хугацаанд ажиллаж ирэхдээ ажлын байрны ямар нэгэн доголдол гаргаж байгаагүй. Харин 2012, 2013 онуудад хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлэн хөдөлмөрийн өндөр амжилт гарган байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан. Мөн хариуцсан ажилдаа цаг ямагт дайчин бүтээлч хөдөлмөрч байж хамт олноо хошуучилж ирсэн гэдгийг энэхүү байгууллага он дараалан үнэлж өргөмжлөл, баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж үнэлж ирсэн гэдэг нь нотлогдож байдаг. Гэтэл миний ажилд орсон тушаал нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 тоотоор нөхөн гаргахдаа 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажлын байраар хангаж ажиллуулах явцад шаардлага хангаагүйн улмаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтнаар томилсон гэх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний эрх ашгийг ихээхэн хохироосон. Байгууллагын дарга тушаал гаргах байтал ерөнхий менежер тушаал гаргаж байдаг нь хуульд нийцээгүй. Мөн намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь бүр ойлгомжгүй хэрэг. Надыг Хөдөлмөрийн хуулийн зөв заалт журмаар чөлөөлсөн бол, нөгөө талаар ядарсан жирийн нэгэн хууль мэддэггүй өрх толгойлсон өвчтэй эцэгтэйгээ нэг гэрт амьдардаг эмэгтэй миний бие энэ компанид морь, мал мэт зүтгэж 5 жил шал шавхайг нь арчиж цэвэрлэж байгууллагын өнгө төрх сайн сайхан байлгахын төлөө бүхий л муу муухай зүйлд хүчин зүтгэж ирсэнийг минь үнэлэхгүй, ялангуяа миний нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас минь суутгаж авсан мөртлөө нийгмийн даатгалын дэвтрийг минь дутуу таглаж хохироосонд маш харамсаж байна. Учир нь Нийгмийн даатгалын хуулиар шимтгэлийг тухайн сард нь төлөх ёстой байтал төлөөгүй. 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тушаал гаргасан байна. Тэгвэл 2012 онд 10 сарын шимтгэл 2013, 2014 оны 1-6 саруудын шимтгэл төлөхгүй хохироосон. Ялангуяа миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зөв тооцож цаг хугацаанд нь төлж дэвтрийг минь бүрэн таглаж өгөөд ажилд орсон гарсан тушаалыг зөв хууль зүйн үндэслэлтэй гаргаж өгсөн бол би үг дуугүй баярласан талархсанаа хэлээд ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн эсэхээ мэдээд явах байсан. Надад 250.000 төгрөгөөр тооцож суутгал хийж гар дээр 220.000 төгрөг өгдөг байсан. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож шимтгэлд 40.320 төгрөг төлж байсан байна. 250.000 төгрөгийн үндсэн цалинтай хүн яагаад нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө 192.000 төгрөгөөр бодож байгаа нь ойлгомжгүй, хууль зөрчсөн нь тодорхой байна. Гэтэл байгууллага маань тушаалдаа миний цалинг дурдаагүй, нягтлангаас цалингийн тодорхойлолтоо авахаар очсон боловч дарга байхгүй гэж хэлээд өгөөгүй тул нийгмийн даатгалын шимтгэл амралтын мөнгийг тооцож гаргах боломжгүй учраас нөгөө талаар эмэгтэй хүний нинжин сайхан сэтгэлээр хандаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дундаж цалин 135.855 төгрөгөөр тооцсон. Нийгмийн даатгалын шимтгэлийг 192.000 төгрөгөөр тооцож шимтгэл төлсөн баримт үндэслэж 40.320 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Би 2011 онд ажилд орсон боловч тушаал гаргахдаа 2011 оноос тооцохгүй орхисон байсан тул 2011 оныг тооцоогүй. Надад ямар нэгэн амралт өгч амраах буюу цалин мөнгө өгч байгаагүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангах буюу ажилд орсон, гарсан тушаалуудыг зөвтгөж өгнө үү” гэжээ.

  Хариуцагч Увс шилтгээн ХХК-ийн захирал Т.Шинэхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй анхааралтай танилцаж үзэхэд энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй болохыг хууль зүйн хувьд тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үүнд: 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжгүй. Анхнаасаа С.Цэндсүрэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтнаар аваагүй, хөлсөөр ажиллах журмаар ажиллаж байсан. Харин манай байгууллага С.Цэндсүрэнтэй ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёсгүй бөгөөд хуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульчилсан байдаг. Хэрэв С.Цэндсүрэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байсан бол бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж түүндээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр оруулж болох байсан ба өөрөө цалингаа гар дээр бүрэн авах сонирхолтой байсан учраас С.Цэндсүрэнгийн цалинг бүтнээр нь олгож байсан. С.Цэндсүрэн нь орсон орлогоосоо сайн дурын даатгалд хамрагдах боломжтой, хуульд ч зөвшөөрсөн заалт байгаа юмаа. Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болдоггүй ба харин урьдчилан төлөхийг зөвшөөрдөг. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэл 1.128.960 төгрөгийг төлөх боломжгүй. С.Цэндсүрэнд өөрт нь илүү боломж байсан. 192.000 төгрөгөөр нийгмийн даатгалыг төлж байсан гэдэг нь тухайн ажилтны эрх ашгийг илүүд бодсон асуудал болохоос биш С.Цэндсүрэнг хохироосон асуудал огт байхгүй. Яагаад гэвэл түүний ажилласан жилийг нь таслахгүйн тулд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж, харин 250.000 төгрөгөөр цалинжуулж гар дээр нь 220.000 төгрөг өгч байсан нь түүний амьдрал ахуйг бодсон асуудал гэдгийг С.Цэндсүрэн ойлгоосой гэж хүсэж байна. Үнэхээр С.Цэндсүрэнд шударга хандсан бол анх 192.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгал төлж байсан үедээ хэлээд 250.000 төгрөгөөр нийгмийн даатгал төлж болох байсан гэж үзэж байна. Өөрөө гар дээрээ авч байсан 220.000 төгрөгөөс нийгмийн даатгал төлж болно шүү дээ. Тухайн үед өөрөө зөвшөөрөөд 192.000 төгрөг төлж байсныг мэдээд байж байсан хүн шүү дээ. Одоо яахаараа дахин нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэхэмжлэл гаргадаг юм бэ. Эдгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргаанууд нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар хийж байна. Хөдөлмөрийн тухай хууль 129.2.1-д заасан хугацаа дууссан байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэл нөхөж төлөхгүй /хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан/. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 117 тоот шийдвэрийн хариуцагч би биш. Тухайн үед би Улаангомд байгаагүй болно. С.Цэндсүрэн нь урьд нь ажлын хариуцлага удаа дараа алдаж, алдаа гаргаж арга хэмжээ авагдаж байсан нэгэн бөгөөд өөрөө өөртөө бас дүгнэлт хийгээсэй гэж бодож байна. Жич: 2015 оны 08 дугаар сарын 12-нд сануулах арга хэмжээ, 2014 оны 12 дугаар сарын 08-нд мөн сануулах арга хэмжээ авч болно. Ямар ч хүн өөрийн хийх ёстой ажлаа өөрөө л хийх ёстой болохоос биш өөрийн хариуцлагаа өөр хүнээс хайгаад байх боломжгүй. Тийм учраас ажлаас чөлөөлөгдсөн нь шударга үнэнд нийцэх юмаа. Намайг орлож байсан хүн тушаал гаргасан бол захирлыг гэж гарын үсэг зурах ёстой зэрэг наад захын шаарлага хангаагүй, хуулийн заалтаа зөв баримтлаагүй тушаал байсан нь надад холбогдолгүй байгаа учраас би албан ёсны хариуцагч гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, хариуцагч “Увс шилтгээн” ХХК-ийн захирал Т.Шинэхүү нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Нэхэмжлэгч С.Цэндсүрэн миний бие “Увс шилтгээн” ХХК-иас 1.672.380 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллагын захирал Т.Шинэхүүтэй харилцан тохиролцож 500.000 төгрөг авах, үлдэх 1.172.380 төгрөгийг авахаас татгалзаж байна. Уг мөнгийг хариуцагч Т.Шинэхүү нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

       Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Цэндсүрэн нь хариуцагч “Увс шилтгээн” ХХК-д холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оныг дуустал, 2014 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэлд 1.128.960 төгрөг нөхөн төлүүлэх, мөн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 он, 2014 он, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 543.420 төгрөг, нийт 1.672.380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Цэндсүрэн, хариуцагч “Увс шилтгээн”ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хариуцагч “Увс шилтгээн” ХХК төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох  1.172.380 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч С.Цэндсүрэн, хариуцагч “Увс шилтгээн” ХХК-ийн захирал Т.Шинэхүү нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 41.710 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгний тал хувь 7.825 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 33.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Увс шилтгээн” ХХК-иас 7.825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цэндсүрэнд олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, хариуцагч хариуцагч “Увс шилтгээн” ХХК-ийн захирал Т.Шинэхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.672.380 төгрөгөөс 1.172.380 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 500.000 төгрөгийг нь хариуцагч Т.Шинэхүү 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 7.825 төгрөг, хариуцагч “Увс шилтгээн” ХХК-иас 7.825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цэндсүрэнд олгосугай. 

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОР