Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Иргэдийн төлөөлөгч: У.Отгонжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Э.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: И.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Шүүгдэгч: Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ямаат овогт Д.М д холбогдох 1828002060174 дугаартай эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 18-нд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ямаат овгийн Д.М  /регистрийн дугаар ....................../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.М  нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханд өөрийн хашаандаа Э.Б руу чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн шидэж зүүн нүдийг нь гэмтээж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ахындаа хэвтэж байхад Б маа эгч залгаад ах чинь агсан тавиад байна хүрээд ир гэсэн. Тэгээд би Д.М гийн хашааны гадаа ирээд зогсоход Д.М  гарч ирээд толгойны араас цохиж малгай унагаасан. Төд удалгүй Д.М гийн ах, эгч нар ирж загнасан. Би тамхи асаагаад байж байхад гэнэт Д.М  гарын алган чинээ том чулуу шидэж нүд оносон. Нүднээс цус гараад тогтохгүй эмнэлэг орсон гэв.

              Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад би Төгөлд ахындаа байж байтал манай сумын танил эгч болох Н.О  гэх хүн над руу утсаар яриад Д.Ц аа ахыг чинь Д.М  зодоод байна ирээд аваатах гэхээр нь би найз Д.Х тай хамт мотоциклиор Д.М гийн гадаа очсон тэгэхэд хашааны гадаа Д.М  эхнэртэйгээ, Ө эхнэртэйгээ, Байгаль эгч Д.Ц аа ах их согтуу гарч ирсэн байсан тэгээд бид хоёрыг зогсож байхад Д.М  над дээр ирээд мэндлэхгүй миний толгойны ар луу гараараа цохиж аваад миний малгайг унагаад танай ах чинь гэрт агсан тавиад тоглуулахгүй байна гэж хэлсэн тэгээд цаашаа эргээд явчихсан тэгээд би мотоциклиос буугаад хажууд нь сууж байхад Ө нь надад Д.Ц аагаас Д.М  нэг ява мотоцикль авсан тэрнийхээ мөнгийг нэхэж Д.Ц аа агсан тавьсан гэх зүйл яриад байсан би тухайн үед юу яриад байгааг нь ойлгоогүй тамхи татаад сууж байтал Д.М  бид нараас жаахан зайтай уурлаад хашгичаад агсраад эхнэр нь хориод зогсож байсан тэгж байхад гэнэт миний нүд рүү чулуу цохьсон тэгээд Д.М  дотогшоо орчихсон миний нүднээс цус гараад тогтохгүй байхаар нь Өынд орж цусаа угаагаад дараа нь Ө, М  нар намайг эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлчхээд эргэж Өын гэрт очиж хоносон...Д.М  яагаад над руу чулуу шидсэнийг нь мэдэхгүй байна. Д.М  тэнд байхдаа над руу уурлаад хашгираад дайраад байсан тэгэхэд эхнэр нь хориод байсан юм. Д.М  над руу юунаас болж уурлаад байсныг нь би мэдэхгүй байна... Миний зүүн нүдэнд чулуугаар цохиулснаас болж зүүн талын хөмсгөн дээр урагдсан, зүүн доод зовхинд урагдаж оёдол тавиулсан, зүүн нүдний хараа муудаж юм харахгүй болсон. Улаанбаатар хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэхэд нүдэндээ цохиулснаас болж нүдний хараанд нөлөөлж муудсан байна гэж хэлсэн...Урьд нь 2018.10.12-ны өдөр би Д.М тэй уулзах гэж очоод хашааны гаднаас нь дуудсан чинь эхнэр нь гарч ирээд байхгүй гээд уулзуулахгүй байхаар нь би эхнэрт нь хэдэн хараалын үг хэлчихсэн чинь Д.М  гэрээсээ гарч ирээд эхнэрийгээ өмөөрөөд над руу дайраад зодно гээд байхаар нь би явчихсан. Би тухайн үед Д.М г хамт явж ажил хийх үү гэж асуух гэж байсан юм, түүнээс өөрөөр муудалцаж байгаагүй... Би Д.М г танидаг найзууд болохоор хоорондоо зохицоод хохирол барагдуулчихвал чимээгүй өнгөрөх гэж бодож байсан чинь хэд хоногийн дараагаас миний бие өвдөөд нүд юм үзэхээ больсон тэгээд цагдаад хандсан юм... Гомдолтой байна, Д.М гөөс надад учруулсан гэмтлийн эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ, баримтууд нь байгаа... Эмчээс эм бичиж өгсөнийг авч ууж байгаа, нүдэнд дусаах эм өгснийг хэрэглээд дуусч байгаа. Миний толгой, нүд байнга өвдөж байгаа, эм байнга хэрэглэж байвап арай гайгүй байгаа...” гэжээ /хх-7-8/,       Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би гомдолтой байна. Д.М гөөс эмчилгээ эм тарианы зардал, мөн Улаабаатар хот руу явж ирсэн унааны зардал, Хүрмэн сумаас аймгийн төв рүү дуудагдан ирсэн, буцсан зардал зэргийг нэхэмжилж байгаа...Нийт 2 сая 362 мянган төгрөг нэхэмжилж байна...Д.М  хэрэг болсоноос хойш надтай огт уулзаагүй... ” гэжээ. /хх-9/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр  өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байх үед төгөлд байдаг ахындаа унтах гэж байтал манай хүргэн ахын төрсөн эгч болох Н.О  надруу тасаар яриад Д.Ц аа ахыг чинь Д.М  зодох гээд байна бид нар Д.М гийнд байна ирээд аваатах гэж ярьсан тэгэхээр нь би хамт байсан Д.Х тай хамт мотоциклоор явж очсон тэгсэн чинь Д.М гийн хашааны гадаа Д.Ц аа ах их согтуу гарч ирсэн араас нь Д.М  согтуу, түүний эхнэр, эгч нь бас хүргэн ах нь болох Ө нар гарч ирцгээсэн тэгээд намайг загинаад Д.М  ирж миний толгойн арлуу гараараа цохьсон тэгэхэд авгай нь боль гээд Д.М г хориод байсан тэгж байгаад би мотоциклийн хажууд тамхи татаад сууж байсан чинь Д.М  надруу чулуу шидээд миний зүүн нүдийг цохьсон тэгээд миний нүднээс цус гарсан чинь тэд нар цус арчих 00 цаас авчирч өгсөн дараа нь Д.М гийн хүргэн ах, эгч хоёр нь намайг эмнэлэгрүү авч яваад эмнэлэгт очиж үзүүлсэн тэгээд эмнэлэгт нүднийхээ доод зовхи, хөмсөгний хажуудаа оёдол хийлгэчихээд буцаж яваад би Д.М гийн эгчийнд очиж хоносон. Тухайн үедээ би Д.М г танидаг болохоор миний хохирлыг барагдуулаад эв зүйгээ олчих байх гэж санаад цагдаад мэдэгдэж шалгуулаагүй юм тэгсэн чинь Д.М  намайг огт тоохгүй байгаад байгаа болохоор одоо гомдол гаргаж байна...” гэжээ. /хх-11-12/,

Шүүгдэгч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Б  бид хоёр нэг сумын бага ангиасаа нэг ангид сурч байсан найзууд байгаа юм. 2018 оны 10 сарын 31-ний өдөр манай гэрт манай төрсөн эгч М  түүний нөхөр Б.Ө , манай ээж Б, манай эхнэр Н, мөн манай сумын Н.О , түүний нөхөр Д.Ц аа бид нар нийлж тоглоцгоож байгаад пиво хувааж уусан тухайн үед нэг ширхэг том 2.5 литрийн савтай пиво хувааж уусан, Д.Ц аа ах манайд ирэхдээ л архи уучихсан халамцуу байсан юм. Бид нар нийлж даалуу тоглож байтал Д.Ц аа ах бид нарт агсан тавиад та нарыг ална хядна гээд, ээж бид нарыг гэрээс хөөгөөд байхаар нь би түлхээд гаргасан чинь гадаа гараад манай хүргэн ах Б.Ө тай муудалцаад хэрэлдээд байсан тэгэхээр нь манай эгч очиж салгаад Д.Ц аа ахыг гэртээ оруулсан тэгж байхад Н.О  утсаар яриад Б ааг дуудчихлаа гэж байсан тэгж байхад удалгүй Б аа найз Х хамт мотоциклиор ирсэн тэр хоёр гэрт ороогүй хашааны гадаа сууж байсан тэгээд Д.Ц аа хашааны гадаа гарч ирээд намайг элдвээр хэлээд байхаар нь миний уур хүрээд Д.Ц аа ахыг цохих гээд чулуу аваад шидсэн чинь Б аагийн нүдэн дээр миний шидсэн чулуу оночихсон тэгээд бид нар хэрэлдэхээ болиод би Б ааг ах эгч хоёртойгоо хамт аваад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч Б аагийн зүүн нүдний дээд зовхинд нь урагдсан байсан, эмч нь хот явж үзүүл гэж хэлсэн тэгээд эмч нь цагдаа дуудах гэсэн чинь Б аа хэрэггүй бид тоглож байгаад ингэчихсэн гэж хэлээд цагдаа дуудуулаагүй юм... Би уурандаа Д.Ц ааг чулуугаар цохих гэж шидсэн чулуу Б ааг оночихсон юм. Бусдаар бол Б аатай муудалцсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-13-14/,

            Гэрч Д.Д.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 сарын 30-ны өдөр би найз Б тай хамт Мөын гэх айлд байж байтал Б ын эгч нь гэсэн нэг хүн орой 20 цаг өнгөрч байх үед утсаар яриад танай ахыг чинь хүмүүс зодох гээд байна гэж ярьсан тэгэхээр нь бид хоёр очихгүй байгаад байсан чинь дахин дахин залгаад байхаар нь бид хоёр хамт яваад тэр айлд нь очсон тэгсэн чинь тэр айлын хашааны гадаа нь баахан хүмүүс гарч ирсэн тэнд Д.М  гэдэг манай сумын залуу байсан бас Б.Ө  гэх хүн байсан тэгж байсан чинь Б.Ө  эхнэртэйгээ хамт ирчихээд Б ыг загинаад чи хов зөөсөн гээд байсан тэгж байсан чинь Д.М  ирээд Б ыг чи намайг зодно гэж ярьдаг гэлүү гээд дайраад байсан тухайн үед тэнд байсан хүмүүсээс Д.Ц аа л ганцаараа согтуу байсан бусад нь эрүүл байсан тухайн үед Б  бид хоёр мотоциклийнхоо хажууд зогсож байсан юм тэгж байсан чинь Д.М  чулуу шидээд Б ын нүдийг цохьсон тэгээд эхнэр нь Д.М г гэр лүүгээ авч орсон. Дараа нь Б ыг Б.Ө , эхнэртэйгээ хамт эмнэлэг рүү авч явчихсан, би тэндээс явсан... Д.М гийн эгч ах нар нь Б ыг хов зөөсөн гээд уурлаад байх шиг байсан тэгсэн чинь Б  юу яриад байгаа юм хэзээ би тэгсийн хоёулаа сайхан ярилцъя гэж хэлж байсан тэгж байхад л чулуугаар цохьсон...Тухайн үед Б  тэр хүмүүст огт гар хүрээгүй, Д.М г зодоогүй...” гэжээ /хх-15-16/,

Гэрч Н.Н.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 сарын 30-ны өдөр би манайд мал нь байдаг Б.Ө ийн гэх айлд нөхөр Д.Ц хүүтэй хамт очиж хоносон. Тэгэхэд манай нөхөр Б.Ө ийнд очхоос өмнө архи уучихсан нэлээд согтуу очсон юм тэгээд надаас архи нэхээд байхаар нь би нэг пивоны мөнгийг өгч Д.Ц хүү өөрөө явж пиво авчирсан тухайн үед Б.Ө ийнд Д.М , түүний эхнэр, М , Батцэцэг бид нар даалуу тоглож байсан тэгж байхад Д.Ц хүү авчирсан пивоо ганцаараа уугаад суугаад байсан юм тэгээд согтоод тэнд байсан хүмүүст агсан тавих гээд Б.Ө , Д.М  нартай муудалцаад байсан тэгсэн чинь Д.М  Б аа намайг хаана ч явсан ална гээд Д.Ц ааг зодох гээд байсан тэгэхээр нь би Б аа руу утсаар яриад Д.Ц аа ахыг чинь Д.М  зодох гээд байна хүрээд ир гээд дуудсан тэгсэн чинь удалгүй гадаа мотоцикль ирсэн тэгсэн чинь Д.М , Б.Ө , Батцэцэг, М  нар бүгдээрээ гадагшаа гарсан Д.Ц хүү бас гарч яваад эргэж орж ирсэн би тухайн үед гадагшаа гараагүй тэгж байтал Б аагийн нүүр нь цус болчихсон ороод ирсэн тэгэхээр нь би яасын гэж асуусан чинь Д.М  чулуугаар цохьсон гэж хэлсэн тэгээд би нүүрнийх нь цусыг угааж өгсөн тэгж байхад Б.Ө ийн ээж Байгаль эгч надад хэлэхдээ Б аа мотоциклийн хажууд тамхи татаад сууж байсан чинь Д.М  чулуу шидээд нүдийг нь цохичихлоо гэж хэлсэн тэгээд Б.Ө , М  нар Б ааг аваад эмнэлэг рүү авч явсан... Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан 20-21 цаг болсон байсан байх. Д.М  чулуугаар Б ын нүдийг цохьсон гэж тухайн үед гадаа хамт байсан Байгаль эгч бас М  хэлж байсан, Д.М  Б ын биед гэмтэл учруулсан...” гэжээ /хх-17-18/,

Гэрч Д.Д.Ц хүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.Ө ийнх гэх айлын мал нь манайд байдаг би малладаг юм, тэгээд аймагт ирэхээрээ Б.Ө ийн гэрт буудаг юм. 2018 оны 10 сарын 30-ны өглөө би төвд ганцаараа явж байгаад дэлгүүрээс нэг шил 0.33 грамм архи авч гудамжинд сууж байгаад уучхаад үдээс хойш 15 цагийн үед Б.Ө ийн гэрт очсон тэгэхэд Б.Ө , М , манай эхнэр бас Б.Ө ийн хүүхдүүд гэртээ даалуу тоглож байсан тэгээд би эхнэрээс архины мөнгө нэхэж байгаад нэг шил архи авч ганцаараа ууж дуусгаад дахиад нэг пиво авч уусан тэгээд сүүлдээ согтоод тасарчихсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа нэг сэргэхэд Б  ирчихсэн зүүн нүдээс нь цус гараад боолт хийлгэчихсэн байж байсан тухайн үед би тэд нараас юу болсоныг нь асуугаагүй эргээд унтсан...” гэжээ /хх-19-16/,

Гэрч Б.Б.Ө ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Д.М  нь манай эхнэрийн төрсөн дүү учир би энэ хэрэгт Д.М гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-20/,

Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Д.М  нь миний төрсөн дүү учир би энэ хэрэгт Д.М гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-21/,

Гэрч Д.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Д.М  нь миний нөхөр учир би энэ хэрэгт Д.М гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-22/,

Гэрч Б.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Д.М  нь миний төрсөн дүү учир би энэ хэрэгт Д.М гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-21/,

Гэрч Ч.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 сарын 30-ны орой би хүү Б.Ө ийн гэрт хүүхдүүдтэйгээ даалуу тоглож байтал тэднийд байсан Д.Ц хүү жаахан согтуурхаад агсамнаад байсан тэгж байгаад гараад хажуу талын айлд орж гараад явж байсан тэгэхдээ эхнэрээсээ бас архи нэхээд бид нараас ч архи нэхээд байсан тэгж байгаад хүмүүс хашааны гадаа гарахаар нь би хамт гараад харж байхад Б  ирчихсэн мотоциклийн хажууд зогсож байсан тухайн үед Б аас архи үнэртэж байсан гэхдээ бид нарт огт юм хэлээгүй чимээгүй байсан юм тэгж байсан чинь Д.М  газраас чулуу аваад шидсэн чинь Б ын нүдийг оночихсон тэгэхэд Б  ёолоод байгаа сонсогдсон. Тэгээд бид нар Б ыг шууд гэр лүү оруулж нүүрний цусыг нь угаалгачихаад Б ыг Б.Ө , М  нар эмнэлэг рүү авч явж үзүүлсэн...Тэр хоёр өмнө нь муудалцсан байсан юм шиг байсан тухайн үед бол тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, би хашааны гадаа тэд нараас арай сүүлд гарч ирсэн намайг гарч ирэхэд тэд нар уулзаад зогсож байсан...Д.М  тэд нарыг тойрч явж байгаад зайтай газраас чулуу аваад шидсэн, тэр нь Б ын яг зүүн нүдний зовхинд нь оносон байх шиг байсан гэрт оруулаад харахад зүүн нүднийх нь зовхиноос цус гарч байсан тэгээд би тэр нүднийх нь дотор аягыг хагалчихаж гэж бодоод үзсэн чинь доторх нь зүгээр байсан... Б  хүнтэй муудалцаагүй мотоцикдийнхоо хажууд чимээгүй л сууж байсан...” гэжээ /хх-24-25/,

Шүүгдэгч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Ц хүү гэдэг хүн манай эхнэртэйгээ хамт манай гэрт үдээс хойш ирсэн манай гэрт тухайн үед эгч М  Б.Ө , манай ээж Батцэцэг, эмээ Байгальмаа нар байж байсан бид нар даалуу тоглож байхад Д.Ц хүү бид хоёр дэлгүүрээс 2 литрийн савтай пиво 1 ширхэгийг авчирч хувааж уусан тухайн үед М  пивоноос уугаагүй бусад нь уусан юм тэгж байсан чинь орой 19 цаг өнгөрч байхад Д.Ц хүү манай гэрт агсан тавиад байсан тэгэхээр нь би Д.Ц хүүг түлхсэн чинь авгай нь Б ааг дуудсан тэгээд удалгүй Б аа нэг найзтайгаа хамт ирээд хашааны гадаа зогссон тэгээд Н.О тай утсаар яриад дуудхаар нь би М , Б.Ө , Н.О  бид нар хамт хашаанаас гарсан тэгэхэд Б  мотоцилийнхоо хажууд зогсож байсан тэгээд манай ээж Батцэцэгт агсан тавиад пизда миний наад хүүхдээ хямгадахгүй бол хаана таарсан газар чинь ална гэж хэлэхээр нь би уурандаа чулуу аваад шидсэн чинь нүдэнд нь оносон, тэгээд Б ыг дотогш нь гэрт оруулаад цусыг нь угаачхаад манай эгч М , Б.Ө  нар эмнэлэг рүү авч явсан...Б аа манай ээжид агсан тавиад байхаар нь би уурандаа чулуу шидсэн...Миний шидсэн чулуу Б аагийн зүүн нүдэн дээр нь оносон байсан, гэрт орж ирэхээр нь би харсан юм...Уржнан Б  манай ээжид агсан тавиад манай ахын гэрээс зайл гэж доромжилж байсан, тухайн үед би эзгүй хөдөө байсан юм... Би хашааны үүдэнд байсан, Б  мотоциклийнхоо хажууд байхад нь чулуу шидсэн юм... Би зүгээр айлгах гээд чулуу шидсэн чинь нүдэн дээр нь оночихсон...” гэжээ /хх-55-56/,

Шүүгдэгч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Жижгэвтэр чулуу байсан атгасан гарнаас арай бага хэмжээтэй чулуу байсан тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би тэр чулууг газраас аваад Б ын байсан зүгрүү шидчихсэн чинь нүдэнд нь оночихсон тэгээд би гэрлүүгээ орчихсон түүнээс хойш гарч ирээгүй тэр чулуу одоо ханаа байгааг мэдэхгүй...Би Б ыг айлгах гэж чулуу шидсэн Д.Ц аа руу чулуу шидээгүй юм...” гэжээ. /хх-96-97/, 

Гэрч Б.Б.Ө ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 сарын 30-ны орой манай эхнэрийн дүү Д.М , мөн түүний эхнэр, манай эхнэр хадам ээж, манай ээж хүүхдүүд, манай малыг малладаг Д.Ц аа эхнэртэйгээ ирчихсэн гэрт даалуу тоглож байсан тэгэхэд би гадаа машин засаж байтал Д.Ц хүү архи пиво уучхаад согтуурхаад хадам ээжийнх болон манай гэрт агсамнаад байсан тэгээд Д.М  гэрээс гаргасан тэгсэн чинь Д.Ц хүү уурлаад Д.М гийн өмнөөс ална булна гээд хашгичаад эхэлсэн тэгсэн чинь эхнэр нь утсаар Б ыг дуудаад ахыгаа ирж ав гэсэн тэгж байсан чинь Б  хашааны гадаа мотоцикльтой ирсэн тэгэхэд Д.М  уурлаад хашааны гадаа гарсан тэгэхээр нь би араас нь гарсан тэгсэн Д.М  уурлаад Б ааг алгадаад авч байгаа харагдсан тэгэхээр нь би Д.М г боль гээд гэр лүү оруулсан, тэгсэн чинь Б аа нь яах гээд байгаа юм гэж хашгирсан тэгэхээр нь би эхнэртэйгээ Б ын хажууд очоод чи муу ер нь эр хүний шинжгүй хов зөөж явдаг гэж хэлсэн чинь Б аа ална шүү пизда минь гэж хэлж байгаа нь сонсогдсон тэгж байгаад би хашаа руу ороод явчихсан манай хашааны гадаа Д.М  эхнэртэйгээ, манай эхнэр, Б , туүнтэй хамт ирсэн нэг танихгүй залуу, манай ээж Байгальмаа нар үлдсэн би гэртээ Д.Ц хүү, Н.О , хадам ээж Батцэцэг нартай хамт байж байсан чинь манай эхнэр Д.М  Б ын нүдийг чулуугаар цохичихлоо гээд гэрт дагуулаад орж ирээд цусыг нь угаалгаад, эмнэлэг рүү манай эхнэр бид хоёр Б ыг аваад явсан тэгээд эмнэлэг дээр очоод би цагдаад хэл цагдаа дууд гэсэн чинь Б аа хэрэггүй миний нүд харж байна гээд байсан...” гэжээ /хх-20/,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Бын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, ухархайн дотор болон доод ханын хугарал, торлогийн доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний харах чадвар 0.02 болж буурсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34-р заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-27/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-6/,

Хохирогчийн өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-10/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бын албулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар “эмчийн үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн болон толгойн томографийн шинжилгээний хариу, бусад шинжилгээний хариу” /хх-33-50/8

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-51/,

Хувийн баталгаа /хх-52/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-57-58/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,

Шүүгдэгч Д.М гийн банкны лавлагаа /хх-61-66/,

Шүүгдэгч Д.М гийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-69/,

Өмнөговь аймгийн 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/,

Шүүгдэгч Д.М гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-73/,

Шүүгдэгч Н.Д.М гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-74/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Бын эмчилгээний зардлын баримт, эмчилгээний картын хуулбар /хх-77-90/,

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх-95/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-103-106/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-107/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.М гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Д.М гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Д.М  нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханд өөрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Э.Бын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, ухархайн дотор болон ханын хугарал, торлогийн доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

Шүүгдэгч Д.М  нь хохирогч Э.Бтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас чулуу шидэж байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч чулууг шидэж байгаа үйлдлээ хүсч үйлдэн, хохирогч Э.Бын зүүн нүдийг гэмтээсний улмаас хохирогчийн зүүн нүдний харах чадвар 0.02 болж бууран хүнд хохирол учирсан хор уршигт зориуд хүргэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгохоор тайлбарлажээ.

            Шүүгдэгч Д.М гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чулуу нь бүтцийн хувьд аливаа зүйлийг устгаж гэмтээх зэвсгийн чанартай эд зүйл  бөгөөд уг чулуу шидсэнээс болж хохирогчийн зүүн нүдэнд хүнд гэмтэл учирч нүдний хараа муудсан хор уршиг учирсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.М  нь газраас чулуу авч өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогч Э.Б руу шидсэн үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бын “...Д.М  бид нараас жаахан зайтай уурлаад хашгичаад агсраад эхнэр нь хориод зогсож байсан тэгж байхад гэнэт миний нүд рүү чулуу шидсэн...Д.М  дотогшоо орчихсон миний нүднээс цус гараад тогтохгүй байхаар нь Ө-ынд орж цусаа угаагаад дараа нь Ө, М  нар намайг эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлчхээд эргэж Өын гэрт очиж хоносон...Миний зүүн нүдэнд чулуугаар цохиулснаас болж зүүн талын хөмсгөн дээр урагдсан, зүүн доод зовхинд урагдаж оёдол тавиулсан, зүүн нүдний хараа муудаж юм харахгүй болсон. Улаанбаатар хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэхэд нүдэндээ цохиулснаас болж нүдний хараанд нөлөөлж муудсан байна гэж хэлсэн...Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, шүүгдэгч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...чулуу аваад шидсэн чинь Б аагийн нүдэн дээр миний шидсэн чулуу оночихсон тэгээд бид нар хэрэлдэхээ болиод би Б ааг ах эгч хоёртойгоо хамт аваад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч Б аагийн зүүн нүдний дээд зовхинд нь урагдсан байсан, эмч нь хот явж үзүүл гэж хэлсэн тэгээд эмч нь цагдаа дуудах гэсэн чинь Б аа хэрэггүй бид тоглож байгаад ингэчихсэн гэж хэлээд цагдаа дуудуулаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Д.Д.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.М  ирээд Б ыг чи намайг зодно гэж ярьдаг гэлүү гээд дайраад байсан...тухайн үед Б  бид хоёр мотоциклийнхоо хажууд зогсож байсан юм тэгж байсан чинь Д.М  чулуу шидээд Б ын нүдийг цохьсон...Тухайн үед Б  тэр хүмүүст огт гар хүрээгүй, Д.М г зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Н.Н.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би тухайн үед гадагшаа гараагүй тэгж байтал Б аагийн нүүр нь цус болчихсон ороод ирсэн тэгэхээр нь би яасын гэж асуусан чинь Д.М  чулуугаар цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ч.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.М  газраас чулуу аваад шидсэн чинь Б ын нүдийг оночихсон тэгэхэд Б  ёолоод байгаа сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-103-106/, эд мөрийн баримт болох чулуу зэргээр эргэлзээгүй нотлогдож байна.

             Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн “...Э.Бын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, ухархайн дотор болон доод ханын хугарал, торлогийн доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний харах чадвар 0.02 болж буурсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34-р заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-27/ тогтоогдож байна.

           Шүүгдэгч Д.М  нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө үгүй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг дарга Б.Дугармаагийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/48 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв.

          Иймд шүүгдэгч Д.М г хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.М гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

         Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлон бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг  тогтооно. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг буюу хохирлыг арилгах үүрэгтэй байхаар Эрүүгийн хууль, Иргэний хуульд хуульчилсан.

          Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирч нүдний харах чадвар нь буурсан хор уршиг учирсан байна.

          Иймд шүүгдэгч Д.М гөөс дараах хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

          Хохирогч Э.Б нь эмчилгээтэй холбоотой зардалд нийт 2.362.000 төгрөгийг нотлох   нэхэмжилсэн /хх-77/ байх ба уг хохирлын баримтаас жүүс авсан 2.200 төгрөгийн, хараа нэртэй архи авсан 8.900 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж үзэж хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчээс 2.350.900 төгрөгийг гаруулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

            Хохирогч Э.Б нь Хүрмэн сумын Тулгат багт байнга оршин суудаг байх тул Хүрмэн сумаас Даланзадгад, Хүрмэн сумаас хөдөө гэр рүүгээ ирсэн явсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Шүүхээс тогтоосон дээрх хохирол төлбөртэй шүүгдэгч Д.М  болон өмгөөлөгч  нь маргаагүй, боломж бололцоогоороо төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдоогүй ба шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 11.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ямаат овогт Д.М г чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.М г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.М гөөс 2.350.900 /хоёр сая гурван зуун тавин мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 2 дугаар Тулгат багт оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б /регистрийн дугаар ......................./-т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.100 /арван нэгэн мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА

                                          ШҮҮГЧИД                                         З.ТӨМӨРХҮҮ         

                                                                                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ